Жамбалсүрэнгийн Эрхэмбаяр
Улс орны хөгжил, зэвсгийн үйлдвэрлэлд хамгийн чухал зүйл бол “материал судлал”, “материал үйлдвэрлэл” юм. Бид бүгд пуужин яаж ажилладаг, онгоц яагаад нисдэгийг мэднэ. Гагцхүү тэдгээрийг хийхэд оролцдог материалыг хэрхэн хийдгийг мэдэхгүйд хамаг учир байдаг. Хойд Солонгос манайхаас онгоцны хөдөлгүүр авах гэж оролдсон хэрэг мандсан. Тэд тэр хуучин хөдөлгүүрийг өөрийн онгоцонд сэлбэг болгон ашиглахгүй харин өндөр градуст тэсвэртэй өнгөт металлаар хийсэн эд ангийг нь пуужингийн хөдөлгүүртээ ашиглах гэсэн хэрэг. Бид Японд үйлдвэрлэгдсэн машин бусад орнуудад хийгдсэн машинуудаас сайн чанартайг мэднэ. Учир нь Японы эд анги хийдэг цаад материалыг бүтээдэг технологи бусдаасаа илүү байна.
Хятадууд Оросын онгоцыг хуулбарлан өөрийн нэрээр гаргадаг. Гэхдээ онгоцны хөдөлгүүрийн овор хэмжээ, жин нь илүү болчихдог. Энэ нь хятадууд Оросын хөдөлгүүр хийхтэй холбоотой материал судлал дээр гүйцэхгүй байна аа гэсэн үг. Гэхдээ тэд өөрсдөө тасралтгүй боловсруулж, хөгжүүлж, аж үйлдвэрийн тагнуул ашиглан материал хийх технологи эзэмшсээр л байна. Улс орнуудын бүтээж байгаа үл үзэгдэгч онгоцыг овор хэмжээний хувьд харахад материалын технологи ямар түвшинд байгааг нь харж болно. Одоо хүн болгон өндөр технологи гэж ярьдаг. Үнэндээ өндөр технологи гэдэг бол нарийн боловсруулалттай материалын технологи юм. Технологи гэдэг бол мэдлэгээр баяжсан туршлага юм.
Зэвсгийн технологи гэж юу вэ? Аливаа цэргийн зэвсэг техникт найдвартай ажиллагаа хамгийн чухал. Тийм ч учраас улс орнууд найдвартай ажиллагаатай зэвсэг техник хөгжүүлэх, худалдан авахад багагүй мөнгө зардаг. Техник технологи хөгжихийн хирээр зэвсгийн найдвартай ажиллагаа, устгах чадвар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хэн их зэвсэгтэй нь бус, харин хэн найдвартай ажилладаг, устгах чадвартай зэвсэгтэй нь тулаанд ялалт байгуулна гэсэн үг юм.
Хүн төрөлхтний олон дайн тулааны түүх үүнийг баталдаг. Жишээлбэл Монголын эзэнт гүрний үед монголчууд тухайн үед хамгийн хол харвадаг нум сумтай, хурд хүч сайтай морьтой, сайн чанарын гангаар хийсэн илдтэй байсан нь дэлхийг байлдан дагуулсан суурь шалтгаануудын нэг юм.
Түүнчлэн Дэлхийн II дайны эхэн үед зэвсэг техник болон хүн хүчний тоогоор илт давуу Улаан армийг германчууд яагаад бутцохин Москва хүртэл ухрааж байсан бэ? Энэ нь тухайн үеийн Германы зэвсгийн хөгжил, найдвартай ажиллагаа нь Улаан армийн зэвсэглэлээс илүү байсанд оршино. Харин дайны явцад Улаан арми Германы эсрэг үр дүнтэй байлдаж ялалтад хүрсэн. Учир нь дайны эхэн үед ЗХУ нь өөрсдийн зэвсгээр, харин дайны явцад нь АНУ-аас ленд-лизээр ирсэн найдвартай ажиллагаатай хөдөлгүүрүүдийг онгоц, усан онгоц, машин, танкандаа суурилуулж, мөн өндөр чанартай дариар сум, бөмбөгөө хийж, сайн чанарын түлшээр онгоц танкаа цэнэглэж байсан нь дайны үйл явцад эргэлт гарах нэг нөхцөл болсон. Өөрөөр хэлбэл илүү технологи шингэсэн найдвартай ажиллагаатай техникүүдийг ашиглаад эхэлсэн хэрэг. Харин Америкийн ленд-лизийн тухай түүхийг өнөөгийн Орост ор тас үгүйсгэдэг. АНУ ленд-лиз өгөөгүй бол СССР Германы түрэлтийн өмнө тэсч үлдэх нь эрсдэлтэй байсан байхыг үгүйсгэхгүй.
Украинд өрнөж буй дайнд ч бас дээрх түүхүүд давтагдаж байгаа мэт. ОХУ нь цэрэг зэвсгийн хувьд хүчирхэг гүрэн боловч зэвсгийн технологийн хувьд, ялангуяа байлдааны нисэх онгоцны технологиор 4, 5-р үедээ яваа, харин АНУ, Европ, Барууны орнууд нисэх онгоцны технологийн хувьд 6-р үедээ яваа. Орос илт хоцорсон нь Украины агаарт сөнөөгдсөн 500 хол давсан нисэх онгоц, нисдэг тэрэгний тооноос харагдаж байна. Наймхан сарын байлдаанд ийм их онгоц, нисдэг тэргээ сүйтгүүлсэн тохиолдол орчин үеийн дайны практикт байхгүй.
Украинд Оросын зэвсэгт хүчин хамгийн хүчирхэг, өөр хаана ч байхгүй гэх онгоцуудаа оруулж байна гэдэг. Гэтэл бас NО байна аа. Ганц жишээ. 1981 онд АНУ дэлхийд хамгийн анх радарт илрэх илэрц багатай “F-117” гэх онгоц бүтээсэн нь цэргийн технологийн хувьд том дэвшил байв. Тэр онгоц суурь үзүүлэлтээрээ 4-р үеийн онгоц боловч радарт үл үзэгдэх чадвар нь 5-р үеийн онгоцтой дүйнэ.
1999 онд нөгөө гайхамшигт F-117 онгоцыг нь (ганц онгоц) тухайн үеийн Югославын арми амжилттай устгаж, харин онгоцны сэгийг нь ОХУ руу шилжүүлсэн. Орос хэргээр авсан. ОХУ-ын эрдэмтэд, зохион бүтээх товчоо америк онгоцны сэг дээр тасралтгүй судалгаа хийсээр өнөө хүрчээ.
Ингээд 2010 онд радарт үл үзэгдэх СУ-57 онгоцоо бүтээгээд анхны нислэгээ хийжээ. Гэхдээ энэхүү онгоцыг 2010 оноос өнөөг хүртэл олноор үйлдвэрлэж чадахгүй байна. Онгоцыг зэвсэглэлд бүрэн авахад дутагдалтай талууд гарч иржээ. Түүнийгээ шийдвэрлэж чадахгүй байсаар өнөө хүрчээ. Тухайлбал оросууд онгоцондоо зориулж хөдөлгүүр хийх гэж оролдож байгаа боловч тэр нь амжилт муутай. Тиймдээ ч тэр онгоцонд СУ-35 гэх 4-р үеийн онгоцны хөдөлгүүр суурилуулсан. 5-р үеийн онгоцны хөдөлгүүрийн гадарга хэсэг радарын долгионыг шингээдэг материалаар хийгдсэн байх ёстой. Хөдөлгүүр орчим нь маш их халалт, чичиргээ үүсдэг бөгөөд тэр халалт чичиргээг тэсвэрлэх чадвартай радарын долгионоо шингээх, ойлгох чадвартай материалын технологи Орост байхгүй байна. Энэ онгоцны радарын илэрц гэхэд 0.1 м2. Харин 30 жилийн өмнө хийгдсэн, одоогоор тэтгэвэртээ гарсан Америкийн “F-117” онгоцны хувьд радарын илэрц 0.001 м2 буюу Оросынхоос 100 дахин бага юм.
Энэ юун тухай вэ гэвэл Оросын супер зэвсэг СУ-57 нь радарт хялбар илрэх бөгөөд эсрэг талын агаарын довтолгооноос хамгаалах зэвсгүүд нь хялбар илрүүлж устгаж чадна гэсэн үг юм. Иймээс оросууд “аналогов нет” гэдэг тэр онгоцоо Украины дайнд ашиглаж чадахгүй мухардаад байна. Технологийн хоцрогдлоос болж Оросын арми ялалт хангахгүй байна аа гэсэн үг. Ийм жишээ Оросын олон төрлийн зэвсэг, техник дээр харагдаж байгааг хэлэх нь илүүц биз ээ.
Танкны тухайд Орост том асуудал байна. “Аналогов нет” гэсэн танкгүй болтлоо хэдэн мянган танкаа устгуулжээ. Шалтгаан нь бас л технологийн хоцрогдол.
Персийн булангийн дайнаас юу харагдав гэвэл танк бол өртөг өндөртэй, бас хялбар устгагддаг, үр дүн муутай зэвсэг мэтээр ойлгогдох болсон. Дэлхийн II дайны үед танк нь ач холбогдолтой зэвсэг байсан. Тухайн үед танк нь голдуу урд /дух/ хэсгээрээ зузаан хуягтай сум ойлгох налуу градустай /хуягны зузааныг нэмдэг/ хийгддэг байсан. Удалгүй танкийг устгахдаа нимгэн хуягтай хажуу тал руу нь довтолж устгах болсноос хажуу талын хуягийг зузаалж мөн идэвхтэй динамик хамгаалалт суурилуулах болсон. Энэ төрлийн танкуудыг 3-р үеийн танк гэдэг. Өөрөөр хэлбэл зайлшгүй шаардлага тулгарсны улмаас хөгжүүлж сайжруулсан танкууд юм.
Хэдхэн жилийн өмнө ОХУ-д“Армада” гэх танк танилцуулсан ба түүнийгээ 4-р үеийн танк гэж тодорхойлсон. Гэвч өнөөгийн Украин дахь дайнаас харахад 4-р үеийн танк биш болж таарч байна. Учир нь 4-р үеийн танк танк бол орой хэсгээрээ бүрэн хуяглагдсан байх зайлшгүй шаардлагатай. Гэтэл одоо ашиглаж байгаа орос танкуудын хамгийн сул хуяглагдсан хэсэг нь орой хэсэг нь болоод байгаа. Иймдээ ч оросууд Украинд байлдаж байгаа 3-р үеийн танкнууд дээрээ саравч гагнаж аргацаагаад нэмэр алга.
Тэгэхээр Армада танк нь өмнөх үеийн танкууд шигээ зайлшгүй түүхэн шаардлагаар хөгжүүлэлт нь хийгдээгүй, зөвхөн өмнөх загвараа боломжит технологиороо сайжруулсан хувилбар бөгөөд 4-р үеийн танканд байх хамгийн чухал шалгуур болох орой хэсгийн хуяг нь хангалтгүй учир 4-р үеийн гэх танкны ангилалд багтах боломжгүй юм. Хэрэв үнэхээр 4-р үеийн танк юм бол Орос-Украины дайнд НАТО-гийн орнуудаас өгсөн танк устгагч пуужингийн эсрэг хамгийн үр дүнтэй зэвсэг ашиглах байсансан. Гэтэл өдий хүртэл ашигласангүй.
Хойд Солонгосын пуужингийн хөгжлийн талаар
Нийтлэлийг Ж.Эрхэмбаяр
БНАСАУ нь баллистик пуужингийн технологийн эзэмшсэн цөөхөн улсын нэг ба ЗХУ задран унаснаас хойш пуужингийн техник, технологийн идэвхтэй хөгжүүлэгч орон болж хувирсан. Эхэн үедээ тус улсын пуужингийн хөгжил ЗХУ, БНХАУ туслалцаанаас хамааралтай байсан. Харин сүүлийн жилүүдэд тэдний идэвхтэй хүчин чармайлтын дүнд Хойд Солонгос өөрийн бие даасан пуужингийн салбарыг хөгжүүлж, үйлдвэрлэлийн бааз суурьтай болж чадсан юм. Өнөөг хүртэл Хойд Солонгос олон пуужингийн төрлийн цуврал туршилтуудыг амжилттай хийчхээд байгаа билээ. Тухайлбал богино, дунд, алсын тусгалтай баллистик, дуунаас хэт хурдан пуужингууд мөн шумбагч онгоцноос харвах боломжтой баллистик пуужингуудыг туршаад байгаа билээ.
Пуужингийн программ нь тус улсад шууд утгаар хоёр талын ач холбогдолтой ба нэгдүгээрт улс орныхоо батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, хоёрдугаарт гадаадын орнуудаас тус улсын чиглэсэн бэлэн мөнгөний урсгалыг бий болгодог юм.
Хойд Солонгосын пуужингийн түүх нь 1960 онд ЗХУ-аас тийрэлтэт артиллерийн систем авснаар хэлдэг. 1965 оноос Ким Ер Сэн улс төрийн шийдвэр гаргаж, өөрийн пуужингийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг эхлүүлсэн. Мөн онд Хамбун дахь цэргийн академийг байгуулж пуужингийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлжээ. 1960 онд Хойдуул анхны тийрэлтэт артиллерийн систем авсны дараа газар- агаар, хөлөг онгоц эсэргүүцэгч пуужингуудыг ЗХУ-аас худалдан авсан. 1967 онд БНАСАУ батлан хамгаалах төсвөө 30 хувиар нэмэгдүүлж, үйлдвэрүүдийг шинэчилж пуужин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурилуулж эхэлсэн. Учир 1959 онд ЗХУ, болон БНАСАУ-ын хамтарсан судалгаагаар Хойд Солонгос нь АНУ-ын цэргийн бааз, Өмнөд Солонгос уруу онгоцоор дайралт хийх нь үр дүн муутай байх нь тогтоогдсон. Мөн ЗХУ, Хятадын харилцаа муудсан нь Солонгосын хойгт дахин дайн дэгдвэл хоёр их гүрэн туслах эсэхэд нь Ким удирдагч эргэлзсэн байна. Иймд эргэлт буцалтгүйгээр өөрсдийн пуужингийн үйлдвэрлэл, технологитой болохыг шийджээ.
1971 оны 9-р сард БНАСАУ, БНХАУ-ын хооронд пуужинг зохион бүтээх, хөгжүүлэх, үйлдвэрлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ тус гэрээ нь 1977 он хүртэл бодитой ажил болоогүй ба 1977 оноос Хойдуулын инженерүүд Хятадын ДФ-61 пуужингийн төсөлд оролцож эхэлжээ. Аливаа техникийг зохион бүтээх, боловсруулах ажилд хамгийн чухал зүйл бол хүний нөөцийн асуудал байдаг. Өөр хэлбэл тэд гаднын эрдэмтэн, инженерүүдийг урин ажиллуулж болох ч энэ нь түр зуурынх, эсрэгээрээ өөрийн улс үндэстнээс бүрдсэн эрдэмтэн, инженерүүд нь юутай ч зүйрлэшгүй баялаг юм. Тийм ч учраас тэд тэвчээртэйгээр өөрийн мэргэжилтнүүдийг бэлтгэсээр, чадваржуулсаар байсан. 1965 оноос Хойд Солонгос төрөл бүрийн сувгаар ЗХУ-аас пуужингууд худалдаж авах хүсэлт тавьж байсан боловч үгэнд муу ордог Кимд ЗХУ пуужин зарахаас татгалздаг байж. 1979 Хойдуул анхны Скад-Б /зураг-1/ пуужин Египетээс нууцаар худалдан авч 1984 онд өөрийн хуулбарыг Хавсонг-5 нэртэйгээр үйлдвэрлэж эхэлжээ. 1985 онд Иран улс Хойд Солонгостой эдийн засгийн харилцан туслалцах гэрээ байгуулсан ба гэрээний хүрээнд Хавсонг пуужинг Иранд нийлүүлж эхэлжээ.

Мөн оноос Хавсонг-5 пуужинг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн ба үйлдвэр нь сардаа 8-9 пуужин үйлдвэрлэж байв. Төд удалгүй Хойд Солонгосчууд Хавсонг-6 /Скад-С/ пуужинг бүтээх ажлыг эхлүүлсэн. Хойдуулын энэхүү пуужингийн үйлдвэрлэлд гаргасан амжилт нь сүүлд аж үйлдвэржсэн, жижиг улсын хувьд гайхмаар амжилт байсныг хэлэх юун билээ. 1990-1991 онд дунд тусгалтай Хавсонг-6 цуврал үйлдвэрлэлд оруулж, Нодонг гэх пуужингийн туршилтын загварыг хийж, скад пуужин үйлдвэрийн хэд хэдэн шугамыг дундад Азид худалдаж амжсан байна.
Нодонг пуужингийн туршилтаас өмнө Хойдуул пуужинг худалдах гэрээг Ливи, Пакистан, Сири улсуудтай хийсэн ба туршилтыг 1993 амжилттай гүйцэтгэжээ. Тэдний дараагийн шат нь гурван шатлалтай, хатуу түлштэй сансарт хиймэл дагуул гаргах боломжтой пуужин бүтээх Таэподонг-1 төсөл.
Таэподонг-1 төсөл нь Хойдуулын өмнөх олсон амжилтыг бататгах чухал төсөл байлаа. Тус пуужингийн 1-р шатны хөдөлгүүр нь Нодонг пуужигийн, 2-р шатны хөдөлгүүр нь Хавсонг пуужингийн хөдөлгүүрээр хийгдэж, харин 3-р шатны хөдөлгүүрийг шинээр зохион бүтээжээ. Энгээд 1998 оны 8-р сарын 31 туршилтыг гүйцэтгэсэн боловч 3-р шатны хөдөлгүүрт нь алдаа гарч төлөвлөж байсан Кванюунсонг-1 гэх хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргаж чадсангүй. Энэхүү туршилтын дараа Хойдуул гадаадын болон дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж тус хөтөлбөрийг хойш тавьсан юм.
2003 онд АНУ-ын хиймэл дагуул Хойд Солонгосыг дундын зайн баллистик пуужин бүтээж гэж байгааг илрүүлэв. Дундын тусгалын пуужинг амжилттай хөөргөх нь алсын тусгалын пуужинг амжилттай хөргөх үндэс болно гэж дэглэмийн удирдагчид үзсэн байна. Ийм учир 1960-1980 онуудад ЗХУ-ын үйлдвэрлэж байсан Р-27 пуужингийн Хойд Солонгосын хувилбарыг бүтээж Мусудан хэмээн нэрлэсэн байна. Энэхүү пуужин нь 12 м урттай, 2500-4500 км тусгалтай, шингэн түлштэй, хөдөлгөөнт суурин дээр суурилсан байлаа. Мусудан пуужинг 2007 онд анх удаа олон нийтэд үзүүлсэн ба үүнээс хоёр жилийн дараа АНУ-ын тусгай алба Иран луу Мусудан пуужинг экспортолсон болохыг илрүүлэв. Иран улс пуужинг Гадир-1 хэмээн нэрлэн зэвсэглэлдээ авчээ. БНАСАУ нь Мусудан пуужинг 2016 онд туршиж эхэлсэн ба эхний 5 туршилт нь амжилтгүй болсон. Харин 6 дахь туршилт нь амжилттай болж 1400 км-н өндөрт гарч, 400км алс ниссэн байна. Тэд пуужингийн туршилтыг өөрийн нутаг дээр багтаан явуулахын тулд зориудаар тийм траектороор нисгэсэн. Дээрх амжилт муутай туршилтуудаас үүдэн барууны орнууд Хойдуулын дунд тусгалын пуужингийн найдвартай ажиллагааны коэффициент 0,1-0,15 өөр хэлбэл 100 пуужин харвахад 10-15 пуужин нь амжилттай болох магадлалтай гэж үзсэн байна.
2006 онд Хойдын дэглэм түр завсарлаад байсан 3 шатлалт хиймэл дагуулын зөөгч пуужингийн хөтөлбөрөө Таэподонг-2 гэж нэрлээд дахин эхлүүлсэн ч пуужингийн туршилт дахин бүтэлгүйтэв. Тэрхүү туршилтын дараа НҮБ-ын зүгээс Хойд Солонгост үзүүлэх эдийн засгийн хоригоо чангатгасан ч тус улс 2009 оны 4-р сарын 5 нд Таэподонг-2 пуужингаа шинэчилж Унха-2 гэж нэрлэн дахин туршсан боловч мөн л амжилтгүй болов.
Тэд цөхрөлтгүйгээр Унха-3 /зураг-2/ пуужингийн төслийг эхлүүлж 2012 оны 12 сар, 2016 оны 1-р сард сансарт хиймэл дагуул амжилттай гаргаж чадсан нь тэднийг дэлхийд өөрийн зөөгч пуужингаар сансарт хиймэл дагуул гаргаж чадсан 9 дэх орон болгов. Өмнөх хиймэл дагуул хөөргөх бүтэлгүй оролдлогууддаа Хойдуул АНУ-г буруутгав. АНУ нь пуужингийн удирдлагын дохиог саатуулж удирдлагагүй болгосон гэв. Тийм ч учраас 2012 оны 12 сард пуужингаа хөөргөхөөс өмнө Хойдуул техникийн асуудлаас болоод 1 сараар пуужин хөргөх хугацааг хойшлуулж байгаагаа Төв телевизээрээ мэдэгдсэн ба тус мэдэгдлийн дараа АНУ, БНСУ, Японы цэргийн бэлэн байдлын зэргээ бууруулж радараа унтрааснаас хэдхэн цагийн дараа гэнэт хиймэл дагуулаа хөөргөсөн нь амжилттай болсон. Энэхүү үйл явдал нь Хойдуулын хардлагыг бататгаж байх шиг. Юутай ч тэдний пуужингийн хөтөлбөр нэгэн том үсрэлтийг олон удаагүй бүтэлгүйтлийг дараа амжилттай хийсэн юм. Энэ амжилтын цаана олон сая энгийн иргэдийн хөлс, хүч, цус, амь нас байсныг мөн сануулъя.

Тэдний дараагийн зорилго бол АНУ-ын аль ч цэгт хүрч чадах тив алгасагч баллистик пуужин бүтээх явдал байлаа. 2016 оны 2-р сард болсон цэргийн парад дээр Хавсонг-13 гэх хөдөлгөөнт суурь дээр суурилсан пуужинг үзүүлэв. 2017 оны 2-р сард Хойдуул Пукгуксонг-1 пуужинг амжилттай туршив. Пукгуксонг-1 шумбагч онгоцонд суурилсан баллистик пуужин бөгөөд усан доороос пуужинг харваж /хүйтэн харвалт/ туршсан нь тус төвөгтэй технологийн эзэмшигч цөөхөн орны нэг болсон юм. 2017 оны 7-р сарын 4 нд /АНУ-ын тусгаар тогтнолын өдөр/ БНАСАУ анхны тив алгасагч Хавсонг-14 баллистик пуужингийн туршилт хийсэн ба пуужин 2800км өндөрт гарч 930 км зай туулан Япон тэнгист унав. Хэрэв пуужинг энгийн траектороор харвасан бол 6800-8000 км туулах боломжтойг эрдэмтэд мэдэгдсэн. Мөн сарын 28 тус пуужингийн туршилтыг дахин ялуулж пуужин 10000 км зам туулсан байна. 2017 оны сарын 29-нд Хавсонг-15 гэх шинэ пуужингийн туршилтыг гүйцэтгэсэн ба пуужин 4475 км өндөрт хөөрч 950 зайд Япон тэнгист уналаа. Хавсонг-15 /зураг-3/ пуужингийн тусгал хамгийн багадаа 13000 км байсан нь Хойд Солонгостой сөргөлдөгч орнуудад томоохон анхааруулга болсон билээ. Эдгээр амжилттай туршилтуудын дараа Хойд Солонгосын пуужингийн найдвартай ажиллагааны коэффициентыг 0,1-0,15 гэж тооцдог байсан нь өөрчлөгдөж, тив алгасагч пуужингийн найдвартай ажиллагааны коэффициентыг 0,95 болж нэмэгдсэн юм.

Энэ нь тус улс 100 пуужин харвахад 95 пуужин нь амжилттай болно гэсэн үг юм. 2018 оноос хойш Хойдуул аядуу байр суурь баримтлан тив алгасагч пуужингийн туршилтаа зогсоогоод байгаа билээ. Мэдээж энэ хугацаанд маш олон улс төрийн яриа хэлэлцээр, цөмийн хэд хэдэн туршилтууд болсныг дэлгэрэнгүй дурдмаар байв ч гагцхүү баллистик пуужингийн талаар өгүүлж буй болохоор бичиж төвдсөнгүй.
Би энэхүү бичсэн зүйлээрээ Хойд Солонгосыг магтах, муулах санаа агуулаагүй бөгөөд цэргийн техник сонирхдог сонирхогчийн үүднээс өөрийн мэдэж буй мэдлэг, мэдээллээ хуваалцаж буй хэрэг билээ. Баярлалаа.