Ноднин байх аа, Оросын олон нийтийн дунд Октябрийн хувьсгалын удирдагч В.И.Лениний шарилыг бунхнаас гаргаж оршуулах, түүний хөшөөг Улаан талбайгаас нүүлгэх сэдвээр санал асуулга явуулсан билээ. Ямартай ч оросууд пролетарийн удирдагчийнхаа шарил болон хөшөөг олонхийн саналаар хөдөлгөхөө энэ удаад больсон билээ. Ер нь Ильичийн шарил, бунхан, хөшөөтэй холбоотой асуудал ганцхан өнгөрсөн жил босоогүй, өмнө нь ч элдвийн дуулиан шуугиан асуудал дагуулсаар ирсэн юм.
ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлсэн 1980-аад оны дундаас хойш Лениний талаар маргаантай ойлголтууд бий болсон. Тэр үед бунханд нь хийсэн өөрчлөлт бол хүндэт харуулыг нь татан буулгасан явдал. Ленинийг тойрсон маргаан жил бүрийн Октябрийн хувьсгалын ойн өдөр болон түүний төрсөн өдрөөр (дөрөвдүгээр сарын 22) эрчимждэг юм.
Лениний шарилтай холбоотой асуудал түүнийг нас бармагц л дэгдсэн байдаг.
1923 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр профессор Абрикосов агуу хувьсгалын удирдагчийн таалал төгссөн бие цогцост судсаар нь зургаан литр орчим спирт, формальдегид болон глицерин хийжээ. Цогцсыг ийм байдалтайгаар таван өдөр хадгалах ёстой байсан ч хэтрүүлж гурван cap гаруй болжээ. Үйлдвэрчний эвлэлийн баганат танхимд өдөр бүр ирж байсан Зөвлөлтийн олон мянган иргэн Лениний нүүрэнд тэр чигээрээ язралт үүссэн байхыг харсан гэдэг. Үүний шалтгаан нь сүүлд ил болсон бөгөөд тусгай хөргөх бодисын тусламжтайгаар цогцсыг хөлдөөж хадгалах санаанаас үүдсэн бөгөөд Германаас нийлүүлэх байсан шаардлагатай зүйлс цаг хугацаандаа ирээгүйгээс ийнхүү хувьсгалын удирдагчийн цогцсыг амьд мэтээр нь хадгалж чадаагүй өөрчлөлт оруулчихжээ.
Энэ зуур профессор Збарский, Воробьев нар цогцсыг химийн аргаар гүн занданшуулах санааг дэвшүүлж байжээ. Ф.Дзержинскийтэй уулзах үеэр профессор Збарский цогцос ноцтой байдалд орсныг илтгэж, Феликс ч химийн аргаар занданшуулахын тулд хөлдөөхөөс татгалзсан байна. Гуравдугаар сард шинжээчид Лениний гавлын яс, цээж болон хэвлийн хөндийгөөс бүх эрхтнийг нь авчээ. Нүдийг нь шилэн бөмбөлгөөр сольсон байна. Цогцсын дотор талыг уксусийн хүчлээр угаажээ. Эхний үед цогцост формальдегидын уусмал шингээсэн байна. Энэ нэгдэл нь биеийн уургийг спиртжүүлж, түүнийг химийн хувьд илүү идэвхгүй болгон, бактери, мөөгөнцрийг устгадаг аж. Энд хамгийн гол бэрхшээл нь шингээх технологи байжээ. Ерөөс судсаар шингэн хийж занданшуулдаг бөгөөд гэвч энэ тохиолдолд судаснууд нь язарч гэмтсэн байжээ. Занданшуулах бодисыг бүхий л биед хүргэж, сайтар шингээхийн тулд цогцост бүхэлд нь, тухайлбал гэдэс, мөр, хөл, нуруу болон гарын алганд зүсэлт хийсэн байна.
Дараа нь Лениний цогцсыг глицерин, калийн ацетат, ус, хлор-хинин гэсэн уусмалтай ваннанд хийжээ. Үүнээс хойш хоёр жилд нэг удаа энэ процедурыг давтан хийдэг болсон байна. Ваннаас гаргасны дараа шинэ хувцас, цэргийн френч (1961 оноос костюм) өмсгөжээ. Улам бүр хүндэрч байсан саажилт түүний баруун гар, хөлийг хөдөлгөөнгүй болгосон сүүлчийн гэрэл зургууд дахь Лениний туйлдаж тамирдсан гадаад төрхнөөс тэс өөр улаа бутарсан өнгө хацар дээр нь харагдах болсныг үзээд, хүмүүс гайхаж байжээ. Түүний нэг гар атгаастай байдаг нь чухамхүү энэ саажилттай холбоотой аж.
Нүүрний шаравтар цайвар өнгийг гар, нүүрийг гэрэлтүүлдэг гэрэлд суулгасан улаан өнгийн фильтрийн туслалцаатайгаар арилгажээ. Уруулыг нийлүүлүүлэхийн тулд амыг анзаарагдахгүйгээр нарийн оёсон байна. Түүний нүд, дотор эрхтнүүд, тархи, зүрх хаана хадгалагдаж байгаа нь учир битүүлэг байгаа ажээ. Тархийг нь олон мянган дээж-хэсэг болгон хувааж, дэлхийн олон лабораторид шинжилсэн ч, жолоодогчийн тархинаас ямар ч онцлог зүйлийг илрүүлээгүй байна. Ленинийг хувилах боломжтой юу гэж асууцгаадаг. Хэрвээ түүний цогцсыг хөлдөөсөн бол, амжилттай хувилах магадлал их юм. Гэвч формальдегид нь биеийн молекул, түүний дотор ДНК-г ч ихээхэн спиртжүүлдэг юм. Одоо генийг дахин сэргээхийн тулд түүнийг унших ч боломжгүй болжээ. Тийнхүү Ленинээс үлдсэн бүх зүйл шинжлэх ухаанд огт хэрэггүй болсон байна.
1974 оны Мавзолейн нөхөн сэргээлт
Одоо хэрхэн байгаагаар нь хадгалах вэ гэдэг л асуудал болон үлджээ. Жилд хоёр удаа томхон хэмжээний эмч нарын багийн шалгалт, үзлэг хийж, нэг ёсондоо “эмчийн үзлэг”-т оруулах бөгөөд удирдагчийн шарилд зарцуулж байгаа мөнгөний хэмжээ ам.доллараар хурдацтай гүйсээр байгаа аж. Тиймээс нас барсан хүний цогцсыг ингэж удаан хадгалах нь зардал өндөртэй мөртлөө үр дүнгүй, практик ач холбогдолгүй үйлдэл гэж үзэх хүмүүс элбэгших болжээ.
Олны анхаарал татсан нь Чечений Ерөнхийлөгч Рамзан Кадыров. Тэрээр “Ленинийг оршуулах эсэх нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины шийдэх асуудал. Гэхдээ бид хүний цогцос руу ширтэхээ болих хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна” гэж Кадыров Телеграм мессенжэртээ бичсэн байна. Үүнээс гадна Кадыров 19 дүгээр зууны эхээр Хаант Оросын эсрэг тэмцэж байсан бослогын удирдагч Хажи Мурадын Санкт Петрбургийн музейд хадгалагдаж байгаа толгойг гаргаж оршуулахыг Оросын эрх баригчдад уриалжээ. Шарилыг бүрэн бүтэн хадгалахын тулд үүсдэг асуудалдан ганц дээрх сэдэв биш. Ленинийг амьдад нь хороох гэсэн оролдлого нэг биш удаа гарч байсан бөгөөд сонирхолтой нь таалал төгссөнөөс нь хойш ч тасраагүй аж.
Лениний шарилыг Москва хотын Улаан талбай дахь Мавзолейд 1924 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр байрлуулсан юм. Үүнээс яг 10 жилийн дараа 1934 оны гуравдугаар сарын 19-ний өдөр түүний цогцос руу хамгийн анх удаа халдсан хэрэг гарчээ.
Уг хэргийг Москвагийн ойролцоох “Прогресс” хамтралын ажилчин Митрофан Никитин гэгч үйлдсэн бөгөөд шарилыг “Наган” буугаар буудахыг оролдсон байна. Харин хамгаалалтынхан түүнийг баривчлах гэсэн ч Никитин өөрийгөө буудаж амиа хорложээ. Түүний дараа гэмт этгээдийн биеэс дараах захидал олдсон байна. “1934 оны энэ хавар халдварт өвчин, өлсгөлөнгөөр дахиад л өчнөөн олон хүн нас барах нь ээ. Ард түмэн ийм амьдрал хүсээгүй, тэгээд ч үүнийг даван туулах тэнхэлгүй болсныг Кремлийнхэн харахыг ч хүсэхгүй байна. Би ард түмнийхээ төлөө баяртайгаар үхэж байна. Би 13 наснаасаа эхлээд ажилласан, олонтойгоо хүн болохоор тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байна. Энэ бүхнийг би удаан бодсон, яаж амьдарснаа ч бодсон. Та нар юу хийж байгаагаа мэдэж байна уу, энэ улс орон ард түмнийг хааш нь жолоодож явна вэ. Бүх зүйл уруугаа явж ард түмэн үгээгүй ядуурч байгааг харж байна уу” гэсэн бичиг түүнээс гарчээ.
1960 оны долдугаар сард Фрунзе хотын иргэн Татарин Минибаев бас л хашлага дээрээс үсэрч, шарил хадгалсан шилэн хоргыг хутгаар цөмлөхийг оролдоход шил цуурч хэлтэрхий нь Лениний занданшуулсан шарилын арьсыг гэмтээжээ. Энэ бүхнийг сэргээн засах гэж Мавзолейг хэдэн сараар хаасан гэдэг. Мөрдөн байцаалтын явцад Минибаев Лениний шарилд халдах гэж 1949 оноос бэлтгэн хэргээ гүйцэлдүүлэх гэж Москвад нисч ирсэн гэдгээ хүлээсэн байна. Шалтгаан нь бас л үзэн ядалт.
1962 оны дөрөвдүгээр сарын 24-нд Сталины шарилыг Лениний бунхнаас гаргачихаад байхад Москва орчмын Павловскийн нягтлан бодогч байгаад тэтгэвэрт гарсан Лютиков мөн л шилэн хорго руу чулуу шидсэн ч хагалж чадаагүй байна. Тэрээр мөрдөн байцалтын явцад Зөвлөлтийн эсрэг захидал бичиж хэвлэлүүдэд болон гадаад орнуудын ЭСЯ-нд илгээн, Лениний цогцост халдахаар хоёр жил бэлтгэсэн гэжээ.
1967 оны халдлага бүр ч ноцтой. Есдүгээр сард Каунасын оршин суугч Крысанов яг Мавзолейн дэргэд өөрийгөө дэлбэлж хоморгондоо хэдэн хүний амийг бүрэлгэжээ. Халдлагын үеэр гурван хүн амиа алдаж, дөрвөн хүн хүндээр шархаджээ. Кремлийн эрх баригчид Улаан талбайд явсан гадаад дотоодын бүх хүмүүсийг гаргаж, өндөр хамгаалалт тогтоон богино хугацаанд бүх зүйлийг засаж сэргээжээ. Ямар ч мэдээлэл гарсангүй, КГБ хав дараад өнгөрөв. Олон нийт ч энэ явдлыг тэгсхийгээд мартсан гэдэг.
Удаах халдлага нь саяхных. 2010 онд Москва орчмын оршин суугч Сергей Крапецов Мавзолейн индэр рүү гүйн гарч, Лениний шарилыг зайлуулж, Мавзолейг эвдэхийг уриалан хашгирсан байна. Тэр цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлсэн ч удалгүй баривчлагдсан юм. Харин сүүлийн жилүүдэд иймэрхүү явдал тогтмол шахуу гарах болж, янз бүрийн үзэл баримтлалтай саваагүй залуус мавзолейд халдах нь москвачуудын хувьд ердийн үзэгдэл болох нь тэр. Иймээс л Лениний шарилыг хөдөлгөх асуудал нийгмийн хэмжээнд байсгээд л яригдах болжээ.
Г.Ванчиг
Москвагийн “шөнийн эзэн” Ленинийг бие хамгаалагчидтай нь дээрэмдсэн түүх
1919 он Орос орон. 1917 оны дараалсан хоёр хувьсгалын дараа Орос орон замбараа цадигаа алдан, иргэний дайн, хоосрол сүйрэл, гэмт хэрэг аллага таллагад нэрвэгдэн байсан тэр цаг үе.
Москва хотын шөнийн эзэд болсон олон гэмт хэргийн бүлэглэлийн дундаас хамгийн хүчтэй нь Яков Кошельков гээч нөхрийн удирдсан дээрэмчид байсан бөгөөд тэдний “засаглал” гэмт хэргийн ертөнцийг бүрэн хамарч Москвагийн Онцгой Комиссын (алдарт ЧК буюу чекистүүд) хамгийн том өрсөлдөгч болж гарч ирсэн байна.
Яков Кошельков нь хүнийг алах гэж алдаг хүн биш, зөвхөн бие хамгаалах үедээ алдаг, маш зоригтой, гүйлгээ ухаан сайтай, зохион байгуулах мундаг авьяастай гэж тухайн үед гэмт хэргийн ертөнцөд яригддаг байсан боловч яваандаа энэ хүн улангассан алуурчин болж хувирсан байдаг.
Гэгээн цагаан өдрөөр том том байгууллага, банк, рестораныг цөлмөж байсан бөгөөд хэнээс ч айж ичихгүй, дээрмээ дэндүү “шоу” байдлаар хийнэ. Ганц жишээ гэхэд л үнэт эдлэлийн нэгэн том үйлдвэр дээр очиж дээрэм хийхдээ яг л дээд байгууллага нь доод байгууллагын ажил хэргийг шалгаж байгаа мэт байсан гэдэг. Яков асуух юмаа асууж, үйлдвэрийн дарга өмнө нь бөхөлзөн хэлсэн болгонд хариулаад л цаана нь зуу зуун ажилчдыг бүгдийг нь жагсаасан хэдэн нөхөд бүтээгдэхүүний дээж авна. Тэрхүү дээж нь 3 фунт алтан гулдмай, 3,5 фунт цагаан алт, 25 000 бэлэн рубль байжээ.
Ийм нөхдүүд нэгэн шөнө архидаж байгаад гарч зугаалахаар болжээ. Зугаалж ядарсан нөхдүүд замаар явах машин дээрэмдэн авч өөр газар наргихаар шийдсэн боловч машин ер байсангүй. Сүүлдээ даарч, архи нь гарсан нөхдүүд ихээхэн уур уцаартай болж ирэх үед нэг машины гэрэл гарч ирсэн байна. Дээрэмчид ч буугаа гаргаж ирэн өнөө машины замыг хөндөлдөн зогсоцгоов.
Энэ машин нь Лениний сууж явсан машин байлаа.
Сүүлд энэ тухай Лениний жолооч Гиль ярихдаа :
“Зам дээр гэнэт буутай гурван хүн гарч ирэн зогс гэж хашхирсан бөгөөд би дээрэмчид байна гэж мэдээд шууд дундуур нь дайрч гарахаар шийдлээ. Гэтэл энэ үед Владимир Ильич цонх тогшоод, “Нөхөр Гиль зогс гэж байна. Зогсоод юу болж байгааг мэдэх хэрэгтэй биш үү? Шөнийн эргүүлүүд бололтой” гэв. Энэ үед араас “зогс, зогсохгүй бол буудлаа” хэмээн хашхирч байлаа.
“Тэр харж байгаа биз, эргүүлүүд байна” гэж Ильич хэлээд би ч зогссон юм.
Машин зогсонгуут хаалга онгойлгосон томоо биетэй хүн Ильичийг захан дээрээс барьж аван шууд гуд татан машинаас гаргалаа. Дараа нь мэдэхэд энэ том биетэй нөхөр бол нөгөө алдартай Яков Кошельков байсан юм билээ. Лениний бие хамгаалагч Иван Чибановыг ч бас цаад хаалгаар хөл гарыг нь сарвагануулан гулдарч чирэн гаргаж байв.
Би Ильичийг юу болж байгаа бол гэж хартал тэр үнэмлэхээ гаргаад барьчихсан байх ба хоёр талаас нь толгойд нь буу тулгасан нөхдүүд “хөдөлбөл хохь чинь шүү” гэж байхыг сонслоо.
-Та нар юу хийж байна. Би Ленин байна. Энэ миний бичиг баримт… гэж Ильич хэлэх үед миний зүрх зогсох шиг л болсон юм. Одоохон л буудах байхдаа гэж бодогдсон бөгөөд аз болж машины моторын дуунаас болсон юм уу дээрэмчид нэрийг нь буруу сонссон байлаа.

-Левин! Чиний хэн байх хамаагүй. Би шөнийн Москвагийн эзэн Кошельков байна. Тиймээс дуугүй л байж бай за юу гэж дээрэмчин хэлээд үнэмлэх цаасыг нь хураан авч нэгжсээр улаан армийн дайчны дэвтэр, түрийвч, браунинг бууг нь авч байв. Яг энэ үед гэнэт нүд харанхуйлаад явсан бөгөөд намайг хэн нэг нь машинаас унатал цохисон байлаа. Дээрэмчид машинд суугаад арилж өгсний дараа:
-Сайхан хэрэг байна даа. Гурвуулаа байж, бүр гурвуулаа зэвсэгтэй байж машинаа дээрэмдүүлнэ гэдэг. Ичмээр юм! гэж Ильич хэлэв. Лениний бие хамгаалагч бид хоёр чухам ямар ч эсэргүүцэл үзүүлээгүйн хүчинд бид амьд үлдсэн гэдгийг Ильичид тайлбарлах гэж нэлээд юм болсон бөгөөд сүүлд нь Ильич бидний хэлж байгааг зөвшөөрсөн юм.”
Яков Кошельков ойр дотно байдаг эмэгтэйдээ энэ тухай ярихдаа ”Ленин байж гэдгийг дараа нь бичиг баримтаас нь хараад ёстой уур хүрч билээ. Ийм том загас дэгээнд өөрөө орсон байхад буцаагаад тавьчихдаг. Шууд л буцаж Ленинг орхисон газартаа яаран ирсэн боловч байсангүй. Нэгэн үе шарандаа Зөвлөл рүү очиж Ленинг барихаар шийдсэн юм. Гар бөмбөгөө бэлдээд давхиад очтол олон машин байх учир тэгсхийгээд больж билээ” гэсэн байна.
Энэ явдлаас хойш тун удалгүй гэмт хэрэг, гэмт хэрэгтэнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ямар ч өршөөлгүй байх, тодорхой арга хэмжээ авах тухай Ленин заавар тушаал өглөө. Арга хэмжээ ч авч эхэлжээ.
Милиция (сэргийлэх) түмэн янзын арга хэмжээ авч 200 гаруй хүн баривчилсан ч тэдэн дунд Яшка-гийн ганц ч хүн байсангүй. Цаг хугацаа өнгөрсөөр сэргийлэх энэ ажлыг нугалж дийлэхгүй нь тодорхой болох үед Бүх Оросын Онцгой байдлын комиссын дарга “өнөөх” Зержинский нь Москвагийн сэргийлэхийн дарга, туршлагатай мөрдөгч Мартыновд “өөрийн биеэр ажиллаж Кошельковыг барьж авах”-ыг тушаасан байна. Мөрдөгч зүсээ хувирган дээрэмчдийн дунд шургалж янз бүрийн мэдээлэл цуглуулсаар Яшкагийн бүлгийн гурван нөхрийн нэр ус, хаягыг мэдэж авчээ. Удалгүй өнөө гурвыг барьж аван хайж байгаа хүнийхээ байж болох хэд хэдэн хаягыг олсон бөгөөд эдгээр байцаалтын зарим нэгэнд нь Зержинский өөрөө байсан гэдэг. Хаяг олж авлаа, хэрэггүй болсон нөхдийг “өөр тийш нь” харууллаа.
Олж авсан хаяг бүхий байранд хоёр өдөр отсоны эцэст нэгэн хүн орж ирснийг барьж авчээ. Гэтэл энэ нь Яков Кошельковын өгөөш байсан ба тэрээр байнга ийм арга хэрэглэн тухайн байр, орчин аюулгүй байгаа эсэхийг мэдэж авдаг байв. Өгөөш үмхсэн Мартынов байрнаас гарч ирэх үед Яшка өөрөө сэргийлэхийн нөхрийг барьж авах гэж бас баахан хөөцөлдөөн буудалцаан болж. Адаг сүүлд нь Мартынов нь Яшка байтугай түүний хойноос хөөх, отох сэжим ч үгүй хоцорчээ.

Гэсэн ч шантрахгүй хайсаар 1919 оны 6-р сард Яшкагийн шинэхэн найз бүсгүй болох 20 настай хүүхнийг ёстой санаандгүй олж авсан ба тэр хүүхэн нь мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар шалгагдаж байж. Байцаалтын үеэр яагаад ийм айхтар газар ирээд байж байгаагаа ойлгож байна уу гэсэн бараг л анхны асуултад уг хүүхэн ”Яков Кошельковтой холбоотой болохоор л тэр гэж” дуугарсан байна. Гайхсан мөрдөгч арай л дуу алдчихаагүй гэдэг. Одоо хэрэг Мартыновын гарт шилжсэн бөгөөд ийм азтай явдлыг туршлагатай мөрдөгч юу гэж зүгээр өнгөрөөх вэ.
Энэ үед хайртай бүсгүй нь сэргийлэхэд баригдан сууж байгаа гэдгийг мэдсэн Яшка галзуурч эхэлсэн байна. Тэрээр хаа дайралдсан газраа таарах сэргийлэхийн хүмүүсийг зүгээр л буудан алж байсан ба сэргийлэх дуудах шүхэр үлээн гудмаар алхах үед тэр дууг сонсоод гүйн ирсэн бүхнийг буудсаар. Хачин гэмээр нэг зүйл нь тэрээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан ба энэ бүх аллагаа бичиж тэмдэглэсэн байжээ.
20 настай бүсгүйгээр дамжуулан Яшкаг олж авсан сэргийлэхийнхэн түүнийг барих гэх үед буудалцаан болсон бөгөөд үхлүүт шархтсан, цус алдсанаасаа болоод юу ч харахгүй байгаа Яшка дээш харан хэвтээд дуу гарсан зүг рүү таамаглан буудсаар үхсэн байна.