Хубилай хаан тэртээ 1274 болон 1281 онуудад Японыг эзлэх гэж их флот хөдөлгөсөн боловч далайн хар шуурганы улмаас болж тухайн цагийн хамгийн том флотоо тэр чигээр нь алдаж байсан түүхтэй билээ. Япончуудын аврал болсон тэр их салхийг бурхны салхи, бурхны бэлэг гэсэн утгатай камиказе гэсэн үгээр нэрлэсэн бөгөөд тэр явдлаас хойших он жилийн явцад энэ үгний утга нэлээдгүй өөрчлөгдөн хувирчээ.

Орчин цагийн зарим хүмүүст камиказе нь гэмгүй олон хүний дунд давхиж орон бөмбөг тэсэлдэг байдлаар төсөөлөгддөг бол өөр нэг хэсэг нь дайсны онгоцыг сөнөөх, гэмтээх гэж амиа золиослогч улангассан хэнээтнүүд хэмээн харагддаг. Харин тэр камиказе гэж чухам хэн юм бэ гэсэн асуултад хариулт болгон хэдэн баримт сонирхуулъя гэж бодлоо. Ер нь камиказе хэмээх ойлголт нь ямар нэг нисгэгч өөрийн онгоцоор дайсныг мөргөх, их бууны сум тэвэрсэн хүн танкны дор өөрөө орж дэлбэлдэг зэргээс арай өргөн утгатай болов уу.
Ингээд:
-Сайпанд байсан Японы цэргүүдийг америкчууд хэдэн өдрийн турш салам бөмбөгдөж амьд юм үлдэх аргагүй болголоо гэж үзсэний дараа явган цэргүүдээ оруулжээ. Тэгтэл Японы амьд үлдсэн цэргүүд зэвсэгтэй зэвсэггүй, шархадсан эрүүл хамаагүй гар гараасаа хөтлөлцөн дайсныхаа өөдөөс хашхиран дайрч бүгд хядуулсан бөгөөд босож чадахгүй болсон 300 гаруй нөхдөө өөрсдөө зүйл дуусгачихаад дараа нь ийнхүү дайрсан гэдэг.

-Улс орон даяар камиказе болох хөдөлгөөн өрнөж байх үед 25 настай Хажиме Фужи гээч эр эх орныхоо төлөө ийм зориг гаргахаар бүртгүүлсэн байна. Гэтэл энэ эрийг гэр бүлтэй, үр хүүхэдтэй учир шаардлага хангахгүй гэж бүртгэлээс хасчээ. Гомдож гутарсан эр гэртээ ирж ямар шившигтэй байдалд орсноо эхнэртээ уйлан хайлан ярьсны дараа эхнэр нь ой дөнгөж гарч байсан хүүгээ хө нөөгөөд, дараа нь амиа хорлон үхэж байхдаа ”одоо бид хоёр чамд саад болохгүй боллоо” хэмээн нөхөртөө хэлж байсан гэнэ. Энэ нөхрийн цаашдын хувь заяа тодорхойгүй бөгөөд засаг төр нь энэ явдлыг нууцалж таг даржээ. Зарим нэгэнд нь Фужигийн эхнэр гомдсондоо ийм зүйл хийсэн байх гэж бодогдож магадгүй. Гэтэл үнэндээ бол гомдож муудсандаа биш харин эр нөхөр нь баатарлаг гавьяа байгуулж бусидо ёсыг гүйцэлдүүлэхэд нь саад болохгүй юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хийсэн хэрэг билээ. Засаг төр нь ч гэсэн энэ явдлыг нууцалсан нь муу муухайгаа хаацайлах гэсэн биш харин ч энэ явдлыг бүр ч олон хүмүүс дэмжин, хаа сайгүй ийм явдал болох вий гэсэндээ тэр.
-Америкийн нэгэн байлдааны хөлөг онгоц Японы сөнөж живсэн шумбагч онгоцноос юу үлдсэнийг очиж үзэхээр дөхөж очиж гэнэ. Амьд үлдсэн Япон цэргүүд бүгд л хөвж болох ямар нэг юмнаас зууран тогтож байгаад дайсны хөлөг онгоц ирэхэд бүгд тийшээгээ чиглэн сэлж эхэлжээ. Америк цэргүүд хөөрхий япончуудыг (ямар ч зэвсэг, тэсрэх бодисгүй нүцгэн нөхдүүд) амь аврагдах гэж уралдан ирж байна гэж бодсон боловч тэдгээр нь үнэндээ Америкийн хөлөг онгоцны сэнсэнд хяргуулах гэж дайрцгаасан нь тэр байв. Ганц ч япон цэрэг амьд үлдээгүй бөгөөд зүгээр нэг живэхийн оронд дайсныхаа сэлмэнд тасчуулах нь ариун явдал байсан бололтой.

-Ухаангүй байгаа япон цэргийг америкчууд эмнэлэгт аваачин мэс засал хийж ухаан оруулахад өнөөх нь хаана байгаагаа мэдэнгүүтээ өөрийг нь эмчилж байгаа эмчийг боосоор цугтаа зүйл дуусчээ.
Иймэрхүү жишээ ёстой л хэдэн мянгаар тоочиж болох биз. Одоо арай өөр өнцгөөс:
-“Камиказе нарын хувьд зэвсэггүй байна гэдэг нь ялагдлаа зөвтгөх шалтгаан биш. Тийм учраас ямар ч үнээр хамаагүй дайснаа эсэргүүцэн тэмцэх ёстой” гэж Японы нэгэн генерал сургадаг байж.
-Японы засаг төр бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд “100 сая хүн эх орныхоо төлөө амиа өгнө”, “100 сая хүн нэг сум шиг цугтаа” гэх зэрэг уриа лоозон барин хэдэн арван сая хүмүүс энэ хөдөлгөөнд нэгдэж байжээ.
-“Нэгэнт улс оронд хүнс хоол хангалтгүй болж, газар нутаг маань дайны талбар болж хувирч байгаа үед бүх л хөгшчүүд, хүүхэд, өвчтэй болон сул биетэй хүмүүсийг бүгдийг нь нөгөө ертөнцөд аваачих хэрэгтэй. Тэд Япон улсын төлөө бусад хүмүүстэй цуг үхэхэд тохирохгүй хүмүүс” гэж Японы цэргийн тойргийн командлагч Тюбу гээч хэлж байв.
-20 сая япончууд тусгай дайралт хийхэд (камиказе дайралт) бид ямар ч эргэлзээгүй ялах болно” хэмээн адмирал Онисигийн штабын дарга нь мэдэгдэж байжээ.

-Тусгай хүн болох (камиказе) эрхээ авсан залуус богино хугацаанд ч гэсэн бурхан шиг хүндлэгдэж байсан бөгөөд охид бүсгүйчүүд тэдний төлөө юу ч хийхэд бэлэн болж, эцэг өвгөд нь ер бусын гүн хүндлэл үзүүлж, үнэтэй ресторанууд үнэгүй үйлчлэх гэж урьж залдаг байсан зэрэг нь залуу хүмүүсийн хувьд мөрөөдөөд ч олж чадахгүй зүйл болж байжээ. 1944 оноос энэ бүх ажиллагаа өргөн хэмжээгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд ер бусын үнэнч, дээд зэргийн сахилга баттай ард түмнийхээ амь насыг ийм амархнаар гаргууд гаргахаар төлөвлөж байсан Японы эвэртэн туурайтнууд нь хөөрүү сэтгэлт оюутнууд, бусидо ёсыг баримтлан амиа алддаг баатруудын тухай номоор хүмүүжсэн залуусыг ийнхүү дэвэргэн үхэл рүү олноор илгээж байжээ.

Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн жагсаалт гэж байдаг бол хамгийн түрүүнд Хирошима болон Нагасаки хотод цөмийн бөмбөг хаясан явдал бичигдэж таарах ба дараа нь Японы ард түмний амь насыг тэр чигээр нь золиослох гэж байсан тухайн үеийн Японы удирдагч нарын үйл хэрэг бичигдэх ёстой биз ээ.
Камиказе бол чухамдаа террористууд ч биш, тэд бол эх орон, ард түмэн, эзэн хааныхаа төлөө өөрийнхөө амиа золиослон ялалтад хүрэхийг эрмэлзэгч хүмүүс байсан бөгөөд дэлхийн 2-р дайны үеийн Японы хамгийн аймшигтай зэвсэг байлаа.

Өөр нэгэн түүх: Япон маягийн ноу-хау буюу шумбагч камиказе
Дэлхийн 2-р дайны үед Японы арми, флотын дайчид дэндүү гэмээр улангасан тулалдаж байсан олон жишээ бий бөгөөд эдний дундаас нисгэгч камиказе нар ялгаран тодордог билээ. Тэгвэл тэднээс дутахгүй зориг зүрх гаргаж байсан бас нэг өөр бүлэг хүмүүс байсан нь шумбагч камиказе нар юм. Тэднийг, тэдний торпедыг Япончууд кайтан хэмээн нэрлэдэг байсан бөгөөд энэ нь “хувь заяа өөрчлөгч” гэсэн утгатай үг юм гэнэ лээ.
Мидуэйд хэмх балбуулсан Японы флот үндсэндээ байлдах чадвараа бараг алдаж, Номхон далай америкчуудын гарт орох нь тодорхой боллоо. Ийм үед Наран улсыг аврах зүйл нь ямар нэг санаанд оромгүй байлдах арга, өвөрмөц онцгой зэвсэг техник гэж флотынхон үзэж байв.
Японы шумбагч флотын дэслэгч Хироши Куроки болон бага дэслэгч Сэкио Нишина нар нь хүн удирдах бяцхан шумбагч онгоцоор дайсны том хөлөг онгоцыг мөргөн устгах шинэ арга сэдсэнээ танилцуулжээ. Тэдний үзэж байгаагаар 1000 гаран тэсрэх бодис бүхий ийм шумбагч онгоцоор мөргөхөд ямар ч том хөлөг бүрэн сүйрч живэх бөгөөд ганц нэгхэн амжилттай ажиллагааны дараа америкчууд сүүлээ хавчин далайн цаад эрэг рүү зугтана гэж тооцож байв. Харин тэрхүү шумбагчийг залан чиглүүлэх нөхдийн амьдрал хүндэтгэлтэйгээр төгсөх болно.
Тэдний энэ аргыг Хироши Сузукавэ хэмээх инженер ихэд үнэлж, хичээн зүтгэсний хүчинд шумбагч онгоцны техникийн загвар зургийг гаргаж өгчээ. Одоо дээдэс зөвшөөрөх юм бол Наран улсын ирээдүйн төлөө амиа золиослох үй түмэн шилдэг залуучууд дайсныхаа хөлөг онгоцыг олон арваар сөнөөн устгаж…
Нэг иймэрхүү хөөрүү бодолтой байсан ч дээдэс үүнийг нь тоож авч хэлэлцсэнгүй. Тухайн үед дайныг эргүүлэх бололцооны талаар янз бүрийн солиотой гэмээр олон зэвсэг техникийн зураг олноор гарч байсан бөгөөд флотынхонд иймэрхүү сайн дурын уран сайханчдын санаа оноо огт сонин биш байж. Тэдний хувьд том хүчирхэг кампанит ажиллагааны ялалтад хүргэх бодит төсөл, төлөвлөгөө л хэрэгтэй.
Ийм үед Нишина болон Куроки нь тэнгисийн цэргийн хэрэг явдал хариуцсан яманд нэгэн захидал бичсэнээр өөрсдийнхөө хүслийг биелүүлэх бололцоотой болсон байна. Тэрхүү захиагаа хоёр дэслэгч өөрсдийн цусаар бичсэн бөгөөд ийм захиаг дээд дарга нар нь заавал уншиж танилцан, эцэслэн шийдвэрлэх ёстой байжээ.
Янз бүрийн туршилтын дараа хүн жолоодох боломжтой торпедыг зэвсэглэлд авсан нь 1944 оны зун цаг. Торпедын диаметр нь бараг 1 метр, хошуу хэсэгтээ 1550 кг тэсрэх бодис авч явах болохоор Америкийн ямар ч хөлгийг нэг л мөргөлтөөр живүүлэх ба үгүйдээ л жагсаалаас гаргах ёстой байв. Харин торпедыг удирдан чиглүүлэх хүнийг амьд үлдээх арга олсон нь мөргөлтийн өмнө жолоочийг авч шидэх систем байж. Ингэж шидүүлсэн хүн амьд үлддэг байлаа гэхэд дараа нь хэн очиж тэнгисийн их уснаас олж авах ёстой байсан юм бүү мэд.
Аврах системээс илүү тэсрэх бодисоо тэслэх тал дээр харин маш сайн бодож төлөвлөсөн байсан ба зөвхөн тэслэгч нь гэхэд гурван янз байв.

Ингээд 14,7 метр урттай, 1 метр диаметртэй торпедыг харвах тийм том торпедын хоолой байхгүй учир шумбагч онгоцноос зүүж яваад дайсанд дөхөж очоод хаяхаар болсон байна. Дээр нь нэг шумбагч ийм 4 торпед авч явах учир дайсан таарсан л бол далайн ёроол руу явах нь тодорхой. Харин залуурч, жолоочийн хувьд… яршиг төвөг болж байхаар шууд л торпедтойгоо цуг очоод мөргөчихсөн нь дээр. Дайчин залуу ч алдаршиж, хойд төрөлдөө бурхны хутгийг олох ба дайсны онгоцыг ч онож мөргөхөд хэрэгтэй. Япон маягийн прагматизм гээч энэ буюу.
Богино цаг хугацаанд 300 гаруй кайтэн хийж амжсан ба зөв ашиглаж чадвал багаар бодоход дайсны 100 гаруй том хөлөг онгоцыг устгах боломжтой гэж тооцож байв. Энэ бол бараг л ялалт гэсэн үг.

Ингээд хамгийн анхны дайралтаа хийхээр болж дэслэгч Нишина торпед дотроо нэгэн жижигхэн зүйл авч оржээ. Түүний хамтрагч дэслэгч Куроки хаачив?
Нишинагийн авч орсон тэр жижиг зүйл нь “кайтэн”-ыг хамтран зохиосон дэслэгч Курокигоос үлдсэн үнс нурам байжээ. Энэ хүн кайтэн-ыг хийж туршиж байхад амиа алдсан, кайтэний хамгийн анхны хохирогч байсан юм.
Дэслэгч Нишинагийн дайралт чухам ямар үр дүнтэй болсон талаар тодорхой мэдээ байдаггүй бөгөөд кайтэнийг хэрэглэж эхэлснээс хойш америкчууд сүйдтэй хохирол үзээгүй нь л тодорхой юм.

Японы флот кайтэн хэрэглэсэн бүх л тохиолдлыг нарийн шинжилж дүгнэж үзсэний дараа ”шилдэг цэрэг офицеруудаа олноор алдах ч дайсанд учруулах хохирол нь бага, кайтэнийг хийж бүтээх, тулалдаанд бэлтгэх зардал нь дайсны хүлээх хохирлоос их байна” гэж үзэн уг зэвсгийг хэрэглэхээ болихоор шийдсэн байна. Харин энэ шийдвэр гарах гэсээр байх хооронд япончууд дайнд бүр мөсөн ялагдан бууж өгсөн билээ. Кайтэнийг хэрэглэснээр Mississinewa хэмээх Америкийн том танкерыг живүүлж, өөр бусад 10 гаран жижиг хөлгийг гэмтээсэн бөгөөд уг нь дайсныхаа онгоц тээгч том том хөлгүүдийг бүгдийг нь далай ван руу явуулах агуу зэвсэг бүтээлээ хэмээн бодож найдаж байсан гэдэг.