ЗХУ-ын хоёр удаагийн баатар, маршал Иван Степанович Коневын амьдрал, Монгол Улстай салшгүй холбоотой байдаг. Тэрээр 1938 онд Монгол дахь Зөвлөлтийн цэргийг командалж, дэлхий ll дайн эхлэхээс өмнө Монголд алба хааж байсан юм. Түүний гавъяаг Монголын төр өндрөөр үнэлж 1977 онд БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ. И.С.Коневын аав, ээж ардын хувьсгалаас өмнө Монгол нутагт амьдардаг орос хүмүүс байсан агаад Монголд генерал Бакич, Барон Унгерн, хурандаа Кайгордов нарын цагаантны цэргүүд нэвтрэн орж, үймээн самуун эхэлсэнээр нутаг буцсан байдаг.
Энэхүү их үймээн самууны үеэр холын аян даахааргүй нялх хүүгээ эцэг, эх нь сайхан сэтгэлт Монгол хүмүүст үрчлүүлэхээс өөр арга байсангүй. Ингэж орос, эцэг эхээс төрсөн, орос хүү Монгол малчин ардын гэрт өсөж, Монгол хэлээр аав аа, ээж ээ гэж хэлд орсон байна. Сайхан сэтгэлт Монгол аав ээж хоёр нь мал малын захтай чинээлэг хүмүүс байсан тул хүүгээ юугаар ч дутаалгүй өсгөж хүн болгосон нь ирээдүйн нэрт жанжин, маршал И.С.Коневын төрсөн дүү байлаа.
Хожим маршал Конев “…төрсөн дүүгээ заавал олоорой…” гэсэн эцэг, эхийн захиасыг биелүүлэхээр тэр үеийн нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбалд хандсанаар нэрт жанжны төрсөн дүү олдож, Москвад очиж, маршал ахтайгаа уулзсан байдаг. Нэгэнт Монгол хүн болж төлөвшсөн жанжны дүү Москвад нэг л дасахгүй байсан төдийгүй, төрсөн нутгаа санах болсноор буцаж, өссөн төрсөн Монгол нутагтаа үлдсэн байдаг.
1941 оны зун Витебскийн дэргэд 19-р армийн командлагчаар дайныг эхэлж, Смоленскийн чиглэлд дайсныг тогтоон барьж чадсан Конев 1941 оны намар Баруун фронтын командлагчаар томилогдов. Гэвч баруун фронт, Гитлерийн генералуудын боловсруулсан “Тайфун” буюу “Хар салхи” ажиллагааны үр дүнд 1941 оны 10 дугаар сарын 2-ноос 13-ны хооронд Вязьмагийн дэргэд нөөцийн фронтын хамт бүслэлтэд орж хоёр фронтын цэрэг хоёул бут цохиулснаар фронт командлагч, дэслэгч генерал И.С.Конев цэргийн шүүхээс буудан авах ялаар шийтгүүлэх нь тодорхой болоод байлаа.
Вязьмагийн сүйрлээр оросын 600 мянга илүү цэрэг олзлогдон, 85 мянган цэрэг бүслэлтээс гарч чадсан нь хожим тодорхой болсон юм. Вязьмад зөвлөлтийн хоёр фронтын цэргийг бүслэн бут цохисоны дараа германы цэргийн бүлэглэлийн командлагч генерал-фельдмаршал фон Бок “…Москва орох зам нээгдлээ. Бид ялалтын парадаа Москвагийн улаан талбайд хийх болно…” хэмээн Гитлерт илтгэж байжээ.
Вязьмагийн сүйрлийн яг энэ үед Ленинградын фронтоос дуудагдан ирсэн Баруун фронтын шинэ командлагч Жуков үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, “…Конев бололцоотой бүх арга хэмжээг авчээ. Түүний бүслэгдсэн ангиуд дайсныг тогтоон барьснаар цаг хожиж, ямар ч хамгаалалтгүй, нээлттэй шахуу байсан Можайск-Волоколамскийн чиглэлд Москваг хамгаалах хүч хэрэгсэлийг хуримтлуулах бололцоо олдлоо. Түүнийг миний орлогчоор үлдээж өгнө үү…” хэмээн И.В.Сталинд хандсанаар Орос орон цэргийн жанжнаа амьд авч үлдэж чадсан юм.
Энэ мөчөөс КОНЕВ жанжны алдрын зам эхэлсэн гэж болно. Тэр цагаас хойш Конев үргэлж фронт командлагчийн өндөр албан тушаалыг хашсан бөгөөд Калинины фронт Баруун хойд фронт, Талын фронт, Украйны 2-р фронт, Украйны 1-р фронтыг командлан Берлинд орсон юм.
1941 оны Москвагийн төлөө тулалдаанаар хурандаа генерал болсон Конев, Курскийн тулалдааны дараа армийн генерал болов. Тэрээр дайсны бүлэглэлийг Корсунь-Шевченковскийн дэргэд 1944 оны 1-р сарын 24 нд бүслэн бут цохисноор 1944 оны 2-р сард түүнд ЗХУ-ын маршал цол олгосон юм.
Сталиныг нас нөхцсөний дараа Зөвлөлтийн бүх удирдлагыг аймшиг бүрхэв. Молотов, Каганович, Маленков бүгд дагжин чичирч, Берия хэзээ Сталины суудлыг эзлэн хөөрхий тэдний хувь тавиланг шийдэх бол гэж хүлээж суусан гэхэд болно. Никита Сергеевич Хрущев ч гэсэн айж байсан бөгөөд харин тэр бусдыгаа бодвол шуурхай хөдөлж, бүхнийг зохион байгуулж байлаа.
Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотоос бусад бүх хүчний байгууллагууд хэрэг дээрээ Бериягийн хяналтад байв. Одоо яаж Берияг баривчлах вэ? Тэр үед Хрущевын толгойд Сталины ялагдашгүй маршалуудыг ашиглах санаа төржээ. Маршал Г.К.Жуков Берияг баривчлах операцийг биечлэн удирдаж, түүнийг гардан баривчилж, цэргийн комендатад хорьсон бол, Берияг шүүх хурлыг ЗХУ-ын маршал И.С.Конев даргалан түүнд ялын дээд хэмжээ оногдуулж байв.
Ийнхүү Зөвлөлтийн шинэ удирдлага хэлмэгдүүлэлтийг анх удаа буруутган гурван маршал дахин тэргүүн эгнээнд гарч ирсэн нь ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Г.К.Жуков, Польшийн үндэсний батлан хамгаалах яамны сайд ЗХУ-ын болон Польш Улсын маршал К.К.Рокоссовский, Варшавын гэрээний орнуудын цэргийн нэгдсэн хүчний командлагч ЗХУ-ын маршал Иван Степанович Конев нар байлаа.
Генералиссимус И.В.Сталины хүндэтгэдэг гурван маршалын хувь заяатай холбоотой бас нэгэн сонирхолтой түүх гэвэл 1955 онд НАТО-гийн цэргийн эвсэлийн эсрэг социалист орнуудын цэргийн эвсэл байгуулах Варшавын гэрээнд ЗХУ-ын маршал Г.К.Жуков, ЗХУ-ын болон Польшийн цэргийн маршал К.К.Рокоссовский нар гарын үсэг зурж байсан бол, 1956 онд Варшавын гэрээний орнуудын цэргийн эвслийн нэгдсэн хүчний командлагчаар ЗХУ-ын маршал И.С.Конев томилогдож байв.
Эх орны дайнаас хойш 10 жил өнгөрсөн ч гэлээ энэ гурван маршал цэргийн жанжны хувьд европын байлдааны ажиллагааны талбарт хүчний тэнцвэртэй байдлыг хангахад тэргүүлэх үүрэгтэй оролцсон хэвээр байсныг энэ түүх гэрчилнэ.
Орчуулагч, судлаач М.БАЯРМАГНАЙ