Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Хүний халаасанд байгаа мөнгийг тоолох гэдэг нэг “гоё” ажил бий. Тэгвэл олонд алдартай баячуудын хөрөнгө мөнгөний хэмжээг тодорхойлох гэдэг бүр ч сонирхолтой адал явдалтай зүйл бөгөөд энэ удаа Дюмагийн уран сэтгэмжийн баатар болсон Монте Кристо гүн хэчнээн хэмжээний мөнгөтэй байсан талаархи тооцоог сонирхож үзье.
-Тэгэхээр таны хэлж байгаагаар бол энэ их эрдэнэсийн санг мөнгөөр бодвол…
-Хоёр сая ромын скудо буюу манай мөнгөөр бол арван гурван сая орчим юм
-Үгүй байлгүй! гэж их мөнгөний тоо сонсон айсан Дантес дуу алдлаа.
(Монте Кристо гүн романы хэсгээс)
Сүүлд Монте Кристо гүн болсон Эдмон Дантесийн эд хөрөнгө нь үнэт чулуу, гоёл чимэглэл, алтан гулдмай, зоосон мөнгөнөөс бүрдэж байсныг бид бүгд мэднэ. Ингээд тус бүрээр нь ялган салгаж тооцоход:
Алтан гулдмай
“…Авдар дотор тус бүр хоёроос гурван фунт хүнд мянган ширхэг цул алтан гулдмай байв…”
Энэ бол ойролцоогоор 1135 кг алт гэсэн үг. Алтны орц нь 750 орчим гэж бодвол нийтдээ 850 кг цэвэр алт байжээ.
Зоосон мөнгө
“…нэг бүр нь наян франк хүрэх хорин таван мянган алтан зоосыг тоолоод зөвхөн зөвхөн өрөөнийхөө хагасыг хоослоод байгаагаа мэдэв…”
Тэгэхээр ойролцоогоор 50 000 зоос байж.
Үнэт чулуу
“…тэгээд сүүлд нь сувд очир алмас зэрэг үнэт чулуунуудаасаа хоёр гараараа утган атга атгаар нь жинлэж үзэв. Тэдний олонх нь тэр үеийн шилдэг дархчуул засаж урласан, мөнгөн үнээсээ илүү урлагийнхаа үнээр давамгайлсан эдлэлүүд байлаа…”
Монгол орчуулга нь ерөнхийдөө иймэрхүү бүдэг бадаг хэмжээ илэрхийлсэн бол эх зохиол дээрээ тодорхой тоо хэмжээтэйгээр бичсэн юм байж. Тэр хэмжээгээр бол хамгийн үнэтэй чулуунууд нь багаар бодоход 5-6 литр хэмжээний эзлэхүүнтэй байсан ба алмаз ойролцоогоор 1,3 литр, 22750 карат буюу 4,55 кг. Бадмаараг 1,3 литр, 26000 карат буюу 5,2 кг. Маргад 17 940 карат, 3,6 кг. Сапфир буюу индранил нь 26 000 карат буюу 5,2 кг.
Энэ хэдэн кг чулуунууд маань тэгээд хэр их үнэтэй эд юм бол гэдгийг мэдэхийн тулд доорх баримтыг анхаарах хэрэгтэй болох нь. 18-19-р зууны үед Бразилын уурхайнууд нь жилдээ 6-7 кг алмаз олборлодог байжээ. Хамгийн их олзтой жилдээ 11 кг-ийг гаргаж ирсэн бол хамгийн муу жилдээ ердөө 1,8 кг! Одоо багцаа харагдаж байна уу?
Эцсийн дүндээ энэ ойлгомжгүй тоонууд нь яг хэдий хэмжээний хөрөнгө байсан юм бол?
Юуны түрүүнд бараг 1000 кг алт нь 15-хан кг үнэт чулуутайгаа харьцуулахад үнэндээ задгай мөнгө төдий гэмээр зүйл байж. Нэг ёсондоо Монте Кристо гүнгийн гол баялаг нь үнэт чулуу. Тухайн үеийн франкаар дээрх эд баялгийг үнэлэхэд:
Алтан гулдмай -2 900 000
Алтан зоос- 670 000
Алмаз – 40 000 000
Бадмаараг- 23 000 000
Маргад- 46 000 000
Сувд-устаж алга болно (яагаад?)
Бусад чулуу- тодорхойгүй
Нийт дүн нь 112 570 000 франк болжээ. Харин энэ нь тухайн үеийн Хаант Орос улсын нийт төсвийн 1/4 -тэй тэнцэх хэмжээний мөнгө гэнэ. Тэгвэл одоогийн Орос улсын төсвийн 1/4 нь ойролцоогоор 60 тэрбум доллар байх нь. (Нэлээд хэдэн жилийн өмнөх тоо юм байна) Ийм хөрөнгөтэй хүн Форбесийн жагсаалтад 8-р байр эзлэхээр хэмжээ гэхээр хөөрхий муу Эдмон Дантес маань тэгж хагартлаа баяжсан гэхэд хэцүү л юм.
58 тэрбумтай хүнийг янз бүрээр хэлдэг чи муу өөрөө хэн юм бэ, өмдөө чирсэн гуйлгачин минь гэх хүн гарах нь мэдээж. Энд ч бас бяцхан тайлбар хийх хэрэгтэй болов уу
Дэлхийн нийт хүн амын хамгийн баян чинээлэг 10%-д багтахын тулд хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй гэж та бодож байна? Тэгвэл таны дансанд 93 170 ам доллар байхад л та тэр баячуудын тоонд багтах нь.
Үүнийг бичигч эрд энэ хэмжээнд хүрэхэд тун жоохон юм дутаад байгаа бөгөөд дахиад 93 100 доллар байхад л хүрчих гээд байдаг. Гэхдээ хүн юм болохоороо хамгийн баян 1%-д багтах юмсан гэж мөрөөдөөд л сууж байна. Харин ийм байхын тулд та дансандаа 117 сая доллартай байх хэрэгтэй болох нь.
Тэгвэл 58 тэрбумтай Дантес маань… Байз Дантест 58 тэрбум доллар үнэхээр байсан уу? Үгүй байгаагүй. Тэр их хэмжээний үнэт чулуу, эд хөрөнгийг хууль ёсны болгохын тулд зах зээл төдийгүй бусад хяналтын байгуулагд мэдүүлэх хэрэгтэй болно. Ингэсэн тохиолдолд үнэт чулууны зах зээлийн ханш огцом унах нь ойлгомжтой. Зарим тооцоогоор одоогийн хамгийн баян хүн болох Илон Маскт “гэнэт бэлэн мөнгөний хэрэгцээ” гараад бүх хувьцаа, хөрөнгөө зарах болбол зах зээлийн одоогийн ханшныхаа 10%-ийг л олж авч чадах болно гэсэн юм бий. Энэ жишгээр харахад Дантес маань 58 тэрбум биш 5,8 тэрбум доллартай болох нь. Дээр нь нөгөө аймшигтай татвар болон бусад… Монте Кристо гүн маань баян хүн байж. Гэхдээ номон дээрээ гардаг хорвоо дээрх цорын ганц биш олон баячуудын л нэг төдий болж таарах гээд байгаа биз! “Баян хүн нэг шуурганаар” гэгчээр юм эвгүйдэн ямар нэг хувьсгал гарч, дараа нь эдийн засаг хоёр ойрхон хямрахад л манай хүний хөрөнгө мөнгө шалчийж шамбийгаад явчих магадлалтай хэмжээний юм байсан бололтой.