Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Энэ оны хоёрдугаар сараас ОХУ нь Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсний дараахан АНУ өөрийн хамгийн орчин үеийн зэвсгийн нэг болох танк эсэргүүцэгч Javelin системээ Украинд нийлүүлж эхэлсэн билээ. Аль 2014 оноос украинчууд энэ зэвсгийг Америкаас гуйж, Донбасс Луганскт хийж байсан ажиллагаандаа ашиглах гэж арга чарга болгоныг хэрэглэж байсан бөгөөд ийм зэвсэгтэй болчихвол ялалт хэзээ мөдгүй гэж бүгд л итгэж байсан юм.
Оросын тусгай ажиллагаа эхэлснээс хойш АНУ нь Украинд бараг 7000 орчим Javelin нийлүүлсэн нь өөрийнх нь үндсэн нөөцийн бараг 30 хувь нь болж байгаа юм байна. Ийм их, бас хамгийн орчин үеийн зэвсэгтэй болсны дараа украинчууд Javelin-д зориулж хөшөө барьж, хүүхдээ энэ нэрээр нэрлэж байсан боловч дайны талбар дээр гавьсангүй. Ганцхан Javelin ч биш бас Байрактар (Туркийн дрон, Карабахын дайны баатар), Стингер (агаарын довтолгооноос хамгаалах зөөврийн пуужингийн систем), 777 их буу, Оросын хувьд нисэх хүчин нь, Тосочка (тийрэлтэт артиллерийн систем), Терминатор (танкийн дайралтыг дэмжих систем) гээд олон зэвсгийг бүтэл муутайгаар нь тоочиж болох байх.
Өмнө нь Javelin-ы тухай ярьж бичихдээ “Тандем хошуутай учир танкны дээрээс дайрахдаа динамик хамгаалалтыг нь эхний хошуу гэмтээж, дараагийн хошуу нимгэхэн хуягийг нь цоо цохин (танкны дээд хэсэг хамгийн нимгэн байна) устгах ба үүний эсрэг актив хамгаалалт (танк руу чиглэн ирж байгаа хошууг өөдөөс нь тосож очин устгах систем) л ганцхан сөрж чадна” гэдэг байлаа. Тэр тусмаа актив хамгаалалт бүтээж чадсан хэдэн орон бий билээ, бүтээснийгээ зэвсэглэлдээ аваад танк болгоноо хамгаалж чадсан нь бас юу билээ гэхээр Javelin үнэхээр дийлдэшгүй зэвсэг мэт санагдаж байв.
“Харснаа харвадаг, харваснаа онодог”, харвасны дараа оператор нь шууд л зугтах боломжтой (бууд-март), танк төдийгүй нам өндрийн нисдэг тэрэг, бэхлэлтийн системийг ч устгах чадалтай энэ системийн үнэ ч бас дийлдэшгүй. Зургаан пуужин бүхий нэг системийн үнэ нь 600 000 доллар.
Ингээд дайны талбарт Javelin ирлээ. Энэ тухай Украины хурандаа Владимир Баранюк дараа нь ярихдаа “Бид нар Javelin-тай болсон боловч энэний ашиг гэж байсангүй. Тэр тусмаа хот доторх тулалдаанд бүр ямар ч нэмэргүй байлаа. Бид нар ганц ч удаа энэ пуужинг харваж чадаагүй юм. Миний хувьд энэ системийг хэнд ч хэрэггүй эд гэмээр санагдана. Үргэлж л ямар нэг юм нь болохгүй бүтэхгүй… Анх хоёр систем авчирсны дараа машинаас буулгаж байхдаа нэгийг нь эвдээд, нөгөөхийг яаж ашиглах ёстойг нь ойлгох гээд чадсангүй. Заавар нь англи хэл дээр болохоор ийм хэмжээний юмыг уншаад ойлгоод тайлбарлаад өгөх хэмжээний англи хэлтэй хүмүүс тэнд байгаагүй юм”.
Ганцхан хурандаа Баранюк ч энэ зэвсгийн тухай ингэж ярьсан юм биш гэнэ. Олон Украин офицерууд батарей нь дууссан, овоо хараа нь хагарсан… пуужингаа хэрэглэх боломжгүй болохоор нь шууд л хаяж байсан нь дэндүү их бөгөөд оросууд бараг хяналтдаа авсан газар болгондоо хаягдсан Javelin-ыг хэдэн арваар нь “түүн цуглуулж” байгаа өчнөөн олон бичлэг бий билээ.
Асар их найдлага тавьж байсан боловч яг тулалдааны талбар дээр нэмэргүй шахам болсон энэ системийн тухай энд тэндхийн судлаач, сэтгүүлч нар ухаж эхэлсний дараа янз янзын юм ил гарч эхэлсэн байна. Хамгийн түрүүнд бараг 4,5 км-ийн зайнаас танк устгах боломжтой гэж байсан боловч үйлдвэрлэгч компанийн өөрийнх нь заавар дээр хэрэглэх боломжтой дээд хэмжээ нь 2,5 км гэж байдаг. Орчин үеийн супер зэвсэг маань өмнөх үеийн TOW-оос (1970-аад онд бүтээсэн, Сирид маш үр дүнтэй байв) ойрхон зайд хэрэглэх боломжтой нь яаж ч бодсон ахиц дэвшил биш нь ойлгомжтой. Тэр тусмаа Javelin нь TOW-оос 10-12 дахин үнэтэй байдаг.
Ирак болон Афганистанд Javelin хэрэглэж байсан тухай нууц илтгэлүүдэд “Системийг дайсны эсрэг хэрэглэх оролдлогуудын 30 гаран хувь нь бүтэлгүйтэж байсан” гэсэн зүйл байдаг гэнэ. Америкийн тусгайлан бэлтгэгдсэн цэргүүд хэрэглэх үед шүү!
Бүр Raytheon компанийн хийсэн туршилтаар 11 удаа энэ системийг ашиглахад ердөө 3 оролдлого нь л байгаа устгаж чадсан байна.
Орос-Украины энэ мөргөлдөөний үеэр украинчууд Javelin гэхээсээ илүү өөрийн Стугна хэрэглэх нь амар, илүү үр дүнтэй байгаа бөгөөд дэндүү эмзэг, дэндүү олон ааштай Америк зэвсгийг жирийн цэргүүд нь бараг л үзэн яддаг болж байгаа тухай олзлогдсон цэргүүд нь их ярина. Яахав олзонд байгаа хүн тиймэрхүү юм ярих нь ойлгомжтой байж болох л юм. Гэхдээ Шведийн нэгэн судлаачийн хэлснээр бол “Орос- Украины хооронд болж байгаа энэ дайнд аль аль нь нийлээд бараг 1000 гаруй танк устгасан байна. Харин тэр олон танкуудыг устгаж байгаа зэвсгүүд дотор Javelin-аар Оросын танкийг устгасан ганц ч бодит-видео баталгаа олдсонгүй. Харин харваж чадаагүй болон хэт ойрын зайнаас харваад танканд ямар ч хохирол учруулж чадалгүй өнгөрсөн олон бичлэг бий…” гэжээ.
Javelin одоохондоо нэг иймэрхүү л “нэр төртэйгөөр” тулалдаж байгаа бололтой.
P.S
Дайн, оршуулга, сонгуулийн үеэр хамгийн их худлаа ярьдаг гэдэг. Интернэтээр хэрэн хэсэж javelin-аар Оросын танк устгаж байгаа тухай бичлэг хайхад өч төчнөөн юм гарч ирэх ч нээрээ л яг “жавелин”-аар сүйд хийгээд байгаа юм олсонгүй. Аль эрт, 10-аад жилийн өмнөх туршилтаар Т-72-г устгаж байгаа харагдах ч энэ нь хүртэл бодит бичлэг бас биш гэнэ. Мэдээж энэ нарийн систем нь ямар ч үр дүнгүй байна гэж үгүй бөгөөд яваандаа энэ зэвсгийг ашиглах сургалт сайжирч,ашиглалт үйлчилгээ нь байх ёстой хэмжээндээ хүрээд ирэхийн цагт сүйд хийх нь ойлгомжтой. Харин ийм боломжийг нөгөө тал нь олгоод байх болов уу?
Украины тэнгэрт ноёлох ёстой байсан Оросын нисэх хүчин
нэ оны 2-р сард ОХУ нь Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш есөн сар өнгөрчээ. Энэ хооронд номоороо бол Оросын нисэх хүчин агаарт ноёрхож, Украины цөөхөн үлдсэн онгоц агаарт гарах аргагүй болж, газрын цэргүүд нь Оросын онгоцуудад зад бөмбөгдүүлж баймаар. Гэсэн ч үнэндээ байдал өөр, бүр ихээхэн өөр байгаа бололтой.
Өнгөрсөн 2021 оны төгсгөлд Оросын Ерөнхийлөгч Путин нь НАТО болон барууны орнуудаас ОХУ-ын аюулгүй байдлын баталгааг бичгээр гаргаж өгөхийг (өмнө нь НАТО Оросын хил рүү ганц метр ч ойртохгүй гэж аман баталгаа өгсөн ч 20-30 жилийн дараа нэг л мэдэхэд НАТО ОХУ-ын хилд тулаад ирж), Крымийг ОХУ-ын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, Украинд болж байгаа иргэний дайныг зогсоох, Украиныг милитаричлах болон НАТО-д элсүүлэхгүй байхыг шаардсан боловч өнөөдүүл нь өмнөөс нь “салаавч” өгснөөр энэ явдал эхэлсэн билээ.
Цэргийн тусгай ажиллагаа эхлэх үед олон тоймчид Оросын нисэх хүчин нь Украины цэргийн болон улс төрийн шийдвэр гаргах төвүүд, цэргийн дэд бүтэц, гүүр, төмөр зам, агаараас эсэргүүцэн хамгаалах систем зэрэгт бөөгнөрүүлсэн цохилт өгч эхэлнэ гэж хүлээж, тооцоолж байлаа. Яг л АНУ болон холбоотон улсууд нь Югослав болон Ирак, Ливи зэрэг улсууд руу довтолсон шиг.
Гэтэл оросууд “цагаан бээлийтэй” байлдахаар шийдсэн бололтой, зөвхөн агаараас эсэргүүцэн хамгаалах систем, нисэх хүчин байрлах буудал, дэд бүтцийг л бөмбөгдөж эхэлсэн байдаг. Эхлээд их л амжилттай бөмбөгдөж, далавчит пуужингаар зогсоо зайгүй харваж үндсэндээ агаарт ноёрхож эхэлсэн гэж хэлж болох байх. Мэдээж энэ хооронд Европын хамгийн хүчирхэг арми (Зеленьскийн өөрийнх нь хэлж байгаагаар) зүгээр хараад суугаагүй нь мэдээж бөгөөд хэр чадлаараа эсэргүүцэж Оросын нэлээд хэдэн онгоцыг унагасан нь тодорхой. (эхний 14 хоногт 10 гаруй онгоц гэсэн яриа бий) Дайн л болсон хойно хэн хэн нь хохирол хүлээх нь ойлгомжтой.
Харин дөрөвдүгээр сараас байдал өөрчлөгдөж эхэллээ. Дайны эхний өдрүүдэд нэлээд хэдэн онгоцоо алдсан Орос улс нь дахиж хохирол үзэхээ бараг болиод удсан, Украины агаараас хамгаалах системийг бүрэн дарсан гэж мэдээлж байсан ч гэв гэнэт Оросын онгоцууд буудуулж унах нь элбэгшиж эхэлсэн төдийгүй нэг өдөрт хоёр онгоц алдаж байсан тохиолдол ч бий.
Украины ажиллагаанд бараг 400 байлдааны онгоц, 300 давсан нисдэг тэрэг авчирсан улс яахаараа агаарын ноёрхлоо алддаг билээ? Тэр тусмаа дэлхийд гайхуулах нисэх хүчинтэй гэж өөрсдийгөө тодорхойлдог Орос улс шүү.

Оросын онгоцыг унагаж байгаа зэвсэг нь С-300 (манай зурагт радиогоор ЭС-300 гээд мундаг англи маягаар хэлээд байх юм. Зүгээр С шүү дээ) болон Бук-1(М). Алсын болон дундын зайнд агаарын байг устгах чадалтай энэ хүчирхэг зэвсгийг бүгдийг нь ширхэг дараалан устгах боломжгүй бөгөөд энэ системүүд нь өөрөө явагч учир пуужингаа харвачихаад л арилаад өгөх болохоор тэр болгоны араас хөөцөлдөх боломжгүй. Тийм учраас оросууд “газар-агаар” ангиллын пуужин харвах техникийг биш, харин агаарын орон зайг хянаж, байг илрүүлж тодорхойлох радио-локацийн системийг нь устгахад хангалттай гэж үзэж байлаа. Ихэнхийг нь ч устгасан бололтой.
Америк болон НАТО нь Путинд зүгээр ч нэг “салаавч” өгөөгүй болохоороо удалгүй ажиллаж эхэллээ. Украин болон Оросын хилд тун ойрхон өдөр шөнөгүй нисэх Америкийн АВАКС-ууд (агаарын байг илрүүлэх хүчирхэг төхөөрөмж бүхий нисэх онгоц), тагнуулын хүнд дронууд, сансраас хиймэл дагуулууд тулалдааны талбарыг хянан Оросын нисэх хүчний хөөрч байгаа бараг онгоц болгоныг хянаж, чиглэлийг нь тодорхойлж, үүнийгээ тэр даруй Украины агаараас эсэргүүцэн хамгаалах системд дамжуулж эхэлснээр оросууд агаарт ноёрхлоо алдлаа. Барууны улс орны энэ хүчирхэг технологийн эсрэг оросуудад сөргүүлэх юм алга. Хилээс нь гадуур хол байгаа НАТО-гийн онгоц, дронуудыг нь буудаж унагалтай биш, ёстой дэлхийн Гуравдугаар дайн эхлэх биз.
Ингээд нөгөө сүйд хийх ёстой гэж байсан Оросын нисэх хүчин арчаагаа алдаж баларлаа. Украины талын мэдээллээр бол тавдугаар сараас хойш Оросын байлдааны онгоц нь Украины хяналтад байгаа бүс нутгийн гүн рүү цөмрөхөө бүр больсон гэнэ. Хэрвээ энэ үнэн бол Оросын нисэх хүчнийг юу гэж үнэлж болох вэ?
Дайны үеийн хохирлын тухай мэдээлэл нууц байдаг болохоор аль аль талын хүлээсэн хохирлын тухай дэндүү хэтрүүлсэн, замбараагүй тоог энд тэнд дураараа тавьдаг болохоор янз бүрийн будлиантай юмыг энд дурдаад яах вэ.

Одоо Оросын нисэх хүчин яаж тулалдаж, байлдааны даалгавар биелүүлж байна вэ?
Нэгэнт барууны улс орны радио-локаторын хяналтад байгаа болохоор нам өндрөөр л нисэж таарна. Хэдий чинээ нам ниснэ, төдий чинээ дайсны локаторт харагдахгүй гэдэг нь физикийн хууль.
YouTUBE болон бусад мэдээллийн хэрэгслээр дүүрэн байгаа бодит бичлэгүүдийг харахад (бодит бичлэг шүү, ямар нэг эвлүүлсэн, урьд өмнийн юм болон компьютер график биш) КА-52, МИ-28 зэрэг цохилтын нисдэг тэрэгнүүд, Су-25 дайрагч онгоцнууд нь нам өндрөөс НАРС-аа (агаар-газар ангиллын удирдлагагүй пуужин) бөөн бөөнөөр нь харваж байгаа юм, ихэнх нь. Энэ пуужингаа харвахдаа онгоцны хошуугаа өргөж байгаад (кабрирования буюу миномёт маягаар харвах) бүгдийг нь шидэх бөгөөд харахад сүртэй гэж яана. Гэтэл үнэндээ ийм пуужингаар ингэж харваад…

Оросын НАРС пуужингууд нь аливаа нэг тодорхой бай биш, хэсэг газрыг (талбай) “эргүүлж” хаях зориулалттай боловч ингэж харвасны дараа дайсандаа ямар нэг хохирол учруулна гэдэг ёстой юу л бол. Хурд багатай онгоц нам өндрөөр ороод ирэхээр Стингер, Игла, Стрела-2 зэрэг жижиг зөөврийн зенитийн пуужингууд хүлээж байгаа учир алсаас ийм л байдлаар тулалдаж байгаа нь энэ. Аргаа барсны л шинж.
Саяхан бас нэг бичлэг хоёр талд нэлээд шуугиулж хаялаа. Уг бичлэг дээр Оросын Су-35 нам өндрөөр Украины цэргийн байрлал дээгүүр маш хурдтай гарч ирэн хэсэг бөмбөг хаяад пуужингийн эсрэг маневр хийн зайлахад украинчууд араас нь стингер харваад оносон юмгүй л хоцорч байна. Тэр их хурдтай, мундаг онгоцыг ганц нэг стингерээр тийм богино хугацаанд унагана гэж бараг үгүй. Гэхдээ ямар онгоцыг ямар байдлаар ашиглаж байгааг харахад үнэндээ гайхах ч багадмаар. Су-35 гэсэн хамгийн орчин үеийн, их үнэтэй, маш нарийн техникээр дайсныхаа явган цэргийн байрлалыг зүгээр нэг энгийн бөмбөгөөр бөмбөгдөнө гэдэг бол мундаг үнэтэй микроскопоор хадаас хадахтай л адил хэрэг. Үүнийг юу гэж тайлбарлах ёстой юм бүү мэд. Оросын цэрэг дайны тухай бичдэг, ярилцдаг форумаар энэ тухай шуугиж байгаа ч эвэртэн туурайтнууд нь ямар нэг тайлбар хэлсэнгүй.
Энэ цэргийн ажиллагаа сунжрах хэрээр Оросын армийг шийдэмгий тулалдаж, цагаан бээлийгээ тайлж, барууны улс орнуудын арга барилаар Украины дэд бүтцүүдийг зад бөмбөгдөж хаяхыг олон хүн шаардсаар байна. Өөрөөр хэлбэл барууны улс орнуудаас ирж байгаа тэр олон зэвсэг техникийг зөөх гол зам болсон Днепр мөрний олон гүүр, төмөр замын зангилаа, цахилгаан станцууд гэсэн үг.
Хэлэхэд амархан ч, хийхэд хэцүү. Нэгэнт агаарт ноёрхож чадахгүй байгаа ийм үед тэр олон гүүрийг яаж устгах билээ? Ер нь гүүр устгана гэж юу гэсэн үг вэ?
Херсонд байгаа Оросын цэргийн анги нэгтгэлийн хангамжийг таслахын тулд украинчууд HIMARS-аар (энэ дайны нэг супер баатар) бараг хоёр сарын турш Антоновын гүүр гээчийг нүдлээ. Ганцхан гүүр! Үр дүнд нь гүүр байсаар л байна. Ер нь гүүрийг устгахын тулд яг тулгуур багануудыг л онож байж жагсаалаас гаргах ба үүний тулд өндөр ончтой, их үнэтэй далавчит пуужинг маш олноор хэрэглэх хэрэгтэй болох нь. Хаана байна, тэр илүүдээ гарсан олон пуужин?
Өөр нэг арга нь энгийн том бөмбөгөөр (500 кг-аас дээш) завсар зайгүй бөмбөгдөж байж л тэр чигээр нь нураах боломжтой. Тэгвэл дайсныхаа гүн рүү нэвтэрч орохгүй байгаа нөхцөлд нисэх хүчин яаж ч мөрөөдөөд гүүрийг бөмбөгдөж чадахгүй нь тодорхой.
Оросын нисэх хүчинд Вихрь зэрэг өндөр ончтой харьцангуй жижиг, хямд пуужингууд бий. Гэхдээ гүүр устгахад тэрнээс арай илүү томхон, хүчтэй юм хэрэгтэй байлгүй.
Энэ оны долдугаар сарын үед Оросын Ка-52 нисдэг тэрэг нь вихрь пуужин ашиглан гол гаталж байгаа Украины десантын том завийг устгаж байгаа тухай шөнийн бичлэг гарч билээ. Харвасан хоёр пуужин нь байндаа дараалан тусаж, мэргэн цэцэн байгаадаа баярласан оператор нисгэгч нар хашгичаад л. Тэгсэн үнэндээ десантын том завь биш ирээдүйд барих гүүрний тулгуурын суурийг л буудаад байж. Өнөөх нь хоёр ч пуужингийн дараа юу ч болоогүй юм шиг дүнхийж л байж билээ.
Ямар ч байсан АНУ нь Югослав руу дайрахдаа эхний хэдэн хоногт мянга мянгаар нь далавчит пуужин (Томагавк) харваж байж бүх гүүрийг нь нурааж хаясан шиг оросууд лав чадахгүй нь бололтой. Үгүй дээ л өнөөгийн нөхцөлд.
Аливаа дайн тулалдаанд агаарын ноёрхол гээч шийдвэрлэх үүрэгтэй. ОХУ-ын олон жил магтан дуулсан, олон ч сайхан шинэ онгоцоор хүч сэлбэсэн нисэх хүчин нь лав өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм байна гэж ойлгож байна. Уг нь сүйд хийх юм л яриад байсан биш билүү?
P.S
Оросын нисэх хүчний хохирлын бараг 50 хувь нь өөрсдийнх нь агаараас эсэргүүцэн хамгаалах системийн харвасан пуужинд оногдож сүйрсэн гэх яриа сүүлийн үед улам бүр их болсоор байгаа билээ. Үнэн худал нь олон жилийн дараа л тодорхой болох биз ээ.