Америк тивийг нээсэн Христофор Колумб бол дэлхийн улс орнуудын хөгжилд асар том үүрэг гүйцэтгэсэн, шинжлэх ухааны төлөө бүх л амьдралаа зориулсан хүн билээ… гэх маягийн лоозун маягийн магтаалыг энд тэнд их л бичдэг, тэрийг нь уншдаг байж. Гэтэл зөвхөн энэ өгүүлбэрт л гэхэд хэд хэдэн алдаа бий. Нэгдүгээрт, Колумб Америк тивийг нээгээгүй буюу Америк тив хүрэх замыг л нээсэн хүн. Энэ хоёр нь ихээхэн ялгаатай зүйл бөгөөд дээр нь нөгөө Америго Веспуччи энэ тэрийг яриад ч яахав. Хоёрдугаарт, Колумб шинжлэх ухааны төлөө бүх л насаа зориулсан хүн огтоос биш буюу тэр хүн мөнгөтэй баян тарган байж, үй олон боолтой болоход хамаг амьдралаа зориулсан хүн байсан бололтой. Ингээд Христофор Колумб гээч хүний тухай жаахан хар саарал талаас нь сонирхуулахад:
Энэ хүний гарал үүсэл, урьд өмнийн амьдралын тухай мэдээлэл байхгүйтэй адил. Өөрөө бол хар нялхаасаа л далайгаар тэнэж байсан гэх ч өөр бусад баримтаар бол мань эр үнэндээ арьс ширний хамгийн жижигхэн наймаачин байснаа нууж байсан бололтой. Ингэх учир бий бөгөөд Хирстофор нь жирийн нэг ядуу нэхмэлч, лангууны худалдаачны хүүхэд байсан нь тухайн цагийн дээдсүүдтэй харьцахад саад болдог, бараг л гэмт хэрэгтэнтэй адил шахам байсантай холбоотой гэнэ.
Сонирхуулахад Генуя хотын 1470 оны шүүхийн нэгэн шийдвэрт Доминико Колумб болон түүний хүү Христофор Колумб нарыг бяслагны худалдаачин Жироламо дель Портод өртэй гэдгийг тогтоож нэн даруй өрөө төлөхийг шаардсан байсан гэдэг. 1506 онд Колумб өрөө төлөөгүй л байсан ба энэ өрийг төлөхийг өөрийн үр хүүхдүүдэд даалгаж гэрээслэлдээ оруулж байж. Харин 1523 онд түүний хүү Диего бас л өөрийн гэрээслэлдээ өвөг эцгээс эхтэй энэ өрийг төлөх үүргийг өөрийн хүүхдүүддээ үлдээсэн байна. Нохой сүүлээ, сүүл нь… гэмээр энэ зуун дамжсан өр нь тун ч ялихгүй хэмжээний юм байсан бололтой юм билээ.
Христофор залуу зандан цагтаа Африкийн эргээр ихээхэн эргэлдсэн хүн гэдэг ба яг юу хийж байсан нь бас л тодорхойгүй. Гэтэл тэр цагт Африкийн эргээр боолын худалдаачид л өөд уруугүй хөлхөлдөж байсан цаг юм.
Нас ахиж буурь суусан эр жижиг сажиг юмаар оролдохоо больж, Ази тивд хүрэх шинэ зам нээж олоход бэлэн болсноо зарлан энэ ажилд нь туслах улс гүрэн, баян тарган хүн хайж 10 гаруй жилийн турш Европын олон том улсын хаадын ордны босгыг элээж, үргэлж бүтэлгүйтэж байсан ч Колумб бууж өгөлгүй явсаар. Он удаан жил зүтгэсний хүчинд Изабелла хатан хааныг зөвшөөрүүлж чадсан ба үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд худал үнэн олон юм нэмж хасч танилцуулж байсан юм байх.
Хатан хаан Изабелла 1492 онд мань эрд “дон” хэмээх тодотгол олгосон буюу тайж хэргэмтэй болгосны дараа аянд гарах зөвшөөрөл өгч уг аяныг зохион байгуулах зардлын 1/8-ийг Христофорыг өөрөөр нь гаргуулахаар болсон байна. Шанд нь мань эр шинээр олж нээх газрынхаа дэд захирагч гэсэн цолтой болж, (хааны дараагийн хүн болох ба шинэ нутагт бүх л шүүх, засаглах эрх мэдлийг гартаа авна) үүнийгээ үр удамдаа үлдээх эрх авчээ. Ганц гэм нь энэ хүнд мөнгө байсангүй. Юун далай туулах хөлөг онгоц бүтээх хөрөнгө байтугай өмсөх зүүхдээ ч татуухан байсан эрд энэ бол бүтэшгүй зүйл мэт байлаа. Гэсэн ч Колумб энэ бүхнийг шийдэж хөрөнгө мөнгө олж чадсан ба хатан хааны дэмжлэг гэдэг маань өөрөө тэр чигээрээ хөрөнгө байжээ.
Анхны аян
“Испани улсад хэдэн боол хэрэгтэй байна төдийг авчирна, асар их алт мөнгө, үнэт халуун ногоо олж ирнэ” гэсэн амлалт авсан эр анхны аяндаа гарлаа. Далайгаар нэлээд удаан явж байх тэр үед манай нөхөр өөрийнхөө хөлгүүдийн (нийт гурван хөлөг онгоц) ахмад нартай багагүй муудалцсан ба зарим нэг нь ер нь л буцах дээрээ тулж байж. Гэсэн ч мань эр луужингийн чиг заалтыг өөрчлөх, элдэв юм зохиож ярих зэргээр нөхдийг аргалсаар байх үед хэсэг шувуу нисэж байхыг харлаа. Шувуу нисэж байна гэхээр газар ойрхон байна. Зорьсон, хайсан Хятад, Энэтхэгээ оллоо гэж үү?
Энд бас нэг юм хэлэх хэрэгтэй байх. Колумыг далайд гарахын өмнө хатан хаан Изабелла нь “хэн хуурай газрыг хамгийн түрүүнд олж харна, тэр хүнд 10000 алтан зоос өгөх болно“ гэж мэдэгдсэн юм байж. Тэрхүү газрыг Пинта хөлөг онгоцны усан цэрэг Родриго Триана анх олж харсан ба энэ бол Багамын аруудын нэг хэсэг байжээ.
Ингээд нөхдүүд хуурай газар хүрч ирэхэд Колумб нотариус болон өөр бусад албаны хүнтэй эрэг дээр бууж Кастилийн тугийг мандуулан шинэ газар нутаг олж эзэн хааны мэдэлд оруулсан тухай хууль зүйн баримт үйлджээ. Харин хуурай газрыг анх олж харсан хүн нь Христофор Колумб гээч хүн, тэр хүн 10000 алтан зоос авах ёстой болсон тухай баримт бичихээ мартаагүй юм.
Колумб Ази тивд ирлээ гэж бодож байсан бөгөөд ирсэн газраа Энэтхэг гэж тооцож, (заримдаа Хятад, Япон ч байж магадгүй юм бодож байсан гэдэг) эндээ анхны Европ маягийн сууринг байгуулахаар боллоо. Эвдэрсэн усан онгоцны багийнхан нь шинэ суурингийн анхны иргэд болох ёстой байсан ба ганц тулгарч байгаа бэрхшээл нь хоол хүнс. Колумб энэ асуудлыг их амархан шийдсэн буюу зүгээр л “дээрэмд” гэж тушаажээ.
Харь газраас ирсэн цагаан арьстнуудыг сонирхон ирсэн уугуул нутгийнхан Колумб болон бусад далайчдад хатсан өвс өгсөн нь тамхи байсан ба тэд хэр чадлаараа зочдоо хүндэлж байгаа нь тэр байж. Тэдгээр нүцгэн шахам уугуул индиануудын зарим нь алтан эдлэл зүүсэн байхыг харсан Колумб “хаанаас ийм алт олсон бэ” гэж асуугаад нөгөө хэд нь ойлгохгүй ч юм уу, нуугаад ч байгаа юм уу мэдэгдэхгүй болохоор нь нөгөө хүндлэл үзүүлэх гэж ирсэн нөхдийн зургааг барьж аван хүчээр алт байгаа газрыг заалгахаар авч явсан байна.
Жил гаруй эрэг даган тэнэж явсаар (маш олон шинэ арал олсон, Куба хүрсэн г.м.) эргэн ирэхэд үлдээсэн хэд нь нутгийнхантай муудалцаж дайтаад бүгд а л у у л с а н байжээ. Хэдийгээр олон далайчид нь үрэгдсэн боловч Ази тивд хүрэх шинэ зам нээсэн, удахгүй асар их алт олж, боолыг мянга мянгаар нь Европт аваачна, нутагт нь асар үнэтэй байдаг халуун ногооны эх орон болох Энэтхэгт нөгөө талаас очих зам олсон зэрэгтээ бүрэн сэтгэл ханасан Колумб бушуухан нутаг буцаж, алдар хүндээ мандуулахаар яарсан байна.
Нэгэнт замаа олсон юм чинь дараагийн удаа бүр олон онгоцтой ирж “орон нутгийн хаан” болно гэж тооцож байжээ. Яг үнэндээ Колумбын анхны аялал нь Ази тивд хүрэх шинэ зам олсон гэдгээс өөр (энэ нь ч бас буруу ойлголт байсан гэдгийг бид мэдэх хойно) ямар ч үр ашиг авчраагүй, үнэт эд зүйл алт мөнгө халуун ногоо юу ч олоогүй гээд бүрэн бүтэлгүйтсэн гэж хэлж болохоор байлаа. Гэсэн ч Колумб шантрах хүн биш.
1493 оны 5-р сард Колумб хааны ордонд ирлээ. Улс орны асар их мөнгөөр тоглосон зальтай эрийг яаж орж ирэхийг, хэрхэн баригдахыг нь харах гэж ордны төдийгүй хавь ойрын хамаг албан тушаалтан, язгууртнууд хүлээж ядан байлаа. Гэтэл хаалга онгойход ер бусын ганган, үнэтэй эдээр хийсэн хувцастай эр маань өч төчнөөн зарц барлаг дагуулсан, алтан ээмэг бугуйвч зүүлт болсон зургаан индиан зарц нь хачин сонин жимс ногоо дүүргэсэн сав суулга барьсан, тэдний мөрөн дээр суусан тоть хэмээх хашхичсан этгээд шувуу…
Энэ бүх содон сонин зүйлд бусдын адил цочирдсон хатан хаан Колумбыг хажуудаа суулган цугтаа хоол идэн дараа дараагийн ажил төрлөө ярьж хөөрөлдөж эхэлжээ.
Хоёр дахь аян
1493 онд Колумб дахин “Ази тивийг” чиглэн гарлаа. Энэ удаа тэрээр өнөөх л асар их алт мөнгө, үнэт эд зүйл Ази тивийн хаана байгааг олж илрүүлэн бөөн бөөнөөр Европ руу зөөхөөр гарсан ба нийт 17 хөлөг онгоцтой, 2500 орчим усан цэргүүд төдийгүй язгууртнууд, лам, түшмэд, үхэр, хонь ямаа, илжиг, гахай гээд хэрэг болох бүх л зүйлийг авч явсан гэдэг. Анхны гуравхан жижиг онгоцтой гарч байсан аялалтай харьцуулах юмгүй далайцтай энэ аянаар Колумб өөрийн олж нээсэн газрыг нэлээд хэмжээгээр тэлж, төдий хэмжээгээр нутгийн уугуул оршин суугчдыг х я д а х ы г хядаж, хөөж туухыг нь туусаар алт мөнгөө хайж эхэлсэн байна.
Нэлээдгүй хугацааны дараа (1495 он) Испанийн засаг захиргаа Колумбын явуулж буй алт мөнгө, үнэт эдлэл гэж дэндүү өчүүхэн байгааг тооцож үзсэн ба маш их хөрөнгө зараад ийм бага ашигтай байгаа үйл ажиллагааг зогсоож оронд нь илүү ирээдүйтэй ажлыг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Колумбын хувьд энэ бол бүх насных нь мөрөөдөл нь нуран унаж байгаа хэрэг байлаа. 1496 онд тэрээр Европт яаран эргэн ирж өөрийн хийсэн, хийх гэж байгаа ажил, их ашиг олж болох ирээдүйн тухай хачин сайхнаар ярьж танилцуулсан боловч хаад ноёд түүний үгэнд тэгтэл их хууртсангүй.
Гурав дахь аялал
1498 он. Энэ удаа 6 жижиг онгоц, 300 гаруй хүнтэй гарсан ба Колумбын олж чадсан хөрөнгө төсөв нь ердөө л энэ. Бас хөлгийн багийнхны ихэнх нь Европын шоронд сууж байсан гэмт хэрэгтнүүд байлаа. Хөрөнгө мөнгө хэмнэх гэж ийм баг бүрдүүлсэн Колумб тэдгээр нөхөдтэй хатуу ширүүн харьцаж удирдлага дороо байлгасан гэдэг. Яваандаа энэ хатуу ааш араншингаа хавь ойрын бүх л зүйлд гаргаж эхэлснээр нутгийн уугуул иргэдийг хайр найргүй алж хядах нь эрс ихэссэн боловч өнөө их алт мөнгө, халуун ногоо олдохгүй л байлаа.
Колумбын ажил үйлс иймэрхүү байх хооронд Васко да Гама жинхэнэ Энэтхэг орох усан замыг нээж асар их халуун ногоотой ирсэн ба хамгийн гол нь Колумбын нээсэн гээд байгаа тэр газар Ази тив, Энэтхэг биш гэдгийг нотолсон явдал байв. Одоо Колумб Испани эздийн хувьд жирийн нэг луйварчин болж хувирсан ба шинэ газар орон, зам нээсэн гэж Колумбд олгож байсан бүх шагнал, хүндлэлийг хүчингүй болгож, Франсиско де Бободилью гэгчийг араас нь явуулжээ. Эзэн хаанаас олгосон бүрэн эрхтэй энэ хүн очингуутаа Колумбыг барьж гавлаад (ах дүү нартай нь цуг) Европ буцах онгоцоор явуулжээ. Шинэ газар нутаг нээж хааны дараагийн хүн болно гэж мөрөөдөж их далайг гаталсан хүн маань буцахдаа хөлгийн ёроолд, гав гинжтэй хэвтсээр Европт эргэн ирсэн гэдэг.
Дөрөв дэх аялал
Гав гинжтэй ирсэн Колумбыг шоронгийн ёроолд хаях нь тодорхой мэт боловч түүнд итгэдэг, үнэндээ бол байсан хамаг хөрөнгөө түүний их аянд оруулсан хүмүүс зүгээр суусангүй. Тэд засаг захиргааны урдуур хойгуур орж гүйсээр байгаад Колумбыг суллуулж амжлаа. Колумб ч гарч ирэнгүүтээ ажиллаж эхэллээ. “Зорьсон зүйлдээ хүрэх тун дөхөж байхад гайтай юм ирж хамаг юм сүйдэллээ… ингээд оруулсан хөрөнгө мөнгөө алдаж болохгүй, одоо дахиад нэг жаахан хөрөнгө оруулалт хийхэд дахиж очоод сүйдлээд өгнө” гэх мэтийн юм ярьж байсан биз.
1502 онд 4 хөлөг онгоцтой гарсан эр энэ удаа “Ази тив”-ийн эрэг дагуу хэрэн хэсэж явсаар өнөөгийн Панамын буланд очсон гэдэг. Тэрээр Номхон дөлгөөн далайд 65 км ойртсон бөгөөд харамсалтай нь үүнийгээ мэдээгүй. Ингээд урт удаан аянд ядарч зүдэрсэн хүмүүс нь өлсөж цангаж, өвдөж суларч аргаа барах үед Колумб Эспаньол дахь захирагчид хандан тусалж дэмжихийг гуйсан элч явуулж байсан нь энэ хүн тун ч ядарсны илрэл биз. Чухам энэ үед Колумб нөгөө сарны хиртэлтийг ашиглаж индианчуудаас хоол хүнс салгаж аван, өлсгөлөнгөөс аврагдсан алдартай явдал болсон билээ.
1504 онд Колумб Европт буцан иржээ. Энэ удаа урьдын гялалзсан Колумб биш өвчин зовлонд баригдаж шаналсан, ирээдүйгүй болсон нэгэн өвгөн л эрэг дээр буусан ба тэрээр хоёр жилийн турш хаад ноёдтой эд мөнгөний маргаан хийж байгаад 1506 оны 5-р сарын 20-нд 55-тайдаа бие баржээ. Шинэ тив нээсэн ч түүнийгээ мэдэлгүй явсаар насан эцэслэсэн нэгэн хүний түүх энэ буюу.
Магелланы адал явдал аялал
1522 оны 9-р сарын 6-ны өдөр Виктория хөлөг онгоц Испанийн боомтод орж ирлээ. Усан дээр яаж тогтож яваа юм бол гэмээр салж унах шахсан усан онгоцыг багийн гишүүд болох ядарч сульдсан, өвдөж зовсон 18 хүн залсаар төрөлх боомтдоо эргэн ирж байгаа нь энэ. Бараг 3 жилийн өмнө яг эндээс хөдөлсөн 5 том хөлөг онгоц, олон зуун усан цэрэг бүхий хүчирхэг том флотоос үлдсэн зүйл нь ердөө л энэ байлаа.
1453 онд Константинополь унаснаар Европын хувьд дорно дахинаас бараа авчрах бүх л зам, суваг нь мусульманчуудын гарт орж арабууд, туркууд, Египетийн эрх баригчид төлж дийлэхийн аргагүй гэмээр өндөр гаалийн татвар тогтоосноор Европын зах зээл хэцүүдэж эхэллээ. Ялангуяа алтнаас илүү үнэтэй халуун ногоо элбэг арвинаар ургадаг Малуку аралд хүрч очих боломжгүй болсон нь тун ч хүнд бэрхшээл болж байв. Европчуудын хувьд үнэт халуун ногоог авчрахын тулд Ази хүрэх усан зам олохоос өөр аргагүй болсон тийм цаг үед Колумб гээч нөхөр Энэтхэг, Хятад орох гэж баруун тийшээ гараад буцаж иржээ. Дараа нь үй түмэн хүн энэ чиглэлээр нь явсан ч нөгөө хүсэн мөрөөдсөн Ази тив, халуун ногооны эх орон нь биш бололтой буюу тэнд халуун ногоо байсангүй. Гэсэн ч үл ойлгогдох нэг газар нутаг баруун талд байгаа нь тодорхой болсон ба олон ч аялагч судлаач нар энэ чиглэлийн аяныхаа тухай олон тэмдэглэл бичин үлдээж байв.
Португалийн хувьд иймэрхүү мэдээллийг цаг тухай бүрд нь олж авч нууцалж, хэрэгтэй цаг болоход ертөнцийн эзэн болоход тус болж магадгүй хэмээн хадгалж байжээ. Харин эдгээр материалыг урьд өмнө далайчин байсан Фернан Магеллан гэдэг нөхөр анхааралтай ажиглан судалж, шинэ ирсэн мэдээ болгоныг тэмдэглэн, хуучин энэ чиглэлийн аялалд явсан онгоцны ахмад, далайчдыг олж уулзан архи дарсны газар хамтдаа наргин байх нь улам бүр их болсоор байв.
Ингээд нэгэн өдөр Фернан Магеллан Португалийн хаан Мануэл I-тэй уулзахаар орж иржээ. Доголон, жижигхэн биетэй, хүйтэн царайтай энэ хүн анхнаасаа л хаанд таалагдсангүй бололтой. Магеллан баруун чиглэлд явж Малуку аралд хүрэх зам олсон тухайгаа айлтгаад энэ замын тухай танилцуулахын өмнө өөрийнх нь байлдаж явсан гавьяаг бодож үзэн тэтгэвэр тэтгэмжээ нэмэхийг, өөрийг нь флотод өндөр албан тушаалтан болгохыг хаанаас хичээнгүйлэн гуйсан байна. Хаан зөвшөөрсөнгүй төдийгүй өчнөөн олон хоног судалж байж олсон замыг нь ч тоосонгүй. Тэгэхээр нь Магеллан өөрийнхөө хүч мэдлэгийг өөр улсын тулд зориулж болох эсэхийг асуухад хаан татгалзсангүй. Хааны хувьд Васко да Гамагийн олсон зам л (Африкийг урдуур нь тойрох зам) хангалттай байсан бололтой.
Жил хагасын дараа шаргуу, нууцлаг зантай Магеллан Испанид очсон ба тэрээр энэ аялалд эртнээс маш чамбай бэлдсэн байна. Учир нь Испанийн бараг дайсан болсон португали нөхөр Испанийн эзэн хаанд бараалхан, шинэ усан зам олох төлөвлөгөөгөө танилцуулаад дэмжлэг авна гэдэг бараг бүтэшгүй зүйл буюу түүнд ийм оролдлого хийгээд үзэх ганцхан боломж л байлаа. Энэ боломжийг ч тэрээр дээд зэргээр ашиглахаар ажиллаж байлаа. Испанид амьдардаг, Испанийн хааны ордонд нэр нөлөө ихтэй болсон португали гаралтай Дього Барбоз гээч хүнийг ашиглахын тулд охинтой нь ойртон дотносож удалгүй эхнэрээ болгон авчээ. Одоо хадмыгаа ашиглан нэгэн насны мөрөөдлөө биелүүлэх болно. Түүнд ингэж бодох үндэс байсан бөгөөд Шинэ газрыг (өнөөгийн Америк тив гэж ) чиглэн явсан олон аяллын материал дотроос нэгэн газрын зураг олсноо тэр өдий болтол хэнд ч хэлээгүй явжээ. Тэрхүү зурагт Уругвай (өнөөгийн нэрээр) нутгийн хавьд асар том хоолой байгаа, тэрхүү хоолойгоор дамжин хүслэнт Ази тивд очих боломжтой тухай зурсан таамаглал байжээ. Нууц архивт олон сар суухдаа зөвхөн энэ хоолойг л мань эр судлаад байсан ба Португалийн хаанд ч энэ зургийн тухайгаа хэлээгүй байна.

Хадмынхаа дэмжлэгээр олон ч ордны хүмүүсийг худалдан авч, заримыг нь ирээдүйн их аяллынхаа орлого мөнгөнөөс хуваалцах эрхтэй болгох зэргээр зүтгэсээр байж хаантай уулзах зөвшөөрөл олж авчээ.
Хааны ордонд Магеллан нарийн математик тооцоо, өнөөх нууц газрын зураг зэргийг үзүүлэн баруун тийш чиглэн халуун ногооны аралд хүрэх боломжийн тухай тайлбарласнаас гадна ийм аялал амжилтад хүрвэл өрсөлдөгч болсон Португали улсаас ямар давуу тал олж болох геополитик болон эдийн засгийн нарийн үндэслэлүүдийг дурдаж эхэлжээ. Хаан бараг л тэр даруй аяллыг зөвшөөрч санхүүжилтийг нь гаргахаар болсон гэдэг.
1519 оны 9-р сарын 20-нд «Тринидад», «Консепсьон», «Виктория», «Сан-Антонио» ба «Сантьяго» зэрэг таван хөлөг онгоц аялалд гарахад бэлэн болж, ачааны хэсэг нь хүнс, цэвэр усаар дүүрсэн бол усан цэргийн баг бүрэн бүрэлдэж, тэднийг болон онгоцны ахмад, бүр Магелланыг ч алсын замд уйдуулахгүй байх үүрэгтэй 40 гаруй энэтхэг гаралтай бүсгүйчүүдийг онгоцуудад нууцаар оруулсан байжээ. Энэ бүх ажлыг хийхэд Магелланы туслах, малай гаралтай Энрике гээч хүн гол үүрэг гүйцэтгэсэн бололтой. Далайчин европ аавтай, малай-боол ээжтэй энэ хүний нэр дараа нь түүхэнд үлдсэн билээ.
Тухайн үед Атлантын далайг хөндлөн туулах нь хэвийн шахам зүйл болсон байсан ч Магелланы багийн хувьд энэ нь ихээхэн хүндхэн аялал болсон байна. Далайн бараг тэг дунд байх үед салхи үгүй болж олон арван хоног нэг л байрандаа зогсож байснаас уйдсан далайчид хэл ам гаргаж, зарим нэг ахмадууд үүнийг хөөрөгдөж бослого хөдөлгөөн болох дээрээ тулж иржээ. Энд тэндгүй л жижиг муудалцаан хаа сайгүй. Аз болж салхи гаран зорьсон зүг рүүгээ дахин “нисэж” эхэлснээр энэ бүх будлиан бараг мартагджээ.
Америкийн эргийг даган явж байх үед ширүүн шуурга болж ойрхон байгаа Монтевидио хэмээх уулын бэл дэх хоолойд орж салхи өнгөрөөхөөр шийдсэн тухай Магелланы тушаал бусад хөлөгт ирлээ. Хаашаа явж байгаагаа сайн мэдэхгүй, өдөр нь тэргүүн онгоцны тугийг, шөнө нь галт дэнлүүг нь л даган явах тушаалтай ахмадуудын хувьд энэ нь жирийн зүйл байсан бол харин Магелланы хувьд маш их ач холбогдолтой зүйл байлаа. Учир нь энэ хоолой өнөөх өөр нэг далайд хүргэх ёстой газар байсан юм. Хоолойд ороод тагнуулын завь илгээсний дараах хэсэг хугацаанд Магеллан тэвчээртэйгээр завиа хүлээж байсан ч завь ирэх үед өөрийн эрхгүй догдолж байж сууж чадахаа байсан гэдэг. Тэд аймшигтай мэдээ авчирчээ. Энэ бол хоолой биш нэгэн их голын (Ла-Плата гол) далайд нийлж байгаа хэсэг төдий зүйл байж. Одоо буцах уу? Цаашаа бурхан мэдэг гээд зүтгээд байх уу?
Магеллан цаашаа явахаар шийдлээ. Шинэ газрын эргийг даган урагшлах тусам цаг агаар хүйтэрч, халуун дулаан арал дээр очих юм бодож байсан далайчид даарч бээрэн дахиад л босох, хөдлөх тухай яриа эхэллээ. Удалгүй бослого гарч таван онгоцны гурав нь босогчдын мэдэлд орсны дараа Магеллан хамаг л арга залиа хэрэглэж байж бослогыг дарсан байна. Түүний гол өрсөлдөгч, бослогын толгойлогч дэд- адмирал Картахены гаргасан алдааг нь ашиглан ц а а з а л ж, өөр бусад толгойлогч нарыг нь эзгүй арал дээр орхих зэргээр багаа эмх журамд оруулж чаджээ.
Магеллан таарсан хоолой байж болох газар болгоныг шинжиж явсаар нэгэн их хад чулуу, арал болсон хоолойд орж бүтэн сарын турш хад мөргөчихгүй гэж хичээн явсан ч Сантьяго онгоц нь хад мөргөн сүйрч, Сан-Антонио нь төөрөн алга болжээ. Үнэндээ Сан-Антониогийн хувьд манан ашиглан буцан зугтсан бөгөөд удалгүй Испанид эсэн мэнд очсон гэдэг.
Нэг л өглөө хад асга дуусаж, Магелланы өмнө дахин их далай гарч ирлээ. Өнөө хайж байсан хоолойгоо олж явсаар шинэ далайтай учирсан нь энэ.
Хэдэн сарын турш энэ далайд явахад ганц ч удаа далайн ширүүн салхи шуурга болоогүй учир Магеллан энэ далайг Номхон дөлгөөн далай хэмээн нэрлэсэн нь одоо хүртэл энэ нэрээ хадгалан байгаа билээ.
Номхон далайгаар явах үед хоол хүнс дуусч, усгүйдэж байсан ба хэн нэг далайчин нь хөлөг онгоцны харх олж барьж чадвал өдрийн од олж харсан шиг баяр болж явсан тэр хэцүү үед далайчид нь бөөн бөөнөөрөө өвдөж эхэлжээ. Өвдөж зовсон 19 далайчин нөгөө ертөнцөд одож бусад нь эдгэрсэн боловч тэд бүгдээрээ удахгүй өлбөрч ү х э х нь тодорхой байв. Газар л олж харах юмсан…
Хөлгийн тэмдэглэлд бичсэнээр бол нэгэнт идэх хоол байхгүй учир ямар нэг арьс ширэн юм олж далайн усанд хэд хоног дэвтээсний дараа хоол болгон зулгааж байжээ. Ийм байдлаар явсаар 1532 оны 1-р сарын 14-нд нэгэн сайхан арал дээр очсон нь Марианы арлын нэг хэсэг болох өнөөгийн Гуам байлаа. Эрэгт дөхөж ирэх үед нутгийн уугуулууд өөрсдийн завьтайгаа давхин ирж гэнэдүүлэн хөлөг дээр нь гараад юу хүссэнээ мулт татан аваад арилаад өгч. Ядарч сульдсан, хамгийн гол нь гайхсан усан цэргүүд ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Маргааш нь Магеллан шилдэг далайчдаа авч эрэг дээр буун дээрэмдүүлсэн юмнуудаа буцаан авч, дээрээс нь гахай, загас, кокос, гадил жимс зэрэг идэж ууж болох зүйлийг нь хуу хаман хөлөгтөө авчраад зайлан зугтжээ.
Дахиад сар хагас далайгаар тэнэн яваад бас нэг арал дайралдахад нь очтол өөдөөс нь мөн л завь болсон уугуул нутгийнхан давхин ирж. Гэнэт тэдгээр зэрлэгүүдийн яриаг Магелланы туслах Энрике ойлгож байгаагаа хэлэн дуу алджээ. Өчнөөн зовсон ч шантралгүй хайсаар байсан газраа олж ирсэн нь энэ.
Дэлхийг анх тойрсон хүнийг хэн гэдэг вэ гэдэг асуултад Фернан Магеллан гэж хариулаад хүүхдүүд маань онц авч байгаа байх. Ерөнхийдөө зөв боловч үнэндээ дэлхийг анх тойрсон хүн нь Магеллан биш харин Энрике де Малака хэмээх нэртэй зарц-туслах байсан билээ.
Хэдэн хоногийн дараа ойрхон байх өөр нэг том арал дээр очиход (Филиппиний арлуудын нэг) нутгийн хаан Хумабон нь Магелланы усан онгоцны их буу, зэвсэг техникийг харан сүрдэн биширсэн бололтой эелдэг даруухнаар харилцан, худалдаа наймаа хийхийг хүссэнээр нутгийнхан халуун ногоогоо төмрөөр зарж эхэлсэн ба аль аль тал нь сэтгэл хангалуун гэж жигтэйхэн.
Хөөрч баярласан Хумабон нь цаашдаа Испанийн эзэн хааны албат болно, загалмай шашинд нутгаа тэр чигээр нь оруулна хэмээн амлаж сүйд болж байгаа чимээгээр ойрын арлуудаас ч хүн амьтад ирж эхэллээ. Мэдээж тэдэн дунд Хумабонтой ө ш т э й өөр нэг “орон нутгийн хэмжээний” хаан байх нь мэдээж. Атаархаж солиорсон тэр хаан өөрийн талын хэдэн хүн цуглуулж аваад Хумабоныг а л а х гэж оролдсоноор бас нэг жижигхэн дайн эхэллээ.
Хамгийн тэнэг нь алс холоос арилжаа наймааны хэргээр ирсэн Магеллан уйдсан уу яасан, дайн тулаанд орж Хумабоныг дэмжин, алдар гавьяагаа байгуулахаар шийдлээ. Нутгийн хэдийг дагуулан байлдаж явсаар хөлөг онгоцноос их холдсон учир хөлгийн их бууны галын дэмжлэг гэж юмгүй боллоо. Удалгүй хүч давуу дайснууд хүрч ирэн Магеллан болон түүний усан цэргүүдийг бүгдийг нь х я д а ж дуусгажээ.
А л а г д с а н Магелланы х ү ү р и й г зэрлэгүүд эргээр чирэн явж янз бүрээр д о р о м ж и л ж байхыг хөлөг онгоцноос сайн харж байлаа. Гэсэн ч хүчирхэг зэвсэгтэй Испанийн дайчид эрэг дээр гарч өшөөгөө авч, удирдагчийнхаа ц о г ц с ы г олж авахын оронд зүгээр л худалдаж авах санал тавьсан гэдэг. Зэрлэгүүд өмнөөс нь “с…вч” үзүүлж. Ингэж Магеллан гэдэг хүний бие ц о г ц о с үгүй болсон түүхтэй билээ.

Магеллан ү х с э н и й дараа өнөө мөр зэрэгцэн дайтаж байсан арлынхан ч зангаа хувиргалаа. Хумабоныг даган загалмай шашинтан болсон нөхдүүд одоо европчуудыг дайран довтолж эхэлсэн ба эрэг дээр болсон тулалдааны дараа 200 гаруй далайчин, гурван хөлгийн хоёр ахмад а л у у л с а н гэдэг. Үлдсэн хэд нь яаран сандран зугтах үед ард нь асар том загалмай шатаж байгаа нь харагдаж байжээ.
А м ь д үлдсэн усан цэргүүд гурван онгоцонд хангалтгүй, тэгээд ч бараг ахмадгүй болсон тул Магелланы халааг авсан Тидоре Элькано нэг онгоцоо хаяхаар шийдэж, Коньсепсьоныг далайд орхисон бол удалгүй хоёр онгоцоо хоёр тийш нь буюу зүүн баруун чиглэлд салган явуулж Испанид уулзахаар болзсон байна. Худалдаа наймаагаар олсон халуун ногоогоо найдвартай хүргэх, шинэ зам олсноо баталгаажуулахын тулд ийм шийдвэрт хүрчээ. Үүнээс хойш олон зовлон зүдүүрийг туулсан Виктория онгоц Испанид эргэн ирсэн нь тэрхүү хуучирч муудсан онгоц, зовж шаналсан 18 хүн байсан юм.
Ингэж Малайн Энрике дэлхийг бүтэн хагас, Тидоре Элькано зэрэг бусад далайчид бүтэн тойрсон түүх дуусдаг бөгөөд энэ их аяныг Магелланы дэлхийг тойрсон аялал хэмээн нэрлэдэг болсон билээ.
P.S
Виктория хөлгийн ёроолд байсан халуун ногоог гарган зарахад Магелланы аялалд зарцуулсан нийт зардлыг бүрэн нөхөөд цаана нь дөрвөн хувийн ашиг үлдсэн гэдэг.
Өмнөд туйлд хүрэх гэсэн Роберт Скотт
1900-гаад оны үе гэдэг бол Өмнөд туйлын төлөөх тэмцлийн үе гэж хэлж болох цаг.
“Бид Антарктик руу хөдөлж байгаагаа танд мэдэгдье, Амундсен” гэсэн товч захиаг Британийн Роберт Скотт авснаар энэ хоёр хүний өрсөлдөөн хамгийн эгзэгтэй үедээ орж, хэн нь түрүүлж өмнөд туйлд хүрэх вэ гэсэн тэмцэл өрнөсөн билээ.
Рауль Амундсен, Роберт Скотт нарын хэн хэн нь туршлагатай аялагчид байсан бөгөөд аль аль нь Өмнөд туйлд түрүүлж хүрсэн алдрыг авахын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс байлаа. Удаан хугацаагаар бэлдэж байсан хоёр багийнхан байнга л нэг нэгнийгээ тагнаж, бэлтгэл нь ямар шатанд явааг мэдэх гэж оролдож байсан гэдэг.
Р.Ф.Скотт
Роберт Скоттын хувьд өмнө нь Антарктидад багагүй хугацаагаар байсан хүн боловч Өмнөд туйлд хүрэх гэдэг аливаа нэг баазад хүрээд тэндээ хэсэг хугацаагаар байхаас ихээхэн өөр хэрэг байлаа. Өмнөд туйлд хүрэхэд хамгийн чухал зүйл нь тээврийн хэрэгсэл бөгөөд Скотт аль болох олон төрлийн тээврийн хэрэгсэлтэй байх нь зөв, аль нэг нь болох бүтэхгүй үед нөгөө нь орлох болно гэж анхнаасаа тооцож бэлтгэж эхэлсэн байдаг. Харин Амундсен ганцхан “тээвэр” сонгосон байсан бөгөөд энэхүү тээвэр гэдэг маань морь, нохой, луус билээ.
Скотт нь эдгээрээс гадна моторжуулсан чарга авч явахаар шийдсэн боловч тухайн үеийн энэ техник даанч найдваргүй нь ойлгомжтой байсан учраас Сибирээс авчирсан моринд (Монголоос гэх нь зөв байх даа) хамаг найдлагаа тавьж байв. Мөн Сибирийн нохой гэдэг чухал амьтан байсан ч Скотт энэ амьтанд нэг их итгэхгүй байсан бөгөөд өмнөх экспедицийн үед нохой олноор үхэж байснаас тийм бодолтой байж. Харамсалтай нь тухайн үед нохой олноор үхсэний шалтгаан нь хоол хүнс нь муудсантай холбоотой гэдгийг Скотт айхтар их анхаарсангүй.
Хэдийгээр мөнгө төгрөгийн маш их гачигдалтай байсан ч Роберт аль болох том бага бүрдүүлэхийг хүсэж, замдаа олон жижиг бааз байгуулан явсаар хойд туйл хүрэхээр төлөвлөж байжээ. Ингээд бүх бэлтгэл хангагдсаны дараа замдаа гарлаа. Амундсен хаана яваа бол?
Р.Амундсен
Хуучирч муудсан онгоцоор хэд дахин живж сөнөхийн даваан дээр тулан явах үедээ олон ачаа бараа, морь нохойгоо далайн усанд тавьж алдсаар Скоттын баг Антарктид хүрлээ. Одоо эндээс туйл хүрэх зай ойрхон мэт боловч жинхэнэ хэрэг явдал дөнгөж эхэлж байгаа нь энэ юм. Ер бусын хүйтэн, хүчтэй салхи, энд тэндгүй гарсан мөсний ан цав зэргээс болж хөдөлж явах байтугай гараараа зүг чиг заахад ч хэцүү тийм цаг үе эхэлж байв. Хөлдөж хатуурсан хувцсыг дийлэн хөдлөх, арайчүү гэж барьсан майхан дотроо өчүүхэн дэн асаах гэж байгаа хамаг чүдэнзээ барах бөгөөд (нэг гал асаах гэж 50-60 чүдэнз зурж байсан гэнэ) тухайн үеийн чүдэнз нь төмөр хайрцагт байх учир нүцгэн гараараа энэ төмөрт хүрэх л юм бол хөлдөнө.
Туйлын шөнө учир ихэнхдээ харанхуйд аялж, майхан саваа барих учир цаг хугацаа их алдах, зүг чиг олоход хүндрэлтэй, сэтгэл санаанд ч дарамттай гээд өч төчнөөн бэрхшээлийг тоочоод ч барахгүй биз. Гэсэн ч Скотт урагшилсаар байлаа. Харанхуй учраас нүх ангалд байнга л хүн, нохой, морь мал нь унах ба хамгаалалтын олсонд орсон учир няцарч үхээгүй тэдгээрийгээ гаргаж авах гэж бүх л багаараа олсноос татан зулгаах зэргээр хүч тамираа алдсаар. Зарим өдөрт зүтгэж зүтгэж ердөө 2,5 км туулж байсан гэхийг бодоход тэд ямар их бэрхшээлтэй тулгарч байсан нь тодорхой. Дээр нь шөнөдөө олигтой амарч чадахгүй, багийн гишүүд янз бүрийн өвчин тусах нь бараг л байнга. Туйл хүрэхэд зуу давсан км үлдээд байх үед Скотт өөрийн багийн дөрвөн гишүүнтэй (бусад нь замд байгуулсан баазад үлдэж, буцахад тосож авах, бэлтгэл хангах үүрэгтэй) л үлдсэн ба моторт чарга нь аль эрт эвдэрч дууссан, идэх хоолгүй, морь мал нь улдаж ядарсан байсан учир хамгийн сүүлийн баазуудын нэгэнд бүх морио нядалж нохойн хоол болголоо.
Уг баазыг заншил ёсоор ямар нэг газар юмуу тоогоор нэрлэлгүй зүгээр л “яргын бааз” гэж нэрлэсэн гэдэг.
Аяншиж ядарсан нөхдүүд туйл руу зүтгэж эхэллээ. Өөр бусад хүмүүс, эрүүл ухаанаар юм дэнслэх гэж оролдох аливаа хүн энэ аяллыг зогсоох байсан боловч Скотт болон түүний нөхдүүд зорьсноосоо буцсангүй. Тэд эргэж ирэхгүй нь бараг л тодорхой гэмээр ядарч сульдсан, хэрэгсэл нөөц гэж тааруухан байсан ч зоригт эрс зүтгэсээр байлаа. Ингээд 1912 оны 1-р сарын 18-нд хөл дээрээ дөнгөн данган тогтох Скоттын багийнхан өмнөд туйлд дээр ирсэн боловч… тэднийг Норвегийн туг, энд тэнд хаясан эвдэрхий цана, хог л угтсан байна. Дан нохойгоор тээврээ шийдсэн, багаа тэр чигээр нь цанаар бүрэн тоноглосон Амундсений баг түрүүлж ирсэн нь энэ. (Скоттчуудын зарим нь цана гэдгийг Антарктидад ирээд л анх харсан гэдэг) Бараг бүтэн сараар хоцорчээ.
Буцах зам хамгийн хүнд байлаа. Сэтгэл санааны хувьд бүрэн уналтад орсон, ядарч эцсэн энэ хүмүүс дараагийн хоол хүнс бүхий бааз хүрэхийн тулд асар их ачаа чирэн явах ёстой бөгөөд замдаа нэг нэгээрээ үрэгдэж эхэлсэн байна. Эхлээд Эванс, дараа нь Отс… Энэ хүн хүнд өвдөж эхлэнгүүтээ бусдадаа гай болохгүйн тулд, тээр дарамт болохгүй гэж хүчтэй цасан шуурганаар чив чимээгүй гаран алга болсон гэдэг. Өмнө нь энэ хүн хэд хэдэн удаа өөрийг нь замдаа орхихыг гуйсан ч багийнхан нь зөвшөөрөөгүй учраас өөрөө ийм шийдвэр гаргажээ. Жинхэнэ жентельмэн гэж нэг иймэрхүү хүнийг л хэлдэг болов уу гэж бодогдох юм.
Амьд үлдсэн Скотт болон Уилсон, Боуэрс нар, үнэндээ тэднээс үлдсэн сүг сүнс шиг юмнууд хоёр долоо хоногийн турш явсаар зорьсон бааздаа хүрэхэд 18 км дутуу байхдаа цасан шуурганд дайруулж, яаран сандран бэлдсэн майхандаа суусаар бүгд осгоцгоожээ. Жилийн дараа явуулсан хайгуулын групп тэдний цогцсыг олж, энэ бүх аяллын тухай тэмдэглэлийг олж авчирсан түүхтэй.