Украины эзлэгдсэн нутгуудад тав хоногийн турш үргэлжилсэн ОХУ-д нэгдэх эсэх талаарх бүх ард нийтийн санал асуулга мягмар гаригт өндөрлөлөө.
Одоогоор Запорожье мужид санал хураалтад оролцсон иргэдийн 93, Херсонд 87, Луганск мужид 98, Донецк мужид 99 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх хүслээ илэрхийлсэн байна. Гэхдээ хэсгийн хороод дээр санал тоолох процесс үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр бүх ард нийтийн санал асуулгын үр дүн эцсийн байдлаар тодорхой болох аж.
Гэвч уг санал асуулгыг Украины засгийн газар болон түүний холбоотнууд “хуурамч” гэж буруушаасан талаар барууны хэвлэлүүд онцолсон байна. Мягмар гарагийн орой НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, эзлэгдсэн дөрвөн муж Украины газар нутагт хэвээр тооцогдоно гэсэн агуулгатай тогтоолын төслийг ч хэлэлцэхээр болжээ.
Хэрэв санал асуулгын эцсийн дүнгээр ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжвэл Украин улс одоогийн нийт газар нутгийнхаа 15 хувийг ОХУ-д алдах юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бүх ард нийтийн санал асуулгаас гарсан ямар ч үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-д эзлэгдсэн бүх газар нутгаа чөлөөлнө гэж мэдэгдээд байгаа билээ.
Түүчнлэн, өөртөө нэгтгэсэн нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд ОХУ илүү их цэрэг, зэвсгийн хүч оруулах, цөмийн зэвсэг хүртэл хэрэглэх боломж нээгдэнэ хэмээн үзэж буй.