ОХУ-ын зүгээс Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” нь сүүлийн нэг сарын турш гацаанд орж улмаар сөрөг давшилтад шахагдан ухарч байгаа билээ. Оросын цэргийн ухралт, дайны санаачлагыг Украины тал гартаа авч байгаатай холбоотойгоор янз бүрийн мэдээллүүд цацагдсаар байгаа. Ялангуяа ОХУ-ын талаас бүх нийтийн цэрэг дайчилгаа зарлаж болзошгүй гэсэн мэдээлэллийг барууны орнуудад мэдээлсээр байгаа юм. Тэгвэл бүх нийтийн цэрэг дайчилгаа зарлагдаагүй ч ОХУ-д Украин дахь байлдааны ажиллагаанд сайн дураараа оролцох хүсэлтэй эрэгтэйчүүдийг элсүүлэх зорилготой явуулын цэгүүдийг ажиллуулж эхэлсэн байна.
Ачааны бүхээгтэй автомашин бүхий явуулын цэг бямба гарагт Оросын өмнөд бүсийн Ростов хотод ажиллаж байгааг хэвлэлүүд сурвалжлан мэдээлжээ. Явуулын цэгийн дэргэд их бүрэн зэвсэглэл, агсамж бүхий хоёр цэргийн албан хаагч иргэдэд танилцуулах хэвлэмэл материал тарааж, өмссөн хувцас, агсамж, зүүсэн зэвсэг техникээ үзүүлж танилцуулж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Тэдний тарааж буй танилцуулах материалд “Гэрээгээр цэрэгт алба хаах нь жинхэнэ эр хүний сонголт” гэсэ гарчигтай байж. Түүнчлэн Украинд гэрээгээр явах эрчүүд 18-60 насны, ядаж бүрэн дунд боловсролтой байх шаардлага тавьж байгаа ажээ.

Үүнээс гадна, сүүлийн үед Оросын хоригдлуудыг, тэр дундаа чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудыг дайнд оролцуулахаар элсүүлж байна гэх мэдээлэл гарах болсон.
Энэ талаар Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн зургаан гишүүн Хоригдлуудыг ямар үндэслэлээр Украин руу байлдахаар илгээж, хорих газраас нь чөлөөлж байгааг тайлбарлахыг Ерөнхий прокурор Игорь Красноваас хүссэн байна.
“Одоо Орос даяар хүнд гэмт хэрэг зэрэг үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө ял эдэлж буй олон мянган хоригдлыг цэргийн тусгай ажиллагаанд оролцуулахаар Украин руу илгээж байгаа гэсэн мэдээлэл ихээхэн түглээ. Тэр дундаа “Россия-1” сувгаар “Бесогон” нэвтрүүлгээр ч энэ талаар яригдсан” гэдгийг Хүний эрхийг хамгаалах зөвлөлийн зургаан гишүүн гарын үсэг зурсан мэдэгдэлд дурджээ.
Энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн өдүүлж, энэ дайнд цэргийн бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амссан тул сайн дурын хөлсний цэргүүдийг татах аян Орос даяар өрнөж байгаа талаарх мэдээллийг Оросын хараат бус хэвлэлүүд ийнхүү дамжуулсаар байгаа юм. Өмнөх цалин хөлсөөс өндөр шан харамж амлаж байгаа ч амь насаараа дэнчин тавьж сайн дурын цэрэг болох хүсэлтэй хүн ховор байгаа тул гэмт хэрэг үйлдэн, хорих газарт ял эдэлж байгаа хүмүүсийг цэрэгт элсүүлэх болсон гэх мэдээлэл сүүлийн үед ихээхэн тархаж байна.
Түүнээс гадна Оросын 37 засан хүмүүжүүлэх газраас 5786 хоригдлыг ухуулан, цэрэгт элсүүлснээс 2036 хүнийг байлдааны ажиллагаа өрнөж буй нутаг дэвсгэр рүү хүргэсэн гэж Оросын хараат бус хэвлэл болох “Важные истории” цахим хуудас мэдээлсэн нь олон нийтэд ихэд түгж байна.
Сэтгүүлчдийн онцолсноор, тэд засан хүмүүжүүлэх газрууд дахь өөрсдийн эх сурвалж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг телеграм хуудсууд, итгэж болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэлд тулгуурлан энэ тоог гаргасан гэнэ.
“Важные истории” цахим хуудсын мэдээлснээр, “Вагнер” хувийн цэргийн компанийн ухуулагчид зарим хорих газарт давтан ирэх болжээ. Петербургийн “Яблоневка” засан хүмүүжүүлэх газраас гэхэд гурван удаа хоригдлуудыг цэрэгт элсүүлэн авч явсан гэж тэнд хоригдож буй иргэний төрөл төрөгсдийн нэг “Важные истории” сонины сэтгүүлчдэд ярьжээ.
“Русь сидящая” хүний эрхийг хамгаалах төслийн тэргүүн Ольга Романовагийн мэдэгдсэнээр, Ленинград мужийн Форносово хорих газраас хоригдлуудыг дор хаяж хоёр удаа зөөсөн гэнэ. Оросын засан хүмүүжүүлэх газруудаас 11 мянга гаруй хоригдлыг цэрэгт ятган элсүүлж, ойролцоогоор 3000 хүнийг дайнд илгээсэн байж болзошгүй гэж Ольга Романова сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Өмнө нь гурав хоногт нэг удаа 40 орчим хүн бидэн рүү захидал илгээж, шоронгоос хоригдлуудыг авч явж байгаа талаар бичдэг байсан бол одоо өдөр бүр шахам олон зуун хүнээс захидал ирж байна” хэмээн Ольга Романова өгүүлжэ.
Энд дуулгахад, сүүлийн үед Оросын хоригдлуудыг, тэр дундаа чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудыг “ЧК Вагнера” компанийн бүрэлдэхүүнд багтаан, дайнд оролцуулахаар элсүүлж байна гэх мэдээлэл ихээр гарах болсон. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л энэ компанийн эзэн гэгддэг Евгений Пригожин өөрөө суртал ухуулга хийж байгааг харуулсан бичлэг цахим ертөнцөд түгээж байв. Энэ бичлэг дээр Пригожин хоригдлуудыг хагас жил байлдсаны дараа өршөөгдөнө хэмээн амлах аж. “Вагнер” хувийн цэргийн компани нь Оросын албан бус цэргийн нэгтгэл бөгөөд цэргийн байгууллагуудын бүртгэлд байдаггүй. Гэхдээ энэ компанийн цэргүүд Сири дэх ОХУ-ын тусгай ажиллагаа, Африк, Украины дайнд оролцдог гэсэн эрэн сурвалжлах нийтлэлүүд удаа дараа гарч байлаа.