Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн “Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь” хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.
Эхний хэсэг: Монголын их цэрэг Орос болон Кавказ, Каспийн умардад
Хоёр: Европын төв рүү онилсон цахилгаан мэт довтолгоонууд
Гурав: Монголчууд Лигницийн дэргэд домог бүтээв
10-р бүлэг.
Мажарт зоосон мөнгө цутган тухлав
IV Бела вангийн хөшөө
IV Бела ван хэдхэн шадар цэргийн хамт эргэж ч харалгүй Ваг голын эх өөд, Таатрын өндөр уулын бэрх бартаанд найдан, тийш давхилджээ. Хамаг тамга, тэмдэг, туг сүлдээ ч авах самбаа төрсөнгүй. Тэр уулсын цаана түүний садан төрлийн Болеслав вантны эзэмшил Бага Польш байлаа. Толгой мэнд шургуулах халхавч тэр. Монголын нэг анги түүний мөрийг алдалгүй мөшгив. Гэвч түүнийг таатай зүйл хүлээж байсангүй, Таатрын уулсын ар талд Польшийг бүхэлд нь будаа болгосон Монголчуудын ялалтын туг сүлд аль хэдийнэ дэрвэж байжээ.
Анч ноход мэт Монголын баг цэрэг алдалгүй мөшгих тул вантан зүгээ буруулан барууншилж, улсынхаа баруун хилийн Братиславын зүг довтолгов.
Братиславт хүрэхэд Австрийн ван түүнийг улсдаа ирэхийг найр тавин угтсанд хил даван Австрийн Вена хотод очив. Гэвч Австрийн ван, шуналаас өөр юмгүй, арчаагүй Фридрих Бабенберг түүний ядарч явааг нь ашиглан дарамталж, өмнө ирчихсэн байсан Белагийн гэр бүлийг нь барьцаалж байгаад Мажарын баруун гурван мужийг Австрид нийлүүлсэн бичигт гарын үсэг зуруулж авав. Цөөвөр чоно мэт аашилсан Австриас арай гэж мултарсан IV Бела Хорват руу эргэж, 250 орчим км холдож, Сава голын эрэгт байх Слованийн Загреб хотод ирж тогтов.
***
Пешт хотод гамшигт ялагдлын мэдээг Шайо орчмоос амь зулбан зугтагсад авчирчээ. IV Бела вангийн дүү, Хорватын сэнгүм захирагч эрэлхэг баатар Коломан хүнд шархтай Пештад ирэв. Их цэрэг нь сүйрсэн мэдээг аваад ойр орчмынхон бүгдээр Дунай мөрний эрэг дэх энэ хотод бөөгнөрөн цугларч байжээ. Монголчуудтай нэг бус хатуу ширүүн зууралдан тулалдаж, ялагдашгүй хүч чадлыг нь голдоо ортлоо мэдэрсэн Коломан ван Пештад цугласан бүхэнд хандан дайран ирэгчдийг эсэргүүцэн тэмцээд хэрэггүй, түүний оронд ой шугуй, аглаг тосгон, алс холын оронд очиж амь зуух нь илүү хэмээн ятгасан боловч хотын өндөр хэрэм, хороолсон олондоо найдаад Коломан вангийн үгийг авсангүй. Вантан тэндээс даруй мордож, 240 гаруй км барууншилж, Драва голыг гатлаад Хорватын гүнд очиж тогтов. Гэвч баатар вантан Монгол илдэчээс авсан шархыг удаан даасангүй, тэндээ тэнгэр болсон гэдэг.
Энэ зуур Бат хаан Шайо голд цэргээ дахин засаад, яаралгүй хөдөлж Пештад 4 сарын 29-ны үед тулж ирэв. Коломан вангийн зөвлөгөөг аваагүй хотынхон ихэд яаравчлан хэрмээ бэхлэх, тойруулан шуудуу ухах, шивээ хориглолт босгох зэрэг хамгаалалтын их бүтээн байгуулалт хийсэн боловч хараахан дуусгаж амжаагүй байжээ. Монголчуудын барааг хармагц л хот даяар үймээн сандраан, айдас хүйдэст автсан байна. Өнөөх Фома ламтны дүрсэлснээр Монголын дайчин баатар эрс “өлссөндөө галзууран уурссан өлөн хомхой чонос хоттой хонийг отож, тойрон шогших мэт өшиж хорссон харцаар хотыг бүхэлд нь ажиглан шинжилж“ байжээ. (Фома ламтны тэмдэглэлийг төрөлх мажар хэлээр бичсэн хуучин судраас нь МУИС-ын багш, түүхч, доктор Б.Чинзоригийн хөврүүлснээс иш татав)
Хотын хэрмийн дэргэд болсон нэгэн хөгийн явдлын талаар Ж.Уэтерфорд ийн бичжээ. “Монголчуудыг цэрэг арми, тайж нар нь тулалдааны талбарт дийлээгүй учир санваартнууд шашны хүчээр номхотгохоор оролдов. Монголчуудын дунд христосын шашинтан олон явааг мэдсэн ч үхэгсдийн цогцосноос тэдний хэрхэн жигшин цээрлэхийг мэдээгүй христийн санваартнууд бурхдынхаа яс, бие цогцосны үлдэгдлийг Пешт хотын гадна дайсны цэргийн өөдөөс гаргалаа. Үхэгсдийн шарилтай тааралдахад муу ёр гэж жигшдэг Монголчууд уурсан хилэгнэж, санваартнуудыг алж хөнөөгөөд өөрсдийгөө бузраас ариутгахын тулд тэдгээр цогцос болон сүмүүдийг галдан шатааж орхив”.
Заяа нь эргэсэн хотынхон гурван өдөр эрэлхэгээр хамгаалсан боловч эцэстээ Монголчуудын замд тээглэсэн зуу зуун хот балгадын хувь заяаг давтав. Хамгаалагчид үй түмэн сум, жад, чулуу мод Монголчууд руу нисгэх боловч үр дүн хомс, харин Монголчуудын харвасан сум бүхэн байгаа өршөөлгүй онож, хуяг бамбай, агсамж бүхнийг нь нэвт, зад цохиж байжээ. Хот эзлэгдэж, эсэргүүцсэн бүхнийг дарав. Дунай мөрний их ус улааран туяарчээ.
Энэ үед өмнөд замын зэрэг ирж нийлэв. Хадаан жанжны удирдсан энэ зам цэрэг Трансильванийг бүхэлд нь, Валахын умард хэсгийг дайран цохиж, Варад, Зило, Таснад, Клуж, Салка, Сибиу, Саасваарош, Перг, Сегед, Арад зэрэг олон хотуудыг буулган авчээ. Ингээд Дунай мөрнөөс баруунтайх мажарын бүхий л газар нутаг Монголчуудын хяналтад оров.
11-р бүлэг.
Польшийг орхилоо. Гэвч тэнд Монголчуудаас үлдэж хоцорсон уу?
Харин Байдарын умард замын цэрэг Лигницийн тулалдааны дараа Чехийн армитай зууралдан байлдсангүй Нис голыг ухарч гатлаад хэсэг зуур цэргээ амраав. Богино хугацаанд эрч хүчний дээд боломжийг шавхан үзүүлсэн түүний цэрэг армид амарч, хүчээ нөхөх шаардлага зайлшгүй байсан буй за.
Чехийн Вацлав ван ч Лигницийн ялагдлыг сонсоод, зүрх мохож Тюринг, Саксонтой нийлж хүчээ зузаалхаар ухарчээ. Энэ хооронд Байдар нэг туршуул ангийг Чехийн армийн хөдөлгөөнийг тандуулахаар баруун тийш илгээсэнд Лигницээс 80 гаруй км-ын алсад байх, Ариун Ромын эзэнт улсын бараг хил дээр, Эльба мөрний зүүн цутгалын эхэнд орших Житов хот болон Бохемийн гүнлэгийн нутгийг шүүрдэж үзээд буцжээ. Монголчуудын баруунд хамгийн гүн хүрсэн цэгийг Австрийн Вена хотын баруун талд байх Корнейбург гэж үзэх нь байдаг. Житов болон Корнейбург хоёрыг өргөргийн байршлаар нь харьцуулан үзвэл Житов нь илүү баруунд юм. Тэгэхээр Монголчуудын хүрсэн баруун цэг нь Житов, Бохем байх магадлалтай.
Байдар 4 сарын дундуур урагш хөдөлж, Бага Польшийн Ратибар мужийг сүйтгэн хоослов. Тэндээсээ Чехийн гол хүч I Вацлавын дэргэд умард Чехд байгааг тандан мэдээд Чехийн өмнөд муж Морави руу халдан орж, Оломоуц хотыг бүслэн хаажээ. Энд Байдар жанжныг алуулсан гэдэг мэдээ бий. Байдар хотын хэрмийг хүчлэн дайлахаас зайлсхийж, бүслэлтээр хотыг буулгаж авах гэжээ. Хэсэг хугацааны дараа цэргүүдээ хэдэн анги болгон ойр орчмын хот, тосгодыг эзлүүлэхээр явуулж, хотын бүслэлтэд цөөн цэрэг үлдээсэн байна. Үүнийг тандаж мэдсэн хотын гарнизоныг удирдаж байсан Штернбүргийн гүн Ярослав шөнөөр сэмхэн гарч Монголчуудын хүрээ буудлыг дайран довтлох үед Байдар жанжин алуулсан гэдэг. Энэ явдал ид зун эхэлж байх үед буюу 6 сарын сүүлчээр болсон нь Монголчууд уг хотыг удаан хугацаанд бүслэн хаасныг илтгэнэ. Мөн хавар гурван сард ердөө хоёр гуравхан хоногт туулсан хэмжээний замыг тэд бараг хоёр гурван сард туулсан нь урагш нэг их яарахгүй байсныг харуулна. Ийнхүү Байдар жанжин урагш Мажар руу орж, гол хүчтэйгээ нэгдэхгүй удсаныг бага Польш орчимд бэхжиж, умардаас ирэх халдлагыг халхлах зорилготой холбон ойлгож болох байх.
Монголчууд гурван хоног гашуудаж, олон зуун олзлогсдоор жанжныхаа хойтын буянд өргөл болгон тахиад, Брногоор дайран Словакт цөмрөн оржээ. Энэ нь нэгд умардаас довтлох довтолгоон үндсэндээ бүрэн хаагдсан гэж үзсэн, хоёрт IV Бела вантан Словакт буй гэсэн мэдээ авсантай холбоотой. Ингээд мажар ванг хайж, Словакийн Тренчин, Нитра зэрэг хэд хэдэн хот, балгадыг эзэлж, баруун тийш Братиславыг хүртэл дайрчээ. Словак бүрэн эзлэгдэв. Мажарт байх гол хүчнээ баруунаас халхалж, тэд Словакт зусаж, намаржижээ.
***
Өнөөгийн Польшийн төв хэсэгт: Лодзь, Ленчица, Ловичийн дунд Монколица хэмээх нэртэй нэгэн жаалхан тосгон бий аж. Хачирхалтай нь уг тосгоны хууччуулд өөрсдийгөө Монголоос гаралтай гэж үздэг, үүнээ үе удамдаа уламжлан хэлж үлдээдэг заншил байдаг гэнэ. Тэр ч бүү хэл зарим нэгэн настай хүмүүсийн дүр төрхөд ази зүгийн шинж төрх ажиглагддаг байна. Чухам ямар учир шалтгаанаар Польшийн яг төв хэсэгт Монголчууд ийн суурьшиж үлдсэнийг тогтооход бэрх ч Байдар жанжны цэрэг Ленчицаг дайран умард хил хүрээд хурдан маршаар буцаж Их Польшийн төв нутгаар буюу дээрх Монколицагийн байх газраар дамжин Врацлав руу очсон байдаг. Тийн явахдаа түргэвчилсэн маршийн ая даахгүй болсон шархдагсадаа тэндэхийн тосгонд үлдээсэн нь бүрмөсөн үлдэж, аажмаар шашин шүтлэгийг нь авч, зан ёсыг нь дагаж, нутгийнхантай уусан нэгдсэн байх гэсэн таамаг бий. Тэгээд ч Монголын арми дотор загалмайн шүтлэгтэй хүмүүс олон явсан байдаг. Байдар жанжин ч тэр даруй эргэн авч чадаагүй байх магадлалтай.
Хожуу 20 орчим жилийн дараа буюу 1259-1260 он, мөн 50 гаруй жилийн дараа 1287-1288 онуудад Монголын Алтан ордын цэрэг Польшид хоёр ч удаа халдан довтолсон байдаг. Эхнийх нь дээрмийн гэмээр уулгалсан довтолгоон байсан ба Польшийн зүүн хязгаараас хэтрээгүй бол хоёр дахь нь гэрээгээ биелүүлээгүй Польшийн вангаас ял асуусан довтолгоон байжээ. Тэгэхээр хожуу болсон энэ хоёр довтолгоон нь тэр үлдсэн Монголчуудтай ямар нэгэн холбоогүй бололтой.
Нэгэнт хорин жил оршин суусан бол бүтэн үе эхэлж, нутагшсан нь ойлгомжтой тул Монголчууд ирсэн ч дагах магадлал бас бага юм. Иймэрхүү аялан байлдаж байсан бүс нутагтаа цөөн тоогоор ч болов гээгдэн, суурьшиж үлдсэн Монголчууд дэлхийн өнцөг булан бүрд, тухайлбал, Бирм, Вьетнам, Өмнөд Хятадын Юнань, Япон, Солонгос, Энэтхэг, Иран, Армян, Мисир гээд хаа сайгүй бий.
***
Монголчууд Пешт хотыг авсны дараа зун намрын турш энэ улсаас хэзээ ч гарч явамгүй мэт тухалж, эзэлсэн хот, гацаа суурингуудад Монгол, куман даргач, түшмэл тавьж, тариачдаар ургацаа тарих, хураах ажлыг нь харгалзан хянаж, намар ургац хураахад нь их цэргийнхээ хүнс тэжээлийг базааж, агт морьдоо амраан тарга тэвээргийг нь авхуулжээ. Тэр ч бүү хэл Бат хаан IV Бела вангийн тулааны талбараас авч амжаагүй вангийн тамгыг ашиглан Мажар даяар амгалан тайван сууцгаахыг уриалсан бичиг тарааж, өөрсдийн зоосон мөнгийг цутгаж, арилжаа гүйлгээнд тарааж эхэлсэн нь энэ нутагт Монголчууд бүрэн эрхт эзэн нь болон өнөд суухаар шийдсэн мэт байв.
Тиймээс 300 гаруй жил тэр нутагт оршин тогтнож, цагтаа Галлыг хүртэл байлдан цохиж, Альпийг даван Италийн хойгийг яг Ханибалын явсан замаар хойноос нь шувт туулан дайтаж явсан сүрхий дайнч, загалмайд үнэнч хүчирхэг энэ улсыг нэгмөсөн өнгөрлөө, харийнханд алдлаа, буцааж авах найдваргүй боллоо гэдэгт европчууд бүрэн итгээд байжээ.
12-р бүлэг.
Монгол морьд Атриатын тэнгисийн шорвог усыг үнэрлэж үзэв
Ургац арвинтай намар өнгөрч, өвөл эхлэхийн өмнөхөн 1241 оны 10 сарын эхний бүтэн сайн өдөр Мажарын тэнгэр гэнэт харанхуйлан нар хиртэж, Пештийн гудамжинд ч хүмүүс бие биеэ харахгүй мөргөлдөхөд хүрчээ. Хүмүүс айн дагжиж, ёрчид муу ёрын дохио хэмээн тунхаглана. Мажар даяарыг дайны үүл бүрхэн, уудам тал, нуга хөндий нь цусаар будагдаж, талын чийрэг морьдын туурайд талхилагдсан энэ үед нар хиртсэн нь Европыг улам бүр түгшээжээ.
Нар хиртсэний дараа Дорнод Европт ер бусын хатуу хахир өвөл болж, онцгой хүйтрэв. Цэнхэр Дунай урьд өмнө тохиож байгаагүйгээрээ барьцалдан хөлджээ.
Жавар тачигнах үеэр хээрийн зэрлэг амьтдын үсний сорлог нь гүйцэж, гялалзан сугсалздагийн адилаар Монголчуудын хийморь золбоо жаварт сэргээд, илд саадгаа ид хавтайгаар зүүн, хүлэг морьдоо сойгоод, дайчин уухайгаа түрхрэн дуудаж, дахин мордоцгоов.
Ер баруунд довтолсон дайны ихэнх гол довтолгоонууд өвлийн тэсгим хүйтэн үеэр болсон байдаг нь санамсаргүй ч зүйл биш юм. Ус намаг, ялаа шумуул ихтэй европт зун цагаар дайтна гэдэг амаргүйн дээр их хүйтэн Монголчуудын тулж дайтах чадварт төдий л нөлөөгүй бол харин дайсанд нь эсрэгээр байжээ.
Юуны өмнө Дунай мөрнийг мөсөөр хялбархан гэтэлж, голын нөгөө эрэгт сүндэрлэх Буда хотыг хялбархан эзлэв. Өмнө нь голын нөгөө эрэгт үхэгсэдийн хүүрийг овоолон, заримыг нь жадныхаа үзүүрт өлгөн Буда хотынхонд харуулах мэтээр сэтгэлзүйн дайныг хангалттай хийсэн байжээ. Тэндээсээ умардад хөдлөн, эртний их нийслэл Эстергом хотыг бүслэн хааж, 30 их харвуур зоож бууджээ.
Энэ үед Словакт байсан баруун замын цэрэг нь хүч хавсарч ирэв. Эстергом удаан тэссэнгүй. Мажарын эртний нийслэл энэ хотын хэрэм бэхлэлт сайнд найдаж, мажар, франц, германы олон ихэс ноёд, газрын эзэд, чинээлэг худалдаачид цугласан байжээ. Гэвч Монголчууд энэ үе ирэхэд ямар ч бэрх хэрэм цайзыг хялбархан эвдэлж сурсан байлаа. Тэдний өмнө хэрэм цайзад хоргодоод тайван сууна гэдэг нь толгой дээрээ цаасан халхавч бариад суухтай адил шахуу зүйл байв. Хотын бэхлэлт найдваргүй болох үед ихэс дээдэс нь алт эрдэнэсээ булж, нууж, заримыг нь шатааж, адуу малаа алжээ.
Эстергомыг эзлээд Бат хаан Хадаан жанжинд нэгээс хоёр түмт өгч, Бела ванг газрын мухраас ч болов олж барихыг даалгав. Хадаан цэргээ аван, зам зуурын хотуудыг эзлэхийг нь эзэлж, бэхлэлт хамгаалалт сайтай, хугацаа алдаж магадгүйг нь орхин гарч, шулуухан Загребийн зүг давшив.
Харин IV Бела вантан энэ зуур Монголчууд эх оронг нь орхиод гарч явах болов уу хэмээн горьдон горьдон Загреб (одоогийн Кротиагийн төв) хотноо бүтэн зун, намрын турш хүлээхийн зэрэгцээ Папаас эхлээд Европын бүхий л хаан, вангуудад захидал шидлэн, хамгаалж туслахыг, хамтарч хүчээ нэгтгэн Монголчуудын эсрэг тэмцэхийг гуйх, уриалах хослуулж байсан байна. Нэг ч олигтой хариу хөөрхий Белад ирээгүй ба хамгийн нааштай нь Пап ламтны Монголчуудтай тэмцсэний төлөө бүх нүгэл хилэнцийг нь хэлтрүүлнэ хэмээн Исүс бурхны газар дээрх биет төлөөлөгчийн хувьд амласан амлалт байжээ. Энэ ч бараг л тохуурхал мэт үзэгдэнэ.
IV Бела вантан Драва голын эрэг дагуу олон харуул, туршуул байршуулж, сэрэмжилсэн нь аминд оржээ. Монголчууд түүнийг барихаар хотонд довтлох чоно мэт хомхолзон ойртож буй мэдээ авсан вантан болон түүний дэргэд цугласан мажар, хорватын ихэс ноёд бүгдээр олон жижиг хэсэг болон бутраад Хадаан жанжинг Дравагийн их ус гатлахаас өмнө амжиж тэнгисийн зүг дутаажээ. Голлох ихэс дээдэс нь вантандаа бараа болж Сплито руу явсан байна. Ийнхүү олон хэсэг болсон нь Белаг чухам аль хэсэгт нь явааг мэдэн хөөхөд нэн бэрх болгосон байна.
Хадаан жанжны цэргээ хэдэн анги болгоод тэнгис рүү давшив. Өөрөө эртний Ромын үеийн хот Сплитогийн дэргэд байх Калисо цайзад Белаг хоргодож буй мэдээ сонсоод тийш довтолгов. Ийнхүү Монголчууд нэгэн зэрэг хэд хэдэн чиглэлээр Атриатын тэнгист хүрчээ. Хамгийн умардад Сплитогоос 200 орчим км зайтай байх Кротиан Паг орчмоор тэнгист очсон бололтой байна.
Хуучин ЗХУ-ын зохиолч, түүхч В.Ян баруунд ихэд тархсан “Сүн далайн хөвөө тийш” түүхэн зохиолдоо Монголчууд баруун далайд хүрсэн тухай “Нүүдэлчдийн өмнө тэнгис цалиглан долгисч, тунгалаг ус эргийг долоон өнгө өнгийн хайрга, жижиг жижиг дунг угаан наадах ажээ. Сахлаг дэлтэй пөөнөгөр морьд ус руу орж, гүйн ирэх долгионыг сэжиглэнгүйгээр үнэрлэх боловч тэнгисийн шорвог уснаас даан ч уухгүй байлаа” гэж дүрсэлжээ.
Харин Монголын түүхч, зохиолч, зураач Т.Мандир “Хорин нэгэн хөрөг” түүхэн хөрөг тэмдэглэлдээ ийн бичсэн билээ.
…Сүбээдэйн цэрэг тэнгис рүү хошууран орсон тэгш өндөрлөг дээр гарч ирэх үед огторгуйг зэгэл үүлс бүрхээд их усны зүгээс салхилж эхэлжээ. … Тэнгисийн хөвөөнд Сүбээдэй баатар эхэлж хүрэв. Нутгийн ихсээс хоёр нь мориноосоо бууж баатрын хүлгийн зуузайнаас атган тэнгисийн ус руу орлоо. Нар үүлсийн цаагуур нуугдахад тэнгэр тэнгис хоёрын зах мандал ууссан мэт, давалгааны хяр дээрх цав цагаан хөөс л энэ бүдэг саарал орчныг сүлнэ.
“Төрөлх хөх бууцанд минь хүрэх газар үгүй” гэсэн Бужиг аравтны үгийг Сүбээдэй эрхгүй эргэн дурслаа. Мориных нь хөлийг үл таних далайн ус угаана. Элсэн хаялгаар цэрэг морь дүүрсэн ч эх захгүй шуугиан болсонгүй, өвгөн байцсыг уйгагүй өдөн оролдох аальгүй долгисын чимээ л нам гүмийг эвдэнэ. Сүбээдэй дуулгаа авлаа. Далайн орог буурал мандал түүнд хаврын хавсарганд нүдүүлсэн нутгийнх нь нүцгэн бор толгодыг санагдуулжээ.
-Атираатай байна гэж Сүбээдэй санаандгүй чанга хэлжээ.
Царайд нь санаашралын сүүдэр буугаад холхийг ширтэн хөшсөн цуут жанжныг нүд салгалгүй харж байсан харийн хоёр хүн тэр үгийг бие биедээ шивнэн лавлав. Сүбээдэй дуулгаа өмсөөд:
-Аяа, Атираат тэнгис гэж давтан өгүүлхэд цэргүүд ам дамжуулан авч, дор бүрнээ цээжлэх адил “Атираат тэнгис, Атираат тэнгис” гэлцжээ.
Гэхдээ энд Сүбээдэй баатар болон Бат хааныг Атираатын тэнгисийн эрэгт биеэр очсон тухай тодорхой мэдээлэл байхгүй ч мөн очоогүй гэх мэдээ бас байхгүй юм. Батлах боломжгүй атлаа няцаах ч боломжгүй тийм өгөгдөл үнэн гэж түүхэнд бий. Ийм тохиолдолд учирзүйн ухаан няцаах боломжгүйг нь илүү магадтай гэж үздэг байна. Тэгэхээр Сүбээдэй баатар болон Бат хааныг Атираатын тэнгист хүрсэн гэх магадлал нь илүү гэсэн үг юм. Ерөөс бид л өөрсдөө түүхийнхээ ийм бүрхэг бүдэг зүйлийн илүү магадтайг нь тодруулан дөвийлгөж эс өгөх аваас бидний өмнөөс хэн тийм сэтгэл, зүтгэл гаргах билээ. Тэгээд ч Бат хаан, Сүбээдэй баатар нар гол хүчээ аван Босни, Серби хүрч, Дунай, Драва хоёр мөрний бэлчирт байх Бач хот орчмоор Белград руу урагшилж байсан нь тэнгис далайн хязгаараас 250 гаруйхан км зайд байв. Тэр цагт 250 км-ын зай гэдэг нь Монголчуудын хувьд хоёрхон өдөрчийн газар, ёстой “жирэмсэн эмийн шээх” төдий зай байж. Иймхэн зайд ирчихээд баруун далай хүрэхгүй буцах сэтгэлзүй манай хоёр их жанжинд лавтай байхгүй буй.
Харин Сүбээдэй баатар Атираат тэнгисийн (Adriatic sea) нэрийг ийн оноож өгсөн тухайд бол энэ зөвхөн зохиолчийн уран сэтгэмж билээ.
Төгсгөл: Монголчуудын Европ дахинд үлдээсэн айдас, хүйдэс