Өмнөх нийтлэл: Алдарт тулаанчдын эмгэнэлт хувь заяа
Боксын спортын түүхэнд олон агуу аваргууд тодорч байснаас нэгэн хүн бусдаасаа ялгардаг нь Канадын тамирчин Артуро Гатти билээ.
Тэрээр Мухаммед Али, Майк Тайсан, Рой Жонс… нартай тулааны техник, хүч чадлаараа өрсөлдөхгүй ч өөрийн гэсэн онцгой чанар байсан нь дайчин, мятаршгүй зүтгэл юм. Өөрөөс нь хүчээр, техникээр, бэлтгэлээр илүү өрсөлдөгчдөө хэчнээн зодуулж, нүдүүлж байсан ч Артуро зугтаж, клинчид ордоггүй (цохиулахгүйн тулд тэврэлдэх арга), зөвхөн урагшаа явсаар тэсэж өнгөрөөгөөд хариуг нь барьдаг тийм хүн байлаа. Чухам ийм дайчин учраас түүний тоглолтыг зохион байгуулах гэж промоутерууд, телевизийнхэн хоорондоо өрсөлддөг, үзэгч олон ч бас хүнд жингийн хамгийн том аваргуудын тоглолтоос илүү Артурогийн тоглолтыг дээрд үздэг байсан гэдэг. Үнэхээр Артуро Гатти ринг дээр гарсан л бол жинхэнэ шоу, тулаан болох нь тодорхой ба түүний хийсэн дөрвөн тулаан нь “Оны шилдэг тулаанаар” шалгарч байсан нь маш их юм хэлж өгөх биз ээ.
Нэгэн үе Артуро Гаттигийн тоглолтын өмнөх болон дараах үеийн харьцуулсан зураг ихэд алдаршиж байсныг зарим нэг хууцчуул санаж л байгаа байх. Рокки киноны “хэмх нүдүүлсэн” Бальбаогоос огт ялгарах юмгүй болж, юм харж чадаж байгаа үгүй нь мэдэгдэхээ больтол нүүр нь хавдаж хөхөрсөн эрийн зураг байх ба ийм болсон ч үзсээр байгаад тоглолтоо дуусгасан олон тохиолдол бий.

Тэрээр боскын түүхэнд мөнхөрсөн их аваргууд болох Оскар де ла Хойя, Флойд Мейвезер зэрэг олон домгуудтай хүч үзэж байснаас Мики Уордтой хийсэн гурван тулаан нь XXI зууны хамгийн хатуу ширүүн тоглолт болсон гэж үздэг билээ. Энэ гурван тоглолт дээр хүч чадлаараа тэнцүү хоёр эр дуусан дуустлаа нүдэлдсээр, цаг дууссаныг зарлах хонхны дуунаар нэгнийгээ тэврэн авч баяр хүргэж байгааг үзсэн хүн энэ явдлыг хэзээ ч мартахгүй болов уу.
Анхны тоглолт дээр залуу од Мики Уорд ялалт байгуулж боксын спортод бас нэг шинэ од гарч ирж байгаагаа зарласан юм. Гэхдээ Мики маш их үнээр ялалт байгуулсан бөгөөд ялангуяа есдүгээр раундад болсон нанчилдааныг ямар ч бокс тайлбарлагч нар зүгээр ярьж чаддаггүй гэдэг. Эхлээд нэг нь өрсөлдөгчөө буланд шахан балбаж, нөгөөх нь ч хэзээ мөдгүй унах нь гэмээр салгалан тогтсоор…, удалгүй зөрөөд балбаж эхэлнэ. Ээлжлэн нэг нэгнийгээ унагах гэж зүтгэх, унахгүй гэж хамаг юмаа шахан байгаа эрчүүдийн тоглолтын үеэр их танхим тэр чигээрээ доргиж байсан юм гэнэ лээ.
Энэ тоглолт бөөн шуугиан тарьж, Гатти даагаа нэхэх хүсэлт гаргасны дараа боксын ертөнц оволзож эхэллээ. Элдэв гэрээ хэлцэл ч дороо өрнөж, гарын үсэг зурсны дараа тоглолтын билет харвасан сум шиг хурдан зарагдаж дуусан, реклам сурталчилгааны багуудын ажил дийлдэхээ больжээ. Зохион байгуулагч промоутеруудын халаас түнтийж байгаа гэж жигтэйхэн.
Мики Уорд дараа нь энэ тоглолтын тухай ярихдаа “Тоглолтын өмнө тактикийн 3-4 хувилбар бэлдсэн байлаа. Бэлтгэлээ ч үүндээ зохицуулж сайн тааруулсан учир ялна гэдэгтээ огт эргэлзэхгүй байв. Тоглолт эхэлж эхний гурван раундад бодсоноороо тоглож байсан боловч Артуро урьдынх шигээ өөдөөс дайрах ч оногддоггүй. Раундын дунд хэсэгт Гаттиг хэд хэдэн удаа ончтой цохисны дараа ялалт тун удахгүй ирэх нь гэж бодогдож байсан ч гэнэт нүдэнд оч бутраад явчихлаа. Тэр үед би өөрийгөө рингний олсон дээр тэгнэн сууж, арай л уначихаагүй байна гэж бодсон боловч үнэндээ шалан дээр доошоо хараад хэвтэж байсан юм билээ. Бослоо, туллаа…
Үүнээс хойш нөгөө элдэв тактик энэ тэр бүгд алга болж зөвхөн амьд үлдэхийн тулд, ялахын төлөө л улайрч байсан юм. Дараа нь Гатти ч гэсэн тэсэхээс өөр юм бодох чадалгүй болсон байснаа хэлж билээ.
Тоглолт Гаттигийн ялалтаар өндөрлөж хоёр дайчин эрсийн хэн нэг нь дахиж рингэн дээр гарахгүй байж ч магадгүй гэж ярьж байсан гэдэг. Дэндүү их зодуулж нүдүүлсэн учраас тэр.
Удалгүй гурав дахь тоглолтын тухай яриа гарч эхлэхэд хоёр асуудал босч иржээ. Эхнийх нь Гаттигийн талынхан насны мөнгөө олох гэж янз бүрийн арга чарга хэрэглэн, гэрээний заалтууд, үнэндээ бол хэн нь хичнээн хэмжээний мөнгө авах дээр тохиролцоонд хүрч чадахгүй дээрээ туллаа. Үүнийг сонссон Гатти уурлаж “Намайг даагаа нэхье гэхэд Мики шууд зөвшөөрч надад боломж олгосон хүн. Энэ удаа бид нарын хүнлэг байх ээлж” гэж байж мөнгө төгрөгийн асуудлыг шийдсэн байна. Гэсэн ч ингээд юм дууссангүй.
Мики Уордын эмээ нь ачыгаа дахиж тийм аймшигтай нанчилдаан хийлгэхгүй гэж эсэргүүцэж, “бяцхан бослого” гаргаж байхад нь Мики Гаттигаас тусламж гуйснаар Артуро очиж эмээтэй нь уулзсан байна. Тэрхүү уулзалтаар хоёр эр гурав дахь тоглолтын дараа хорвоогийн бүх мөнгийг амласан ч хоорондоо нүдэлдэхгүй гэж андгайлж байж эмээг нь зөвшөөрүүлжээ.
Тоглолт яг л өмнөх хоёр шиг өөдөө өөдөөсөө тулан нүдэлдсэн хоёр. Энэ тоглолтын үеэр, раунд хоорондын завсарлагаагаар Артуро дасгалжуулагчтайгаа ярилцсан яриа одоо домог болсон үлдсэн юм.
Гатти: …миний гар, …яс цуурч гэмтсэн бололтой
Дасгалжуулагч: Юу гэнэ ээ?
Гатти: Миний гар…
Дасгалжуулагч: Чи тэгээд намайг яа гээд байна вэ? (цагаан алчуур шидэж тулалдааныг зогсоох уу гэсэн утга)
Гатти: Миний баруун гар…
Дасгалжуулагч: Тэгээд намайг яа гээ вэ?
Гатти: Би заавал тоглолтоо дуусгах ёстой!
Дасгалжуулагч: Ок!
Баруун гар нь гэмтсэн ч зүүнээрээ жеб хийж тулалдаж байсан Гатти яваандаа гарынхаа гэмтлийг ч мэдрэхээ байж аль аль гараараа цохисоор ялалт авсан юм. Цаг дуусахад цус нөжтэйгөө хутгалдсан хоёр эр үнэн сэтгэлээсээ тэврэлдэн байсан нь олон мянган үзэгчдийг уярааж, баярлуулж, бас дараагийн тулаан хийхийг шаардан хашхирч байсан билээ. Гатти энэ тулаанаас хойш өөдөлсөнгүй. Нас ч явж, сүйт бүсгүй нь зодог тайлахыг шаардаж байсныг нь биелүүлээд удахгүй хуримаа хийж, бяцхан хүүтэй болж аз жаргалтай амьдарч эхэлсэн мэт байлаа. Гэтэл үнэндээ хэн хүн атаархмаар гял цял амьдрал нь уруудан доройтож байсан юм. Эхнэртэйгээ таарахгүй болж, байнга шахам архи уун муудалцах нь элбэгшин, нэгэн удаа шөнө гэртээ эхнэрийнхээ цүнхний оосроор өөрийгөө боомилчихов. Энэ бол 2009 он.
Эхлээд цагдаа нар эхнэрийг нь барьж аван шалгаж байсан боловч гурван долоо хоногийн дараа суллан тавьсан байна.

Артуро Гаттигийн шүтэн бишрэгчид нь үүнтэй эвлэрч чадсангүй. Түүний амиа алдсан шалтгааныг тогтоолгох гэж тусгай мөрдөгч, өмгөөлөгч хөлслөн ажилласны дүнд хачин жигтэй юм нэлээд гарч иржээ. Ялангуяа Гатти үхэхээсээ гурван долоо хоногийн өмнө эхнэртээ бүх юмаа үлдээхээр гэрээслэл бичсэн нь сэжигтэй байсан ба Гаттиг сайн мэдэх хүмүүсийн хувьд тэр бол хорвоо дээр хамгийн хайртай бяцхан хүүгээ хаяад, амиа хорлох хүн яав ч биш байжээ.
Ингээд хувийн мөрдөгч өмгөөлөгч нар нь өөрсдийн олж цуглуулсан материалыг цагдаад өгсний дараа хэргийг дахин мөрдөж шалгахаар болоход Мики Уорд зэрэг хүмүүс дуугүй байсангүй. Тэрээр гэмтэн этгээд бол Артуро Гаттигийн эхнэр гэж шууд нэр зааж байсан боловч удалгүй Бразилийн цагдаагийн газар энэ хэргийг нэг мөсөн хаасан байна. Үр дүнд нь дэлхий дахинд алдаршсан агуу боксчин маань “шороонд булагдаж ”, үлдэж хоцорсон эхнэр нь олон арван сая долларын эзэн болон үлдсэн юм.
P.S.
Артуро Гаттигийн дасгалжуулагч байсан Бадди Макгирт нь “Артуро амиа хорлосон гэдэгт би ерөөсөө итгэдэггүй. Харин түүнийг хүн алсан юм шүү!” гэж хэлдэг юм гэнэ лээ.