Жолооч, засварчин мэргэжилтэй хатан хаан
1940 онд буюу Дэлхийн 2-р дайн дүрэлзэн асаж эхэлж байсан тэр цагт Элизавета гүнж хүүхдээрээ байлаа. Их Британийн хааны ордон Букингем хүртэл бөмбөгдөлтөд өртөж байсан тэр үед хаан Жорж VI-г гэр бүлийнхэнтэй нь цуг Канад руу, аюулгүй газар аваачих зорилготой томоохон ажиллагааг тусгай албадууд бэлдэж эхэлжээ. Гэтэл хатан Элизавета (саяхан таалал төгссөн Элизавета II-ын ээж) нь үүнийг мэдээд ”Хүүхдүүд надгүйгээр хаашаа ч явахгүй. Би бас хааныг орхиод явж чадахгүй. Харин хаан хэзээ ч эх орноо орхиж явахгүй” хэмээн алдартай үгээ хэлж байсан гэдэг.
Ингэж хааны гэр бүлийнхэн дайны хүнд хүчрийг ард түмэнтэйгээ мөр зэрэгцэн туулж эхэлсэн бөгөөд энэ нь Британийн цэргүүдэд ихээхэн урам зориг өгсөн гэж түүхчид ам уралдан магтдаг юм байна.
Элизавета гүнж (саяхан таалал төгссөн Элизавета II) 18 нас хүрэнгүүтээ улс орондоо тус нэмэр болох гэж цэргийн албанд орох хүсэлтээ бичсэн ба урьд өмнө иймэрхүү нөхцөлд орсон улс орнуудын хаадын охид гүнж нь харьцангуй аюул багатай гэмээр цэргийн сувилагч хийдэг уламжлал тогтсон байлаа. Харин Элизавета өөр замыг сонгосон буюу цэргийн жинхэнэ жолооч болохоор шийдсэн байна. Ингэснээр тэрээр хааны удам судрын дотроос цорын ганц цэргийн алба хаах эмэгтэй болжээ.

Гүнжийн алба хааж байсан “Эмэгтэйчүүдийн туслах корпус” нь байлдааны ажиллагаанд оролцож байгаагүй нь ирээдүйн хатан хааны амь насыг аюулд учруулахгүй гэсэн зорилготой нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч Элизавета нь ор нэр төдий алба хаагаагүй буюу цэргийн арын албаны бүх л төвөгтэй хэцүү ажлыг хийсээр байлаа. Тэрээр шархадсан цэргүүдийг зөөх, автомашинд засвар хийх зэрэг ажлыг голчилж байсан бөгөөд түүний алба хааж байсан корпус нь дайсны хэд хэдэн бөмбөгдөлтөд өртөж байжээ. Энэ корпусын 355 бүсгүй дайны үеэр амиа алдсан гэдэг нь ирээдүйн хатан хаан ямар байдалтай цэргийн алба хаасныг хамгийн тод илтгэн харуулах байх.
Дайны төгсгөл үед гүнж маань дэслэгч цолтой болж дэвшсэн гэдэг. Харин сонирхолтой нь Британийн армийн жолооч засварчин Элизавета нь жолооны үнэмлэхгүй байсан явдал юм. Хэдийгээр гүнжтэн машин барих, засах олон төрлийн сургалтыг төгссөн боловч жолооны үнэмлэх, засварчны зэрэг гэх мэт юм байтугай паспорт ч үгүй байсан нь хатан хаанд иймэрхүү ямарваа нэг баримт бичиг байх шаардлагагүй гэдэг цэвэр Британи ойлголттой холбоотой билээ.

Ингээд дайн дууссан тухай зарлах үед ирээдүйн хатан хаан маань Букингемийн индэр дээр бүлийнхэнтэйгээ зогсохдоо цэргийн хувцастайгаа гарч ирсэн ба албан ёсны баяр наадам дуусаж, бүх нийтийн зугаалга эхлэхэд алга болсон байжээ. Тэрээр дайнд ялсан цэрэг хүний хувьд жирийн ардууд цэргүүдтэйгээ цугтаа алхан, орилон хашхичиж, эгэл жирийн хүний ёсоор үнэн сэтгэлээсээ баярлаж байсан гэдэг. Тэрээр энэ тухай дараа нь дурсахдаа : “Нэгнийгээ үл таних олон мянган хүмүүстэй цуг гар гараасаа атгалцан, Уайтхоллын гудамжаар алхаж байхдаа жинхэнэ аз жаргал, сэтгэл амрах гэдэг зүйлийг мэдэрч билээ. Энэ бол миний амьдралд хамгийн тодоор үлдсэн мөч байсан юм шүү”гэсэн гэдэг.
Дайны үеэр нас биед хүрч, амьдралын туршлага суусан Елизавета нь өөрийн юу хүсэж байгаагаа мэддэг, хатуу чанд, шийдэмгий эмэгтэй болон хувирсан ба 1947 онд өөрийн сонгож авсан залуутай гэр бүл болохоор шийдэхэд аав нь их л дургүй байсан юм. Гэсэн ч тэрээр өөрийн хүссэнээр шийдэн нөхөрт гарч, 5 жилийн дараа хатан хааны суудлын эзэн болсон билээ.

Таалал болсон хатан хаан саяхан болтол өөрөө машин барьдаг байсан төдийгүй нөхөр нь болох Эдинбургийн гүн агсанд ч бас энэ “өвчнөө халдаасан” байна. Эдинбургийн тайж нь 95 нас хүртлээ автомашин барьдаг байгаад нэгэн золгүй ослын дараа л больсон юм гэсэн.
Одоогийн байдлаар Хатан хаан Элизавета II нь Британийн түүхэнд хамгийн удаан хаан ширээнд суусан хүн билээ.