Их Британи улсын төрийн тэргүүн, хатан хаан Элизабет 96 насандаа таалал төггслөө. “Хатан хаан өнөөдөр үдээс хойш Балморал шилтгээнд тайван байдалтайгаар хорвоог орхилоо” гэж Букингэмийн ордон албан ёсоор мэдээлсэн байна.
Элизабет нь 70 жил төр барьсан, Их Британийн түүхэнд хамгийн удаан ширээнд суусан хатан хаан юм.
Хатан хаан Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Лондон хотод Йоркийн гүн, гүнгийн ахайтан хоёрын анхны хүүхэд болон мэндэлж байжээ. Тухайн үед тэр өөрийн эцэг, авга ах нарын дараа хаан ширээг залгамжлах гурав дахь хүн болж байв. Хатан хаан дөрвөн хүүхэд, найман ач, зээ, 11 гучтай хүн байжээ.
Хоёр хоногийн өмнө хатан хаан Элизабет улсынхаа шинэ Ерөнхий сайд Лиз Трассыг хүлээн авч, Засгийн газраа байгуулах зөвшөөрөл өгч байв. Хөдөлгөөний бэрхшээлтэй болсон хатан хаан Лондонд очиж чадаагүй тул Шотланд дахь Балморал шилтгээндээ шинэ Ерөнхий сайдыг хүлээж авсан юм.
Элизабет хатан хааны засаглалын үед нийт 15 ерөнхий сайд томилогдож байсны анхных нь Уинстон Черчилл байжээ.
“Эрхэмсэг дээдэс, хатан хаан таалал төгссөн нь манай үндэстнийг төдийгүй дэлхий дахины хүн ардыг цочроолоо. Хатан хаан II Элизабет бол орчин үеийн Британийг босгосон тулгын чулуу байв. Түүний засаглалын үед манай улс хөгжиж, цэцэглэсэн. Түүний ачаар өнөөдрийн Британи аугаа хүчирхэг байгаа юм” гэж Ерөнхий сайд Лиз Трасс мэдэгджээ.
Одоо түүний хүү Чарльз хаан ширээг залгамжилж, III Чарльз Хаан болно. Ач хүү хунтайж Уилльям нь угсаа залгамжлах дараагийн хүн болж байна.
96 насандаа таалал төгссөн Хатан хаан II Елизаветад зарим удирдагчид хүндэтгэл үзүүлжээ. Тэд түүний үүрэг хариуцлага, гүн гүнзгий мэдрэмж, тэсвэр тэвчээр, мөн хошин шогийн мэдрэмж, эелдэг байдлыг хүндэтгэдэг гэдгээ илэрхийлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама “Хатан хаан нигүүлсэл, дэгжин байдал, ёс зүй, хаанчлалаараа дэлхийг байлдан дагуулсан. Түүний халуун дулаан сэтгэл, хүмүүсийг тайвшруулах гайхалтай инээд, сэтгэл татам байдлыг дурсан санах болно” гэжээ.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, хаан III Чарльзад ээж нь нас барсанд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр “Олон жилийн турш II Елизавет өөрийн харьяат хүмүүсийн хайр, хүндэтгэлийг зүй ёсоор эдэлж, дэлхийд ноёрхох эрх мэдэлтэй нэгэн байсан. Энэ хүнд, нөхөж баршгүй хохирлыг даван туулахад зориг, тэвчээртэй байгаарай” гэсэн байна.
Эх сурвалж: BBC