Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский есдүгээр сарын 1-ний өдрөөс хойш 1000 гаруй километр квадрат нутаг дэвсгэрээ чөлөөлсөн тухай мэдээллээ. Тодруулбал, “Есдүгээр сарын 1-ний өдрөөс хойш 1000 гаруй километр квадрат нутаг дэвсгэрээ чөлөөллөө. Украины бүх цэргүүд, ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа, тэргүүн шугам дээр төдийгүй ар талд байж, манай ялалтад хувь нэмрээ оруулж буй бүх хүнд талархаж байна. Газар нутгаа чөлөөлсөн нь батлан хамгаалах үүргээ цаг тухайд нь ёсчлон биелүүлдэг хүн бүхний гавьяа” гэжээ.
Түүнчлэн энэ мэдэгдлийнхээ үеэр Украинаас газар тариалангийн бүтээгдэхүүнийг тээвэрлэн гаргaж байгаа нь олон улсын хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж байна хэмээн Зеленьский онцолсон байна. Украины Ерөнхийлөгч өчигдөр хийсэн ээлжит мэдэгдэлдээ тус улсын зэвсэгт хүчин Орост эзлэгдээд байсан Харьков мужийн 400 километр квадрат нутаг дэвсгэрийг чөлөөлсөн тухай зарлаад байсан бол өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ чөлөөлсөн газар нутгийнхаа хэмжээг ийнхүү 1000 хэмээн зарлажээ.
“Энэ долоо хоногт бид Харьков мужаас сайхан мэдээтэй байна. Та бүхэн Украиныг хамгаалагчдын сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар мэдээллийг харсан байх. Хүн бүр манай дайчдаар бахархаж байгаа гэж би бодож байна” гэсэн байна. Вашингтонд төвтэй ISW (The Institute for the Study of War) судалгааны хүрээлэн Украины арми сүүлийн өдрүүдэд фронтын шугам дээр томоохон ахиц дэвшил гаргасныг баталжээ.
“Украины зэвсэгт хүчин есдүгээр сарын 7-ны өдөр зүүн бүсийн Харьков мужийн Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрт санаанд оромгүй тактикийн амжилт гаргаж, хамгийн багадаа 20 км давшиж, 400 орчим хавтгай дөрвөлжин километр газар нутгийг чөлөөлсөн байна” гэж тус байгууллагаас мэдээлсэн юм.
Мөн Украины арми Харьков мужаас зүүн өмнө зүгт 56 км зайд орших Балаклия хот руу сөрөг довтолгоо хийсэн тухай өчигдөр орой /2022.09.08/ тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлжээ. Тус улс нутгийн зүүн хойд хэсэг рүү хэд хэдэн сөрөг довтолгоог эрчимтэй хийгээд байна. Тэгвэл ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр телеграмдаа Балаклияагийн довтолгоо амжилттай болсон талаар бичжээ. Дашрамд дурдахад, Пентагон өөрийн зэвсгийн нөөцөөс хамгийн өндөр нарийвчлалтай их бууны сумыг анх удаа Украинд илгээхээр болсныг эх сурвалж мэдээлжээ.

GPS жолоодлоготой Excalibur сум нь байндаа хоёр метрийн хүрээн дотор нарийвчлан тусах чадвартай бөгөөд анх 2007 онд Иракт, Аль-Кайда байгууллагын удирдагчдын нэг Абу Жураг устгахад ашиглаж байжээ. Ерөнхийлөгч Жо Байдены тавдугаар сард баталсан Украинд үзүүлэх тусламжийн багцад $56.7 саяын үнэ бүхий 374 ийм сум багтсан нь одоо Украинд ирж байгаа аж. Ийм зэвсгээр фронтын шугам дахь Оросын командын постууд, удирдлагын төвүүдийг түүвэрлэн устгах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж буй.