Зарим улс орны армид шашны мяндаг тушаалтан хүчин зүтгэдэг бөгөөд АНУ-ын армид алба хааж байсан тэдний тухай нэгэн харамсалтай бас бахархмаар түүхийг та бүхэнд танилцуулъя.
1943 оны нэгдүгээр сард Нью-Йоркоос ачаа тээврийн Дорчестер хөлөг тэргүүтэй зургаан усан онгоц Европыг зорьсон байна. Дорчестерт Америкийн 902 цэргийн албан хаагч зорчиж явсан ба тэдний дунд армийн капеллан (лат-capellanus. Арми дахь шашны мяндагтан) болох дөрвөн хүн явсан нь 43 настай методист сүмийн (АНУ дахь протестант шашны урсгал) Жорж Фокс, католик шашинтан Жон Вашингтон, баптист Кларк Поллинг болон иудейн раввин Адександр Гуд нар байжээ.
Эдгээр дөрвөн капеллан нар Дорчесторт суун дайнд явж байгаа олон зуун шинэ цэргүүдийн сэтгэл санаа, сүсэг бишрэлийг нь дэмжиж явсаар Ньюфаундлендийн ойролцоо Германы шумбагч онгоцны (U-223 шумбагч хөлөг. Түүний анхны ялалт нь энэ Дорчестер гэсэн мэдээ бий) харвасан торпедод оногдон хөлгийн бүх л цахилгаан үгүй болж техник хэрэгсэл ажиллагаагүй болжээ. Ихэнх нь шинэ цэргүүд байсан учир живж байгаа хөлөг дээр бөөн сандраан болж эмх замбараа бүрэн алдагдсан ба цахилгаангүйгээс Дорчестор хөлгийнхөн цуг яваа бусад онгоцтойгоо ч холбоо барьж чадахгүй, тэднээс тусламж гуйж чадахгүй байв. Таг харанхуй болсон хөлгийг бусад дагуул онгоцнууд нь харалгүй урагш орхин оджээ.
Хөлөгт байсан бүх л хүмүүс дээшээ тавцан дээр гарч ирсэн ба аврах хантаазгүй олон зуун цэргүүд амь гарахын тулд аврах завь руу бөөнөөр зүтгэж эхэлсэн байна.
Туршлагагүй, айсан, сандарсан, харанхуй орчинд үймсэн шинэ цэргүүд завь буулгаж байна гэж ихэнхийг нь далайд хөмрүүлж байлаа. Чухам энэ үед дээрх дөрвөн капеллан тавцан дээр эмх замбараа тогтоох гэж оролдож эхэлсэн ба хамгийн эхлээд цэргүүдийг аврах хантаазаар хангах ажил хийсэн байна. Энэ завсартаа түлхэлцсэн олон хүнийг бага ч гэсэн зохион байгуулалтад оруулж хөлгөөс аврах завь руу буух эмх журам маягийн зүйл тогтоожээ. Ингэсний хүчинд ухаан мэдрэлгүй сандрал айдсыг дарж чадлаа. Шинэ цэргүүдэд аврах хантааз тараасаар дуусах үед дөрвөн капеллан өөрсдийн хантаазыг тайлж өгсөн бөгөөд дараа нь нэг нэгнийхээ гараас барилцан өөр өөрсдийн уншлага, маань мэгзэм уншин залбирч эхэлсэн байна. Хөлөг онгоц живэн живтэл олон хүнийг тайвшруулан, тэмцэх хүч чадал олгосоор байсан эдгээр капелланууд хөлөгтэйгөө цуг, залбирсаар живэн оджээ. Энэ явдлын үеэр хөлөгт байсан 600 гаруй хүн амь үрэгдсэн байдаг.
Амьд үлдсэн усан цэрэг Грейди Кларк сүүлд дурсахдаа “би хөлгөөс аврах завь руу бууж байхдаа эргэж харсан юм.
Энд тэндгүй янз бүрийн шатаж тэсэрч байгаа зүйлээс болж бүх л зүйл тод харагдаж байсан бөгөөд хөлөг онгоцны хамар хэсэг ус руу живж байсан тэр үе юм. Миний хамгийн сүүлд харсан зүйл бол гар гараасаа барилцан биднийг аврахыг бурхан тэнгэрээсээ гуйн чангаар залбирах дөрвөн капеллан байлаа. Аврах хантаазгүй тэр дөрвөн хүнд амьд үлдэх ямар ч боломж байгаагүй ба тэд өөрсдийн хийж чадах бүх л зүйлийг бидний төлөө зориулан хийсэн юм. Би дахиж тэр дөрвийг хараагүй” гэж бичсэн байдаг.
Дээрх дөрвөн капелланыг Purple Heart одон (дайнд амь үрэгдсэн, шархадсан бүх хүнд олгодог АНУ-ын одон), Distinguished Service Order одонгоор (дайны үед байгуулсан гавьяаг нь шагнаж олгодог одон) шагнасан бөгөөд 1988 оны хоёрдугаар сарын 3-наас хойш энэ өдрийг “Дөрвөн капелланы өдөр “ хэмээн нэрлэдэг болсон байна.
Шашин номын хүн гэж чухам ийм хүмүүсийг хэлдэг болов уу.
P.S.
Дорчестерийг торпед харван сөнөөсөн Германы U-223 шумбагч 1944 оны гуравдугаар сарын 30-нд Газар дундын тэнгист Британийн армийн хөлөг онгоцонд дайруулан сөнөсөн байна.
Нийтлэлч Чалчаа саарал
Төстэй нийтлэлүүдийг сонирхоно уу:
Дэлхийн түүхийг эргүүлэх шахсан байлдааны онгоц
“Ялагдашгүй Ямато” хөлгийн сүйрэл
Их далай дахь Германы өөдгүй зан ба Лакониа тушаал
Хөлөг онгоц болон шумбагч онгоцны нэгэн хачирхалтай тулаан
Америкийн флотын бахархал болсон азгүй шумбагч хөлөг
Тэнгисийн цэргийн эрэлхэг лам нар
Индианаполис крейсерийн эмгэнэлт төгсгөл
Япончууд АНУ-ыг дайнд татан оруулсан нь
Япончууд бууж өгч, америкчууд буулгаж авсан нь
“Сая манай тэнэгүүдийн нэг ирээд бөмбөгдөж сүйд хийх шахлаа