Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
“Бид урьд нь Бархасбадь гаригийг ийм тодоор харж байсангүй. Энэ зураг бол үнэхээр гайхамшиг. Үнэнийг хэлэхэд ийм сайн дүрс гарна гэж бид огт бодож байгаагүй юм шүү”- энэ бол Жеймс Уэбб сансрын дурангаар авсан Бархасбадь гаригийн зургийг өнгө оруулж янзалсны дараа сансар огторгуйг судлагч Беркли Имке де Патер хэмээх хүний хэлсэн үг. Нээрээ ч од гариг эрхсийн тухай тааруухан ойлголттой хүн ч хараад биширмээр уг зураг дээр Бархасбадийн цагираг, зарим нэг дагуул, туйлын туяа гээд хараад л баймаар зүйлүүд олон бий. Нөгөө алдарт улаан толбо хэмээх хуй салхи зэргийг яриад ч яах вэ.

Энэ зураг гарсны дараа Бархасбадийн талаар ихээхэн өвөрмөцөөр, шинжлэх ухааны хялбаршуулсан хэлбэрээр бичсэн нэгэн нийтлэл уншиж байснаа тантай хуваалцъя гэж бодлоо. Хэдийгээр энэ нь хялбаршуулсан гэх боловч мань мэтийн нөхдөд хэт нарийн нэр ус, ойлголт хэрэглэсэн байсан тул уг нийтлэлийг өөрийн ойлгосон хэмжээгээр дахин хялбаршуулж, монголчлон, “ахуйчлан” хүргэж байгаа болохоор алдсан эндсэн юм гарвал өршөөх биз ээ.
…Эх дэлхий маань гэнэт тойрог замаас гараад Бархасбадь гаригийн татах хүчинд автан тийшээ нисэн одлоо… Ийм юм байж болох уу? Болохгүй ээ. Нар Бархасбадиас хэд дахин том, татах хүч нь хамаагүй их, зай нь ч бага болохоор дэлхий ийш тийш татагдан явлаа гэхэд нар руу л зүглэх нь мэдээж. Гэсэн ч хүн байна даа янз бүрийн уран сэтгэмж гаргаж зүгээр л нэг мөрөөдөөд үзвэл яасан юм бэ?
Ингээд эх дэлхий маань алсын их аяндаа мордож, ах дүү болсон том гаригтайгаа золгохоор 240 хоногийн нислэг хийж эхэллээ. Дэлхий даяар удахгүй болох их сүйрлийн тухай шуугиж, ард түмэн сандран тэвдэж, том улсын засаг төрүүд учрах аюулаас гарах арга хайцгаасаар.
Дэлхий маань нарыг тойрч эргэхдээ 365 хоног зарцуулдаг гэхээр энэ нь ойролцоогоор секундэд 29 км хурдтай явдаг болж таарах нь. Энэ хурдаа алдахгүй гэж тооцохоор 242 хоногийн дараа хоёр гариг мөргөлдөн сүйрэх боловч монголчуудын хувьд цагаан сараа наадамтайгаа хийж амжихаар хангалттай хугацаа. Шинэхэн дээл хувцсаа оёулж, найр наадмын бэлтгэлээ базааж буй завгүй монголчуудад ирээдүйн их сүйрэл нь “тэр болтол хаа ч байсан юм” гэмээр зайтай санагдах л байх.
Дэлхий тойрог замаасаа гарсны дараа эхлээд бид юу ч мэдрэхгүй. Шувуу донгодож, өвс ургаж, нар шардаг хэвээрээ боловч тэнгэрт харагдах нэгэн од шөнө болгон улам томорсоор. Долоо хоногийн дараа дэлхий маань хоёр сартай болсон юм шиг харагдах бөгөөд нэг нь өнөөх Бархасбадь гуай!
Тун удалгүй сар маань биднээс салан холдож, хязгааргүй огторгуйн гүн рүү нисэн одох ба цаг агаар ч аажмаар өөрчлөгдөж байгааг цаг уурчид эхэлж мэдээлэх болно.
Хэдийгээр манай дэлхийн агаар мандал агаарын хэмээ нэлээд хугацаагаар барих боловч аажимхан хүйтэрч эхлэх ба Ангараг гаригийн тойрог замд орох үед нарны тусгал хоёр дахин багасаж, нарны өгөх илч тэрнээс илүүгээр буурах нь. Зуны сайхан цаг боловч, цас мөс шуурч эхлэх үед нөгөө найр наадам хийх гэж байсан хүмүүс маань чухам юу болох гэж байгааг ойлгон бужигнаж эхэлнэ дээ. Томоохон дэлгүүр хоршоонд зузаан дээл хувцас олдохоо байж, үнэ нь ч дийлдэхээ болих ба түлээ түлш олохын тулд уул руугаа дайран орж хэдхэн өдрийн дотор халзлаад хаялаа. Харин аз болж махны үнэ огцом бууран, ёстой нэг гэдэс гартлаа чихсэн хүмүүс. Архи дарс, зодоон цохион, замын түгжрэл зэргийн тухайд яриад ч яах вэ.
Дараа нь астероидын бүсэд орж ирнэ. Астрономийн хэлээр бол өчүүхэн жижиг тэрхүү зүйл нь бидний хувьд Эверест л гэсэн үг. Ядаж байхад хэдэн саяараа эргэлдэхийг нь яана. Кинон дээр гардгаар бол манай дэлхий ийм астероидуудын нэгтэй мөргөлдөж сүйрмээр боловч үнэндээ тэрхүү чулуулаг зүйлүүдийн хоорондох зай нь багадаа дэлхий сар хоёрын хоорондох хэмжээтэй дөхүү юм гэнэ лээ. Аз нь харьчихаагүй бол дундуур нь гараад явчихалгүй яахав.
Гэхдээ энэ бүслүүрийг дайран өнгөрөх үед тэнгэрт мөн ч олон юмс үзэгдэж, солир унах нь хэмжээ хязгаараа алдах тул айж ичсэн хүмүүсийн лам, бөө рүү зүтгэх цуваа гэж айхтар юм бий болно. Аль олигтой гэсэн лам, бөө нарыг дарга нар “хувьчлаад” гэртээ аваачаад таг дарчих тул мань мэтэд хэдэн хэлтгий захтай дээлтэй жаахан банди олдвол дээдийн заяа.

Яваандаа Бархасбадь гариг маань тэнгэрийг тэр чигээр нь хучин авч, алдарт улаан толбо-хуй салхи гээчийг дурангаар биш нүдээрээ үзэж байгаадаа баярласан, биширсэн, уярсан астрономичид нь уйлж унжаад юмаа ч олигтой үзэж чадахгүй байсаар тулаад ирлээ. Одоо өөр нэг аюул тулгарсан нь Бархасбадийн дагуулууд. Энэ гаригийн харуул болсон 79 дагуул байх бөгөөд татах хүчний нөлөөгөөр улам бүр хурдлан нисэж байгаа дэлхий маань тэдгээрийн ядаж нэгэнтэй мөргөлдөх боломж маш өндөр. Дагуултай мөргөлдөх нь дээр үү, гаригтай мөргөлдөх нь дээр үү гэсэн маргаан улс төрийн намуудын дунд ширүүсч, хурал номоо хаяж, бойкот зарлан, төрийн ордноор дүүрэн бужигнаан.
Цаашид юу болж болох талаар нэгэн астрономич болон амьд үлдэх энгүй их хүсэлтэй нөхөр хоёр хоорондоо маргалдсан байдлаар сонирхуулъя.
Астрономич:
-Ингэж бужигнан байх үед гэнэт нэлсхийн гэрэлтсэнээ дэлхий маань байхгүй боллоо. Юу ч байхгүй…
Залуу эр:
-Юу гэж байгаа юм. Энэ том дэлхий байхгүй болно гэж… эрхбиш ганц нэг амьтан, ядаж нөгөө жоом, ялаа яадаг бол? Тэр эрт дээр үед галав юүлэхэд зөндөө л юм үлдсэн гэсэн шүү дээ.
Астрономич:
-Харамсалтай нь юу ч үлдэхгүй… бүр юу ч!
Залуу эр:
-Тэгвэл яг мөргөлдөхийн өмнө Бархасбадь руу үсэрчихвэл… тэр чинь аймаар хурдан эргэдэг гээ биз дээ. Мөргөлдөхийн өмнө үсэрчихвэл дэлхий очиж мөргөх хооронд гариг маань эргэлдээд (9 цаг 30 минутад тэнхлэгээ бүтэн эргэнэ) зөндөө хол газар аваачаад хаячихаар дэлбэрэлтийн аюулаас зайлчих ч юм бил үү… Юу ч гэсэн сайн хувцас, болбол сансрын нисгэгчийн хувцастай бол амьд үлдэх боломжтой юм биш үү?
Астрономич:
-Дэлхийгээс үсэрнэ гэдэг маань яана гэсэн үг вэ? Хаашаа? Дээшээ юу, баруун уу, зүүн үү? За яахав чинийхээр болж дэлхийгээс үсэрч амжлаа, чадлаа гэж бодъё…
Бархасбадь дээр чөлөөт уналтын хурдатгал нь дэлхийнхээс 2,5 дахин их болохоор гариг руу орох үед буюу 1 атмосфер даралт бүхий өндөрт агаарын хэм -107 хэм байх болохоор шууд хөлдөж үхнэ. Яахав их зузаан хувцастай гэж зүтгээд, цаашаа унагаад үзье л дээ. Тэгвэл таны унах хурд дууны хурднаас илүү гарч… хэрвээ та бүтнээрээ байгаа бол шүү дээ. Хүн бол аэродинамикийн хувьд нойлын ногоон тэг болохоор Бархасбадийн агаар мандалд ороод л эргэлдэн хөрвөлдөж тасар татуулан, олон мянган хэсэг болон сална. Харин ганц нэг хуруу, чих төдий болоод задарсан байхад унах хурд нь дууны хурданд ч хүрэхгүй.
Залуу эр:
-За яахав ээ… тэр хамаагүй, цаашаагаа унаад газарт л нэг хүрчих юмсан…
Астрономич:
-Тэгвэл та агаар мандалд ороод, та ч гэж таны хэлтэрхий агаар мандалд ороод 146 км доошлох үед агаарын даралт 22 атмосфер, агаарын хэм +150 даваад явчихна даа.
Залуу эр:
-Үгүй яахав дээ… зузаан хувцас чинь хүйтнээс гадна, бас халуунаас хамгаалдаг ш дээ. Яаж ийж байгаад газар хүргэчихэж болдоггүй юм уу? Юм л бол болохгүй гээд янз бүрийн юм яриад байх юм, энэ эрдэмтэд. 146 км доошилсон бол одоо газар энүүхэнд байгаа байлгүй. Нээрээ би шүхэртэй шүү. Битгий бяц унана барина гээд байгаарай
Астрономич:
-146 км-ээс цааш юм их өөр болно оо. 20 000 км-ийн турш устөрөгч голлосон хий л байна. Гүн рүү явах тусам даралтын нөлөөгөөр ус төрөгч нь шингэн хэлбэрт орж, халуун дулаан нь 6000 хэм хүрч нэмэгдэнэ.
Залуу эр:
-Аймшигтай хурдтай унаж яваа юм чинь тэсье л дээ. Газар хаа байна аа? Хамгийн гол нь газар!
Астрономич:
-Үгүй ээ, таны хурд 146 км-ээс эхлэн буурсаар сүүлдээ тэг хурдтай болно.
Залуу эр толгойгоо маажин:
-Яасан зовлонтой юм бэ? Тэгээд яваандаа дээшээ ч үгүй доошоо ч үгүй, хийн дотор хөвөөд байж байх юм уу? Тэгвэл ямар нэг арга чаргаар, техник хэрэгсэл ашиглаад дахиад доошоо… газар л гол нь шүү…?
Астрономич:
-Та ямар ч хувцас, ямар ч материалаар хийсэн хамгаалалтын хөлөг онгоцтой байсан байлаа ч тэнд юу ч үлдэхгүй ээ. Бүр молекул ч байхгүй болж химийн ямар нэг элементийн хэлбэрт шилжээд байхгүй… Угааса тэнд газар гэж юм байхгүй, дан хийгээс бүтсэн гариг шүү дээ!
Залуу эр:
-Ээ хайрхаан… за даа манай муу нар маань ч сайхан шүү, ээгээд л…