Судлаач С.Алдар
Өнөөгийн Киргизийн Талас голын ойр 751 онд Төв Азийн угсаатнуудын соёл, улс төрд томоохон өөрчлөлт оруулахуйц түүхэн тулаан болсон ажээ. Уг тулаан нь оролцсон цэрэг хүч, хамрах талбар, хүрээгээрээ бага боловч түүхэн ач холбогдлоор Төв болон Дундад Азийн түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Өрнө зүгээс исламист Халифийн арабууд, дорно зүгээс буддист Тан улс Торгоны зам дагуу Зоростри, Манихей, Будда, Несториан шүтлэг дэлгэрсэн хот улсуудыг дараалан эзлэн буулгасаар Талас голын хөндийд нүүр тулсан юм.
Анх Араб Согдын дайнаас эхлээд Араб Түргеш-Согдын дайн болон өргөжиж, энэ тулаан нь уг дайны оргил үе байв. Дайны төгсгөлд Тан улс, Түвд, Харлугууд оролцсоноор олон угсаатны шинжтэй болсон. Үр дүнд Түргеш, Согдууд бүрэн ялагдаж, угсаатны хувьд мөхөх тийш эргэлт буцалтгүй уруудсан юм.
Арабын хийсэн дайн эцэстээ Согдуудыг Төв Азиар нэг тарааж, дүрвэж тарсан тэд тус орнууддаа нийгэм, улс төр, соёлын өөрчлөлтөнд нөлөөлснийг өнөөгийн түүх судлаачид гаргаж тавьсан байдаг. Тухайлбал, 744 оны Уйгур-Басмилын хаант улс байгуулагдсан, 747 онд Согдын ойр Арабын цэргийн хуаранд болсон шинэ угсааны халифийн бослого, 751 оны Таласын Тулаан, 756 оны Тан улс дах Ань Лушаны бослого мэт түүхэн үйл явдлуудыг жагсааж болно.
Таласын тулааны өмнө дайнд хамарсан угсаатны байдал ямар байв.
СОГД
Перс дэх Зороастри шүтлэгт Сасанидийн хаант улс 651 онд арабын дайралтад бүрэн эзлэгдэн, сүүлчийн хаан нь Согд руу дүрвэхдээ алагджээ. Алагдсан хаанаа Ассир ёсоор оршуулсан хунтайж ойрын хүрээнийхнээ дагуулж, Согдоор дайрч, Тан улс руу дүрвэсэн байдаг. Ингэж Арабын дайралтаас дүрвэсэн перс, согдуудын нүүдэл эхлэсэн юм.
Удалгүй Арабууд Дундад ази нутагт зороастри-манихейн шүтлэгт Согдын хотууд руу дайрснаар Араб-Согд дайны цуврал эхэлжээ. Арабын доторх улс төрийн хямралаас болж дайн хоёр удаа завсардсан байна. Мөн Согдын шаргуу эсэргүүцлийн шалтгаан нь Баруун Түргийн хаант улсын дэмжлэг байв. Гэвч 659 онд Баруун Түргүүд Тан улсад ялагдснаар бүрэн задарч, Согдыг дэмжих боломжгүй болов. Арабууд энэхүү боломжийг ашиглан давшсны эцэст 709 онд Бухар, 712 онд Хорезм, Самарканд, 713 онд Шаш (Ташкент), 714 онд Ферганы хөндийд арабууд дараалан ялж, Согдыг бүрэн эзэлсэн. Цааш Кашгар, Такла Маканы цөл хүртэл амжилттай давшсан жанжнаа арабууд хороож, цэргүүдээ Согдын нутаг руу буцааж татсан байна.
Самарканд хотын манихей шүтлэгт Согд хаан Деваштич Арабын эсрэг 720 онд бослого гаргасан ч ялагдаж, ойр Түргешийн нөлөөний Кужанд (өнөөгийн Тажик) рүү олноороо дүрвэсэн. 721 онд Арабууд Согдын хөрш Түргеш руу нэвтэрч Кужандад 3000 Согд-Түргеш дүрвэгчдийг бөөнөөр хядаж, Согдын хаан Деваштичийг олзолсон байна. Удалгүй согд Деваштич хааныг арабууд тамлаж цаазлажээ. Эзлэгдсэн нутагтаа эсэргүүцэх хүчгүй болсон Согдууд Түргешийн хаант улсад дүрвэж, хамтран тэмцэх болов.
ТҮРГЕШ
Түргешүүдийг Сяньбигийн үеэс баруунтаа нүүж суурьшсан Түнгүс угсааны аймаг гэж үзэх судлаачид бий. Сүүлд Нируныг мөхөөсөн Түрэгийн эзэнт улсын мэдэлд орсон. Тан улсын эрхшээлээс салсан Хөх Түрэгийн Эльтирес 693 ондоо хаан суухад, түүнийг дэмжээгүй Ашина овгийн язгууртнууд Монголоос нүүж Тургеш аймаг руу зүглэн нүүжээ. Удалгүй Түргешүүд Ашина овгийн эсрэг босож, 699 онд Суяб хотыг Тан улсаас эзлэн авч, Түргешийн хаант улсаа байгуулсан байна.
710 онд Хөх Түргүүд Алтайн даван Өрөнгө голын ойр Түргешийг цохиж нэгтгэсэн. 714 онд Түргешийн бослогыг Хөх Түргүүд даржээ. Хөх Түрэг задарснаар 720 оноос Түргешүүд бүрэн бие дааж, удалгүй Согдын дүрвэгчдийг дэмжиж Арабын дайнд оролцох болов. Ингэж Баруун Түргийн Согдыг дэмждэг хуучны үүргийг Түргешүүд залгамжлан үргэлжлүүлсэн ажээ.
720 оны Арабын эсрэг Согдын бослогыг Түргешүүд дэмжсэн боловч бослого дарагдсан. Ялагдсан Согд босогчид Түргеш рүү дүрвэн нэгдэж тэмцэх болов. Ингээд Араб-Согдын дайн нь 720 оноос Араб-Түргешийн дайн болж өргөжжээ.
Арабын Халиф Согд-Түргешийн эсрэг 724 онд Хорасангийн шинэ захирагчаа их цэргүүдтэй илгээсэн ч цэрэг хүч цөөнтэй Түргеш-Согдын хүчинд хүнд ялагдал хүлээжээ. Ялсан нэгдсэн хүч давшин, 728 онд Бухар хотыг арабаас чөлөөлөв. 729 онд Самарканд хүрч, Согдуудыг хотоос гаргаж нүүлгэжээ. Удалгүй Түргеш-Согдууд 731 онд Шаш, Самаркандыг Арабаас үргэлжлүүлэн чөлөөлөв.
Гэвч чөлөөлөгдсөн Согдын хотуудын хоорондох хагарал зөрчил арабуудад боломж олгосон байна. Тэд давшин Самарканд, Шаш хотыг эргүүлж Согдын нутгаас Түргешийг хөөсөн байна. Удалгүй Түргешүүд ч Согдын адил дотроо хямралдан дайтаж эхэлжээ. Түргешийн сөргөлдөгч нэг тал нь Арабын дайралтаас болгоомжлон, баруун зүгээс Тан улсаас тусламж хүсэж, Араб-Түргешийн дайндаа татан оруулсан. Хүсэлт ёсоор Гао Сяньжи жанжнаар удирдуулсан Тан улсын цэрэг 748 онд Түргешийн хил давж, төв хот Суябыг өөрийн болгов. Гао Сяньжи цааш урагшаа чиглэн давшин Арабын харьяа болсон Шаш хотыг эзэлж, хотын иргэдийг нь олноор хядсан байна.
ХАРЛУГ
Харлугууд 742 онд Уйгур, Басмилтай нийлж Хөх Түргийн эсрэг босож, Ашина овгийн түрэг хааныг олзлон цаазалжээ. Басмилын тэргүүн өөрийгөө хаанаар өргөмжлөн, Уйгур Харлуг аймгийн тэргүүдийг Ягбу цолоор шагнасан байна. Цаазалсан Хөх Түргийн хааны толгойг Тан улс руу илгээв. 745 онд Харлугууд Уйгуртай эвдрэн аймгийн холбоогоо таслан баруун урагшаа (Таласын зүг) Түргешийн араас нүүцгээж, 746 онд Түргешийн Тарвагатайд хүрсэн.
Арабтай 26 жил үргэлжлүүлсэн дайнд сульдсан Түргешүүд нүүн орж ирсэн Харлугийг буцааж хөөх цэрэг хүчгүй байв. Гэвч Тан улсын Гао Сяньжи жанжин Түргешийг эзлэснээр Харлугууд Тан улстай Хөх түргийн эсрэг харилцаж байсан хуучин харилцаагаа сэргээжээ. Тан улс Арабын эсрэг хийх шийдвэрлэх тулаанд Түргешээс ихээхэн цэрэг хөлслөн дайчилсан байна.
ТҮВД
Түвдүүд Эзэнт улсаа өргөтгөх баруун зүгийн аян дайнаа 712 оноос Балтиюлын (Пакистаны хойд) эсрэг явуулсан. Балтиюл нь 713 онд Түвдийн дайралтыг няцаахад Тан улсаас тусламж хүсчээ. Тан-Балтиюлын хамтарсан хүч Түвдийн цэргийг олноор хороож, Түвдээс 9 хотоо эргүүлэн авсан. Гэвч 747 онд Балтиюлын хаан Түвдийн хааны гүнжийг авч Түвдийн хараат болохоо зарлав. Тан улс холбоотноос татгалзсан Балтиюл руу дайрч, Түвд-Балтиюлийн хүчийг ялж чадалгүй ухарсан байна. 747 онд Тан улсын Гао Сяньжи 2 дахиа дайран Түвд-Балтиюлийн хүчийг ялж, Түвдээс Балтиюлийг таслан авсан. Ингээд Түвдүүд Согдын хөрш Балтиюл улс дахь эзэмшлээ Тан улсад алдсан байна. Удалгүй Арабын Хорасаны захирагч Тан улсын эсрэг дайнд Түвдтэй хамтрах саналыг тавьж эхлэв.
АРАБ
661 онд Арабын шинэ Омейяд угсааны халифууд төрийн эргэлт хийв. Тэд өмнөх угсааныхаа явуулсан жихадист гадагшаа чиглэсэн дайныг үргэлжлүүлжээ.
Исламын Арабууд баруун зүгт хийсэн дайндаа 724, 728 онд Тургеш-Согдуудад дараалан ялагдсан. Үргэлжлээд 732 онд Франкын Поатад том ялагдал хүлээсэн нь Европын хувь заяаг шийдэж өгсөн түүхэн тулаан болов.
Тулаанд Арабын баруун зүг дэх цэргийн цөмрөлтийг христ шүтлэгт европууд нэгдсэн хүчээр цохиж зогсоожээ. Тулаанд ялагдсан арабууд нийслэл Дамаск дахь халифдаа эргэлзэж эхэлсэн.
750 оны 1 сард буюу Таласын тулаанаас 1 жилийн өмнө Арабын эзэнт улсын зүүн хэсэгт Түргеш-Согдтай дайтаж байсан Хорасан бүсийн хуарангийн арабууд бослого гаргаж, Дамаск төв руу чиглэн дайрч, Омейядын удмын халифаа хороож, Аббасидын угсааны шинэ халифаа залсан байна.
(Аббасидын угсааны Халиф улсыг Их Монголын Хүлэгү хаан мөхөөсөн байдаг.)
Төрийн эргэлт хийсэн босогчид Хорасан дах цэргийн төвөө Дамаскад нүүн шилжүүлж, хуучин халифын угсааны эсрэг дайнаа үргэлжлүүлэн, цэргийн гол хүчээ Согдоос буцаан татаж, баруун зүг рүү илгээжээ. Ингэж Хорасан дах цэргийн гол хүчээ баруун зүг явуулснаас Түргешийн эсрэг давшилтаа зогсоосон байв. Арабууд цэргээ татсан хил орчмын хотуудыг дайнд шинээр орсон Тан улс шуурхайлан эзэлжээ. Гэвч Тангийн Шаш хот дахь хэрцгий аллага хядлага нь хотынхныг Арабаас тусламж гуйхад хүргэсэн байна. Тангийн эсрэг Арабууд Түвдтэй холбоо байгуулан хамтарсан хүч хойшоо давших зам зуур Таласт нүүр тулсан байна.
ТАН УЛС
Тан улс Арабын дайралтаас дүрвэсэн Перс, Согдын дүрвэгчдийг олноор нь таатай хүлээн авч, төрийн албандаа ашиглаж байв. Түвдийн эзэмшил Балтиюл (Памирын нутаг)-ыг 747 онд Тан улсын жанжин Гао Сяньжи 2 дахь удаагийн дайралт оролдлогоор эзлэн нэгтгэжээ. Тан улс 748 онд олон жилийн дайнд суларсан Түргешийн нутагт цэргээ оруулсан. Дараа жил 749 онд дахин Түвдийн нэгэн хараат Таликаны хотыг эзлэн нэгтгэв.
Иссык-кул нуурын (Киргиз) хойгуур тойрч Түргешийн Суяб хотыг эзлэн уруудаж, Арабын эзэмшил Шаш (Ташкент) хотод дөхжээ. Хотын Согд захирагчийг нь хэлэлцээр хийх нэрээр барьж хотыг эзлэн, олзолсон захирагчаа Чань-ан хотноо хаан руугаа явуулсан. Хууртагдсанд дургүйцэж боссон хотыг жанжин Гао Сяньжи хүйс тэмтэрчээ. Хядлагаас зугатаж амжсан Шаш хотын захирагчийн хүү Арабаас тусламж хүссэн байна.
Ингээд арабууд 751 оны эхээс эхлэн 6 сарын турш дайнд бэлдэж, хамтарч дайтахыг Түвдэд санал болгожээ. Тан улсад Памирын эзэмшил, улс хотуудаа алдсан Түвдүүд Арабын саналыг хүлээн авч цэргийн хүчээ явуулсан байна. Тан улсын жанжин Гао Сяньжи Араб-Түвдийн дайралтыг урьдчилан танаж мэдэн, нэгдсэн хүчийг зогсоохоор урьдын хараат байсан Хөх Түрэгийн Харлуг аймаг, хядлага явуулсан Шаш хотын дайсагнагч хот Ферганаас цэрэг татаж хүч зузаатган тулаанд бэлдэж байв. Араб-Түвдийн нэгдсэн хүч 7-р сараас довтолж, Тан улсын хилийг давж, Арабууд Шаш хотыг, Түвдүүд Ферган хот руу нэгэн зэрэг чиглэн дайрчээ. Энэхүү Арабууд Шаш хотыг эзлэн цааш давшихдаа Таласын голын хөвөөнд Тан-Харлугийн цэргүүдтэй таарсан билээ.
751 оны 7-р сард Таласт тулалдсан хүчний харилцааг түүхэн сурвалжууд хол зөрүүтэй, адилгүй бичиж үлдээсэн байдаг. Ихэвчлэн Араб-Түвдийн 50 мянган цэрэг, Тан улс-Харлугийн 30 мянган цэрэг оролцсон гэх боловч судлаачдаас хоёр тал хүч тэнцүү байсан гэх үзэл илүү түлхүү бодит байх. Тан-Харлугийн цэргүүдийг солонгос гаралтай Гао Сяньжи жанжин Ли Сие, Дуан Жиуши туслах жанжидтайгаа удирдсан. Тэрээр өмнөх аян дайнуудаа амжилттай явуулсан туршлагатай жанжин байв. Тангийн цэргийн 2/3 нь хятад цэргүүд байсан.
Арабын талаас Абу Муслим жанжин ерөнхийд нь удирдсан. Тэрээр алив шашны асуудалд уян хатан хандах, арабад эзлэгдсэн олон шашин, үндэстний асуудлыг аядуу аргаар шийдвэрлэх аргыг мэдэрсэн, яриа хэлэлцээрийг ашигтайгаар шийдэх чадвартай гэдгээр түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Жанжин Абу Муслим Таласын тулааны дараахан исламын хатуу зарчмыг баримтлагчдад алагдсан ажээ. Тэрбээр хэлэлцэх ур чадвараараа Тан улсын эсрэг Түвд, Харлугийг нууц яриа хэлцлээр өөртөө ашигтайгаар урвуулж чадсан юм. Ингээд Абу Муслим жанжин Йемен туслах жанжин Зияда ибн Салихагаар тэргүүлэн морьт цэргүүдийг явуулснаар, замдаа хотуудаар хүч сэлбэсээр Таласын бүсэд хүрэхэд цэргийн тоо 50 мян давсан байна.
751 оны 7-р сарын 27-ны өдөр талууд хатгалдан ширүүн тулаан эхлэж, тулаан 4 өдөр үргэлжлэн, санаачлагыг авсан тал тодорсонгүй. 5 дах өдөртөө Тан улсын холбоотон Харлугууд гэнэт Гао Сяньжигийн цэргийн жагсаалын хажуунаас довтлож эхэлсэн байна. Гэнэдүүлсэн Тан улсын цэргүүд байршлаа хадгалж чадалгүй, сандарч ухарцгаажээ. Арабууд Харлугийн дайралтыг уулга тавин дэмжиж, ухарч ургасан Тан улсын цэргүүд рүү дайралтаа эрчимжүүлсэн.
Тулааны үр дүн 5 дахь өдөртөө тодорхой болж, цаашид хэрхэн шийдэхээр хятад жанжид яаралтай зөвлөлджээ. Жанжин Ли Сие цэргүүдээ хурдан төв рүүгээ буцахыг санал болгоход Дуан Жиуши жанжин нь эсэргүүцэн, “Дайсанд ухрах нь эр зоригийн хэрэг биш, цэргүүдээ орхиж, өөрийгөө аврах нь сайн үйл хэрэг хэрхэвч биш” гэж буруушаасан байна. Харин Ли Сие жанжин Гао Сяньжид тулааныг орхиж яаралтай ухрахыг зөвлөж, шөнөөр их жанжин Гао Сяньжиг нууцаар яаралтай буцаав.
Шөнөөр эмх замбараагүй ухрах үед холбоотон Ферган хотын сандарсан 100 цэргүүд Гао Сяньжийн явах замд саад учруулжээ. Арабын мөшгилтөөс их сандарч бачимдсан Гао Сяньжи жанжин замд садаа болсон Ферган цэргүүдийг даруй цаазлахыг тушааж явсан байна. Түүний тушаалаар цэргүүдийг дор бүрнээ яаравчлан цаазлажээ.
Гао Сяньжиг явуулж, Ли Сие, Дуан Жиуши жанжид үлдэж хоцрон, үргэн тарж зугатсан бүх цэргээ ял шийтгэл өгөхгүй хэмээн цуглуулан Тэнгэр уулын цаад дах Анжи (Аксу) руу 700 гаруй км хол огцом татаж ухраасан байна. Анжи хотод буцаж, Гао Сяньжид болсон бүх байдлаа илтгэсэн. Гао Сяньжи Дуан Жиуши жанжныхаа баатарлаг үлгэр жишээг үнэлэн Анжи хот мужийн (өнөөгийн Шинжааны баруун хэсэг) цэргийн захирагчаар тавьж, уг нутагт бүх хэргийг шүүн таслах эрх мэдлийг олгон шагнаж нийслэл Чань-ан руу буцжээ.
Энэхүү Тан улсын баруун зүгийн довтолгоог Арабууд таслан, ялалтаар өндөрлүүлсэн билээ. Дайны талбарт Тан улсын 8 мян гаруй цэрэг алагдаж, 20 мян гаруй цэрэг олзлогдон, 2 мян цэрэг ухарч амжсан байв. Олзлогдсон 20 мянган хятад цэргүүдийг Самарканд, Багдад, Дамаск хотын боолын захад худалдаж тараажээ. Тулаанд ялсан араб жанжин цааш давшиж ялалтаа бататган, мөшгиж үргэлжлүүлэх боломжгүй байв. Учир нь өмнө Арабад шинэ угсааны халиф нь төрийн эргэлт хийж, хуучин угсааны халифаас улсаа бүрэн хурааж авахаар (Согдын ойр) Хорасан дах гол хүчээ төв рүү шилжүүлсэн байв.
Мөн шашны хавчлагаас болж, эзлэгдсэн Согдад орон нутгийг хамарсан бослогууд байнга гаргах болсон нь Арабын дайралтыг сааруулах нэг шалтгаан болсон. Тэдний эсэргүүцэл, тэмцлийн тухай түүхэн судруудад товчхон бичигдснээр тодорхой бус зүйлүүд их бий. Гэвч Согдууд 651 оноос 751 он хүртэл 100 шахам жил буюу Сасанидын персүүдээс илүү эсэргүүцэл үзүүлж чадсан байдаг.
ТУЛААНЫ ҮР ДАГАВАР
Талас дах Арабуудын ялалт СОГД-ын улс, шашнаа сэргээн мандуулах 100-аад жилийн тэмцэлд эцсийн цэг тавьсан үйл явдал болов. Ингээд 720 оноос эхлэсэн Исламын хавчлага, шахалтаас болж Манихей, Будда, Нестрион шүтлэгтээ үнэнч Согдуудын дүрвэлт, шилжилт үргэлжлэн эрчимжсэн. Мөн Согд нэрээр дүрвэсэн Персүүд түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Түргешүүд 729 онд Самарканд хотод дайтахдаа олон Согдуудыг Арабын зөвшөөрснөөр хотоос нүүлгэсэн. Уг хотын тулаанд Персийн сүүлчийн хаан угсааны язгууртнууд Түргешийн талд тулалдсан талаар арабууд бичиж үлдээжээ. Тулаанаас хойш, Түргеш-Арабын дайн шувтарч, ТҮРГЕШ түүхийн тавцангаас бүрэн буусан. Суларсан Түргешийн нутагт ХАРЛУГ-ууд эзэн сууж түүхээ бүтээж эхэлцгээв. Арабын талд урвасан Харлугууд Тан улсын хараанаас бүрэн бие дааж, хожим 150 жилийн дараа исламжсан. Их Монголын үед Чингис хаанд сайн дураараа дагаар орсон байна.
ТҮВД-үүд Тан улсад алдсан бүс нутагтаа нөлөөллөө эргүүлж тогтоосон. Хожим энэ нутгаа Арабуудад алдсан байдаг. Тан улсын эсрэг Арабтай байгуулсан Түвдийн улс төрийн холбоо, амжилтын хэтийн үр дагавар нь Төв Ази дах Буддын шашныг уналтанд оруулсан байв.
Тан улсын 20 мянган олзлогчдоос цаасны технологийг мэдэх 2 хятад цэрэг санамсаргүй олзлогджээ. Түүнээс цаас боловсруулах аргын нууцыг мэдснээр Арабууд цаасыг боловсруулж эхэлсэн байдаг. Олж авсан аргаа Их Монголын үе хүртэл 600 жил Европуудаас нууцалсан юм. Арабууд цаасыг боловсруулж ашигласнаар түүнд эзлэгдсэн улс угсаатнууд соёлын өв бүтээлээ цаасанд бичиж үлдээх болов.
Тулаанаас хойш ТАН улс, АРАБ цааш тэлэх санаархлаасаа татгалзаж, дипломат харилцаагаа хөгжүүлсэн байна. 747 оны Согдын ойр бослогод ялсан Аббасидын угсааныхан өмнөх угсааны Халифуудаас өөр харилцаагаар ислам бус, араб бус угсаатнуудтай харилцаж захирцгаав. Тэд шашны зарим хатуу жихадист үг мөр, зарчмаа эргэн харж өөрчлөх болсон. Мөн Аббасидынх өмнөх бүхий л халифуудын гадагшаа дайн хийх ЖИХАДИСТ бодлоос анх удаа татгалзан, тайван цагийн амьдралд шилжицгээв. Энэ үеийн ололт, амжилт нь хожмын шашны харанхуйд идэгдсэн хөрш Европод их нөлөө үзүүлсэн гэж судлаачид үзэж, дэлхийн түүхэнд “Исламын Алтан үе” гэж нэрлэх тохиолдол бий.
Дайн, тулаанд ялагдснаар хаандаа эргэлзэж, Тан улсыг донсолгосон Ань-Лушаны том бослого гарав. Согд гаралтай Ань-Лушан гэгч Тан улсад нөлөөтэй жанжин бослогыг удирдсан. Босогчид эхэндээ Тан улсыг 2 хувааж, зүүн хэсгийг 8 жил эзэгнэж захирчээ. Тан улсад бослогыг дарахад Аббасидийн Арабууд 4000 цэрэг илгээж, тэд нутаг буцалгүй үлдсэн байна.
ТУЛААН МОНГОЛ НУТАГ ДАХЬ УЙГУРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ
Ань Лушааны бослогод Тан улс хөрш улсуудаас цэргийн бүх талын тусламж хүссэн байдаг. Уйгурууд бослогыг дарахад цэргээр тусласнаар Хөх Түрэг мөхснөөс хойш (744-763 хооронд) анх удаа Тан улсын хараат байдлаас бүрэн чөлөөлөгдөж, бие даасан бүрэн байдлаа олж авсан.
***Хот үүсэв*
Уйгурын Орд Балик хотын туурь
(Хар балгас) Архангай аймаг
Уйгурын мэдэл дэх торгоны замын хотууд Арабаас дүрвэсэн Согд, Персүүдээр дүүрэх болов. Иймд хуучны цэргийн хуаран, ордны зориулалттай газруудаа Уйгурууд Бэй-балиг, Бай-Балиг, Орд-Балиг, Бор Бажин гээд шинээр хот болгон өөрчлөн, Согдуудыг олноор нь нүүлгэн суурьшуулсан. Үүнээс Орд-Балиг, Бай-Балиг, Бор Бажин (Тува) гээд хотыг Монгол нутагт анхлан байгуулж, хотжилтын суурийг тавин хөгжүүлжээ. Хотжилт, нүүлгэн шилжилтээр Уйгурын (Монгол нутаг) хүн амын тоо эрс нэмэгдсэн. Шинэ хотод Манихей, Будда шашны барилга байгууламжууд баригдаж, хамгаалалтын хана хэргэм, цайз бүхий хотууд хөгжсөн байдаг.
Уйгурууд Таласын тулааны жилд (751 он) Орд-Балиг (Хар балгас) хотоо байгуулсан. Дараахан Уйгурын Моянчур хаан 757 онд Арабаас дүрвэсэн Согдыг Тавгачтай хамт Сэлэнгэ мөрний хөвөөнд дахин Байбалик шинэ хот байгуулах зарлиг болгож, Булган дахь Сэлэнгийн чулуунд “Согд Тавгачийг Сэлэнгэд Байбалиг барихийг зарлиглав” (“Soγdaq Tabγacqa Seleŋede Baybaliq yapiti bertim”) гэж руни бичгээр сийлэн бичиж үлдээсэн байна.
**Монгол нутагт шинэ шашин дэлгэрэв***
Төв Азид Манихей, Буддизм, Несторианы хөгжил уналтанд орж, исламын шашинд хавчигдсан Согдууд нутгаасаа олноороо Уйгур (Монгол), Тан улсын зүг шилжин дүрвэх нь идэвхжсэн. Эднээс Манихейн шашныхан голлон Буддист, Несториан лам, санваартнууд хамт Монгол дах Уйгурын хаант улсад дагалдан ирэх болов. Дүрвэсэн Согдын нөлөөнд, 762 онд Уйгурын Идигянь хаан Тэнгэр шүтлэгийг халан, Манихей шашныг төрийн шашин болгосон. Шинэ шашин дэлгэрэлтийг зарим түүхч, судлаачид Монгол дах “Буддагийн шашны эхэн дэлгэрэлтийн үе” гэж ангилсан бий. Энэ үеэс эхлэн Монголын газар усны нэрсийг шашны номны санскрыт үгээр нэрлэж, уул тахих, гал тайх, цагаан өнгийг билэгшийх, эмэгтэй, эх хүнийг хүндэтгэх гэх ёсон дэлгэрч, өнөөгийн Монголчуудын хэрэглэдэг Бурхан, Богд мэт эрхэм хүндэтгэлийн үгсүүд хэл ярианд нэвтэрч өргөн дэлгэрсэн ажээ.
***Уйгур(жин) бичиг*
Уйгурын Пор бажин хотын туурь (Бор Байшин) Тува Тере холь хошуу
Уйгурын хаан дүрвэж суурьшсан Согдуудын бичиг үсгийг төрийн бичиг болгож, Хөх Түрэгийн үеэс залгамжлан авсан Руни бичгийг халсан байна. Согд бичиг нь нүүдэлчдийн дунд Уйгур, Уйгуржин бичиг хэмээн дэлгэрч, хожим Чингис хаан Их Монголын төрийн бичиг болгон залгамжлан авсан байдаг.
Одоогоос 100 жилийн өмнө Финляндын эрдэмтэн Густав Рамстедт судалгааны ажлаар 1898, 1912 онд Монгол нутгаар явж, 1913 онд судалгааныхаа бүтээлээ туурвисан. Уг бүтээлээ 1922 онд Монголчуудад зориулж “ Uyiγur ulus-un teuke” (Уйгур улсын түүх) гэж товч эмхтгэн, Нийслэл хүрээнд Монгол бичгээр хэвлүүлсэн байдаг.
Уг эмхтгэлдээ,
“Баян Балгас (Байбалик)-д СОГД, Тавгач хоёр наймаа хийж суурилав. СОГД ЮУН ОМОГ УЛС БУЙ хэмээн асууваас, Или Тарвагатайн чанад газраас (ТҮРГЕШ нутаг) ирсэн улс байв. Энд Согд хэмээвээс Уйгурын нутагт ирж, наймаанаас гадна хоёр шинэ ном ШАШИН залан дэлгэрүүлэн ирвэй. Нэгэн шашин ном нь Энэтхэгийн … Шагамуни БУРХАН багшийн зарлиг ном, нэг нь наран шингэх зүгээс (Перс, Согд нутаг) дэлгэрсэн МАНИ хэмээдэг шашин болой. …Манийн шашин одоо хаа ч үлдсэнгүй боловч МОНГОЛЫН УУЛ ТАХИХ, ГАЛ ТАЙХ ёсон, тэр шашнаас гарсан болоход буй. …Тэр Бугучур (Моюнчур) хааны цагаас аван Согд багш нар Уйгурын хааны орон нутагт заларч, сүм барьж, шашин ном юугаан дэлгэрүүлж суурьшив. Түүнээс гадна тэд бас УЙГУР залууст СОГД БИЧГЭЭР бичихийг сургавай. Уйгур хүмүүс нь Согд бичиг үсгийг сураад, хөшөө чулуунд сийлж бичдэг хуучин бичгээ (ТҮРЭГИЙН РУНИ) орхиод, шашны ном судрыг СОГД БИЧГЭЭР УЙГУР ХЭЛЭНД орчуулвай. ” гэж бичжээ. (Түүхийн Хүрээлэнгийн архивын хөрвүүлгээс)
20-р зуунд Таласын тулааны түүхэн ач холбогдлыг олон түүхчид болон улс төрийн нэр бүхий зүтгэлтнүүд янз бүрээр үнэлэн бичиж байснаас, Энэтхэгийн ерөнхий сайд асан Ж.Неругийн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номын орчуулгаас Монголчууд анх эх хэлээрээ дэлгэрэнгүй танилцсан байдаг юм.