Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм. Энэхүү оюун ухааны гайхамшигт эрдэнэсийн санг үе үеийн олон эрдэмтэн, судлаачид, академичид тал бүрээр нь судлан зэрэг цол хамгаалан, зохиол бүтээлдээ ашиглаж ирснийг дурдах нь илүүц бизээ. Ингээд манай сайтын зүгээс Рашид ад дины “Судрын чуулган”-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байгаа билээ. Таалан болгооно уу.
Нэгэн өгүүлэл
Ажилладаг ч үгүй, юм хийдэг ч үгүй, ямар ч зүйл урладаггүй нэгэн хоосон хүн байжээ. Нэгэнтээ тэр хэдэн хэсэг төмөр олж, шовх үзүүр гарган нарийн мөчирт суулгаад хаан явж өнгөрдөг замд сууж байв. Өгөдэй хаан буянт мэлмийгээрээ холоос ажив. Тэрбээр түүний хийж буй ажлыг мэдэхээр хүн явуулсан байна. Тэр хэлэх нь “Би бол чадалгүй, чинээ багатай, олон ам бүлтэй хүн. Энэ шөвгийг хаанд тус болохоор авч ирлээ” гээд нөгөө /үзүүртэй төмрүүдээ/ өгөв. Нөгөө очсон ноён хаанд түүний байдлыг айлтгаад, харин тэр төмөр нь дэндүү болхи, чанаргүй болохоор нь хаанд харуулсангүй. Гэтэл хаан “Түүний авч ирсэн юмыг өг дөө” гэв. Тэр шовх төмрүүдийг нь буянт мутраараа аваад айлдсан нь “Энэ бараа нь хэрэг болно. Үүгээр малчид айрагныхаа хөхүүрийн цоорхойг оёх болно” хэмээв. Тэгээд мөнгөний ч үнэгүй зүйлд ширхэг бүрт нь мөнгөн зоос соёрхжээ.
Нэгэн өгүүлэл
Дээд төрөлт хаанд нэгэн их өндөр настай өвгөрсөн хүн ирж хоёр зуун алтан зоос өгөөч гэж гуйсан байна. Хаан түүнд өг гэж айлдав. Хааны дотны хүмүүс “Энэ хүний амьдралын наран гудайжээ. Тэр орох орон ч үгүй, төрөл төрөгсөд ч үгүй, үр хүүхэд ч үгүй, түүний амьдралын байдлыг хэн ч мэдэхгүй билээ” гэжээ. Хаан айлдсан нь “Энэ чинь бүх насандаа үүнийг л хүсч мөрөөдөж яваад ингэх аятайхан тохиолдлыг эрж явсан юм. Түүнийг цөхрөөж ордноос хөөн гаргах нь таарахгүй. Бүхний дээдэс бурхнаас ямар байхыг минь бидэнд зааж заяасан болохоор ингэх нь ийм эзэнтэнд таарахгүй, нэн зохимжгүй, уужуу тавиун санаатай нийцэхгүй болно. Гуйсныг нь хурдан өгөгтүн. Түүний өөд болох цаг нь өрсчихөж ч магад. Тэгвэл хүсч мөрөөдсөндөө хүрч чадахгүй болно” гэжээ. Айлдсан ёсоор түүнд зоосных нь ихэнхийг өгөөд байтал бүгдийг нь авч амжилүй өөд болж бурханд сүнсээ өргөв.
Нэгэн өгүүлэл
Нэгэн хүн наймаа хийхийн тулд түүнд сангаасаа бэлэн цэврээр таван зуун алтан зоос өг гэж хүссэн байна. Хаан гаргаж өг гэж тушаасан байна. Ойр дотны хүмүүс нь энэ хүнд баталгаа болговоос зохих юм алга, мөнгө ч байхгүй, мөн төдий чинээ өртэй юм гэж айлтгасан байна. Хаан түүнд мянган зоос гаргаж өг, түүний хагасыг нь зээл олгогсоддоо өгөг, нөгөөг нь эргэлтэд оруулаг гэж тушаасан байна.

Нэгэн өгүүлэл
Хүмүүс “Энэ гэрийн орчны тийм газар Афрасияб гэгчийн булж нуусан үнэт эрдэнэс байгаа” гэж тэмдэглэсэн бичиг олсон гэнэ. Тэр булаастай эрдэнэсийн тухай тэмдэглэлд дурдахдаа, дармал баялгийг энэ дүүрэгт байгаа ачлагын амьтад даахгүй гэсэн ажгуу. Өгөдэй хаан өгүүлрүүн “Бусдын дармал баялаг бидэнд хэрэггүй. Харин бидэнд байгаагаа хүмүүс, захирагдагсдынхаа төлөө цөмийг нь зарцуулах болно” гэжээ.
Нэгэн өгүүлэл
Нэгэн худалдаачин сангаас цэврээр бэлэн 500 зоос авсан ажгуу. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөөх ирээд, тэр зоосноос үлдсэнгүй гээд өөрийгөө зөвтгөхийн тулд үзэж болохооргүйгээр шалтаг тоочиж байв. Гэтэл түүнд дахиад 500 зоос гаргаж өг гэж хаан тушаав. Тэр аваад дараагийн жилд дахин ирж бүр ч үзэж болохооргүй өөр шалтаг тоочжээ. Хаан мөн л тэр хэмжээний зоосыг түүнд өг гэж тушаасан байна. Тэр дахин ирж дахиад л өөрийгөө зөвтгөөд л байв. Бичигч нь түүний хэлж байгаа үгийн үнэн худлыг мэдэхийн тулд тандуул хүн явуулжээ. Тэр хариулсан нь, тийм хүн хотуудаар явж мөнгө үрэн таран хийж, идэж ууж л явдаг гэжээ. Тэгэхээр нь хаан айлдсан нь “Зоос нь урьдынхаараа л байх болно. Харин түүнээс зоосыг авч байгаа нь манай харьяат нар учир мөнгө нь ч бидний гарт л үлдэж байгаа хэрэг. Түүнд урд өгч байсан шигээ өгч л бай, харин битгий үрэн таран хий гэж хэлээрэй” гэв.

Нэгэн өгүүлэл
Хятадын хотуудын нэгэн блох Тай-мин-фугийн оршин суугчид гомдол мэдүүлсэн нь “Бид найман мянган зоосны өртэй билээ. Энэ нь манай үгүйрэн доройтохын шалтгаан болж байна. Учир нь зээлдүүлэгсэд нь өрөө төл гэж шаардаад байна” гэжээ. Хэрэв тэдэнтэй эвийн хэлэлцээр байгуулах тухай тушаал гардагсан бол бид зугуухан төлчих юм. Тэгвэл үгүйрэхгүйсэн билээ гэсэн байна. Хаан айлдсан нь “Зээл олгогсдыг эвийн хэлэлцээр байгуул гэж албадвал тэдэнд хохиролтой болно. Харин түүнийг анхаарч үзэхгүй орхивол харьяат нарт маань үймээн гарах шалтгаан болно. Сангаас л төлчих нь хамгийн дээр болно” гэв. Зээлдүүлэгсэд нь гарын үсэг авч ирэх буюу зээл авсан хүнээ дагуулан ирж сангаас мөнгөө автугай гэсэн зар түгээв.
Нэгэн өгүүлэл
Дээд төрөлт хаанд лалын ариун сүсгийг тоодоггүй нэгэн араб ирж сөгдөв. “Би зүүдэндээ Чингис хааныг харлаа. Тэрбээр “Лалын сүсэгтэн нарыг ахиу хөнөөтүгэй. Тэд бол их маанаг хүмүүс гэж миний хөвүүнд хэл” гэж айлдлаа хэмээжээ. Хоромхон зуур бодсоноо Өгөдэй хаан асууруун “Тэр чамд өөрөө хэлэв үү. Хэлимчи /хэлмэрчээр/ хэлэв үү?” гэв. Араб эр “Өөрийнхөө амаар айлдсан” гэв. Хаан асууруун “Чи Монгол хэл мэддэг юм уу?” гэтэл нөгөөх нь “Үгүй” гэв. Тэгэхэд хаан айлдсан нь: “Чи худал хэлж байгаад эргэлзэх юм алга. Учир нь миний эцэг Монгол хэлээс өөр ямар ч хэл мэддэггүй гэдгийг би баттай мэдэж байна” гэв. Түүнийг хороо гэж айлдав.
Нэгэн өгүүлэл
Хятадаас жүжигчид ирсэн байна. Тэд гайхмаар соньхон зүйлүүд үзүүлсний дотор янз бүрийн угсаатныг дүрсэлсэн дүрүүд байв. Далимд нь тэд нэг буурал сахалтай, толгой дээрээ тоорцог тавьсан өвгөнийг морины сүүлнээс уян чирэн гарч ирлээ. Өгөдэй хаан асууруун “Энэ чинь юуг дүрсэлж байгаа юм бэ?” гэхэд “Лалын сүсэгтнүүдийг манай цэргүүд ингэж хотоос гаргадаг юм” гэж хариулав. Өгөдэй хаан зарлиг болгон Багдад, Бухараас ачиж ирдэг өөрөөсөө гэрэл цацруулдаг чулуунуудаар бүрхүүлсэн эрдэнэс сувд гэх мэт зүйлс болон энэ оронд байдаг бусад эрдэнэсийг сангаас гаргаж мөн араб морьд болон түүнчлэн хятад барааг ч авчир гэж тушаав.
Тэдний авч ирүүлэн зэрэгцүүлэн өрөөд жүжигчдэд харуулав. Эдгээр бараа хоорондоо зүйрлэшгүй их ялгаатай байв. Тэгээд хаан айлдсан нь “Ховор тохиолддог, ядуухан лалын сүсэгтэн тажик гэхэд л түүний зааврыг даган гүйцэтгэж байдаг хэд хэдэн хятад боолгүй байна гэж үгүй. Гэтэл хятадын ихэс ноёдын нэгэнд ч олзолсон лалын сүсэгтэн боол байдаггүй билээ. Энэ байдал бол бүх үед байсан, угсаатан түмэн бүрийн сайн тал сайн чанарыг мэддэг бурхны хэт мэргэн болохыг харуулж байгаа баталгаа юм. Энэ нь лалын сүсэгтний амийг дөчин алтан зоосоор, хятадынхыг нэг илжгээр дүйцүүлэн торгож байхаар тогтоосон Чингис хааны Их яс-засаг хуультай гарцаагүй дүйж байна. Ийм яруу тод баталгаа нь угтаа бэлэн байсаар атал лалын сүсэгтнийг ингэж доромжилсон байдлаар гаргаж яаж болох билээ? Ийм муу хэрэг гаргасны төлөө та бүхнийг цээрлүүлэх хэрэгтэй болов, би та нарыг энэ удаа өршөөе. Биднээс тонилтугай, хойшид ийм юм бүү хийтүгэй” гэв.
Нэгэн өгүүлэл
Эхлээд идшинд хэрэглэх хонь болон бусад амьтныг муулахдаа хэн ч гэсэн хоолойг нь огтолж болохгүй гэсэн хууль гаргасан байна. Тэдний заншлаар бол түүнийхээ өвчүү ба далыг нь зүсэж алдаг байна. /өрлөж алдаг гэсэн үг/ Нэгэн лалын сүсэгтэн захаас хонь аваад гэртээ хөтлөн харьж үүдээ түгжээд гэртээ хоолойг нь огтлон “Бисмилла” гэж наминчлав. Гэтэл ямар нэгэн кипчаг хүн түүнийг зах дээр хараад хойноос нь дагаж очоод байшингийнх нь дээвэр дээр гарсан байлаа. Тэгээд лалын сүсэгтэн хониныхоо хоолой руу хутга шаахтай зэрэг нөгөө кипчаг хүн дээрээс нь дэвхрэн буугаад нөгөөхийн гарыг хүлж Өгөдэй хааны ордон тийш аваачлаа. Хаан хэргийг шалга гэж шүүгчээ явууллаа. Тэд шалгаад хэрэг гарсан байдал болсон явдлыг илтгэхэд хаан айлдсан нь: Энэ үгээгүй нь манай хуулийг сахисан байна. Харин түрэг нь түүнийг зөрчсөн ажгуу. Учир нь дээвэр дээр нь гарсан байна гэв. Тэгээд лалын сүсэгтэн нь зэмгүй үлдэж харин кипчаг нь цаазлагджээ.

Нэгэн өгүүлэл
Монголчуудын заншил дэглэм нь ийм байдаг. Зун, хаврын улиралд өдрийн цагаар ч задгай гол усанд ордоггүй, тэр бүү хэл голын усанд гараа угаадаггүй, алт мөнгөн сав байлаа ч ус утгаж авдаггүй, угаасан хувцсаа газар дэлгэдэггүй байна. Учир нь гэвэл тэдний боддогоор чухам ийм зүйлүүд л тэнгэр хүчтэй дуугарах, цахилгаан цахилах явдлын шалтгаан болдог ажээ. (Монголчуудын байгаль дэлхийгээ хүндэлж, хөх тэнгэрээ шүтдэг заншлыг Рашид ад дин дутуу дулимаг ойлгосон байх талтай) Тэд нь энэ бүхнээс ихэд айж зугтаан гүйдэг байна.
Нэгэнтээ Өгөдэй хаан Цагадайтай ан хийгээд буцаж явсан байна. Тэд усанд ороод биеэ угааж байсан нэгэн лалын сүсэгтнийг харсан байна. Зан заншлыг ихээр баримталдаг байсан Цагадай лалын сүсэгтэнг алах гэсэн байна. Харин Өгөдэй хаан өгүүлрүүн: “Одоо цаг нь биш. Бид ч ядарлаа. Түүнийг бариад энэ шөнө цагдаж хоног. Харин маргааш түүнийг шүүг. Тэгээд цаазлаг” гэжээ. Тэрээр энэ хэргийг Данимэш Хажибт даалгаад лалын сүсэгтний орж байсан усанд нэгэн мөнгөн зоос нууцаар шид гээд маргааш шүүхэд ингэж өч гэж тэр лалын сүсэгтэнд хэл гэв. Үүнд, “Би ядуу хүн, надад байсан мөнгө минь усанд уначихсан билээ. Би түүнийгээ авахын тулд л усанд орсон” гэж хэлээрэй гэж Өгөдэй хаан тушаав.
Дараагийн өдөр нь түүнийг шүүхэд тэрээр энэ тайлбарыг хэлсэн байна. Тийш нь хүн явуулж үзүүлэхэд мөнгөн зоос олдсон байна. Хаан айлдсан нь: “Аугаа их ясыг хуулийг (Их Засаг) зөрчих зоригтой хүн байна? Энэ золгүй хүн туйлын их ядуу тул гачаалаас иймхэн юмны төлөө өөрийгөө золиос болгосон байна” гэжээ. Тэгээд суллаад хаан түүнд сангаас 10 зоос өг гэж тушаалаа. Тэгээд үүнээс хойш дахин ийм хэрэг гаргаж зүрхлэхгүй гэсэн баталгааг бичгээр гаргуулан авсан байна. Үүнээс болоод дэлхийн чөлөөт хүмүүс хааны сайн санааны боол болсон гэнэ. Учир нь сайн санаа бол ихээхэн үнэт эрдэнэсээс илүү ажгуу. Болгоогтун.