Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский өнгөрсөн бямба гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын довтолгоог эсэргүүцэх тэмцэлд нь Израилийн Засгийн газар Киевт пуужин эсэргүүцэх системээ нийлүүлэхгүй байгаад “шоконд орж байна” гэж онцолжээ. Хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш удалгүй В.Зеленьский Израиль улсын Засгийн газраас пуужин эсэргүүцэх системээ нийлүүлэхийг хүсч байсан. Тэрээр Газын зурваст Палестины зэвсэгт дайчдын харвасан пуужинг унагахад маш үр дүнтэй болохоо дэлхий дахинд харуулсан Израилийн Iron Dome пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг хүсч байгаа юм. “Би Израильд юу тохиолдсоныг мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд, би шоконд орж байна, яагаад тэд пуужингийн довтолгооноос хамгаалах системээ өгч чадахгүй байгааг ойлгохгүй байна. Тэд Сирийн Засгийн газар болон Сирид нөлөөгөө тогтоосон Оростой холбоотой бий болсон хүнд байдалд байгааг би ойлгож байна. Израилийн удирдлагатай хийсэн миний яриа хэлцэл Украинд ямар ч тус одоогоор болсонгүй” хэмээн дурамжхан байгаагаа дурджээ.
В.Зеленьский лхагва гарагт Францын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ. Түүний ажлын албаныхан өнгөрсөн бямба гаригт ярилцлагын бичлэгийг олон нийтэд нийтэлсэн байна. В.Зеленьский гуравдугаар сард Израилийн парламентад цахимаар оролцож үг хэлэхдээ ч энэ сэдвийг хөндөж байсан.
Тухайлбал гуравдугаар сарын 20-нд Израйлийн парламентад үг хэлэхдээ Израиль улс пуужингийн довтолгооноос хамгаалах системээ Украинд нийлүүлэхгүй байгааг, дайн эхэлснээс хойш Оросын эсрэг дорвитой хориг арга хэмжээнд идэвхийлэн оролцохгүй байгааг ихэд гайхаж буй байр сууриа хуваалцсан. Үүнийх нь хариуд Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид Украинд хээрийн эмнэлэг болон бусад хүмүүнлэгийн тусламжийг бид илгээсэн, хойшид ч ”чадах чинээгээрээ” үргэлжлүүлэн туслах болно гэж мэдэгдсэн юм.
Израилийн Засгийн газар Туркийн адил Украин-Оросын дунд дипломат яриа хэлцлийн замаар зуучлагч орны үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж, аль нэгнийх нь талд илтэд зогсохыг хүсэхгүй байгаа юм. Хэдийгээр Израиль улс нүүрэн дээрээ Оросын түрэмгийллийг буруушааж байгаа ч Сирид нэгэнт нөлөөгөө тогтоосон Москватай харилцаагаа муутгахаас болгоомжилж байгаа. Үүний учрыг Сирид үйл ажиллагаа явуулж байгаа Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Гэвч В.Зеленьский “Танай пуужингийн довтолгооноос хамгаалах систем хамгийн шилдэг нь гэдгийг хүн бүр мэдэж байгаа, тиймээс танай Засгийн газар манай ард түмэнд түрэмгийллийг няцаахад туслах замаар Украин дахь еврейчүүдийн аюулгүй байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. Украины удирдагчийн үгэнд Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт болон тус улсын албаны эх сурвалж ямар нэгэн тайлбар хэлээгүй юм.