Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Хүн хүнээ иддэг канибализм гээч аймаар зүйл Номхон далайн арлын уугуул оршин суугчдын дунд түгээмэл тархсан зүйл. Бүр Рокфеллерын хамгийн том өв залгамжлагчийг ч тэд хүртэж орхисон гэж байгаа. Гэхдээ энэ удаа тэрхүү аброгенуудын тухай биш харин соёлт хүн төрөлхтний нэгэн хэсэг болох япончууд зарим нэг нэртэй устай хүнийг барьж аваад шорлож, шарж идэх шахсан тухай сонирхуулъя.
1941 онд АНУ-ын армид 17 настай нэгэн залуу сайн дураар орсон нь АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Жорж Герберт Уолкер Буш байлаа. 1943 он хүртэл бэлтгэл хийсэн мань эр тэнгисийн цэргийн нисгэгч болж бэлтгэгдэн TBF-1 “Грумман” онгоцны дарга болон “самурайнуудыг“ үнсэн товорго болгохоор дайнд морджээ.
“Яс арьс” хэмээх хочтой энэ туранхай эр 1944 оны зунаас эхлэн Титижима хэмээх арлыг бөмбөгдөхөөр нисэж эхэлсэн байна. Тухайн арал дээр дэслэгч генерал Ёшо Тачибана хэмээх догшин эрийн цэргүүд баатарлагаар байлдаж байсан боловч гэм нь хангалт муугаас өлсөж цангах нь хэрээс хэтэрч юу ч хамаагүй иддэг дээрээ тулах тун ч дөхсөн байжээ.
Ингээд зунжин бөмбөгдсөн Титижима арлыг бөмбөгдөхөөр ээлжиндээ гарсан Бушийн баг 1944 оны 9-р сарын 3-нд арлын агаараас эсэргүүцэх хүчний суманд оногдон онгоц нь унаж эхэлж. Буш онгоцоо арлаас зайтай унахаар болгож чадангуут шүхрээр үсэрчээ. Араас нь онгоцноос бас нэг хүн үсэрсэн боловч шүхэр нь задраагүй байна. TBF-1 “Грумман”-д даалгавраас шалтгаалан 2-4 хүн нисдэг байсан бөгөөд тухайн өдөр Бушийн “Барбара” онгоцонд (Бушийн эхнэрийг хэн гэдэг байлаа? Зөв) лав л 2-оос дээш хүн ниссэн нь тодорхой бөгөөд онгоцонд үлдсэн хүн чухам буудуулсан байв уу, эсвэл гарч чадахгүй байсаар үхсэн үү гэдгийг тодруулсан зүйл үгүй.
Буш ч усанд буулаа, аврах зорилготой шумбагч онгоц USS Finback ч “хөгшин” Бушийг аварлаа. Мань эрийг шумбагч онгоцонд гаргах үед ихээхэн муу байсан гэх бөгөөд энд тэндгүй жижиг шархтай, дээр нь байнга бөөлжиж, огьж байсан гэдэг. Энэ үед бас нэг бөмбөгдөгч онгоцны нисгэгч усанд буусан, эрэгт их ойрхон учир япончууд түүнийг буудаж байна гэсэн дуудлага авсан шумбагч онгоц яаран тэр зүг рүү хөдөллөө.
Шумбагч онгоц тэрхүү буудуулж буй нисгэгчид ойртож ирэх үед нисгэгч нь хөвөгч жижигхэн аврагч завьтай, түүнийгээ тас зуурсан байдалтай хөвж байсан ба энд тэндгүй бууны сум тусаад аврах боломж маш бага байлаа. Чухам ийм нөхцөлд шумбагч онгоцны дурангаас зүүгдэн зугтах, аврагдах нэгэн аргыг тэнгисийн цэргийн нисгэгч нарт зааж байсны ач тусыг шалгаж үзэх боломж гарсан байна. Номоороо бол шумбагч онгоц уснаас дурангаа цухуйлган аврах хүнд дөхөж очиход өнөөх нь өөрт байгаа шүхрийн болон бусад олс дээсээр (аврах завины олсоор гэх мэт) өөрийгөө дурантай хүлж бэхлэн чирэгдэн явсаар аюулгүй газар очин онгоц дээр гарах ёстой байлаа.
Гэтэл тэрхүү нисгэгчид дөхөж очих үед өнөөх нисгэгчид өөрийгөө хүлэх цаг зав байсангүй, шууд л нэг гараараа дурангаас тэвэрч, нөгөө гараараа хийлдэг муу завиа барьсан хэвээр чирэгдэж эхэлсэн байна. Шумбагч онгоцны дарга өөр дурангаар энэ нөхрийн циркийн үзүүлбэр үзүүлж байгааг хараад ухаан алдаж унах шахсан гэдэг. Жаахан зай гарангуут хөлгийн хурдыг сааж нисгэгчийг дурантай өөрийгөө хүлэх боломж олгосон ба үүнийгээ хийж дуусангуут дахиад л цааш давхилаа. Аюулгүй орчинд очоод нисгэгчийг дотогш оруулахад мань эр бараг л дуу дуулж байсан гэдэг. Энэ эрийн нэрийг Жеймс Бекмэн гэдэг.
Жеймс, Жорж хоёрыг аварсан шумбагч онгоцонд өөр аврах хүн олдсонгүй. Тухайн өдөр нийтдээ бараг л 100 гаруй нисгэгч амь үрэгдсэн гэх ба 3 хүн л аврагдсан гэсэн хачин тоо харагддаг. 30-40 онгоц алдсан ийм айхтар хохирлын тухай мэдээ баримт цөөн байдаг нь бас утга учиртай юм шиг билээ.
Учир нь, тухайн өдөр бөмбөгдөгч онгоц нь буудуулж амиа аврахаар шүхрээр үсэрсэн 9 нисгэгчийн нэг нь л амьд үлдсэн бөгөөд бусдыг нь эвдэж янзлаад, шорлож шараад идсэн гэдэг. Ямар ч байсан япон офицеруудад тогооч ийм хоол бэлдэж өгсөн нь дараа нь шүүх хурал дээр ил болж батлагдсан бөгөөд арлыг захирч байсан дэслэгч генерал Тачибана үүнийхөө төлөө цаазлах ял хүртэж, амар сайхандаа жаргасан хүн. Энэ бүх түүх бүр сүүлд 2000 оны эхээр л ил болсон бөгөөд тухайн тулалдаанд амь үрэгдсэн нисгэгч нарын гэр бүлийнхнийг сэтгэлзүйн янз бүрийн аймшигтай байдалд оруулахгүй гэж энэ явдлыг урт хугацаагаар нууж байсан байна.
P.S
Америкийн цэргийн аврах ажиллагаа гэдэг нэг зүйлийн тухай заавал дурдах ёстой байх. Энэ тал дээр америкчууд шиг яг таг, үр дүнтэй, зохион байгуулалттай өөр арми байхгүй болов уу. Цаашид ч тэдэнд дөхөж очих хэмжээний туршлага, хүч чадал, боломжтой улс гарахад их хэцүү. Дэлхийн нөгөө өнцөгт ч хамаагүй онгоц унасан, хөлөг живэх тохиолдолд америкчууд ядаж л тэр бүст ойртож очин аврах ажиллагаа бүтэлтэй бүтэлгүй хамаагүй хийж чаддаг хүмүүс. F-117 Югославт буудуулж унахад нисгэгчийг нь хэдхэн цагийн дараа тусгай анги очиж аварч байсан ганц нэгхэн жишээ үүний баталгаа биз ээ. Өөр олон жишээ дурдаж болох байх.
Энэ аврах үйл ажиллагааны хүчээр ирээдүйн Америкийн 41 дэх ерөнхийлөгч нь шорлуулж, шаруулалгүй, Япон офицерын хүнс бололгүй амьд үлдэж, 43-дахь ерөнхийлөгчийг Барбаратай хамтран “бий болгож”, хүйтэн дайныг дуусгахад том хувь нэмэр оруулж… дэлхийн цаашдын түүхэнд ихээхэн нөлөөлсөн билээ.
Энэ нийтлэлийн баатар болох эцэг –Жорж Буш 2018 оны 11-р сарын 30-нд өөд болсон билээ.
Төстэй нийтлэлүүдийг сонирхоно уу:
Дэлхийн түүхийг эргүүлэх шахсан байлдааны онгоц
“Ялагдашгүй Ямато” хөлгийн сүйрэл
Их далай дахь Германы өөдгүй зан ба Лакониа тушаал
Хөлөг онгоц болон шумбагч онгоцны нэгэн хачирхалтай тулаан
Америкийн флотын бахархал болсон азгүй шумбагч хөлөг
Тэнгисийн цэргийн эрэлхэг лам нар
Индианаполис крейсерийн эмгэнэлт төгсгөл
Япончууд АНУ-ыг дайнд татан оруулсан нь
Япончууд бууж өгч, америкчууд буулгаж авсан нь
“Сая манай тэнэгүүдийн нэг ирээд бөмбөгдөж сүйд хийх шахлаа