Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн “Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь” хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Сүүлчийн бүлгийг хүлээн авна уу. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.
Эхний хэсэг: Монголын их цэрэг Орос болон Кавказ, Каспийн умардад
Хоёр: Европын төв рүү онилсон цахилгаан мэт довтолгоонууд
Гурав: Монголчууд Лигницийн дэргэд домог бүтээв
Дөрөв: Монголчууд Атриатын тэнгис хүрэв
Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Энгүй далайн гүн тийш зугтагсад… (12, 13-р бүлэг)
IV Бела ван хамгаалсан шилдэг цэргүүд, дагасан том мяндагтан, хэргэмтэн гээд Монголчуудын илднээс зайлж амжсан олныг дагуулан Сплитод хүрэхэд хотын захирагч тэргүүлэн ард олноороо угтан мэндчилж, зарлиг бүхнийг нь хичээнгүйлэн биелүүлэхээ илэрхийлжээ. Гэвч хотынхон өмнө захиалсан сэлүүрт завийг нь бүрэн хийж дуусгаагүй байв. Тэр том завиар вантан алс далайн гүнд одож, Монголчуудын уур хилэнгээс зайлан зугтана хэмээн төлөвлөж байжээ. Тэгээд вантан завь бүрэн дуустал хотод хүлээж төвдсөнгүй, эргээс холгүй орших Трогир хэмээх арал руу хамаг алт эрдэнэс, эхнэр хүүхдээ аван гарч, цайзад нь нуугдсан байна.
IV Белаг Трогирын цайзад орж, хаалгаа бүрэн хааж амжаагүй шахуу байхад Хадаан жанжин давхин ирж Сплитогоос тун холгүй барааны газар харагдах Калисо цайзыг бүслэн хаажээ. Бараг мянган жилийн өмнө Ромын эзэн хаан Диоклетиний бариулсан энэхүү бэхлэлт цайз нь эртний Ром гүрний хүчирхэг байсныг илтгэн сүрлэг, ганхашгүй мэт байв. Эзэн хаан Диоклетин хэмжээгүй их эрх мэдлээсээ сайн дураараа татгалзаж, төрөлх хязгаарын энэ цайздаа ирээд байцаа ногоо тарин ажин түжин аж төрж, насны төгсгөлийг үдсэн гэдэг.
IV Бела цайзын бөх батад найдан Калисод орсонсон бол тэгээд төмөр хавханд өөрөө гүйгээд орсноос өөрцгүй болох байж. Аз гэхээс илүүгээр Монголчуудаас илүү холд зугтах зөн нь түүнийг усан хоолой гатлуулж, Тригорт хүргэсэн байх.
Хадаан сүрдүүлэг ятгалгаар Калисо цайзыг хялбархан буулгаж авсан ч цайзад эрлийн үзүүр нь байсангүй. Тригор руу эргэтэл Монголчуудын барааг харсан IV Бела хэдийнэ Атриатын тэнгисийн гүнрүү хагас дутуу хийсэн завь хөлөглөн оджээ. Хадаанд араас нь элдэе гэхнээ ч ойр хавьд ашиглачих завь, онгоц байсангүй. Эх газарт бол хаана ч тэр, намаг усанд ч, ой тайгад ч, элчилгүй элсэн цөлд ч тэр Монголчууд дайснаа мөрч ноход мэт дагаж, хүрсэн газар нь хүрч чаддаг бол харин далайд тийм биш, зүг чиггүй далайн мандалд мөр мөшгиж сураагүй байв.
Тэгэхэд Хадаан жанжин далайн эргээс алсад одох завины барааг харан, хөмхийгөө зууж, нударга зангидан зогссон болов уу даа. Яг л 20 жилийн өмнө Каспийн тэнгисийн эрэгт Зэв ноёнтон II Мухамед шахын суусан жижигхэн завины өнчин далбаа тэнгисийн мандалд цахлайн даль мэт цайлалзахыг харан хөмсөг зангидан зогссон шиг… Хожим бас хорь орчим жилийн дараа Хитбуха ноёнтон Сидоны эргээс Кипр арлын зүг зугтах хөнгөн толгойт, хүнд хөлт балмад Жульений хөлөг онгоцуудыг харан хилэгнэн зогссон шиг.
Энэ гурваас хамгийн азтай нь IV Бела байлаа.
Жульен нь Монголчуудад Сидон хотоо шатаалгаж, төд удалгүй түүний хамсаатнууд болон европын загалмайтнууд зуу гаруй жил чардайтал тэмцсэний үр дүн болох Сирийн эргийн хамаг түшиц газруудаа лалынханд нэгмөсөн алдаж, тэндэхийн загалмайн соёл үнсэн товрог болсон билээ. Жульен ч өөрөө Анатол орчимд өөрсдийнхөндөө нухуулжээ.
Хорезмын шах II Мухамедийн хувьд хагас сая цэрэг бүхий хүчирхэг армитай, асар баян тансаг улсаа бүрмөсөн алдаад зогсохгүй, удам угсаа нь тасарч, өөрөө ч тэр амь тэмцэн очиж хоргодсон Абескун хэмээх шорвог тэнгисийн жижигхэн арал дээр модон урцанд уйтгар, цөхрөл дунд хорвоотой салах ёс хийжээ. Хожим тэр арал ч живж, ор мөргүй болжээ.
Харин IV Бела вантан довны орой дамжин зугтах туулай мэт арал дамжин зугтсан ч Монголчууд гэнэт ирсэн шигээ гэнэт буцахад эх нутагтаа дайснаа хөөсөн баатрын дүр эсгэсээр эргэн ирж, удмынхаа засаглалыг нэр төртэй үргэлжлүүлсэн байна.
Белаг мөшгөсөн Хадаан жанжин Сплитээс далайн хөвөө даган урагшилж, Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарч, Дубровник, Котор, Дриваст, Ниш, Софи зэрэг олон хотуудыг дайлав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа.
Бат хаан, Сүбээдэй баатар нар үндсэн хүчээ аван Белградад тулж очоод байв.
Ялан дийлэгчид яагаад гэнэтхэн буцав
Ийнхүү нийлээд 100 мянга хүрэхгүй хүчтэй Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн хэсэн давшлав. Анч ноход ангаа хөөн довтолгох мэт хаад ноёдыг нь эх нутаг дээгүүр нь элдэн хөндлөн гулд, нэвт шувт довтолгов. Хэзээ язааны эрхт эзэн ноёд нь мэт орд харшид нь тухлан, алба татвар ногдуулж, хүн амыг нь бүртгэж, амуу буудайг нь жигнэж, Монгол хаадын тамга сүлдтэй зоос цутгаж, Баруун Европын эзэн хаадыг ирж өвдөг сөгдөн дагах зарлиг тушаал ноороглон суужээ.
Монголчууд довтолгооноо 1241 оны 3 сарын эхээр эхлүүлж, есхөн сарын хугацаанд Эльба мөрнөөс зүүн тийшх Дорнод Европыг бүхэлд нь буулгаж авлаа. Энэ хугацаанд хийсэн довтолгоон нь Тевтоны өмнөд хил Торунь орчмоос Сербийн өмнөд дэх Дриваст хүртэл 1000 гаруй км өргөн фронтоор, Днестр мөрний дунд урсгал, Карпатын Оросын хаалганы зүүн бэл орчмоос Эльба, Дунай мөрний эх хүртэл 600 гаруй км гүнд давшилт хийсэн байна. Хожим Гитлер ч хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр өвч зэвсэглэгдсэн бүтэн сая хүнтэй хүчирхэг армиараа Дорнод Европыг ийм хурдан хугацаанд буулгаж авч чадаагүй билээ.
Дорнод Европын орнууд: Их, Бага Польш, Чехийн Морави, Литов-Прүссийн Тевтонууд, Мажар, Словак, Хорват, Серби, Болгар, Валахууд зэрэг улс орнууд үндсэндээ Монголчуудыг эсэргүүцэн тэмцэх чадваргүй болж, Монгол даргачдыг толгой гудайн дагав.
Дорнод бүү хэл Өрнөд Европод ч Монголчуудыг эсэргүүцэн, сөрөн зогсох хүч байсангүй. Хүч бүү хэл зориг эрмэлзэл ч байсангүй нь тэр үед Барууны эзэн хаад, ихэс дээдсийн үйл ажиллагаа, өөр хоорондоо бичилцэж байсан захидлаас нь нэн тодорхой харагдана. Тэд нэгэн санаа зорилготой болон нэгдэж, цэргийн хүчээ нэгтгэн, Монголчуудын эсрэг нэгдсэн стратеги төлөвлөгөө гаргаагүйгээр барахгүй Ромын Пап, Герман толгойтой Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаан II Фридрих хоёр өвөр зуураа хэмхэлдэж суужээ.
Монголчууд Шайо голд цуутай ялалт байгуулсны дараахан Сицил аралд толгой хоргодож суусан II Фридрих Бат хаантай яаж ийж байгаад холбоо тогтоож чадав. Гол зорилго нь Монголчуудыг аргадан аяруулж, вассал харьяатыг нь ч хамаагүй хүлээн зөвшөөрч байгаад үл довтлох тухай гэрээ байгуулж авах байж. Үүнийх нь хариуд Ромын Пап түүнийг тартаруудтай ил далдаар нийлсэн урвагч, анти христ хэмээн чичлээд, түүний эсрэг барууныхныг босгохыг оролдов. Гэвч Бат хааны дам өмгөөлөл авсан II Фридрих 1241 оны 6 сард буюу Монголчууд Мажарт тухалж, Хорват, Серби, Словак, Моравийг түймэрдэж байх үед Ромыг дайлна хэмээн Папыг сүрдүүлж, цэргээ хөдөлгөж хүртэл үзжээ.
***
Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
Монгол цэрэг цаашаа ганц алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн байв.
Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү өвдөг сөгдөхийн гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Хэрвээ ийм золгүй явдал тохиогоогүй бол, хэрвээ Бат хаан цааш давшихийг хүссэн бол энэ хүсэлд саад болох өөр зүйл байсангүй, Монгол морьд Атриат тэнгисийн эрэг дээр биш Ла Маншийн, бүр Гибральтарийн эргийн хад цохиог туурайгаараа цавчлан, Атлантийн далайн шорвог усыг үнэрлэн зогсох байсан биз ээ.
Түүхэнд “Хэрвээ” гэж байдаггүй хэмээн цэцэрхэх нь бий. Гэвч түүх хэзээ ямагт “Хэрвээ”-гээр дүүрэн байдаг бөгөөд чухам тиймдээ л түүх сургамжтай, агуулга төгөлдөр сонирхолтой байдаг юм.
1241 оны 11 сарын хуучдаар Өгөөдэй хаан нас барахад, энэ эмгэнэлт мэдээ 1241 оны 12 сарын сүүлч гэхэд Белградын ойролцоо Жур хот орчим буудаллаад байсан Бат хаанд хүрчихсэн байжээ. Монголын төв нутгаас Серби хүртэлх 7000 км хол давсан замыг уул даваа, ус мөрөн, намаг балчиг, ой шугуй олныг гатлуулан сар хүрэхгүй хугацаанд морин өртөөгөөр туулна гэдэг маш нарийн чанд зохион байгуулагдсан өртөө-системийн өндөр ашигтай үйл ажиллагааны үр дүн юм. Өнөөдөр ч ийм хол замыг хурдны дардан замаар хүчирхэг моторт хөлгөөр туулахад амаргүй.
Үнэн хэрэгтээ Европыг маш жижигхэн, итгэмээргүй зүйл аварсан гэж хэлж болно. Энэ аврагч бол Абдулрахман хэмээх залжин сартуул эр, эсвэл архи, эсвэл хорон хорчин Фатима… Их хаан Өгөөдэй намрын их ан ав хийж явахдаа хээрийн ордондоо сархад ихээр уугаад шөнөдөө өнгөрсөн байдаг. Зарим түүхчид хааныг архиар умдаалан, тэр муу зуршлийг нь дэгэж, хөгжөөж өгдөг байсан Абдулрахман түшмэл хаанд хор өгсөн байх магадтай гэж таамагладаг. Учир нь хааныг өнгөрсний дараа Турхана хатны ойрын бөгөөд Монгол төрийн хамгийн их эрх мэдэл бүхий этгээд болсон энэ сартуул эр их ч самуун хэрэг үйлдэж, дураар дургисан билээ. Ер нь журамгүй хүн байсан байдаг. Тийм журамгүй хүмүүнээс л хорлох, ховлох, хутгах, хуйвалдах гэх мэт янз бүрийн муу самуун үйл гардаг юм.
Түүхийн бас нэгэн чухал тулгуур бичиг болох Плано Карпини ламтны бичсэн тэмдэглэлд Өгөөдэй хааныг түүний хатан Турханагийн ойрын “хамаатан” хорлож алсан, чухам тэр хүн хэн байсан нь чухал биш, харин Европыг аврагч гэдэг нь л чухал юм хэмээн бичжээ. Хэрвээ энэ тэмдэглэлд бичсэн үнэн бол Турханагийн их дотно хүн болох Фатима болно. Тэр ч мөн муу үйлэнд гарамгай байсан бөгөөд хожим түүнийхээ горыг эдэлж хүсмээргүй төгсгөлөөр нөгчсөн билээ.
***
Бат хаан Европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Тисса, Дунай мөрний дунд бэлчир, Кеве орчимд зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд, тэднийг өмгөөлсөн Мажарууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоон, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.
Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ бас байж болох л үндэслэл мөн. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз. Гэхдээ, мэдээж хэрэг энэ аян дайн бол дээрмийн дайн байгаагүй. Дээрмийн дайныг тийм алс хол тив дамнуулан хийдэг ч үгүй. Энэ дайн бол стратегийн дайн байсан гэдгийг мартаж болохгүй юм.
Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцахад нөлөөлсөн хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа. Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ.
Мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Ижилийн Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань Монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Европын хамгийн том улс болох Ариун Ромын эзэнт улсын хаан II Фридрих шууд бусаар ч гэсэн Монголын эзэн эрхийг хүлээн зөвшөөрөөд байв.
Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Литов, Прүссийн тевтон бүлэглэлийнхэн умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх рыцарь баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг.
Орос улс хэдэн зуунаар Монголчуудын найдвартай ивээл нөмөрт орсноор баруунаас ирэх түрэмгийллээс хамгаалагдаж, энэ завшаанд нэгдэн хүчирхэгжиж, баруунтай тэрсэлдэх чадалтай болжээ.
Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинаас ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй байгаа нь тодорхой болов.
Эцсийн эцэст Орос хийгээд Европ дахин Монголын эрхшээлийг хүлээн зөвшөөрч, энх төрийн дор амгалан аж төрөх болсон нь Бат, Сүбээдэй нарын аян дайны бодит үр дүн байв.
Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Европ дахинд үлдээсэн айдас, хүйдэс (14, 15-р бүлэг)
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Германы хаан II Фридрих “Таны шонхорчин болж ч болох юм” хэмээн Бат хаанд хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Хогенштауфенүүдийн удмынхны хувьд байж болшгүй гутамшигт явдал байв. Ийм хэмжээнд хүртлээ доош орно гэдэг бол гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Германчууд өөрийн эрхгүй “Бурхан минь, биднийгээ татаруудаас авран өршөөж хайрла” хэмээн залбирдаг болчихоод байж…
Францын Людовик вангийн ордныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Вангийн эх Бланш хүүгээ дуудан Монголчууд ирж буй тухай аймшигт мэдээг нулимс асгаруулан дуулгахад Людовик эхийгээ “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“ гэсэн үг болно. Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал огтхон ч байхгүй мэт.
Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.
Сүм хийдийн хутагтангууд, номч мэргэд нь эртний судар шастирын шарласан хуудсыг эргүүлж үүний учрыг эрэв. Тэгээд мартир Методиусийн Антихристийг ирэхийн өмнө гэсгээл болон алс дорноос хүчирхэг дайсан ирнэ гэсэн үгийг олоод Монголчууд бол тэр хуучин сударт бичсэн хүмүүс яг мөн байна хэмээн дүгнэв. Сударт бичсэнээр бол тэр хүмүүс Ром хүртэлх бүхнийг хядаж сүйтгэх ажээ. Нэгэнт л эртний зөнч сударт тэгээд биччихсэн бол одоо яахав дээ, тэнгэрээс илгээсэн гэсгээл, үйлийн үрийг аврал залбирлаар л гэтлэх болно. Ийнхүү европ дахин урьд хожид хэзээ ч тохиож байгаагүйгээрээ аврал ерөөлийг нийтээрээ уншжээ.
Европчуудын домогт өгүүлэхээр тэр аймшигт дайчдийн өлгий алс дорнын хүйтэн тамын орныг нь Тартар гэх аж. Тиймээс тэдгээр хүмүүсийг Татарууд гэх. Эсвэл европчуудын энэхүү сэтгэлзүйн байдлыг сайтар тандаж мэдсэн Монголчууд өөрсдийгөө зориудаар Тартарын орноос ирсэн татарчууд хэмээн зарлан тунхаглаж явсан ч байж болох…
Зарим түүхчийн бичлэгт Зүүн Монголын тал нутагт амьдарч асан есөн Татарын нэр европт Монголчуудын төлөөлсөн нэр болон үлдсэн гэдэг нь ихээхэн эргэлзээтэй санагддаг. Учир нь нэгд, Чингис хаан татаруудыг тэрэгний бултай хэмжиж дарсан учир европт хийсэн аян дайны үед бүхэл бүтэн армийн нэрийтгэл болох хэмжээнд татарчууд тийм олноороо оролцох магадлал бага, хоёрт, ер тэр цагаас хойшхи Монголын тулгуур бичлэгүүдэд дахин татар гэдэг нэр тэр бүр дурдагддаггүй билээ. Юутай ч Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ домнодог “Татарууд айсуй” гэсэн хэллэг бий болжээ.
Европ дахин ийнхүү айн мэгдэж байх үеэр тэдэнд үе үеэрээ дарлуулж гадуурхагдаж ирсэн жүүдүүд Монголчууд шашин шүтлэг харгалздаггүй, бас ядарсан дээрэлхүүлсэнд нааштай ханддагыг тандаж мэдээд Монголчуудыг угтан авахаар бэлтгэж эхэлсэн байна. Мөн хуучин Библийн домогт өгүүлэхээр жүүдийн тарж бутарсан олон овгоос дорно зүгт одсон нэгэн овог хүчирхэгжин эргэн ирж буй тухай өөр хоорондоо хэлэлцэв. Бүр зах зээл дээрх бүхий л зэр зэвсгийг худалдаж аваад нууцлан дарж байжээ. Үнэхээр энэ байдал нь илэрхий мэдэгдсэн тул европчууд хаа сайгүй тэднийг хомроглон хядаж, хатуу ширүүнээр цээрлүүлсэн байна.
Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншлийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ. Сэрээх сэрээхдээ сайн, бүр нэгмөсөн сэрээсэн юм шүү.
***
Монголчууд буцаад жил гаруй болж, аадар нэгэнт ордгоороо ороод, аянга цахидгаараа цахиад өнгөрчихсөн хойно 1243 онд гүн шокноос гарсан Ромын Пап Монголчуудын эсрэг загалмайтны аян дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлав. Гурван жилийн дараа шинэ Пап “Ертөнц дахины хуралдаан” хэмээх сүржин нэртэй даржин хуралдааныг хуралдуулав. Гэвч тойвтой юу ч болсонгүй.
Тэгээд Паптан лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг таньж мэдэх, тэд цаашид яах бодол төлөвлөгөөтэй буйг тандах, чадвал өөрийн шашин номдоо итгүүлэх дипломат даалгавар өгч Монголд элчээр зарсан байна. Харин Плано Карпини хэдэн жил явж ирээд “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Тэр даалгавраа сайтар биелүүлжээ. Илтгэлдээ аян замын сонины хажуугаар Монголчуудын аж амьдралын онцлог, цэргийн хүчин чадал, байлдах урлаг чадварыг нарийн ажиглаж, тэр бүхнээс нь хэрхэн сэргийлэх стратеги саналаа ч тусгажээ. Гэвч хамгийн сайн стратеги санал нь үнэ цэнэтэй зүйлсээ агуй хонгилийн гүнд сайтар нууж хадгалах байв.
Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын Папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадгалагдаж буй уг захидлаас:
“Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдсэн Хамаг Их улсын Далай хаан ману зарлиг.
Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв.
… Мөнх тэнгэрийн хүчин эрхшээн ивээснээр наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидэнд заяагджээ…. Тэнгэрийн зарлигаас бусаар хэн ч, юу ч хийж үл чадна.
Эдүгээ та нар харьяат чинь болж хамаг эд хөрөнгө бүхнээ өгье хэмээн чин шударгаар өчвөөс зохино. Пап чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван, хүлцэнгүй байж хүчээ өргөхөөр иртүгэй… Энэ үеэс эхлээд та нарыг ивгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчвөөс дайсан минь болъюу… Эл учрыг та нар мэдтүгэй. Харин үүнээс бусдаар явбал юу болохыг … гагцхүү тэнгэр мэдтүгэй…
Жамада-оль-ахар жилийн хуучид (1246.11.3-11)”
гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн төд удалгүй гурван жилийн дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн илгээлт ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.
“Надад дуулгавартай хандаж, дайн, энхийн алиныг нь сонгож байгаагаа ёслол төгөлдөр мэдэгдэхийг Людовик ван чамд Бүхний эзэн Эрхэт тэнгэрийн нэрийн өмнөөс тушааж байна.
Тэнгэрийн хүсэл зориг биелж, даян дэлхий намайг эзэгнэгчээ гэж хүлээн зөвшөөрсөн цагт хорвоо ертөнцөд амгалан тайван байдал тогтож, хүн ардын төлөө бид юу хийснийг жаргалд умбах тэд үзэх болно. Харин тэнгэрийн зарлигийг няцаан гөжиж, газар нутаг минь хол, уул нуруу минь давашгүй, тэнгис далай минь гатлашгүй, та нараас айхгүй хэмээн хэгжүүрхвээс Бурхан тэнгэр хүндийг хялбар болгож, холыг ойртуулж, бид юу хийж чаддагийг чамд үзүүлэх болно”.
Ер ийм ертөнц дахиныг өөрийн эрх мэдэлдээ орсныг бүрнээ мэдэрсэн сүрлэг бардам үг, утга бүхий хаадын хааны захидлыг Монголын хаанаас өөр хэн ч бичиж байгаагүй билээ.
Хар домог
Бат хаан Европын гүнээс буцсан ч эх нутагтаа ирж Их хуралдайд оролцсонгүй. Тэр Ижил мөрний доод урсгал, ус бэлчээр тэгширсэн сайхан газар ирж, Мажарын хаан IV Белагийн тансаг чамин хээрийн өргөө сэлтийг босгоод, Алтан орд хэмээн нэрлэгдэх их улсынхаа суурийг тавихаар тухлав.
Харин Европт Монголчуудаас үлдсэн айдас хүйдэс тун удалгүй хар домог болон өөрчлөгдөж, бүр XX зууныг гартал, саяхан болтол амь бөхтэй оршив. Тийм хар домог түгэн дэлгэрэхэд 1261 оны 9 сарын 03-нд холбоотон Монголчуудаасаа урваж, араас нь хутга шаачихаад түүнийхээ золиосонд Ойрхи дорнод дахь европынхны бүхий л эзэмшлийг тавьж туучихсан Загалмайт баронууд нутагтаа ирээд гэм нүглээ хаацайлан цайруулахын тулд зориуд зохион тараасан цуу үлэмж нөлөөлсөн гэдэг.
Ер нь ч Европчууд ялагдлынхаа үнэн учир шалтгааныг бодитойгоор эрж хайсангүй. Бүхэл тивээрээ аль нэгэн байдаг л улс үндэстэнд тэгтлээ дээрэлхүүлж, тийм айхтар айж, дагжсан гэвэл хоосон ихэмсэглэх дуртай европчуудын хувьд хүлээн зөвшөөрөхөд бэрх байв. Тиймээс хүний санаанд багтамгүй домог зохиож, өөрсдөө түүндээ хэдэн зуунаар итгэн суужээ. Тэр хар домог маш энгийн байлаа.
Монголчууд буюу Татарууд бол хүн биш бүдүүлэг адгуус.., тэд бол хүний махан хүнстэй мангас.., тиймээс хүний хүчин зүйлээс хэтийдсэн ялагдашгүй хүчтэй. Тэд бол Христийн домогт гардаг чөтгөрийн хараалт алс дорнын Тартар орныхон. Тэнгэр бурхангүйчүүд… гэх мэт.
Монголчуудын тухай европын эх сурвалжуудад хэрхэн Монголчуудын тухай европын эх сурвалжуудад хэрхэн бичсэн нь сонирхолтой. Парисийн Матью “Тэднийг хүн гэхэд хэцүү, адгуус гэвэл илүү зохилтой. Цус ууж улангасан, хүний хүүрийг нохой мэт урж тасчин иддэг” гэсэн бол Бордогийн хамба лам ”Монголчууд бол тулалдаанд амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг идэхээр тамаас гарч ирсэн махчид, тэд махчин шувуу ч тоож үл идэх хөсрий яс л үлдээдэг… настай эмэгтэйчүүдийг идэх дуртай, христийн шашинтай залуу охидыг амь тавитал нь олноороо хүчирхийлж баяраа тэмдэглэдэг бөгөөд тэдний хөхийг ихэс дээдэстээ амттан болгож өгөөд цогцсыг нь зэрлэг найр цэнгээний үеэр бусад нь хувааж иддэг” (Ж.Уэтерфордын авсан ишлэл) хэмээжээ.
Арай бодитой хандлагатай, боловсролтой Сплитийн Фома ламтан үүнээс нэг ч их дутсангүй. “Татарууд богинохон хөлтэй ч аварга том цээжтэй. Арслан барс мэт хүчтэй. Эцэж ядрахыг мэддэггүй, агт морьд нь ч мөн адил, гурван өдөр давхичихаад өчүүхэн бага модны холтос мэрж, хөвд идээд болчихдог, туурайдаа тахгүй ч хаданд ямаа мэт авирдаг.
Татарууд өргөн нүүртэй, цагаан шар царайтай, сахалгүй ч том хамартай, хоорондоо хол зайтай зуувин онигор нүдтэй, үнэхээр аймшигтай дүр төрхтэй… Талх амсдаггүй, махыг бол цэвэр, бохир ялгалгүй иддэг. Адууныхаа цусаар өтгөрүүлсэн сүү бол тэдний дуртай ундаа юм. Ер татарууд адгуус мэт идэж уух зүйлдээ анхаарч, эрхэмлэнэ гэж үгүй, хэрцгий аллага хядлага бол тэдний цор ганц бахтай хоол хүнс болно” гэжээ.
Монголчууд загалмайн, жүүдийн, лалын аль ч шашин шүтдэггүйнх нь учрыг европчууд олсонгүй. Ингээд шашин шүтдэггүй учраас татарууд бол тангараг, ном гэж мэддэггүй, итгэл бишрэл үгүй, үнэнч шударга гэж юу байдгыг ойлгодоггүй жинхэнэ бүдүүлгүүд мөн гэсэн мухар гэнэн гаргалгаа хийсэн байна. Яг л өөрийнхөө мэддэгээс өөр юуг ч байж болшгүй зүйл гэж үздэг хятадын харанхуй мунхаг тариачных шиг сэтгэлгээгээр Монголчуудыг дүгнэжээ. Үнэн хэрэгтээ нөхцөл байдал харин ч эсрэгээр байж, Монголчууд ёс жудагтай, харин барууныхан бурангуй жудаггүй байсан билээ.
Мөн “Татарууд бүх ард түмний ёс заншлын эсрэг байдаг. Хэзээ ч элчин төлөөлөгчдийг хүлээж авдаггүй, мөн илгээдэггүй” хэмээн гүжирджээ. Монголчууд ямагт урьдчилан элчин илгээдэг байсан. Оросуудад илгээсэн элчийг нь зэрлэгээр алсан байхад ч дахин дахин илгээж л байв. Бат хаан IV Белад элч илгээж учир байдлыг эргэцүүлэн үзэхийг хүсэж байсан. Гэвч тэд өөрсдөө л журмыг зөрчиж, элчийг өчүүхэн ч төвдөхгүйгээр алж хороож орхидог байсан билээ. Чухам элчийг нь алаад байсан учраас л Чингис хаан болоод залгамжлагчид нь хатуу сануулгыг их ч үнэ өртгөөр өгч байж дэлхий дахинаа элчийг бүрэн эрхт болгон өргөмжилж чадсан билээ. Энэ нь олон улсын дипломат соёлын гараа байсан.
Үнэн хэрэгтээ европчууд өөрсдөө үеийн үед бусад ард түмний ёс заншлын эсрэг байж ирсэн юм. Тэдний эхлүүлсэн XVIII, XIX, XX зууны колонийн эринд Африк, Ази, Австрали, Америкийн хичнээн олон ард түмэн, үндэстэн угсаатан ёс заншил, төрөлх хэл, төрөл ургаа мартаж, хүйс тэмтрэгдсэнийг тоочих аргагүй.
Монголчуудыг царцааны нүүдэл мэт олон байсан, тийм учир л ялж байсан гэж үе үеийн түүхчид бичиж, сурах бичигт бичиж тэмдэглэжээ. Гэвч бодит байдал харин ч эсрэг байсныг бид мэднэ.
Фома ламтан хүртэл энэ үнэнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр Мохийн талд “…Татарууд хэдий тоогүй олон байсан ч үнэндээ мажарууд тэднээс ч олон байсан билээ” гэж бичиж үлдээсэн.
XIII зуунд Монголчуудыг соёлгүй, болхи бүдүүлэг, харанхуй зэрлэг байсан гэвэл бүр ч үнэмшилгүй. Монголчууд Европ дахинд өртөө улаа, олон улсын харилцааны дэг ёс, цэргийн чанд зохион байгуулалт, дарьт буу, татварын нэгдсэн систем зэрэг олон ололт дэвшилтийг түгээн дэлгэрүүлсэн. Ялангуяа Хятад, Арабын шинжлэх ухааны ололт, технологийн дэвшил Монголчуудаар дамжин Европт дэлгэрсэн нь чухал байв. Үр шимийг нь ч тэд хангалттай хүртсэн билээ.
Л. Гумилев ийн бичжээ. “Тэр үед англи германы баронууд болхи задгай зуухаар чулуун шилтгээнээ дулаацуулж, тариачид нь шувууны өдөн хөнжлөөр биеэ хучин, саравчинд өвөлжин зутарч байхад нүүдэлчид цэвэр агаар, тос даасан эсгий гэртээ аргалын галаа дүрэлзүүлэн жаргаж байсан юм. Чухамхүү сууц гэдэг эд өлгийн болон оюуны соёлыг хөгжүүлэхэд чухал тав тухыг тодорхойлном билээ.
Нүүдэлчдийн зэвсэг болох мод эврээр хийсэн их гарын нум кельтийнхээс бусад европын бүх улсын нумаас хоёр дахин хол тусдаг, Монголчуудын өмсдөг булган малгай, үен дээлийг Европт вангууд л өмсдөг…, талын ард түмэн оюуны хувьд ч, соёлын хувьд ч аж байдлын хувьд, баатар зоригийн хувьд, чин шударгийн хувьд ч лалууд хийгээд европын рыцариудаас даанч дутахгүй байсан юм”. Энэ хангалттай биз ээ. Баатар зориг хийгээд чин шударгынхаа хувьд харин ч Монголчууд Европчуудаас хувь илүү байсан билээ.
Хөгтэй эндүүрэл ч цөөнгүй гарч байсан. Европчууд Монголчуудын сүлд далбаан дээрх халин нисэж яваа цагаан шонхорын дүрсийг загалмайн хэрээс гэж эндүү харан хөөрсний нэгэн адил байлдааны догшин хар сүлд, төрийн их цагаан сүлдийг “оройдоо хар цагаан ноосон бөмбөгтэй” гэж харсан байдаг. Ийм л гаж, өрөөсгөл харцаар Монголчуудыг харж байсан Европчуудын өрөвдөлтэй итгэл үнэмшил тэр цагийнхаа түүх сударт тэр чигтээ үлдэж, олон зуунаар үргэлжилсэн төөрөгдлийг бий болгожээ. Өнөө ч зарим газарт, хүнд ийм үзэл байж л харагддаг юм.
Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Ялан дийлэхүйн арга замаас (16-р бүлэг)
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүбээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхчид гайхан шагширсаар иржээ. 5 сая хүнтэй Кавказын умард, Куманы уудам тал нутгийн ард түмнүүд, 9 сая хүнтэй Орос орон, 8 сая гаруй хүнтэй Дорнод Европ сөхрөв. Баруун Европ ч эсэргүүцэх чадваргүй болж, үндсэндээ бууж өгөөд байв. Бат, Сүбээдэй хоёрт багадаа 80, ихдээ 120 мянган цэрэг байсан нь дээрх ард түмнүүдийн тооноос 230 дахин, харин тэдний гаргаж байлдуулсан цэрэг армиас 6-7 дахин бага байв.
Монголын арми 1236 оны намар Камын Булгарт довтолсноос 1241 оны 12 сард Жур хотоос буцах хүртэлх 5 жил гаруй хугацаанд зүүнээс баруун хүртлээ 2000 орчим км, хойноос өмнөд хүртлээ уудам 1600 орчим км уудам орон зайд байлдааны 100 гаруй аян, ажиллагаа явуулж, их бага 90 орчим тулаан, мөргөлдөөнд ялж, өөрсдөөсөө 3-4 дахин олон амьд хүчийг устгажээ.
Хамгийн сонирхолтой нь ар талаасаа хэдэн мянган км-ийн алс зайд, нэмэлт хүч хийгээд хоол хүнсний хангамж, найдвартай ар тал байхгүй, байнгын дайсагнагч ард түмнүүдийн дотор, огтоос мэдэхгүй бүс нутагт, байгалийн их саад бэрхшээл дундуур тийм ч томд орохооргүй нэг арми ийм урт хугацааны, алс холын аян дайныг гялалзсан амжилтаар дуусгасанд байгаа юм. Ийм амжилтад гурван хүчин зүйл чухал нөлөө үзүүлсэн байна.
Нэгд, Европын талаарх Монголчуудын мэдлэг асар өндөр, маш нарийн мэдээлэлтэй байсанд юм.
Харин Европчууд Монголчуудын талаар ямар ч ойлголтгүй байсан ба аргаа барахдаа үлгэр домогт итгэхэд хүрч, тэр үлгэр домгоосоо үхтлээ айж, бажгидаж байжээ. Дайснаа мэдэхгүй байна гэдэг ялагдлын эхлэл юм.
Монголчууд Европын ард түмний аж байдал, өвөр хоорондын зөрчил, хот суурингийн байршил, газар усны онцлог, цаг уурын нөхцөл, цэрэг зэвсгийн хүчин чадал, хөдөлгөөн, төлөвлөгөөг өөрсдөөс нь ч илүү сайн мэдэж байсан байдаг.
Үүнд үнэн зөв, нарийн нууц мэдээлэл цуглуулж чадах сайтар зохион байгуулагдсан тагнуулын сүлжээ чухал үүрэг гүйцэтгэснээс зайлахгүй.
Сүбээдэй баатар Зэв ноёны хамт 1223 онд Кумануудыг дайлж явахдаа Крымийн хойгт байх Хар тэнгисийн худалдааны чухал боомт Судак хотыг эзэлж, Хар тэнгис, Газар дундын тэнгисийг дамжин боолын голдуу наймаа хийдэг байсан Венецийн худалдаачидтай гүн бат холбоо тогтоон Хар тэнгист наймаа хийх давуу эрх олгож, олзлогдсон куман, түрэг угсаатнуудыг хямдхан өгч, хариуд нь баруун Европын цэмбэ голдуу бараа авахын зэрэгцээ, гол нь тэднээр дамжуулан Европын бараг бүх томоохон хотуудад, нийгмийн бүх давхаргынхны дунд тагнуулын сүлжээг байгуулж чадсан байна.
Монголын армид европыг багагүй мэдэх куман, булгар, оросууд олноороо алба хааж байсны дээр англи язгууртан ч хүчин зүтгэж явжээ. Ромын Пап IX Григорий, Германы Ариун Ромын эзэнт улсын хаан II Фридрихийг Бат хаантай сүлбэлдлээ, шашин шүтлэгээсээ урвалаа хэмээн хардаж байсан нь ортой юм. Монголчуудын далд нууц туршуулууд аль хэдийнэ II Фридрихтэй холбоо тогтоож, ямар нэгэн нууц тохиролцоо хийчихсэн байхад гайхах явдалгүй л байжээ. Ерөөс эзэн хааны засаглал, Папын засаглал хоёрын зөрчил бараг 50-иад жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд “Пап бол нар, эзэн хаан бол сар. Сар нь нарнаас илч гэрлээ авч байдгийн адил эзэн хаан нь Папаас өөрийн засаглах эрхээ авах ёстой” гэсэн Папын оройлох үзэл тэдний зөрчлийн суурь болж байжээ. Энэ зөрчил II Фридрих, IX Григорий хоёрын үед дээд туйлдаа хүрчихээд байв. Европын голлох хоёр хүчний хоорондын энэ зөрчлийг Сүбээдэй баатар сайн мэдсэн байх боломжтой. Дорнод Европ Монголчуудын хөлд нэгэнт сөхөрчихөөд, Монголчууд Мажарт амар тайван зусаж, намаржиж байх бүтэн 8 сарын хугацаанд, мэгдэж сандарсан IV Бела хаан Европын бараг бүх хаад, ихэс ноёдод хүчин туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал элч илгээсээр байхад Төв болон Баруун Европт Монголчуудтай дайтах, хүчээ нэгтгэх ямар ч оролдлого болоогүй нь нэг талаар Монголчуудын сүр хүчнээс эмээн гүн шоконд орсон, нөгөө талаар Сүбээдэй баатрын тагнуулын сүлжээ идэвхтэй үр дүнтэй ажилласных байж болох бүрэн үндэслэлтэй.
Тэгээд ч II Фридрих бол дорнын соёлыг ихэд дээдэлдэг, лал цэргээр хөлсний армиа бүрдүүлсэн, латин хэлээр захидлаа, араб хэлээр шүлгээ бичдэг, өндөр боловсролтой, дорно дахинтай нээлттэй харилцахыг эрмэлздэг хүн байсныг аугаа туршлагатай жанжин маань анзаарахгүй өнгөрөөсөн гэхэд итгэмгүй билээ.
Ер нь Монголчуудын тагнуулын мэдээлэл цуг-луулах хүрээ цар ер бусын… 1260-аад онд Хүлэг хааны худалдаачин-туршуулууд бүр Африкийн зүүн өмнөд дэх Зимбабе хүртэл явж наймаа арилжаа хийн, мэдээлэл цуглуулж байсан мэдээ занга ч бий.
Хүнд бэрх аян дайныг ялалтаар дуусгахад чухал нөлөө үзүүлсэн хоёр дахь хүчин зүйл бол мэдээж хэрэг Монгол жанжид, баатруудын дайтан тулах арга стратеги, цэрэг дайчдын хатан тэвчээр, ур чадвар юм.
Сүбээдэй баатар, Бат хаан, Байдар, Хадаан, Хайду, Гүег, Мөнх, Бүжиг, Шейбан зэрэг хан хөвүүд байлдан тулах бүрдээ Европынхонд нохой хэрэл хэрэн ухран дагуулж зуухт оруулан гацаах, харгана зорчил зорчиж бүслэх, цүүц хатгаа хатган цочоож самууруулах, нуур байт байлдан хуваах, нүүр дээрээс нь асган бүрхэх, алингачлан мэдэх, газар орны онцлогыг хэрхэн үр ашигтай ашиглах, ялалтаа төлөвлөх зэрэг дайн тулааны үй олон нарийн нандин хичээл зааж байжээ.
Бүр хожим XIX зуунд төмөр канцлер Бисмаркийн үед Прүссийн засгийн газар Лигницийн дэргэдэх тулаанд амь үрэгдсэн Үнэн сүсэгт II Хенрийн дурсгалд босгосон Бенедиктийн сүмийг уг тулалдааны арга тактикийг тусгайлан судалдаг цэргийн сургууль болгон өөрчилж, германы цэргийн ирээдүйн дарга нарыг сургаж байсан тухай Ж.Уэтерфорд номондоо дурдсан байна.
Монгол цэргийн зэр зэвсгийн чадамж, ялангуяа нум харваж мэргэн онох чадвар европчуудаас хол тасархай, бидний сайн мэдэхээр ангийн ТОЗ-8 калибр, байлдааны тусгалд оруулсан дуран хараат винтов хоёрыг зэрэгцүүлсэн мэт байжээ. 1241 оны 3 сард Краковын Гэгээн Марийн сүмийн бүрээч цэргийн хоолойг нэвт харвасан Монгол цэргийн цэц нь Есүнгэ мэргэний 335 алдад мэргэн онож, хад чулуунд алдраа мөнхлүүлсэн харваатай эн дүйхүйц бөгөөд ерөөс тэр үед иймэрхүү харвалтууд бараг л өдөр бүр Европынхныг сандарган, мэгдүүлж байж…
Монгол эрс хэдэн ч өдрийн өл хоол, нойр амралтыг үл тоон, хүлгийнхээ гүрээний цус, шүүдрийн ус төдийгөөр умдаалсан болчихоод л хатуу чангаар дайтан тулдаг, намхан давжаа Монгол морьд ч өчүүхэн төдий холтос зомгол мэрчихээд, хэдэн хоногоор галзуу юм шиг давхилдаж, өргөн их усыг ч, өндөр их уулсыг нь юман чинээд тоохгүй гэтэлчихээд байсан нь Европынхонд махан бодод баймгүй ер бусын санагдаж байж… Монгол дайчид эзэн захирагчдынхаа тушаалыг гүйцэтгэхийн тулд амь золин эцсээ хүртэл зүтгэдэг, олзлогдох юм бол амь гуйж, өршөөл эрдэггүй омог бардам байж…
Монголчуудын авьяас чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлыг Фома ламтан бахдан “Татарууд шиг байлдаж тулахдаа тийм их туршлагатай, ялангуяа хээр талд хэрхэн ялж дийлэхээ мэддэг ард түмэн энэ дэлхийд байхгүй. Эр зоригоороо, ухаан билгээрээ тэд хэнтэй ч эгнэшгүй” хэмээн бахархал дүүрэн бичиж үлдээсэн байна. Өштөн дайсандаа хүртэл өөрийн эрхгүй бахархал, бишрэл төрүүлж чадсан тэр цагийн Монгол дайчдын эр зориг, эрэмгий чадвар, эрдэм ухаан гайхамшигтай буюу.
Одоо зарим нэгэн мэргэдийн үгийг сөхөн харсу.
Л.Н.Гумилев “Этногенез, дэлхийн био орчин” номондоо “Эдгээр ялалтыг сүрэг зэрлэг нүүдэлчид биш, асар өндөр зохион байгуулалттай, нүсэр олон биш гавшгай шилдэг цэргүүд байгуулж байжээ” гэжээ.
Ж.Ж.Саундерс “Монголын байлдан дагуулал” номондоо “Долоон зууны тэртээ болж өнгөрсөн тэрхүү ер бусын аян дайн нь өнөөдрийн түүхчдийн гайхшралыг төрүүлж байна. Дорнод Европын ихэнх хэсгийг хамарсан тэрхүү аян дайны газар зүйн өргөн хүрээ, цэргийн анги нэгтгэлүүдийг хооронд нь зохицуулан зохион байгуулж байсан ур чадвар, дайсныг хатуу цагийн болзоонд яг бүслэн цохиж, устгаж, мөрдөн хөөж байсан, мөн түүнчлэн хангамж нийлүүлэлтийн хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэж байсан арга ухаан энэ бүгдийг судлан үзэхэд, Европын ямар ч мэдэхгүй газар нутагт Азийн армийн аялал, ялалтыг зохион байгуулж, амжилттай хүргэж байсан нарийн ухаан энэ бүгдийг судлан үзэхэд, Монголын удирдагчид дэлхий ертөнцөд урд ховорхон тааралдсан, цаашдаа ч ховор тааралдах тийм дайны урлагийн мастерууд байжээ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хүн байхгүй биз ээ. Монголчууд хүний олноор ялалт байгуулж байжээ гэсэн ойлголт үеэ өнгөрөөжээ. Учир нь зохион байгуулах ухаан байхгүй бол тоо хэрэггүй гэдэг нь тодорхой боллоо” хэмээжээ.
Ж.Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номондоо “Хэрмэн ханаар хүрээлэгдсэн хотууд, нүсэр хүнд дуулгат тайж нарын үе дуусч, 1241 оны Ийстерийн улирлын дарийн утаа тортог дундах Монголчуудын ялалт Европт хамжлагат ёс, дундад зууны төгсгөл ирснийг дохиолж байлаа” гэсэн байна.
Ялан дийлж байсан хамгийн чухал гурав дахь хүчин зүйл нь, тэр цагт Монголчууд өөрсдийгөө Ертөнцийн бүрэн эрхт хүчирхэг эзэд гэдэгтээ бат нот итгэсэн итгэл байв. Тэгээд тэдгээр эзэд Мөнх тэнгэрийн зарлигаар хүний энэ ертөнцөд зальхай бусчирийг цээрлүүлж, зүй зохист нь оруулж, хөл толгойгоо олохоо байсан тухайн үеийн ертөнц дахинийг түвшитгэн тохинуулж яваа гэсэн итгэл үнэмшлээр тэр их дэлхийн дайныг давж гарсан хэмээн бодогдном. Тийм үзэл санааны хол тасархай давуу байдалгүйгээр ийм махан бодийн хүчин хүрэлцэхэд нэн бэрхтэй үйлийг гүйцээж хийхэд бэрх юм.
Өдийг хүртэл өрнө, дорнын түүхчид Монголчуудын аян дайныг зөвхөн дээрмийн, эзлэн түрэмгийлэх аян дайн л гэж үзэж ирсэн, бид ч түүнд нь итгэж үнэмшиж өдий хүртэл ирсэн. Гэвч зөвхөн дээрэм, эзлэн түрэмгийлэх үзэл санаагаар зэвсэглээд ийм том цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй юм. Хүмүүний хүчин чадал, нөөц бололцоог дээд хэмжээгээр шавхан дайчилж чаддаг зүйл бол шунал, тачаал ч биш, айдас хүйдэс ч биш, зэрлэг балмад зан ч биш, гагцхүү туйлийн үнэн хэмээн эргэлзээгүй итгэсэн үзэл санаа байдаг. XIII зууны Монголчуудад тийм хүчирхэг үзэл санаа хангалттай байсан хийгээд Их эзэн Чингис хааныхаа зарлан тунхагласан тэрхүү хүчирхэг үзэл санаагаар зэвсэглэж чадсандаа л тийм ер бусын аугаа гайхамшгийг бүтээсэн буй за.
***
Тэр цагт Европын улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм. Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрсийн өмнө жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй балчрууд байжээ. Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисирийн султан Кутуз, Бибарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ.
Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.
Б.Номинчимэд
2002 оны 5 сар, 2013 оны 4 сар.
Улиастай, Баатар хайрханы бэл