Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Төстэй нийтлэл: Ногоон гуталтны цогцос
1998 онд дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд нэгэн гэр бүлийнхэн харамсалтайгаар амь насаа алдсан түүхийг “Эверестэд өнгөрсөн гэр бүл” хэмээх нийтлэлдээ бичиж байсан билээ. Уг нийтлэлд олон арван уулчдын дундаас зөвхөн Йен Вудхолл, түүний эхнэр Кэти О’ Доуд болон Узбекийн уулчдын баг л аажмаар таалал төгсөж буй Фрэнсис ДиСтефаног аврах гэж хүч чармайлт гаргаж, бүтэлгүйтсэн тухай дурдаж байсныг зарим нэг нь санаж байгаа байх. Тэгвэл энэ удаа Йен Вудхолл, түүний эхнэр Кэти О’ Доуд нар нь энэ явдалд ямар үүрэг гүйцэтгэсэн тухай сонирхуулъя.
Фрэнсис ДиСтефаног
Йен болон Кэти нар их хайрхны оргилд хүрэхэд 350 метр дутуу өндөрт явж байхдаа олон амь насаа алдсан уулчдын цогцос тойрон өгсөөр байлаа. Иймэрхүү нүд хальтрам зүйлд бараг дасаж байсан Йен нь гэнэт нэгэн цогцос хөдлөх шиг болохыг анзаарч ёстой л сүнс нь зайлчихсангүй. Эхнэр нь ч тэр хөдөлгөөнийг анзаарчээ.
“8,5 километрийн өндөрт, оргилоос 350 метрийн дор, хар хувцастай энэ амьд хүн орь ганцаараа байгааг хараад ёстой л зүрх минь зогсох шиг болсон юм. Кэти бид хоёр энэ хүн амьд гэдгийг ойлгоод туслах гэж маршрутаасаа эргэлзэлгүй гарч, үхэж байгаа хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийх гэж оролдсон юм. Ингэж бид хоёрын Эверестийн оргилд гарахын тулд хэдэн жилийн турш бэлдэж, олон арван хүн, байгууллагаас санхүүжилт олох гэж гуйж, царайчилж байж бүтээсэн ажил маань дууссан билээ. Тэр хүн хэдийгээр бид хоёроос тун ч холгүй байсан боловч Кэти бид хоёр хүрч очих гэж их хүч гаргасан юм. Ийм өндөрт алхана, явна гэдэг бол усан дотор гүйхтэй л адил” хэмээн Йен дараа нь ярьсан байдаг.
Йен Кэти хоёр ихээхэн зүтгэж байж тэр хүн дээр очиход өнөөх нь эмэгтэй хүн, бүх л гадуур хувцсаа тайлж хаян зөвхөн дулаан дотуур хувцастайгаа хэвтэж байх нь тэр. Хөлдөж осгож үхэж байгаа хүн ийм үйлдэл гаргах нь тохиолдох бөгөөд уг хүн сүүлчийн дулаанаа алдаж байхдаа халууцаж, шатаж байгаа мэт болдог гэдэг.
Кэти бүсгүйг тэврэн авч хүйтнээс жаахан ч гэсэн хаах гэж суухад Йен тараасан хувцсыг нь цуглуулан авч өмсгөхийг оролдож эхэлсэн байна. Үхэж байгаа бүсгүйн нүүрийг бүрхсэн үсийг нь хажуу тийш болгоход “Би Америк хүн, намайг битгий орхиоч“ гэж чадан ядан хэлэхийг Кэти сонсоод зүрх нь эмтэрч байжээ.
Анх Кейти, Йен нар энэ бүсгүйг, нөхөр болох Сергейтэй нь хамт уулчдын үндсэн лагерьт харж байсан бөгөөд энэ хоёр хүн оргилыг хойд талаас нь, хүчилтөрөгчийн баллонгүйгээр дайрах гэж байгаа гэдгийг сонссон, тухайн үед ганц ч эмэгтэй хүчилтөрөгчгүйгээр оргилд гараагүй, ийм аргаар оргилд гарах гэсэн зургаан эрийн нэг нь амиа алддаг байсан тийм үе байсан юм.
Йен Вудхолл, түүний эхнэр Кэти О’ Доуд
Кэти бүсгүйг тэврэн байх үед Йети зузаан өмдийг нь өмсгөх гэсэн боловч бүх л бие нь суларсан бүсгүйн бие яг л даавуун хүүхэлдэй шиг болсон байсан гэдэг. Хоёр цагийн турш ноцолдон байж хувцсыг нь өмсгөсөн боловч аварч байгаа хоёр маань өөрсдөө хөлдөж эхэлжээ.
“…Энэ бүсгүйг аврах гэж бүхнийг хийж байгаа эхнэрээ хараад, энэ маань ч бас удалгүй хөлдөх нь, эндээс одоо л явахгүй бол бид бүгд удахгүй үхнэ гэдгийг би гэнэт ойлголоо. Фрэнсисийг үүрээд доошлох гэсэн боловч чадахгүй, хамгийн гол нь ингэснээрээ би Кэтигийн амь насыг бас эрсдэлд оруулж байгаа учир орхихоос өөр аргагүй болж билээ. Эр хүн болгон л хувь заяаны ямар нэг сорилт ирэхэд түүнийг давж гарч чадна, өөрт нь агуу баатрын эрхэм шинж чанар бий гэж итгэдэг. Гэтэл надад энэ бүсгүйг аврах хүч чадал үнэндээ байсангүй. Тэр үед миний дотор юу болж байсныг үгээр хэлэх аргагүй юм. Бид хоёр яаж ч чадсангүй. Уй гашуунд автсан хоёр дуу чимээгүй доошилсоор бааздаа эргэн ирж билээ” хэмээн Йен дараа нь дурссан юм.
Баазад ирсэн хоёр тэр даруй л Фрэнсистэй холбоотой болон цуг ирсэн хүмүүсийг хайж олох, аврах ажиллагаа зохион байгуулах гэж оролдсон боловч тийм цаг агаартай үед дээшээ явах хүн олж чадсангүй.
“Энэ явдлаас хойш Фрэнсисийн тухай бодохгүй өдөр гэж миний амьдралд байсангүй. Дараа жил нь буюу 1999 онд Кэти бид хоёр оргилд гарах гэж дахин оролдохоор шийдсэн бөгөөд маш их зүтгэж байж зорьсондоо хүрч билээ. Гэхдээ бид хоёр уруудаж явахдаа нэг л зүйлийг хайж байсан ба тэр нь Фрэнсис. Жилийн өмнө орхисон тэр газар, яг л тэр хэвээрээ Фрэнсис байж л байлаа. Ингээд л дахиад хаяад явах юм гэж үү”
Йен, Кэти хоёр дахин Эверест явахаар төлөвлөж найман жилийн турш бэлдэж, мөнгө санхүүжилт хайсаар амжилтад хүрч замдаа гарчээ. Энэ удаа тэд оргилд гарах гэсэнгүй, хэзээ нэгэн цагт хийх болно гэж нэг нэгэндээ тангарагласан тэр л зүйлээ хийхээр зүтгэсэн нь энэ. 2007 оны 3-р сарын 20-нд Йен, Кэти хоёр өөрсдийн хамт авирах ширваа нартайгаа Фрэнсисийг орхисон тэр газраа хүрч ирлээ.
“…Талийгаач болсон ээждээ хандан бичсэн хүүхдийнх нь захиаг би Фрэнсисийн энгэрт хийгээд, бүх биеийг нь Америкийн Нэгдсэн Улсын далбаагаар ороолоо. Дараа нь цавчим хад руу цогцсыг унагаж олны нүднээс холдуулсан бөгөөд бид хоёр Фрэнсисийн төлөө хийж чадах хамгийн том зүйл маань энэ л байлаа. Одоо тэр бурхны оронд тайван нойрсох болно…”
Уул гэдэг дэндүү агуу, дэндүү аймшигтай. Гэхдээ ууланд хүн хүн чигээрээ үлдэх л хэцүү… гэж хэн нэгэн уулчин хэлж байсан тухай уншиж байснаа санаж байна. Тэр аймшигт, агуу их ууланд хүнээрээ үлдэж чадсан хоёр бол яах аргагүй Йен, Кэти хоёр биз ээ.