Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Төстэй нийтлэл: Хятадын авлигач нар шоронд хэрхэн ял эдэлдэг тухай
Хятадад 1990-ээд онд болсон зах зээлийн шинэчлэл, түүнтэй холбоотой өмч хувьчлалын томоохон хэргүүдийг саяхан шүүхээр хянаж шийдвэрлэсэн байна. Найман жил үргэлжилсэн мөрдөн байцаалтаар 4082 хувьцаа эзэмшигчийн өмчийг хурааж (түүний дотор гадаадын 1039 хүн) бүгдэд нь бүх насаар нь хорих ял өгснөөс 509 нь одоогоор баригдаагүй байгаа гэнэ.
Мөн улсын өмчийг хувьчлах ажиллагаанд оролцож байсан 6000 гаран төрийн байгууллагын ажилтныг бас баривчлан шоронд хийсэн бөгөөд “ард түмний хөрөнгийг хулгайн замаар завшин шамшигдуулахад оролцсон” өөр бусад 15 мянган хүнийг янз бүрийн хугацаагаар хорихоор болсон байна.
Хамгийн сүүлд 62 настай Чао Бо-г 1994 онд Шинжэний төмөрлөгийн үйлдвэрийн 22 хувийг хууран мэхлэх замаар авсан хэргээр шүүж, бүх хөрөнгийг нь хураан авч буудан алах ял оноосон боловч дараа нь “Ард түмний сайн сайхны төлөө шударгаар хөдөлмөрлөж, түмэн олны өмнө гэмээ цайруулах боломж олгохоор болсон” гэж шүүх шийджээ. Бодвол бүх насаар нь хорьж, хүнд хүчир ажил хийлгэнэ гэсэн үг болов уу.
“Энэхүү шүүхийн шийдвэрээр бид орчин цагийн Хятадын түүхэнд болсон нэгэн томоохон шударга бус үйл явцад цэг тавилаа. Одоогийн мөрдөж байгаа Үндсэн хууль болон бусад хуулиар хэн нэгэн этгээд үйлдвэрлэл явуулах эд хөрөнгөний эзэн болж, энгийн ард иргэдийг шулан мөлжих эрхгүй билээ. Хорин жилийн өмнө ард түмний хөрөнгө мөнгийг зарж үрэгдүүлэх замаар баяжиж байсан зарим нэг улстөрч-ардын дайсан болон тэднээс өмч хөрөнгийг хуйвалдааны замаар авч байсан, нийгмийн шимэгч хорхой болох гэмтнүүдийг ч бас хуулийн дагуу хариуцлагад татаж, зохих шийтгэлийг нь оноолоо. Энгийн ард иргэдийн хөрөнгийг хулгайлж, ажилчин олныг шулан мөлжиж байсан Чао Бо мэтийн нөхдүүдийн хөрөнгийг хураан авч ард түмэнд буцаан олгох болно” хэмээн шүүгч хэлээд хурлыг хаажээ.
Иймэрхүү байдлаар найман жилийн хугацаанд нийтдээ 122 их наяд юанийн үнэлгээтэй үйлдвэрийг улс буцаан авч, хуучин хувьцаа эзэмшигч нар, тэдний гэр бүлийнхнийг хуулийн дээд хэмжээгээр шийтгэхээр айлган сүрдүүлсээр гадаадад гаргасан 45 их наяд юанийг эргүүлэн Хятадад авчирсан гэсэн тооцоо бий гэнэ. Энэ хэрэгт цэг тавьсны дараа Хятадын удирдагч Ши Жиньпин нь “Өмч хувьчлал хэмээн нэрлэсэн, үнэндээ бол социалист өмчийг хулгайлж байсан явдалд Хятадын ард түмэн яаж ханддагаа үүгээр тодорхой харууллаа” хэмээн хэлсэн байна.
Сонирхолтой нь Хятадын хуулиар бол хувь хүн нь үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй байх, түүндээ хөлсний ажилчин авч ажиллуулах эрхгүй гэнэ. 1950-иад оны үед баталсан энэ хууль одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа боловч саяхан болтол ийм хууль байдаггүй юм шиг ханддаг байжээ. Харин 2012 оноос эхлэн “Ажилчин ангийн эрх ашгийг зөрчиж, шулан мөлжиж байгаа хөрөнгөтнүүдийн эрх мэдлийг хязгаарлахын тулд” энэхүү хуулийг ашиглаж эхэлсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар өмч хувьчлалд оролцож байсан бүх хүмүүсийг одоо шийтгэх эрхзүйн үндэс бий болсон бөгөөд “Хамгийн хачирхалтай нь тухайн үедээ бүх л хууль номын дагуу өмч хувьчилж авсан хүнийг ч гэсэн шийтгэх нөхцөл бий боллоо” гэсэн байна.

Аль ч газар оронд өмч хувьчлал заавал элдэв маргаан дагуулж, янз бүрийн бузар муухай явуулга гардаг нь байдаг л зүйл. Гэхдээ энэ бүхнийг ийм олон жилийн дараа, ингэж хүчээр шийднэ гэдэг хэдэн луйварчид төдийгүй бүх л улс орныг тун эвгүй зүйлд хүргэх аюултай баймаар.
Ямар ч байсан хойд хөрш маань 1990-ээд онд хийсэн өмч хувьчлалдаа, түүний үр дүнд тун тааруу ханддаг боловч ”энэ асуудлыг одоо сөхвөл улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдалд тун аюултай үр дагавар авчрах магадлалтай ” хэмээн дүгнээд өмч хувьчлалыг эргэн харахгүй байхаар шийдэж орхисон билээ. Та энэ талаар юу бодож байна?
Хятадын авлигач нар шоронд ямаршуухан байдлаар ял эдэлдэг тухай
Өнөөгийн Монгол Улсад авлига, хээл хахуультай сайн тэмцэж байгаа бололтой, маш олон хүнийг шалгаж, барьж хорьж, ял өгч байгаа тухай бид бүхэн бараг өдөр болгон л хардаг, сонсдог. Тэдгээр авлигач нарын зарим нь “аймаар” том ял авах ч ганц нэгхэн жилийн дараа зүв зүгээр бидэн дунд явж байдаг нь ердөө хэвийн үзэгдэл бөгөөд энд зөвхөн том дарга, тэдэнтэй нягт холбоотой “баячуудын” тухай ярьж байгаа биш, нийтлэг үзэгдлийг хэлж байгаа юм шүү. Магадгүй энэ нь хүнлэг, шударга… өөр юу ч гэдэг юм янз бүрийн шалтгаантай байх л даа. Ямар ч байсан их хэмжээний авлига авсан хүн газар дээрээ баригдаад зүгээр шахам өнгөрч байгаа тохиолдол цөөнгүй.
Тэгвэл Хятад улсад энэ тал дээр харин нэлээд хатуу ширүүн бодлого баримталж, авлигач нарыг хэцүүдүүлдэг юм гэнэ. Гэхдээ олон хүмүүсийн үзэж байгаагаар тэнд авлигатай хатуу ширүүн тэмцэж байгаа биш, нийтийг хамарсан авлигаас болж хохирч, уурсаж байгаа олон түмнийг тайвшруулах гэж иймэрхүү шоу хийдэг бөгөөд нийгэм нь бүхэлдээ хээл хахуульд идэгдсэн гэж ярих нь ч бий. Өмнөд Солонгос улс ч гэсэн яг адил.

Ямар ч байдаг байлаа гэсэн Хятадад авлигын хэргээр баригдсан хүмүүсийн толгойг илээд байдаггүй бололтой ба мөн ч олон хүнийг түмний өмнө буудаж, сумны зардлыг ар гэрээс нь гаргуулсан түүх байдаг гэдэг. Ядаж байхад цаазалсан сумны зардал гэж урьд хоёр юань авдаг байгаад зэсийн үнэ өсөж гурван юань авдаг болсон гэх онигоотой дэндүү төстэй яриа хүртэл гарсныг яана.
Хятадад авилгач нарыг тусгайлсан шоронд хорьдог бөгөөд тэндхийн амьдрал нэлээд хүнд гэмээр. Учир нь 20 метр.кв талбайтай өрөөнд 16 хүртэлх тооны хүнийг хорьдог юм байна. Өрөөний талбай, хоригдох хүнийг тоог дахиад нэг хараарай.
Энэ өрөөнд ширээ гэхээр юм үнэндээ байхгүй. Хоол унд идэх бол жижигхэн хавтгай мод шиг юм өвдөг дээрээ тавьж, дээрээс нь аягатай жаахан өвс ногоо, будаагаа иднэ. Үе үе шарсан тахиа, гахай, нугас өгдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин шарсан нугас гэхээр өнөө алдартай “бээжин нугас” санаанд тань орж байж магадгүй юм. Тэгвэл тэрхүү шарсан нугас нь алдартай хоолтой зөвхөн нугас гэдэг нэрнээс өөр юмаар адил төстэй юмгүй юм гэнэ лээ. Бас эдгээр хоолыг нөхдүүд өөрсдөө бэлдэх ба насаараа хүний гар харж, тансаг рестораны хоол идэж дассан хүмүүс сайхан юм хийгээд байх нь юу л бол.
Энэ өрөөнд хоригдох хүмүүс нь орон дээр биш, ор шиг харагдах хатуу банзан дээр унтах ба ямар нэг гудас, дэр гэсэн юм тэнд байх ёсгүй юм байна.
Хойд нутгийн ийм шоронд өвөл жигтэйхэн хүйтэн байдаг бол өмнөд хэсэгт халуун гэж дэндүү.
Тансаг амьдралд сурсан экс түшмэдүүдэд энэ бүхэн ямар байдлаар нөлөөлөхийг таахад бэрх биш болов уу.

Хятадад авлигын хэргээр баригдаж, тэр нь нотлогдсон хүнийг цаазаар авдаг хуультай, юун шорон гэж зарим нэг нь загнаж магадгүй. Тэгвэл тийм цаазын ялтай нөхдийг тэр даруй буудчих нь цөөн бөгөөд нэлээд хэдэн сар, жилээр үйл лайг нь үзэж, шоронд гутааж гундааж байгаад ялыг нь гүйцэтгэдэг байна. Бас сүүлийн үед бүх насаар нь хорих ял өгөх нь нэмэгдэж байгаа болохоор тэдгээр нөхдүүд дээр дурдсан тусгай шоронд амьдрах “хувь”-тай төрсөн хүмүүс байх нь.
Авлигын хэргээр хоригдож байгаа хүмүүс өдрийн 8 цаг ажиллах ёстой бөгөөд энэ нь ямар нэг техник, механизм ашиглахгүй дан гар хөдөлмөр. Гар хөдөлгөх талаар тун ч муухан ойлголттой хүмүүсийн хувьд энэ нь давшгүй гэмээр хүнд ажил байх ба дээр нь өдрийн норм төлөвлөгөө гэж нэг хэцүү зүйл бий. Төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол янз бүрийн шийтгэл хүлээх учир өмдөндөө шээнгээ ажлаа хийхээс өөр аргагүй болдог явдал шинэчүүдэд их тохиолддог гэнэ лээ.

Харин ажлаа сайн хийгээд, төлөвлөгөө нормоо давуулан биелүүлээд байвал 30 хоногтоо нэг удаа удаа утсаар ярих, бүр сайн ажиллавал ар гэрийнхэнтэйгээ уулзах боломж ч гардаг байна. Хятадын авлигач нар шоронд нэг иймэрхүү л амьдрах ба үүнийг хатуу ширүүн гэнэ үү, амар хялбар гэх үү хүн болгонд л өөрийн бодол ойлголт байгаа. Ямар ч байсан манайхаас л их өөрөөр байдаг юм байна гэдэг нь л тодорхой.