Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Эрдэмтэд гэж хачин хүмүүс шүү-2
Шинжлэх ухааны алив нэг салбарын ажилчид өөр бусад төрлийн нөхдүүдийг хийдэг ажлаас нь болоод янз бүрээр тохуурхах, хоорондоо өрсөлдөх нь байдаг л зүйл гэдэг. Биологичид химичдийг боломж гарах бүрд нь янз янзаар “онигоо” болгож байхад нөгөө хэд нь харин физикчдийг дооглон инээлдэх гэх мэт. Гэтэл шинжлэх ухааны нэг салбарынхан дотроо хүртэл ингэж нэгнийгээ “ад үзэх” нь олонтаа тохиолдох ба жишээ нь онолын физикчид жинхэнэ туршилт явуулдаг мэргэжил нэгтнүүдээ сайн муугаар хэлэх нь ердийн явдал. Тэгвэл иймэрхүү зөрчилдөөний улмаас Паулийн эффект хэмээх сонирхолтой, инээдтэй ч гэмээр нэгэн ойлголт бий болсон тухай сонирхуулъя.

Юуны түрүүнд Паулийн эффект болон Паулийн зарчим гээч хоёр өөр юм байдаг юм гэнэ лээ шүү гэж анхааруулах ёстой юм билээ.
Паулийн зарчим гэдэг нь “Нэг болон хэд хэдэн адилхан фермион нь нэг квантын системийн, нэг квантад зэрэгцэн орших боломжгүй юм” гэсэн зүйл байдаг гэнэ.
Энэ нь чухам юу гэсэн үг болохыг мэдэх юм алга. Бодвол их л чухал зүйл бололтой ба Швейцарийн физикч Вольфганг Эрнст Паули гээч цэвэр онолын физикчийн нээсэн зүйл аж. Гэхдээ энэ удаа бид энэхүү үл ойлгогдох онолын тухай биш харин илүү ойлгомжтой “Паулийн эффект” гээчийн тухай ярих бөгөөд юун түрүүнд Паули гээч энэ эрдэмтэн нь 1945 онд Нобелийн шагнал авч байсан мундаг хүн гэдгийг заавал хэлэх хэрэгтэй биз ээ.
Паулийн эффект гэдэг нь энэ хүн ямарваа нэг физикийн туршилтын үеэр ойрхон л байх бол уг туршилт нь бүтэлгүйтэж, буруу зөрүү дүн шинжилгээ хийхэд хүргэдэг тэр хачирхалтай явдлыг хэлдэг байна. Үүнийг физикийн шинжлэх ухааны онолын салбарынхан баталж чадаагүй ч практик дээр зөндөө тохиолдсон зүйл бөгөөд Нобелийн шагналт Отто Штерн хэмээх эрдэмтэн өөрийн туршилт шинжилгээний ажлаа хийхдээ Паулийг аль болох холхон байлгахыг шаарддаг байсан гэдэг. Нөгөө шашин шүтлэгээс ангижирсан, атеист эрдэмтэд ингэж байхыг бодохоор их л айхтар юм байдаг байсан бололтой.
Паули аливаа нэг туршилтын өрөөнд орж ирэнгүүт л хэт нарийн багажууд “солиорч”, хачин хачин үзүүлэлт гарч ирдэг тухай анх ганц нэгхэн хүн хоорондоо ярьдаг, үүнийгээ Паулийн эффект хэмээн нэрлэн инээлддэг байсан бол яваандаа Нобелийн шагналт эрдэмтний энэ хачирхалтай алдар нэр салбар дотроо тарж эхэлжээ.

Энэ нь хэр үнэн болохыг Паулийн шавь нар болох оюутнууд шалгаж үзэхээр шийдэн хичээлийн танхимд байрлах том цагийг нэгэн аргаар хаалгатай холбож, Паули хаалга нээнгүүт уг цаг хоцорч эхлэхээр тааруулсан байжээ. Тэднийхээр бол гайт Паули орж ирэнгүүт нөгөө алдартай эффектийн дагуу цаг ямар ч юм болоогүй юм шиг хэвийн явах, үгүй бол бүр хурдан явах ёстой гэж тооцон тэсэн ядаж байв.
Удалгүй багш ч орж ирээд лекцээ уншиж эхэллээ, оюутнууд ч цагаа ширтсээр… Сонирхолтой нь цаг хурдсаж удааширсангүй зүгээр л нам зогссон байна. Дараа нь оюутнууд энэ явдлын шалтгааныг олох гэж задлах үедээ цаг байтугай, цагтай холбосон реле нь хүртэл ажиллагаагүй болсныг хараад ёстой нүд нь орой дээрээ гарсан гэдэг.
Энэ явдлын дараа оюутнууд хоёр дахь туршилтаа хийхээр бэлдэж эхэлжээ. Тэд элдэв нарийн реле энээ тэрээ гэж зоволгүйгээр хаалга гэрлийн бүрхүүл хоёрыг шууд утсаар холбож. Багш орж ирэх гээд хаалга нээхэд гэрэл татагдан унаж бут үсрэх ёстой. Дээр нь уйтгартай хичээлийн хэдэн минутыг хумсална. Паули орж ирэхэд юу ч болсонгүй буюу бүдүүн найдвартай гэсэн утас нь яг тэр үед тасраад…
Энэ мэт олон зүйл байх ба ихэнх нь шинжлэх ухааны хэтэрхий нарийн төвөгтэй зүйлүүд байх учир тэр болгоныг ярилгүй орхиж хамгийн алдартай нэгэн түүхийг сонирхуулъя.
Нобелийн шагналт Жеймс Франк гээч эрдэмтэн нь Геттинген хотод маш том туршилт (цөмийн физикийн) явуулж байжээ. Үүндээ тухайн үеийн хамгийн мундаг, хамгийн нарийн, хамгийн найдвартай багажуудыг ашиглаж байсан ба нэг л өдөр өнөө багажуудын зарим нь ажиллахаа байн эвдэрч, зарим нь шал худал буруу зүйл зааж эхэлсэн байна. Эрдэмтэн эр гайхшаа баран, болсон явдлын тухай бусад эрдэмтэн мэргэдтэй ярилцаж байхдаа “Тэр үед Паули ойр байгаагүй юм чинь ингэмээргүй юм” гэсэн утгатай зүйл хэлж. Тэгтэл харин нэгэн эрдэмтний царай хувьсхийснээ яг хэдэн цагт ийм юм болсныг асуухад Жеймс ч минут секундтэй нь хэлэлгүй яахав.
Тухайн үед Паули нь Цюрих хотод амьдарч байсан ба тэр өдөр алдарт Нильс Бортой уулзахаар (бас нэг Нобелийн шагналтан, хичнээн ч олон ийм шагналтай хүний нэр дурдав даа) Копенгаген хотыг чиглэн хөдөлжээ. Галт тэрэг замд таарах хотууд дээр зогсож шинэ зорчигчид авах ба туршилт бүтэлгүйтсэн яг тэр цаг үед галт тэрэг Геттинген хотод ирж хэсэгхэн зуур зогссон байсан гэдэг.
Паулийн эффект гээч нь энэ буюу.