Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
1536 онд цаазын зандалчин Хенрих VIII хааны хатан Анна Болейны толгойг цавчаад цугласан олонд өргөж үзүүлжээ. Энэ үед хатны уруул ямар нэг юм хэлэх гээд байгаа юм шиг өмөлзөн татвалзаж байсныг олон хүн анзаарсан байна. Дараа нь зандалчнаас энэ тухай асуухад өнөөх нь “цаазлуулсан хүний толгойг зүгээр нэг өргөдөг юм биш. Их биенээсээ салсан толгойг ард түмэн хараад яаж баярлаж, айж хэрдхийж байгааг тэр толгойд өөрт нь харуулах гэж тэгдэг юм шүү” хэмээн хариулсан гэдэг. Нэг ёсондоо их биегүй болсон мухар толгой нэг хэсэгтээ юм харж, ойлгох чадвартай гэсэн санаа бололтой.

1792 оноос эхлэн францчууд цаазын ялд хэрэглэх илүү “хүнлэг” арга болох гильотиныг ашиглаж эхэллээ. Энэ аргын онцлог нь хүний амийг агшин зуур тастах учир илүү хүнлэг гэж нэрлэсэн бололтой. Гэтэл энэ техникийг хэрэглэж эхэлснээс хойш цавчуулсан толгойтой холбоотой олон хачирхалтай яриа бүр ихээр гарах болж, тасарсан толгой амьдын шинж үзүүлж байсан тохиолдлууд улам “элбэгшлээ”. Ихэнхдээ л 20-30 секундийн турш тэрний толгой тэгсэн, ингэсэн гэсэн ярианууд.
1793 онд Францын хувьсгалын нэгэн удирдагчийг хөнөөсөн этгээд болох Шарлотт Корде гээчийг цаазаар авсны дараа зандалчин толгойг нь өргөж байгаад хацар руу нь алгадахад нүдний аньсага хөдөлж, уруул нь өмөлзөн, бараг л уурлаж байгаа мэт нүүр царайны хувирал гаргасан гэх.
Хувьсгал л болсон хойно олон ч хүнийг цаазалж, дараа нь хүн цаазлах тушаал өгч байсан нөхдүүд өөрсдөө тэр цааздаа өртөх мэтээр болдог юм болдгоороо болох ба энэ болгонд хүний тархи ямар нэг хэмжээгээр амьд байгаа шинж тэмдэг үзэгдсээр.
Францын эмч Габриэль Борье гээч нь энэ явдлыг судалж эхэлсэн байна. Тэрээр цаазын тавцангийн яг дор нь байрлаж, толгойг саванд хаях үед нь цаазлуулсан хүний нэрийг дуудаж, ямар өөрчлөлт гарахыг хардаг байв. Лав л нэг удаагийн цаазын үеэр цаазлуулсан хүний нэрийг дуудахад нүд нь нээгдэж байсан гэх бөгөөд дахин дуудахад нүд нь арай сулхан хөдлөөд, гурав дахь удаагаа нэрийг нь дуудахад л ямар ч хариу үйлчлэл илрээгүй байна.
Ингээд эмч Габриэль Борье хүний толгойг их биеэс нь салгасны дараа тархи нь ойролцоогоор 20-30 секундийн турш амьд байх боломжтой юм байна, тархинд байгаа хүчилтөрөгч дуусахад л тархи үхнэ гэсэн дүгнэлтэд хүрчээ.

1794 онд буюу хувьсгал хийсэн нөхдүүд нэгнийгээ ээлж дараалан хэлмэгдүүлдэг ёсоор Францын эрдэмтэн Антуан-Лоран де Лавуазьег цаазлах боллоо. Тухайн үеийн Францын хамгийн нэртэй, чадвартай энэ эрдэмтэн байгалийн болон химийн шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн байсан бөгөөд байнга л аливаа юмыг судалж шинжилж явдаг тийм хүн байсан гэдэг. Ямар сайндаа л энэ хүнийг цаазалсны дараа өөр нэг эрдэмтэн “Лавуазьег цаазлахад агшин зуурын л хугацаа орсон бол харин дахиж ийм хүн төрөхөд 100 жил ч хангалтгүй биз ээ” хэмээн гашуудаж байжээ.
Лавуазьег цаазлах шийдвэр гарсны дараа ч мань эрдэмтэн зүгээр байсангүй. Тэрээр өөрийн хамгийн ойр дотны хүмүүстэй уулзах үедээ “Намайг цаазалсны дараа би аль болох нүдээ ирмээд л байхыг бодно. Болох үгүйг нь, болж байвал хэдий хугацаанд ирмэж байх нь вэ гэдгийг тэмдэглээд аваарай” хэмээн захисан байна. Эрдэмтэн хүн нөгөө ертөнцөд одож байхдаа ч ажлаа хийсээр.
Ингээд цаазын дараа энэ хүний нүд бараг 30 секундийн турш ирмэж байсан юм гэнэ. Цуу яриа нэг хүчээ авахаараа дийлдэхгүй тардаг болохоор энэ бүхэн нь зүгээр нэг ам дамжсан хуурамч яриа байж болох л юм. Гэхдээ …

Орчин үед энэ талаар олон судалгаа шинжилгээ хийж, янз бүрийн мундаг мундаг дүгнэлтүүд гарсан байдаг боловч чухам аль нь үнэн худал гэдэг нь мэдэгдэхийн аргагүй, цэвэр онолын шинжтэй л юмнууд байх ба тэр бүх зүйлийг ч бас үнэн гэх аргагүй юм. Ямар ч байсан дээр дурдсан Габриель Борье гээчийн дүгнэлт болох хүчилтөрөгч тархинд байгаа цагт тархи амьд байх боломжтой гэсэн дүгнэлтийг одоо олон хүн шүүмжилдэг юм байна. Наад зах нь жудо бөхийн боох мэхний үеэр олон тамирчин ухаан алдах нь элбэг бөгөөд нөгөө л тархинд цусан хангамж дутсан буюу хүчилтөрөгч байхгүй болсноор ийнхүү ухаангүй болдог билээ.
Тэгвэл туршлагатай тамирчнаас боолт хийгээд хэр хугацааны дараа нөгөө тамирчин ухаан алддаг вэ гэхэд “Барьцаа яг авч чадвал хоёр гуравхан секунд…” гэж хэлдэг. Энэ бол зүгээр л боолт буюу хүчилтөрөгч тархинд ямар нэг хэмжээгээр очих нь суларсаар байгаад ийм байдалд хүрнэ. Харин толгойг салгана гэдэг нөхцөлд агшин зуур бүх л хангамж үгүй болж, даралт байхгүй болно гэсэн үг бөгөөд ийм нөхцөлд дахиад 20-30 секунд амьд байлгах хүчилтөрөгч тархинд байна гэдэг багаар бодоход л эргэлзээтэй юм. Ямар ч байсан эрдэмтдийн хэлсэн “Тархи гэдэг агуу зүйлийн нууцыг тайлтал дахиад олон зуун жил шаардагдах биз ээ” гэсэн үг байдаг юм гэсэн. Зүгээр ч нэг “толгой” амьд байсан тухай тэр олон арван тохиолдлуудын тухай яриа өдий хүртэл үргэлжлээгүй байлгүй.
Өөр нэгэн түүх: Хааны хийсэн бүтээл хааны аминд хүрсэн түүх

Энэ зураг дээрх эрхмийг Людовик XVI гэдэг бөгөөд (Луй буюу Louis XVI) Франц хэмээх улсын тэргүүн, хэмжээгүй эрхт хаан нь байсан юм.
Яг үнэндээ хаан маань ийм гоё ганган байх нь цөөхөн, ихэнхдээ тос хир болсон хормогч зүүгээд ордныхоо доорхи өрөөнд элдэв оньсон эд зүйл засаж, задалж, эвдэж суух дуртай хүн байсан юм гэнэ лээ. Өөрөө ч бас “Хэрэв би хаан болоогүй байсан бол дархан, мужаан болох байсан юм даа” гэж ярьдаг байж.
Хар бага наснаасаа ийм юмтай ноцолдож өссөн хаан зав зай гарвал л ордны янз бүрийн эд зүйлийг засаж, шинээр хийх ба ялангуяа цоож түгжээтэй ноцолдон суухыгаа жаргал гэж үздэг байжээ. Өнөө цагийн далай ламын маань эрт өмнийн нэг хувилбар нь байж гэмээр байгаа биз?
Тухайн үед Францын шүүх засаглал цаазаар авах олон арга хэрэглэдэг байлаа. Сэлмээр толгой цавчих, дүүжлэх, гэмтний гар хөлийг адуугаар тасар татах, галд шатаах, хайлсан тугалга тос энд тэнд нь цутгах гэх мэт.
1789 онд Жозеф-Игнас Гильотен хэмээх эр хаанд нэгэн санал хүргүүлсэн нь дээрх олон цаазын аргыг халж оронд нь ганцхан арга хэрэглэх тухай бөгөөд тусгай оньс бүхий цаазлах төхөөрөмжийг хэрэглэснээр энэ цуст ажил нь илүү хүнлэг болж, хэрэгтэн амархан үхэх, улс орны эдийн засагт ч нэмэртэй байх тухай тайлбарласан байв. Дээр нь тухайн цагт улам бүр хүчийг авч байсан”хүн болгон адил тэнцүү” гэсэн үзэлтэй энэ арга нь сайхан таарч байгаа гэж. Дээдсийг ч, доодсыг ч нэг л аргаар яллаж устгана гэдэг адил тэгшийн хамгийн тод илрэл!
Удалгүй Францын их хувьсгал эхэлж, хувьсгалын үйл хэргийг эсэргүүцсэн (бас огт эсэргүүцээгүй ч хэн нэгэнд таалагдаагүй) хүмүүсийг бөөн бөөнөөр нь цаазалж эхэлжээ. Болдог л зүйл. Францын гол зандалчин болсон хөөрхий Сансон болон түүний туслах нар л ажлын ачааллаас болон их ядарч байж.
Ийм цаг үед нөгөө цаазлах оньс хийх тухай яриа улам бүр хүчээ авч ажил хэрэг болж эхэлсэн ба 1792 онд Францын “Их Зөвлөл” цаазын шинэ арга хэлбэрийг дэмжсэн хууль гаргаж, хаан баталгаажуулан гарын үсэг зуржээ. Гэхдээ энэ үед хаан маань “хаан” нэртэй боловч бараг л хоригдол болсон цаг үе байлаа.
Тусгай томилогдсон баг хүний толгой авах боломжтой олон механизм дундаас нэгийг шалгаруулан, жижиг хэмжээтэйгээр хийж хаанд өргөн барьсны дараа Францын хамгийн том механикч болох Людовик хаан маань өөрөө шалгаж туршиж эхэлжээ. Дуртай ажлаа хийж байгаа хүн дор нь л юмны учрыг олдог хойно засаж сайжруулах олон юм хэлж өгсөн бөгөөд үүнээс толгой тастах ирний хэлбэрийг өөрчлөх нь чухал ач холбогдолтойг дахин дахин хэлж байсан гэдэг. Төслийн багийнхны оруулж ирсэн саналаар бол ир нь хагас дугуй хэлбэртэй байв. Харин хаан ташуу хэлбэртэй байвал хүний хүзүү толгойг илүү амархан зүсэж тасдахыг онцолжээ.
Хааны зөв байлаа. Олон ч хүний толгойг “гильотен” хэмээн нэрлэгдэх болсон энэ механизмаар салгаж байсан ба үр дүн нь ч онцгой сайн.
Хувьсгал үргэлжилсээр, цуст аллага үргэлжилсээр.
1793 оны өглөө. Хувьсгалын талбай.
Түмэн олон цаазын тавцанг тойрон хүрээлж, ламын тохойноос түшин гарч ирэх хүнийг хараад орилолдон хашхирч эхэлжээ. Энэ хүний нэр нь Луй Капет, цагтаа Луй XVI нэртэй хаанчилж байсан тэр хүн.
Цаазлах журмаар бол хэрэгтэн этгээдийн гар хөлийг хүлж, гадуур хувцсыг нь тайлах ёстой боловч хаан үүнийг зөвшөөрсөнгүй. Тэрээр үхлээ нэр төртэй хүлээж авахаа мэдэгдэж, “дэмий балай юмаар өөрийг нь гутаахгүй байхыг” зандалчнаас хүсжээ. Хэрэгтэн зандалчин хоёр маргалдаж, зандалчин хүч хэрэглэх дээрээ тулах үед ламтан дундуур нь орон хаанд “өөрийн тань баталсан дүрэм журам болохоор тэрийгээ дагавал илүү нэр төртэй байх” тухай хэлснээр хаан бууж өглөө. Тэрээр өөрийн гэм буруугүй тухай, алуурчдаа өршөөн хэлтрүүлж байгаа тухай хашхирч байхад зандалчид мань эрийг гильеотинд оруулж, хааныг үгээ хэлж дуусахад бөмбөрийн дуу хадаж эхэлсэн нь хүсэн хүлээсэн үйл явдал болоход ойртсоныг (циркт акробатчин аймшигтай үсрэлт хийхийн өмнө бөмбөр яаж дуугардаг билээ? яг тэр юм гэнэ) анхааруулсан хэрэг байлаа. Тэр даруй аймшигт ир доош унаж, Франц улсыг хаанчилж байсан эрийн амьдрал төгссөн ба харин түүний хүзүү толгойг салгасан тэр оньсыг энэ хүн өөрөө бүтээсэн нь ёстой л түүхийн тохуурхал гэлтэй.
Өөр нэгэн түүх: Үхсэн хүнийг шүүж цаазын ял оноосон хачирхалтай түүхүүд
Английн түүхэнд Оливер Кромвель хэмээх нэгэн нөхрийн гүйцэтгэсэн үүргийг зөвхөн сайн муу гэж тодорхойлох аргагүй юм. Пуритан шашинтан энэ хүн “дэндүү католик” зантай Карл I-ийн эсрэг тэмцэж ялаад, толгойг нь авч, төрийн эрхийг барьж байсан цаг үе бий. Тэрээр 1658 оны 9-р сарын 3-нд хоёр янзын хүнд өвчний улмаас удтал өвдөж байгаа нас баржээ. Дараа нь 1661 оны 1-р сарын 30-нд түүний өстөн дайсан болох Карл II нь Оливер Кромвелийг цаазлах зарлиг гаргасныг биелүүлсэн гэдэг.
Нэг л биш болоод ирж байгаа биз?! Гэтэл ийм явдал зөвхөн Оливер Кромвельд ч тохиолдсон юм биш байж. Эдгээрээс гурван түүхийг сонирхуулъя.
Оливер Кромвель
Карл I-ийг ширээнээс нь буулгаж, цаазалсныхаа дараа хаант засгийг тэр чигээр нь халсан том ажил хийсэн хүн бол яах аргагүй Кромвель. Үүнийхээ дараа лорд-протектор болсон энэ хүн хаант засгийн эсрэг тэмцэж ялж байхдаа хичнээн олон дайсантай болсныг төсөөлөхөд хэцүү зүйл биш байх. Засаг төрөө удирдан, албан тушаалаа хашин байсаар дээр дурдсан хавсарсан хоёр өвчнөөр нас барахад хүү нь орыг нь залгасан боловч ганцхан жилийн дараа төрийн эрхийг цэргийнхэн булаан авч, хаант засгийг эргэн сэргээсэн байна. Одоо шинэ хаан Карл II-ын хариугаа авах цаг.
Юуны түрүүнд тэрээр өмнөх хааныг цаазалсан хэрэгтэй холбоотой бүх л хүмүүсийг баривчилсан бөгөөд 59 хүнд цаазлах ял оноосон ч нэлээд хэдэн хүнийг дүүжилж, өөр бас бус хүмүүсийг насаар нь гянданд хорих шийдвэр болгон өөрчилжээ. Үүнээс харахад Карл II нь нэг бодлын энэрэнгүй зан гаргасан харагдана. Гэхдээ Карл II хаант засгийг устгасан хүмүүсийг үзэн ядаж байлаа. Тэр хэргийг хийсэн голлох гэмт хэрэгтнүүдийг заавал дүүжилж, хөнөөнө гэж амласан боловч түүний хувьд дээрх хэргийг хийсэн гэмтнүүдийн нэлээд нь үхээд удаж байж.
“Бүгдийг нь ухаж гаргаж ир, дараа нь шүү, тэгээд толгойг нь ав, дүүжил”, энэ бол Карл II-ын зарлиг. Олон хүмүүсийн цогцсыг ухаж гаргаж ирэн, шүүх хурлыг ном ёсоор нь хийж ял өгөөд, нэр усыг нь мэдэгдэхгүй болгон нүх рүү хаян булсан бол Оливер Кромвель, Карл I хааныг шүүж, ял өгсөн шүүгч Жон Брэдшоу, Кромвелийн армийн жанжин, хүргэн нь болох Генри Иретон, өөр нэг цэргийн жанжин Роберт Блейк нарыг дүүжлэн хороохоор болжээ.
Ингээд Кромвелийн цогцсыг Вестминстрийн сүмээс гарган авч Тибурнд олны өмнө гинжээр дүүжлэн цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Дараа нь дүүжлүүрээс салган аваад толгойг нь тас.
Энэ толгойг 6 метрийн өндөр модон дээр тавьж (модон шонд хатгасан бололтой) Вестминстрийн үүд хавьцаа газар олонд харагдахаар байрлуулсан гэдэг. Үүнээс хойш 25 жилийн турш уг сүмээр орж гарч байгаа хүмүүс тэрхүү хатсан гавлын ясыг хардаг байжээ. Дараа нь хоёр зууны турш энэ толгой ийш тийш их аялсан бөгөөд 1960 онд л оршуулсан юм гэдэг.
Ромын пап Формоз
891-896 оны хооронд Ромын пап байсан Формоз гээч нь тухайн үеийн улс орнуудын хоорондох янз бүрийн зөрчилд хэмжээ хязгааргүй хутгалдаж байсан бөгөөд Ватикан доторх тэмцэл ч энэ үед маш ширүүн байсан юм байх. Зайлуулах нэгийг нь зайлуулж, дарах нэгийг нь дарж байсан энэ хүн зүв зүгээр байгаад гэнэт үхлээ. Бодвол тэр үед дайснаа дарах гол зэвсэг болоод байсан хорны л нөлөө бололтой.
Ингээд Формоз хэмээх сайхан нэртэй хүн (formosus-латинаар сайхан гэсэн утгатай) бурхны оронд очоод 9 сар болсны дараа гэнэт газрын шүүх дууджээ.
Формозын дараагийн пап болсон Стефан нь өмнөх папаа жинхэнэ босоо ороолон байсан гэдгийг мэдэхийн хувьд хийсэн гэмт хэргийг нь шүүхээр шийдсэн нь энэ байж. Нэгэнт өөрөө ирж чадахгүй болсон “сайхныг” хүчээр ирүүлсэн буюу булшыг нь ухаж, шүүхийн танхим дахь хэрэгтний суудалд суулган байцааж эхэлсэн байна. Папын хувцастай, “нөгөө оронд” очоод 9 сар болсон хүнийг байцааж байгаа дүр төрх ямар байсан бол? Байцаалт, гэрчийн мэдүүлэг авах зэрэг хийх ёстой бүгдийг хийж шүүхийн шийдвэр гарсныг бодоход мань эр буруугаа хүлээсэн юм байлгүй гэмээр.
Шүүхийн шийдвэрээр Формозын гурван хурууг тайрах, папын хувцсыг нь тайлж нэр усгүй тэнүүлчдийн хүүр хаядаг газар шидсэнээр бүх хэрэг дууссан боловч Стефанд ийм шийтгэл дутуу санагдсан учраас дахин “босгон” нэгэн хог новшоор дүүрсэн гуу жалганд хаясан гэдэг. Ийнхүү янз бүрээр доромжлон байх тэр цаг үед гэнэт газар хөдөлж сүйд майд. Буруу хэрэг хийж байгаа, бурхны цээрлэл хүртэж мэдэхээ ойлгосон ард түмэн ч дор нь босч өнөөх Стефан папыг барьж авч хөнөөсөн юм гэнэ лээ. Бодвол дахиж газар хөдлөөгүй байх.
Жон Уиклиф
Энэ хүн бол дахин сэргэлтийн үеийн шашны нэрт зүтгэлтэн байсан бөгөөд загалмайн шашинтан хүн бол библи судрыг л дагах ёстой болохоос биш хэн нэг пап, хамба лам гэсэн гоё нэртэй хачин үйлдэлтэй хүмүүсийн үг зааврыг дагах ёсгүй гэж үздэг, үүнийгээ сурталчилдаг нэгэн байжээ. Шашны мяндагтнуудын тарган цатгалан, бузар амьдрал, хэт сүржин ёслол зэргийг эсэргүүцдэг, сүм хийд, шашны толгойлогч нар нь авлига хээл хахуульд идэгдсэн гээд хамаг муухай болгоныг тоочих энэ эрийг даган баясах олон мянган хүн бий болсонтой адилаар эсэргүүцэн ад үзэх хүмүүс ч хангалттай болсон байна.
Энэ мэтийн байдлаар шашинтай тэмцэж явсан эрийн зарим ном зохиолыг (1384 онд) нас барахын өмнөхөн нь буруу номын зүйл болохыг Ромын католик сүм хийд баталсан.
Харин 1415 онд тэр чигээр нь буруу номтон гэж зарлан бүх л бичиг зохиолыг нь хориглож, газар дэлхийг бузарлах ёсгүй гэж үзсэн учир 1428 онд (44 жилийн дараа юу үлдсэн байсан юм бол доо хөөрхий) цогцсыг нь ухан гаргаж ирээд баахан зодож занчаад шатаасан байна. Үнсийг нь газар булж болохгүй учир нуурын хөвөөнд цацсан гэдэг.