Өнөөдрийн олон улсын ажиглагчдын анхаарлыг голллон татсан үйл явдал нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны өчигдөр хийсэн мэдэгдэл байлаа.
“Хэрвээ Орос улс Украинд цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ ба холбоотнууд шийдэмгий арга хэмжээ авна гэж” АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өчигдөр мэдэгджээ. Тэрээр “Цөмийн зэвсгийн хэрэглээ нь Орост сүйрлийн үр дагавар дагуулах нь гарцаагүй юм. Байдал ийм дээрээ тулвал АНУ болон манай Холбоотон орнууд Оросын эсрэг шийдэмгий хариу өгнө гэдгээ Кремльд мэдэгдсэн” гэжээ. Цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд шийдэмгий хариу өгнө гэдэг сануулгыг Цагаан ордон хувийн болон албаны шугамаар холбогдож Кремлийн эрх мэдэл өндөр эрхэмд дамжуулсан гэжээ.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хэлсэн үгэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь В.Путиныг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үүргээ увайгүйтэн үл тоомсорлож байна гэж хурцаар буруутгасан. Энэ анхааруулгын дараа Жейк Салливан дээрх мэдэгдлийг хийжээ. Жейк Салливан Украиныг үргэлжлүүлэн дэмжсээр байна гэдгээ илэрхийлээд өнөөг хүртэл тус улсад илгээсэн 15 тэрбум ам.долларын тусламжаа онцолсон байна.
Цэрэг татлага, санал асуулга гэх мэт Путины хийж буй үйлдлүүд нь хүч чадал бус харин эсрэгээрээ цөхөрч буйн илэрхийлэл гэж Салливан үзэж байна. “Эрчүүд байлдахыг хүсэхгүй байна. Бидний харж буй зүйл бол оросуудын дунд байгаа итгэмээргүй тэмцлийн шинж тэмдэг гэж би бодож байна. Хөрш улсдаа довтолж буй Путины дайнд оролцохыг хүсэхгүй байгаа тэр хүмүүсийг хэн буруутгах билээ? Орос ийн тэмцэж буй ч тэд асар их харгислал хийх чадвартай хэвээрээ байна” гэж Салливан нэмж хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт цэргийн дайчилгаа зарлах мэдэгдэл хийж байхдаа газар нутгаа хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх боломжтойг өрнөдийнхөн болон Украинд анхааруулсан юм. Мөн бямба гарагт Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлснийхээ дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч В.Путины энэ байр суурийг дахин бататгасан. Түүнчлэн, Украины эзлэгдсэн дөрвөн нутаг дэвсгэрт ОХУ-д нэгдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт үргэлжилж байгаа явдал олон улсын анхаарлын төвд байна.
Санал хураалтын үр дүнд үндэслэн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-д нэгтгэх шийдвэрийг хуульзүйн хүрээнд бататгахаар Оросын парламент ойрын өдрүүдэд бэлдэж байгаа гэсэн мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл дээрх дөрвөн мужийг чөлөөлөх Украины армийн сөрөг довтолгоог ОХУ өөрийн газар нутагт халдсан хэрэг гэж үзээд цөмийн зэвсэг хэрэглэх хүртэл арга хэмжээ авах боломжтой болох юм.
Үүнээс гадна, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Орос цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг Вашингтон боловсруулсан талаар хэвлэлд ярьжээ. Гэхдээ Орос цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд АНУ чухам ямар арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Дашрамд дурдахад, ОХУ Украины эсрэг дайн өдүүлсний улмаас дэлхийн улс орнууд төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Японы Засгийн газар Оросын 21 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. Оросын химийн зэвсэгтэй холбоотой байж мэдэх бүтээгдэхүүнүүдийг Орос руу экспортлохыг хориглосон гэж Японы Эдийн засгийн яам өнөөдөр мэдэгдсэн байна.