Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн “Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь” хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.
1-р бүлэг.
Тэд хэн байв?
1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франк, Бургунд, Саксони, Баваричууд байгалийн аргалшгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алджээ. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв.
Нормандын загасчид айснаас үүдэн загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, гутралаар дүүрэн захидал нэг нэг рүүгээ шидэлцэж, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм хачин өдрүүд үргэлжилж байв. Трансильвани, Далмацид бүү хэл Баварийн чанадад, бүр алс Саксонид хүртэл худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч байж. Валахи орчимд бол бүтэн жилийн туршид ард түмнээрээ ой шугуйд толгой хоргодон, эрхэм дээдэстэн, вантан баронтон, гүнтэнгүүд нь хүртэл мөчир дээр тогтсон ус шимж, модны мөөг, хэрэм, жирхээр гол зогоож явжээ.
Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Скиф, Авар болоод Гот, Мажарын олон овог аймгууд Европын хилээр цусан зам татуулан ордог ч төдөлгүй өөрсдөө нэг бол боолын талхинд хүзүүгээ тавьж өгдөг байж, эсвэл өөрсдөө тэр ард түмний нэг нь болж дуусдаг байж… Куман, Печенегүүд Европт халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
Османы Огуз Түрэгүүд 1389 оны 6 сард эртний эллиний соёл, загалмайн шашны нэгэн түшиг голомт Византыг унагаж, Косовагийн талд Хорват, Серби, Мажарын хамтарсан 80 мянган цэргийг бут цохиж, Лазар ванг олзолж байхад, Вена хотын босгонд лалуудын саран тамгатай туг нь намирч үзэгдэхэд ч Европчууд ер цочсонгүй, Австрийн баронууд Шопронд хөлтэй найр цэнгээн зохиож, Бургундад эзэн хаан зэрлэг гахайтай хөөцөлдөн явжээ.
Эртний Ромын яруу алдрыг дурсаж, дуудан бахархан явдаг тэр Европыг, загалмайтны нэгдсэн Европыг, Бага Ази, Сири, Иордан, Мисирийн эргийг хүнд жадныхаа үзүүрээр чичлэн доргиож явсан идэрхэг хүчирхэг рыцарь баатруудын нутгийг, дайнч готуудын хойчис францууд, кельтүүдийн үр удам германууд, бяралхаг сляванчуудын салаа салбар польш, литов, чехүүд, өнөөх хүннү нарын цус судсаар нь гүйх мажар, домогт викингүүдийн эр зоригийг өвлөсөн скандинавынхан, цоглог золбоолог норманд, англо саксуудын удам англичууд…, зэрэг омог ихт олон үндэстнийг ингэтэл нь айлгасан Тэд хэн байв? Ямар гээчийн бурхны, эсвэл чөтгөрийн хүчийг эрхшээсэн ард түмэн билээ?
Хуучин домогт өгүүлэхээр тэнгэр бурхадтай тэрсэлдээд ялагдаж, алс элсэн цөлийн чинадад, эсвэл тамын орон Тартарт цөлөгдсөн аварга биет титанууд тамаасаа гарч дахин тэнгэр бурхантай дайтаж даагаа нэхэхээр, ертөнцийг харанхуйгаар хулдаж, цусаар урсгахаар ирж яваа нь тэр үү?
***
Тэд бол Монголчууд, гэхдээ ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист боссон дэлхийн дайнд ганцаар ямагт ялан урагшилж байсан Монголын армийн зөвхөн нэг жигүүр, нэг замын цэрэг нь байлаа.
Тэр үед Монголчууд хятадын Хөх мөрнөөс Карпатын нуруу хүртлэх өргөн уудамд одож, энэ өргөн уудмын хязгаар бүрд хүчтэй сул янз бүрийн эсэргүүцэлтэй тулгаран дайтаж байв. 60 сая хүнтэй, цэрэг зэвсэг, эдийн засгийн асар их нөөц бүхий Хятадын Сүн улстай өмнө зүгт, нойтон хамуу шиг бууж өгч л байдаг, араас жад бариад босч л байдаг Солонгосуудтай зүүн зүгт, Сүлжүкийн Рүм, армянтай Бага Азид, аббасидууд, ассасинууд болон Багдадын Халифийн чин сүжигт дайчидтай Ираны толгодын зах хязгаарт, орос, булгар, кумануудтай Дешт-кипчакийн их талын умардад, мөн эрэлхэг уулынхан, гүржүүдтэй Кавказын ар, өвөр бэлд дайтаж, Хорезм шахын их армийн үлдэгдэлтэй Хиндү Кишийн өндөрлөгт хөөцөлдөж явав.
2-р бүлэг.
Их хаан ертөнцийн дөрвөн зүгт чичлэв
Монгол овог аймгуудын хооронд яс хаян хядалцуулж, үе үе уулгалан цөлмөж явсан, Амбагай хааныг нь модон илжгэнд хадаж алсан эртний цусан өшийн тангарагтай Зүрчидийн Алтан улстай бүтэн хорин жилийн турш хатуу ширүүнээр зууралдан дайтсаны эцэст 1234 онд Цайжой бэхлэлтийн баруунш луут шар туг сүлднийх нь сэрэг зэвээр газарт хатган нэгмөсөн дарав.
Гэвч Монголын Их Хөх төрийн эзэд тайвшрах болоогүй байлаа. Алтан улсыг мөхөөхөд хүчин хавсарсан Өмнөд Сүн улс Монголчуудын эзэмшилд орсон Алтан улсын хязгаарыг довтлон эзэлж, өмнөдөд дайны гал дахин шинээр дүрэлзэв. Энэ дайн даруй 40 жил үргэлжилсэн билээ. Лалын нэгэн хүчирхэг тулгуур Хорезм унасныг хүлээн зөвшөөрөөгүй Лалын ертөнц Монголын зүг ямагт хялалзаж, Бага Ази, Перс, Ойрхи Дорнодод шинэ шинэ дайны галыг ноцоож байв. Кавказын өмнөдөд ч загалмайн Армян, Гүржүүд бүрэн номхорсонгүй, Солонгосууд хүртэл Саритай хорчийг буцангуут Монголын төлөөний бүх даргач түшмэлийг хороож, дахин босов.
Бүр 30 гаруй жилийн өмнө мэргидүүдийг өмгөөлөлдөө авч, Монголчуудын өмнөөс сэлмээ далайсан Кумануудын хүч алс баруун умардад хэвээр байлаа. Тэд бол байсан газраа багширч, суусан газраа шавалдаж байдаг суурин иргэд биш, байлдаж тулахдаа Монголчуудаас огтхон ч дутахгүй баатар зоригтой овжин шалмаг нүүдэлчид тул тэнгис далайн чинадад байсан ч нэг л өдөр тэдний омголон морьдын тоос Хархориныг булж мэдэх аюул осол ихтэй. Тэднийг мөхөл мөхөөж, мохол мохоохгүй аваас гар сул, хөл амар суух боломжгүй.
Кумануудыг өмгөөлөн, Монголын элчийг алсныхаа хариуг 1223 оны хавар Калька голын хөвөөнд хангалттай авсан ч сэргэж, хүчээ авсан Оросын вангууд гашуун ялагдлынхаа өшийг санан зангидаж суулаа. Мөн 1224 онд итгэлийг эвдэн Монгол цэргийн ар хударгаар довтлон хэдэн мянган эр цэргийг нь алж устгасан Ижилийн Булгар, Асу, Буртасууд хэгжүүн хэвээр, тэдэнд сануулга өгөхгүй аваас дайчин их хар сүлд гундах билээ.
Эдгээр эгзэг аюул бүхнийг дэнслэн эргэцүүлэхээр Монголын их гүрний хаан Өгэдэй 1235 онд Хархорин хотноо Монголын язгуур ихэс дээдэс, баатар ноёдын Их Хуралдайг зарлан хуралдууллаа. Их хуралдай улс төр, цэрэг дайны асуудлыг дэлхийн энгээр хэлэлцээд, дэлхийн түүхийг өөрчилж, улс үндэстнүүдийн хувь заяаг шийдэх дараах шийдвэрүүдийг гаргажээ.Үүнд:
-Зүүнд Солонгосыг номд нь оруулах,
-Өмнөдөд Сүн улстай дайтах,
-Баруунд Кумануудыг мөшгил үгүй болгож, оросын вангууд, Ижилийн булгаруудыг дарах, улмаар баруун хил хязгаарыг бүрэн аюулгүй болгохын тулд Европыг түншиж, шаардлагатай бол байлдан дагуулах,
-Ойрхи дорнодод дайны галыг идэвхжүүлж, Лалын ертөнцөд хатуухан сануулга өгөх, Энэтхэгийн умардад цэрэг илгээн аюул бий эсэхийг турших, эдгээр байлаа.
Ийнхүү Монголын Их хаан хүнд болд бялуугаа өргөн ертөнцийн дөрвөн зүгт чичлэв. Монголын баатар их эрс уухайлан хүрхрэв. Ертөнцийн дөрвөн зүгт доргин чичирхийлж, сууж байсан нь босон харайж, унтаж байсан нь цочин сэрж, сэрээгүй нь хар даран хашгирав. Үүлс хуйларч, аянга нижгэнэв. Салхин шуугиж, усан цалгирав. Хад хагарч, хайрга үсчив.
***
Алс баруунш дайлах их аяныг Зүчи ханы ууган хүү Бат болон Дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “Урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүбээдэй баатар нарт даалгаж, бүх хан хөвүүдийн ахмадуудад энэхүү аянд өөр өөрийн цэрэг армийг удирдан оролцохыг үүрэг болгожээ. Түүхэнд “Хан хөвүүдийн аян дайн” (Олонхидоо “Ахмад хөвүүдийн аян дайн гэдэг) гэж нэршжээ. Энэ дайнд Их хаан Өгөөдэйн хөвүүдээс Гүюг (хожим их хаан болсон), Хадаан, ач Хайду, Цагаадай хааны хөвүүдээс Байдар, ач Бүри, Зүчи хааны хөвүүдээс Батхаанаас гадна Бэрх, Орд, Шейбан, Тулуй хааны хөвүүдээс Мөнх, Мөнхтэй эх тусгаар Бужиг зэрэг олон хан хөвүүд оролцжээ.
Тэд юуны өмнө Куманууд, Оросын вангууд, Ижилийн булгаруудаас ял асуух ёстой. Ийнхүү ял асуухын мөн чанарыг түүхч Ж.Бор “Үнэхээр ч хилсээр алагдсан хүмүүсийнхээ өсийг нэхэхгүй орхивол дундад эртний Монголчуудын хувьд уучилж болшгүй гэмт хэрэг болох байлаа. Энэ бол Монголчуудын сэтгэлзүйн ч хэм хэмжээ, Чингисийн “Их Засаг хууль”-иар батлагдсан хуульзүйн ч хэм хэмжээ байсан юм” гэж тодорхойлсон байна.
3-р бүлэг.
Орос болон Кавказ, Каспийн умардад
Бат, Сүбээдэйн их цэрэг 1236 оны хавар ял асуухаар Их Булгарын нутагт орж ирлээ. Үүнд таван түмэн Монгол, долоон түмэн түрэг, нийт арван хоёр түмэн цэрэг цугласан хэмээн Монголын цэрэг дайны түүхчид тодруулжээ. Энэ үеэс Монголын их цэргийн тоос Орос орныг бүрхэн, Европын зүгт хуйлран харанхуйлав.
Ата-мелик Жувейнийн бичсэнээр “Монголын их цэргийн хөлд хөрст дэлхий доргин чичирч, хүн бүү хэл араатан амьтан хүртэл үргэж зугтахаа ч мэдэхээ байн алмайран зогсож” байжээ.
Оросын он тооллын тэмдэглэлд энэ талаар ийн дүрсэлжээ. “Зоригт эрс санаагаар унаж, чадалтны гар үл хөдөлнө. Илдтэй нэгэн нь зэвсэгтэйгээ мэдэгдэж, энэрэл өршөөлгүй хядагдахаас айн зэвсгээ нууна. Монголчуудын дуунд тэд айн дагжиж, нум саадагных нь чимээг сонсоод чичирнэ. Хүн бүхэн эцсийн цагаа хүлээн үнхэлцгээ хагартлаа айна. Айн сүрдсэн хүүхэд ээжийнхээ энгэрт наалдахад тэд Монголчуудын нүдэнд өртөхөөс өмнө хүүхэдтэйгээ хамт эрэг ганга руу үсэрнэ”.
***
Каспи, Кавказын умардын ард түмнүүд болон Оросыг байлдан эзэлснийг он цагаар хураангуйлвал:
-1236 оны намар Ижил мөрний Их Булгарыг дайран цохив. Энэ зуураа буртас, башкир, мордва, эрза, мокша зэрэг хэд хэдэн үндэстнүүдийг дагуулав.
-1237 оны хавар Батын арми Дон, Ижил мөрний дунд куман, алануудын хамтарсан хүчийг бут ниргэв.
-Энэ зун, намар Мөнхийн цэрэг Ижилийн доод адгаар байх газар нутгийг эзлэн саксиний ард түмнийг дарав.
-1937 оны намар Бат, Сүбээдэй нар одоогийн Воронеж орчимд цэрэг армиа бүртгэж, хан хөвүүдээ цуглуулаад, Оросыг хэрхэн дайлахаа төлөвлөн хэлэлцэв.
-Байлдааны ажиллагаагаа эхэлж, Онузыг эзлэн шатаагаад нэг шидтэй хүүхнийг хоёр элчийн хамт Рязанийн ванд илгээн зэр зэвсэг, мориор алба барихыг шаардав.
-1237.12 сарын эхээр Рязанийн ван Юрий Игоревич, ах Олег ван, Муром, Пронийн вангууд “Биднийг үгүй болохоор энэ бүгд та нарынх болно” гэсэн хариу өгөөд, цэргээ авч Воронежид очсон боловч хиар цохиулав.
-1237.12.16-нд Рязань хотыг бүслэн 7 хоног дайлж, эзлэв. Оросын нэгэн вант улс Рязань унав.
-Ока мөрөн өгсөн 160 орчим юм давшаад Рязаньд туслахаар ирж явсан Владимирийн вангийн хүү Всевлодовичийн цэргээр хүч нэмсэн Коломнаг (Москвагаас 80 орчим км) дайран эзлэв.
-Москваг таван өдөрт бүслэн эзлэв.
-Зүүн тийш эргэж, Клязьма гол уруудан 160 орчим км урагшилж, Владимир-Суздалын вант улсад довтлон ороод 1238 оны 2 сарын эхээр Владимирийг эзлэв.
-Хойш огшиж Суздалыг эзлээд цэргээ хэдэн замд хувааж, тал бүр тийш илгээн, Городец, Юрьевец, Кострома, Галиц, Юрьев, Переяславль, Ростов, Ярославль, Углече Поле, Дмитров, Твер зэрэг Владимир-Суздалын вант улсын 14 их бага хотыг нэгхэн сарын дотор эзлэн дагуулав.
-Энэ үед умарш чиглэсэн фронтын өргөн Волок Ламскийгаас Галиц Мерский хүртэл 500 гаруй км сунажээ.
-1238.3.4-нд Ярославль хотоос хойш 70 гаруй км-т орших Сити голын намагт шивээлэн цэргээ хураан засаж суусан Владимирийн их ванг гэнэт дайран, хиар цохиж, их ванг алав. Ингэснээр тэр цагийн Оросын хамгийн олон хүн амтай, хүчирхэг Владимир-Суздалын вант улс унав.
-Энэ завсар баруунш давшсан Бат хааны бас нэгэн замын цэрэг Новгородын вант улсруу довтлон орж Ситиэс 160 гаруй км зайд орших Торжок хотыг бүслэн хаав. Бүслэлт 14 хоног үргэлжилж, 1238.3.5-нд хотын хэрмийг оньсоор нураан эзлэв.
-Ингээд Новгородын вант улсын нийслэл Новгород руу давшсан боловч 100 хүрэхгүй км наана Селигер нуурын умардаас гэнэт эргэж урагшлан Смоленскийн вант улсын нутагт цөмрөн оров. Новгород хүрэлгүй эргэснийг түүхчид ус, намаг, оросуудын баатарлаг эсэргүүцэл, ар тал дахь бослого, Монголчуудын хүчин суларсан зэрэг олон шалтгаан тоочивч, гол нь Новгородын вангууд эсэргүүцэлгүй, дагах болсонтой холбоотой.
-Новгород хотын 1238 оны түүх бичлэгт “Татаарууд царцаа мэт олноор ирэв” хэмээн бичиж үлдээжээ.
-1238.4 сарын эхээр Смоленск хотын хэрмэнд Монголын нэг анги цэрэг тулж очоод эргэв.Смоленскийн вант улсын нутгаар нэвт гарав.
-Мөн энэ үеэр бас нэгэн анги цэрэг Черниговын вант улсын Козельск хотыг бүслэн хаав. Хотыг 49 хоног бүслэн, хатуу ширүүн тулалдаж, 4000 орчим цэргээ алдсаны эцэст нэгдсэн хүчээр дайран эзэлж, хотыг газартай нь тэгшлэв. Хотыг “Чөтгөрийн хот” хэмээн нэрлэв.
-Мценск зэрэг хэд хэдэн хот болон Өмнөд Новгородын Курск хотыг явуут эзлээд Новгородын Селигерийн чанадаас Кипчакийн их тал нутагт хүртэл 700 гаруй км замыг аялан дайлан гарч ирэв. Тэд 1238 оны зуны дэлгэр цагт Дон, Донецийн завсар дахь бэлчээр нутагт ирж, цэрэг морио засан буудаллав.
-Энэ завсар Мөнх, Хадааны тэргүүлсэн цэрэг Кавказад довтлон черкес үндэстнийг дарав. Бэрх, Бүри, Шейбан зэрэг хан хөвүүдийн цэрэг боссон кумануудын үлдэгдлийг Дон, Кубаны их тал нутгаар элдэн цэвэрлэв.
-1238 оны намар мөн Кавказын ар хормойд хүчирхэг алан аймгуудыг ихээр дарав.
-1239 оны эхээр зүүн талд мордов, мошка нар бослого дэгдээсэн учир цэрэг анги тийш эргэж дарав.
-Энэ зуураа 1237 онд хүрээгүй байсан Рязанийн вант улсын зүүн хязгаарт байх Муромын ванлигийг эзлэв. Мөн Владимирийн вант улсын зүүн хязгаарын Гороховец, Доод Новгород зэрэг хэд хэдэн хотуудыг авав. 1238 онд Кавказаас умардад Доод Новгород хүртэл 1500 гаруй км, баруунш Орель хүртэл 1000 гаруй км өргөн уудам зайд дайтав.
-1239 оны хавар Переяславлийн вант улсад цөмрөн орж, хүчирхэг хамгаалалт бүхий нийслэл Переяславль хотыг хэдэн өдөр бүслэн хаасны эцэст эзлэв.
-1239.10.18-нд Черниговын вант улсын нутагт орж, нийслэл Чернигов хотыг авав.
-Эндээс Киев хот 100 гаруйхан км байсан ч дэргэдүүр нь гаран гэнэт урагш эргэв. Учир нь Днепр, Крым орчимд кипчакууд дахин өндийжээ.
-1239 оны өвөл, 1240 оны хавар, зуны турш Бат хаан кипчакуудын үлдэгдлийг 16 жилийн өмнө явсан Зэв, Сүбээдэйн мөрөөр Крымд хүртэл мөшгөсөөр дарав. Тэднээс олныг олзлон Судак хотод аваачин Венецийн боолын наймаачдад ихээр худалджээ.
-Кипчакуудын үлдэгдэл баруун тийш Карпатыг даван арилж, газар нутаг бүрэн цэвэрлэгдлээ.
-1240 оны намар Гүюг, Мөнхийн цэрэг урагшлан асу, косаг зэрэг хэд хэдэн үндэстнийг даран, Төмөр хаалга Дербент хүртэл давшиж, Чормаган хорчийн хяналтын бүсийн хил хүрээд буцав. Өмнө зүгт аюулгүй болов. Мөн Гүржийн хатан хаан Рустанад элч зарж, түүнийг сүрээр дагуулав.
-Монгол цэргийн морины жолоо баруун умарш эргэж, Киев хотыг нэгдсэн хүчээр бүслэн хаагаад тав хоногын дотор 1240.11.19-нд сөхрүүлэв.
-Каменец, Колодяжен зэрэг олон хотуудыг дагуулснаар Киевийн ванлиг бүрэн эзлэгдэв.
-Чухам Киев хотыг эзэлсний дараа болсон найрын үеэр Монголын хан хөвүүдийн хооронд зөрчил гарч Гүюг тэргүүтэй зарим хан хөвүүд цэрэг армиа аван нутаг буцсан байх магадлалтай. Учир нь Киев хотыг дайлсан хан хөвүүдийн нэрс дотор Гүюгийн нэрс байгаад, түүнээс хойш дахин үзэгддэггүй.
-Бат хаан үлдсэн цэргээ бууж өгсөн ард түмнүүдээр сэлбээд 1240 оны сүүлээр Изясловль хотыг эзэлснээр Владимир-Волынскийн вант улсын ээлж болов. Нийслэл Владимир хотыг мөн оны сүүлчээр эзлэн, Оросын мөн нэг вант улсыг дагуулав.
-1241 оны 2 сарын сүүлээр Монголын өмнөд замын цэрэг өштөн кумануудыг ивээлдээ авсан мажарын ван IV Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийн вант улсыг довтлон эзлэв.
Ийнхүү Оросын 10 вант улсаас гадна Булгарын хаант улс, Кипчакийн хаант улс, алан, черкес, асу, мордав, буртас, башкир, эрза, саксин, чуваш зэрэг 10 гаруй улс үндэстнүүдийг 1237 оны намраас 1241 оны эх хүртлэх хоёр жил хагасын хугацаанд дайлав. Нийт 60 гаруй хотыг эвджээ.
Бат, Сүбээдэй нар анхлан Оросыг 5-6 сарын хугацаанд байлдан дагуулахаар төлөвлөж байсан гэдэг. Ингэж удсаны шалтгаан нь ар талд кипчак, мордов, башкирууд дахин дахин бослого үймээн гаргаснаас оросын нутгаас хоёр ч удаа кипчакийн их тал руу буцсан холын аян хийж, Ижилийн булгараас Крымийн хойг хүртлэх 1400 орчим өргөн уудам тал хээр нутгаар кипчакуудын эсэргүүцлийн голомтийг хаа сайгүй дарж, мөн өмнө зүг Кавказ талаас довтлох аюулыг сэрэмжлэхийн тулд Төмөр хаалга хүртэл 1600 орчим км давшсан зэрэг цэрэг дайны нүсэр том операциудыг гүйцэтгэсэнд байдаг.
Хожим Орос орныг довтолсон эзлэн түрэмгийлэгчдийг оросын хязгааргуй уудам нутаг цуцааж, оросын хүйтэн өвөл хөлдөөж байв. 1812 онд Наполеоны, 1942 онд Гитлерын ялагдалд Оросын энэ онцлог чухал үүрэгтэй байжээ. Оросын он дарааллын бичигт тэмдэглэж үлдээснээр бол Монголчууд Орос оронд довтолсон 1240-өөд онуудад онцгой хүйтэрч, их цас унаж, гол мөрнүүд хүртэл голгүй хөлдөж байсан гэдэг. Гэвч Наполеон, Гитлер нарт тохиолдсоны адил зүйл Монголчуудад тохиолдсонгүй нь хүнд хэцүү аян дайнд хатуужиж шалгарсан арми, чадварлаг удирдлагатай холбоотой. Мөн орос нь нэгдмэл улс болж чадаагүй байсан нь ч нөлөөлсөн буй.
Үргэлжлэл: Европын төв рүү онилсон цахилгаан мэт довтолгоонууд