Арай гэж “алуулсан” нь
“Архи уудаг хүн хоёрхон байдлаар л үхдэг… Нэг бол архи ууж яваад хөлдөж үхнэ, эсвэл архины халуунд солиорч байгаад хүнд зодуулж үхнэ. Харин архи уудаггүй хүн авто осол, өвчин зовлон, азгүй явдал… гээд үхэх шалтгаан мундахгүй…” гэж нэг нөхөр маань ярьж билээ. Хэр үнэн үг болохыг нь мэдэхгүй юм. Харин одоо ярих түүх маань нэгэн архичин эрийн амь алдсан тухай бөгөөд дээрх эргэлзээтэй онолыг ямар нэг хэмжээгээр баталж байгаа мэт санагдана. Өмнөх зууны эхээр залуухан, хүч чадал нь оргилсон Майкл Мэллой гэсэн нэртэй нэгэн Ирланд эр гоё сайхан амьдрал хайн Америкт очсон гэнэ. Гал командын ажилтан болж амжсан боловч уух дуртай учир удалгүй халагдан, бүтэлгүйтэж эхэлжээ. Ажилд ордог, уудаг, халагддаг… гэсэн давтамжаар явсаар амьдрал нь улам доройтож, адаг сүүлд нь орон байр ч үгүй “өвгөнт”-ийн нэгэн болжээ. Харин мань эр хаа сайгүй архи ууж заваардаггүй нэгэн байсан бөгөөд уух бол нэг л бааранд уусан шиг ууна. Баарны эзний нэр Тони Марино.
Нэгэн удаа Тони өөрийн байнгын үйлчлүүлэгч болох гурван нөхөртэй цуг сууж байхад Мэллой орж ирлээ. Ууя гээд ч мөнгөгүй амьтан маань хүн царайчлан суух үед нь Тони тэргүүтэй нөхдүүд мань эрийг дуудаж ганц ”зуу” өгсөн байна. “Зуу” татаад сайхан ааштай болж эхлэх үед нь дараагийн “зуу”-нууд нэг л мэдэхэд гарч ирээд байгааг согтуу толгой ойлгосонгүй, ойлгох хүсэл ч үгүй байсан биз. Ингэж жаргаж байхад нь өнөө дөрөв түүнд нэг чухал зүйл хэлсэн нь Тони Марино мужийн амбан захирагч болох санаатай байгаа тухай яриа байлаа. Тэдгээр дөрвөн нөхдийн ярьж байгаа болгоныг Мэллой уриалгахан зөвшөөрч байсан бөгөөд магадгүй тэр юу ч ойлгоогүй, зөвхөн дараагийн “зуу” гэнэт гараад ирээсэй гэсэндээ зөвшөөрсөн байж болох. Тэгтэл ширээн дээр нь хэдэн бичиг цаас, бүр бүтэн лонх виски бий болох нь тэр. Мэллой одоо юу ч хийхэд бэлэн. Тэр тусмаа ганц нэг хуудас дээр гарын үсэг зурах бол ёстой яршиг л хэрэг байлаа. Бүтэн лонх виски шүү дээ. Тониг мужийн амбан захирагчид өрсөлдөхөд хэрэгтэй гарын үсэг зуралгүй яахав.
Харин 4 нөхрийн зорилго нь ихээхэн өөр зүйл байсан бөгөөд мань эрийг олигтойхон шиг мөнгөөр амь даатгуулж байгаад дараа нь архиар шахаад нөгөө ертөнцөд нь илгээх. Муу архичин эр сайндаа 2-3…, үсрээд долоо хоног ууна биз, тэгээд л нөгөө ертөнц рүү өнхрөөд өгнө. Өнхрөөд өгсний дараа орж ирэх амь даатгалын мөнгө харин мань 4-ийн мөрөөдөөд ч олохооргүй их мөнгө байлаа. Архичин архиндаа хордож үхээ биз… хэн ч мэдэхгүй, анзаарахгүй. Даатгалын хуудас бэлдэх үед гарсан зарим нэг бэрхшээлийг мөнгөөр буюу даатгалын байгууллагын бас нэг архинд дуртай нөхөрт овоохон авлига өгч байж бүтээсэн бөгөөд 3500 доллараар (одоогийн ханшаар 60 000) амь насаа даатгуулсан Мэллой зөвхөн азгүй шалтгаанаар үхэх ёстой байлаа. Ингэж Тонигийн төлөө гарын үсэг зурлаа гэж бодсон согтуу толгой өөрийгөө цаазлах ялыг баталгаажуулах нь тэр.
Ингээд Мэллой нь Тонигийн бар-нд хэмжээ хязгааргүй архи уух эрхтэй болсон бөгөөд уухдаа их биш, харин маш их хэмжээгээр ууж эхэлжээ. Архины “градус” ч өдөр ирэх тусам өндөрссөөр. Үхдэггүй ээ. Нөхдүүд илүү хатуу арга хэмжээ авч эхлэхээр шийдэн маш хатуу ликёр дээр антифриз нэмж хийсэн бөгөөд үнэндээ бол антифризийн муухай амт, үнэрийг дарах гэж л жаахан ликёр нэмж хийсэн гэвэл илүү зөв болох байх. Уугаад тасарч унахын даваан дээр гарч явсан Мэллой маргааш өглөө нь зүв зүгээр “өчигдөрийнхөөсөө ганц хийгээдэх” гэсээр орж ирлээ.
Хуйвалдагчид аргаа өөрчлөн антифризийн оронд скипидар хэмээх хорт бодис хийв. Мэллойд их сайхан байгаа бололтой учир маргааш нь өнөөх коктейль дээрээ адууны тос.. бас бус юм зэргээр өдөр болгон чангалж, нэмж байлаа. Бүр аргаа бараад цэвэр хор болох хархын хорыг ундаанд нь хийсэн ч…архичин эр өглөө болгон шар тайлах юм өгөөдөх гэсээр орж ирсээр л. Архиар болдоггүй юм бол зуушаар алж болно гэсэн нэгэн санааг дөрвийн нэг гаргасан ба тэр даруй хэрэгжүүлж өнөөх хүчтэй коктейлоо ууж байхад нь зууш авчирч өгдөг болов. Зууш нь дутуу чанасан хавч, муудсан сардини… гээд маш олон төрлийн орцтой. Байдаггүй ээ. Өглөө болгон л шартсан юм “шар тайлах нь буян болдог” гэсээр орж ирдэг хэвээр.
Аргаа барсан дөрөв архичин эрийг хөлдөөж алахаар шийдлээ. -26 хэмийн хүйтэн шөнө мань эрийг нам согтоогоод хүнгүй гудамжинд цээж нүцгэлж хаяад дээрээс нь хүйтэн ус асгаад зугтацгаав. Маргааш өглөө нь хамрын ханиад ч хүрээгүй, жаахан шартсан нөхөр л орж ирэх нь тэр. Өнөө дөрөв одоо яахаа мэдэхээ болилоо. Хамаг мөнгөө даатгалд өгчихсөн, дээрээс нь ашиг орлого гэж өчүүхэн бааных нь хамаг архийг нь үнэгүй уудаг энэ нөхрөөс яаж салах вэ? Аз болж Херши Грин гэдэг “халтуур” хийдэг машинтай нөхөр мань дөрвийн ажилд тусалж Мэллойг цааш харуулж өгөхөөр болсон бөгөөд мэдээж ихээхэн шагналтай.
Согтуу, “тасарсан” Мэллойн хоёр гараас нь барьж байгаад Грин өөрийнхөө машинаар 70 км/цаг хурдтай давхиж ирэн мөргөлөө. Ингээд гурван долоо хоног хэвтрийн өвчтөн болгож чаджээ. Дөнгөж босох чадалтай болмогцоо (суга таягтай) Мэллой “юм уухгүй бол яг үхэх нь” гэсээр дуртай баарныхаа хаалгыг татан орсон гэдэг. Ингээд 1933 оны 2-р сарын 22 нд нөхдүүд сүүлчийн аргаа хэрэглэх болжээ. Согтуу Мэллойг нэг нөхрийнхөө байранд аваачиж, согтож унагаад угаартуулж байж арай чүү гэж цааш харуулсан байна. Нөгөө азгүй тохиолдол, цэвэрхэн хийх мэт зүйлийг таг мартсан нь тэр. Ингээд азгүй явдал гэхэд хэцүү энэ хэргийг хаахын тулд шүүхийн задлан шинжээчийг бас хахуульдах хэрэгтэй боллоо. Шүүхийн шинжээч нэлээд унжиж байж хатгалгаагаар үхсэн гэдэг тодорхойлолт хийж өгчээ.
Хуйвалдагчид хэрэгтэй бичгээ авсан хойно Мэллойг дор нь оршуулж, даатгалаас ч мөнгөө авлаа. Одоо мөнгөө яаж хуваах вэ? Ихээхэн ширүүн маргаан гарч нэг бус аллага болох шинжтэй болж ирсэн тул хуваах аргаа олтол нийтээрээ мөнгөө хэрэглэж байхаар шийдсэн байна. Хэн их үрсэн нь хожиж байгаа мэт зүйл болж хувирсан учир тэдгээрийн тансаглах нь хэрээс хэтэрч байв. Угаасаа “өвгөнтийн” Мэллойтой энэ хэд яагаад жигтэйхэн найзалж байгааг нь гайхаж байсан энгийн ард иргэд оршуулгын дараах тансаглахыг нь хараад яриа хөөрөө гаргалгүй яахав. Удалгүй цуу яриа хүчээ авч цагдаа, хүчнийхэн ч мөрдөлт явуулж эхэлсэн бөгөөд цогцсыг гаргаж ирэн шинжлэхэд ямар ч хатгааны тухай яриа байхгүй нь тодорхой болж таараа. Ингээд хуйвалдагч дөрөв маань халтуурчин Гринтэй цуг баригдах нь тэр. Хүн алах гэсэн нэг удаагийн бүтэлгүй оролдлого хийсэн Гринд олон жилийн ял өгсөн бол үлдсэн дөрөв цахилгаан сэнтийд сууж Мэллойн араас очсон гэдэг.
P.S.
Америкт энэ түүх нэлээд алдартай бөгөөд You cannot kill Michael Malloy гэсэн хөгжмийн зохиол бий. Кино, телевизийн цувралууд, ном зохиол, жүжиг энэ сэдвээр хангалттай их бөгөөд YouTube дээр энэ нэрээр хайгаад үзэхэд овоо юм гарч ирнэ.
Нийтлэлч Чалчаа саарал
Үхсэнээсээ хойш олон жилийн дараа алдаршсан гэмт хэрэгтэн
Эрт урьдын цаг болох 1880-гаад оны үед Элмер Маккреди гээч нэгэн эр хорвоо дэлхийд мэндэлж, бүтэл муутайхан гэмт хэрэгтэн болж өсөөд удалгүй нөгөө ертөнцөд одсон гэнэ. Гэхдээ энэ хүн итгэхэд бэрхтэй, онцгой хачин түүхээрээ сүүлд алдаршсан юм шүү. Ингээд энэ алдарт эрийн тухай…
Элмер нь 20 нас хүрэх үедээ үл бүтэх гуйлгачин шахам амьтан болон хувирч, архи дарс л ууж байвал өөр юм сайхан юмгүй, байхгүй үед гашуун юм олохоос өөр боддог юмгүй нөхөр байж. Архины мөнгө олохын тулд энд тэнд ажил төрөлд орж удалгүй хөөгдөх бөгөөд гуйлга гуйх дээрээ тулаад байх үед архины найз нь “цэрэгт явбал мөнгө төгрөгтэй болж, хүн шиг хүн болох тухай” согтуудаа ярьжээ. Мань эр ч сайн хүн болохоор шийдэн цэрэгт явлаа. Гэсэн ч сурсан юмыг сураар боож болох биш тэндээ архи дарс спирт хулгайлж ууж даргынхаа аргыг барсан тул дороо хөөгдөлгүй яахав.
Энэ бүхний эцэст Эльмерт нэгэн мэргэн санаа төрсөн нь янз бүрийн мөнгө төгрөгтэй газрыг дээрэмдвэл байнга архитай байж болох нь гэсэн зүйл байлаа. Тэр даруй санаа нийлэх хэдэн хүн олж аваад банк болон бусад мөнгө хадгалдаг газар руу дайран орж сейфийг дэлбэлдэг болж эхэлжээ. Аймшигтай ширүүн төрх харагдаж байна уу?

Цэрэгт байхдаа саперын ангид байсны хувьд мөнгөний төмөр шүүгээг зад татах шиг амархан юм хаа байхав гэмээр. Гай болж мань эрийн дэлбэлж байгаа сейфнээс бусад юмс, ойрхон байх ширээ сандал л бутраад байхаас мөнгөний авдар онгойсон юм огт үгүй. Ийм байдлаар олон оролдлого хийсний дараа цагдаа нар бүтэлгүй боловч байнга л тэсэлж дэлбэлж ядаргаа болж байдаг гэмт хэрэгтэн нөхөр нь Элмер Маккреди гэдгийг мэдэж авчээ.
1911 онд мань эр хамгийн том дээрмээ хийхээр шийдэн, 400 000 доллар бэлнээр авч яваа галт тэргийг дайрахаар боллоо. Тухайн үед бэлэн 400 000 доллар гэдэг бол хэн хүний санаанд оромгүй гэмээр их мөнгө. Тийм учраас сайн ч бэлдэж, хүчтэй тэсрэх бодис олж, дараа нь зугтан зайлах, мөнгө төгрөгөө нуух газраа товлож… нэг ёсондоо бүх юм ок.
Маккреди галт тэргийг дайрч, салаа зам руу оруулж зогсоогоод мөнгөтэй авдрыг хайсан ч олсонгүй. Энгийн зорчигчдын галт тэргэнд андууран орсон нь тэр бөгөөд жинхэнэ мөнгөтэй галт тэрэг энэ үед хажуугаар нь юу ч мэдэлгүй давхиад өнгөрсөн байна.
Бүх юм бүтэлгүйтсэн учир мань эр даруй зугтаж бэлдсэн байрандаа очиж нуугдлаа. Гэм нь тэр бэлдсэн байшин нь хэрэг хийсэн газраас нь дэндүү холгүй байж. Ийм бүтэлгүй нөхрийг цагдаа нар дор нь олж ирэн мань хүнийг барих гэхэд өөдөөс нь эсэргүүцсэн учир газар дээр нь нам буудаад алчихжээ.
Үлгэр шиг энэ явдал ингээд дуусах ёстой мэт боловч үнэндээ жинхэнэ юм эхэлж байсан юм билээ.
Элмер Маккреди гээч дүүрсэн бүтэлгүй дээрэмчний цогцсыг авах хамаатан садан гэж юм олдсонгүй. Ийм нөхцөлд засгаас мөнгө гаргаж оршуулах ёстой ч тухайн үед нутгийн сан хөмрөг тааруухан байсан бололтой, оршуулалгүй байлгаад л байж. Ашгүй Жозеф Жонсон гээч буяны ажил явдал зохион байгуулдаг нөхөр энэ муудаж эхэлсэн цогцсыг худалдан авч хатаан занданшуулаад, тослоод… ажлын байрныхаа гадаа гаргаж тавихаар болжээ. Өөрийнхөө ажил төрлийг сурталчилсан реклам болгож байгаа нь тэр.
Хүмүүс ч их сонирхож, цогцос үзэхийн тулд цөөхөн зоос төлдөг болсоор яваандаа нэг л мэдэхэд дажгүй орлоготой зүйл болж хувирлаа. Ийм үед сүйхээтэй бизнесменүүд үнэ хаян цогцсыг аван өөр хүн олонтой газар үзүүлэх ба хэдэн жилийн хугацаанд зөндөө олон эзэн дамжжээ. Харин эзэн солигдох тусам цогцосын түүх мартагдан арилж, сүүлдээ зүгээр л нэг хиймэл хүн мэт болж хувирсан байна.
Яваандаа хиймэл хүн нь лааны тосоор хийсэн баримал гэсэн зүйл болон хувирч, 1976 онд хүртэл Hollywood Wax Museum гээчид үзмэр болж байсан гэх ба заримдаа телевизийн янз бүрийн нэвтрүүлэгт хүртэл “оролцож” байсан гэдэг. Нэгэн удаагийн гэмт хэргийн тухай нэвтрүүлэгт “оролцож” байх явцдаа (хүнийг дүүжлэхэд юу болдог талаархи шинжлэх ухааны баримтат кино хийж байж) бас нэг бүтэлгүй эрээс болж гар нь хугарсан байна. Лааны тосоор хийсэн баримал гэж ойлгож байсан зүйл нь үнэндээ жинхэнэ хүн байсан нь мэдэгдэж, цогцостой харьцаж басйан телевизийнхэн сүйд бололгүй яахав.
Энэ тухай хэвлэл мэдээллээр бичиж эхэлснээр дэлхий даяар шуугин, цагтаа ядруухан дээрэмчин явсан эр үхсэн хойноо тухайн үеийн рок-н-ролл од мэт алдаршсан байна. Дараа нь цэрэг цагдаа, мөрдөн шалгалт… гээд түмэн юм болж, бодит түүхийг нь тогтоон, засгийн хөрөнгөөр оршуулжээ. Гэхдээ жирийн оршуулгаас нэлээд их хөрөнгө зарсан буюу алдартай цогцсыг хулгайлахаас сэргийлж оршуулгын нүхийг нь тэр чигээр нь цементээр дүүргэсэн юм гэнэ лээ.