
Гитлерийн нацист үзэл бодол Германд ид хүчээ авч, түмэн олон нийтээрээ хэнээрхэж байсан тэр үед авсан энэ зургийг олонх нь мэдэх байх. Тэгвэл энэхүү Август Ландмессер хэмээх эр яагаад ингэж ганцаараа нацизмыг эсэргүүцэн зогссон болон дараа нь энэ хүний хувь заяа юу болсон тухай сонирхуулъя.
1936 оны зун Германы Гамбург (Hamburg) хотын боомтод “Хорст Вессель” хэмээх хөлөг онгоцыг усанд буулгах ёслол болж байлаа. Энэхүү цэргийн зориулалттай онгоцны нэр нь их учиртай.
1930 онд нацизмын талыг баримтлагч Хорст Вессель хэмээх нэгэн улс төрийн үзэл бодлоос болж коммунистуудыг дэмжин талархагч Альбрехт Хёлер гээчтэй маргалдан барьцалдаж, толгойдоо цохиулан гэмтэж. Тэр даруй эмч нар ирж анхны тусламж үзүүлэх гэсэн боловч гэмтсэн эр өөрийг нь аврах гэж байгаа эмчийг еврей хүн гэж танингуутаа эмчлүүлэхээс татгалзаж, янз бүрээр харааж загнан хөөсөөр сарын дараа цусны бохирдлоос болж үхжээ. Хорст Весселийн хувьд еврей эмчид эмчлүүлж “бузартаж” байснаас ингэж үхсэн нь дээр гэж үзсэн бололтой.
Ийнхүү нацизмын үзэл санааг үхэн үхтлээ тууштай хамгаалан байсан “баатар” эрийн дурсгалыг хүндэтгэн уг хөлгийг түүний нэрээр нэрлэсэн байна. Хөлгийг усанд тавих энэ ёслолд Адольф Гитлер өөрөө хүрэлцэн ирж, ард түмний хайртай хүү болох Весселийг төрүүлсэн ээж нь хөлөг онгоцны их биед шампан дарс хагалдаг ёслолыг гүйцэтгэлээ. Энэ үеэр ёслолд хүрэлцэн ирсэн албаныхан болон сонирхон зогсох бүх хүмүүс “хайль” ёсолгоогоо хийхэд ганцхан 26 настай Август Ландмессер л гараа өргөлгүй, тэгэхээс тэгж байгаа юм шиг хоёр гараа сугандаа хавчуулан зогсож байсан нь ийнхүү фото зургийн хальсанд буун үлдсэн нь энэ.
Август Ландмессер 1931 онд ажилд орохын тулд национал-социалист намын гишүүн болж байсан боловч дөрвөн жилийн дараа еврей бүсгүй Ирма Эклертэй нэг гэр бүл болсны улмаас намаас хөөгдсөн ба 1937 онд эхнэр, нялх хоёр охинтойгоо цуг Дани руу гарах гэж байгаад баригдаж, Их Герман үндэстний цус бузарласан хэргээр ял авах дээрээ тулж ирсэн гэдэг. Мань хүн эхнэрээ еврей байсныг мэдээгүй гэсэн юм ярьсаар мултарсан бөгөөд гэр бүл болсныг нь хүчингүйд тооцож, Августад дахиж эхнэртэйгээ харилцаа холбоо тогтоовол шоронд орох сануулга өгч суллажээ. Гэсэн ч хэдхэн сарын дараа мань эрийг барьж аван “Бёргемор” лагерьт аваачин цөллөгийн хүнд ажил хийлгэж эхэлсэн байна.
Харин эхнэрийг нь баривчлан авч хэд хэдэн хорих лагерь дамжуулан хорьсоор 1942 онд “Равенсбрюк” хэмээх эмэгтэйчүүдийн лагерьт аваачсан ба тэнд хорт хийн камерт амиа алдсан 14 000 хүний нэг болсон бололтой, сураггүй алга болжээ.

Харин Ландмессерийн хувь заяа хэрхсэн бол. 1941 оны сүүлээр Ландмессер суллагдаж гарч ирэн Пюст хэмээх компанид хамгийн бага цалинтай ажилд орсон ба тэрээр хэзээ ч халагдаж магадгүй байнгын аймшиг дунд амьдарч байсан юм. Ийм байдлаар гурван жилийн турш янз бүрийн дарамт доромжлолыг амсаж явсаар 1944 онд цэрэгт татагдсан байна. Энэ залууг шууд л торгуулийн суманд хуваарилсан ба тэр жилийнхээ 10-р сард, Хорватат болсон нэгэн буудалцааны үеэр сураггүй алга болсон гэдэг.
Дайн дуусч, германчууд хийсэн хэргээ “ухаарсны” дараа буюу 1949 онд Ростокийн дүүргийн шүүх энэ хүний хэргийн материалыг хянаж үзээд 1949 оны 8-р сарын 1-ний өдрийг Август Ландмессерийн амиа алдсан өдөр гэж тооцохоор болсон юм.

Август Ландмессер болон Ирма Эклер нарын хоёр охин болох Ингрид, Ирена нар өнчин хүүхдийн асрах газарт үлдэж, томыг нь дайн дууссаны дараа ээжийнх нь хамаатан өөр дээрээ авсан бол багыг нь өөр нэгэн айл үрчилж аван эрүүл саруул өсгөсөн байна.
1951 онд Гамбургийн сенатын хурлаар Август Ландмессер болон Ирма Эклер нарын гэр бүлийг хууль ёсны гэж үзсэний дараа том охин нь аавынхаа нэрийг авсан бол бага нь ээжийнхээ нэрийг хэвээр үлдээжээ.

1991 онд Ирена Эклер дээрх зургийг үзэж өөрийнхөө аавыг гэж таньсан ба 1996 онд «A Family Torn Apart by Rassenschande» хэмээх ном бичиж, аавынхаа болон гэр бүлийнхээ эмгэнэлт түүхийг олон баримт материалтайгаар түмэн олонд хүргэсэн нь энэ юм.