Өнгөрөгч есдүгээр сарын 1-нд Беларусь улсад хичээлийн шинэ жилийн улирал эхэлж, үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко сурагчдад зориулан уламжлалт хичээлээ заажээ. Түүний энэ удаагийн хичээлийн сэдэв нь “Түүхэн дурсгал бол ирээдүйд хөтлөх зам юм” гэсэн нэртэй ба энэ үеэр хүүхдүүдэд хандан хэлсэн үг нь олны анхаарлыг татсан байна. Тэрээр хичээлийнхээ үеэр улс орныхоо болон олон улсын цаг үеийн нөхцөл байдлын талаар иш татан тайлбарлахдаа ЗХУ-ын удирдагч Иосиф Виссарианович Сталин болон ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссаруудын газрын дарга Лаврентий Берия нарт цөмийн зэвсэг зохион бүтээхэд өндөр хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлсэн байна.
А.Лукашенкогийн хэлснээр, “Зөвлөлтийн хамгийн эрх мэдэлтэй чухал хүмүүсийн нэг Л.Берия цөмийн зэвсэг бүтээх ажлыг хариуцаж амжилттай дуусгасны учир бид өнөөдөр оршин тогтнож, загалмайтны аян дайнд өртчихөөгүй байна. Би хувьдаа цөмийн зэвсгийг үзэн ядаж, хүлээн зөвшөөрдөггүй ч бидэнд, тодруулбал ОХУ-д цөмийн зэвсэг байгаа учраас л тэднийг сатааруулж байгаа хэрэг. Хэрэв тэд цөмийн зэвсгээс айдаггүй байсан бол биднийг аль хэдийнээ газартай нь тэгшилчих байсан. Тиймээс цөмийн зэвсэг бол Сталин, Берия нарын гавьяа юм” гэжээ.
Цөмийн зэвсгийн ач холбогдол, үр нөлөөг өндрөөр үнэлдэг Беларусийн удирдагч AFP агентлагийн сэтгүүлчтэй өнгөрсөн долдугаар сард тус улсын нийслэл Минск хотноо ярилцлага цөмийн дайнаас сэргийлэхийн тулд Москва, Киев болон өрнөдийн орнуудын удирдагчид тохиролцоонд хүрч, Украины дайныг зогсоох ёстойг онцолж байсан юм.
Ингэхдээ “Бид тохиролцоонд хүрч, цэргийн ажиллагаа, дайн гээд байгаа энэ эмх замбараагүй үйл явдлыг зогсоох ёстой. Үүнээс цааш хэтрэх шаардлагагүй. Цаашилбал бид бүгд цөмийн дайны ангалд унана. Тэр хүртэл явах шаардлага байхгүй” хэмээн ярьсан байна.
Өмнө нь ОХУ-ын удирдагчид зөвхөн улс үндэсний оршин тогтнолд нь аюул учирсан тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх тухай ярьж байв. Гэвч Оросын цэрэг Украинд халдан довтолсон өдрөөс хойш гурав хоногийн дараа Ерөнхийлөгч В.Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн юм.
AFP агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа 67 настай Лукашенко дайн өдөөсөн бурууг өрнөдийн орнуудад тохож байв.
“Та нар л дайныг өдөөж, үргэлжлүүлж байна. Хүссэн аюулгүй байдлын баталгааг нь Москвад гаргаж өгсөн бол дайн болохгүй байсан. Бүх зүйл одоо Украинаас л шалтгаална. Яг одоо Украины тал хүлээн зөвшөөрч болохуйц нөхцөлтэйгөөр дайн дуусгах боломж бүрдээд байна” хэмээсэн Лукашенко хэлэлцээний ширээний ард суухыг Киевийн эрх баригчдад уриалж байжээ.
Тухайлбал зарим газар нутгаа алдсанаа хүлээн зөвшөөрөөд Оростой тохиролцож, дайнаа дуусгахыг Украины талд санал болгож буй нь түүний хэлснээс харагдаж байсан аж. Өмнөхөн нь Орос, Украины энхийн яриа хэлэлцээ (гуравдугаар сарын сүүлээр) Туркийн Истанбул хотод болсны дараа үргэлжлээгүй, тасалдсан юм.
Беларусийг 30 орчим жил захирч байгаа Александр Лукашенко одоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн ойрын түнш болсон ба Украинд дайны ажиллагаа явуулахад нь газар нутгаа ашиглуулж байгаа билээ. Энэ талаар ярихдаа Лукашенко “Беларусь улс энэ дайнд хүн хүчээр ч, зэвсэг техникээр ч оролцохгүй байгаа” гэж хэлсэн ч Украинд өгч буй зарим агаарын цохилтыг Беларусийн нутаг дэвсгэрээс үйлдэж буйг хүлээн зөвшөөрчээ.
Гэхдээ үүнийг тэр “зөвхөн урьдчилан сэргийлэх зорилготой” гэж тайлбарласан юм. “Украинчууд яагаад манай хил дээр дөрвөн дивизээ байрлуулсан гэж бодож байна? Тэд яагаад манайхыг онилох болов? Намайг Беларусийн ард түмний дээрээс пуужин унаж эхлэх хүртэл хүлээгээд зүгээр суу гэж байгаа юм уу? Үгүй ээ, би тэгэхгүй. Танай цохилтоос хамгаалж буй тул би Оросыг дэмжиж байгаа юм” гэж Лукашенко ярьжээ.
Олон улсын мэдээ, мэдээлүүдээс:
Украины дайнд шүүмжлэлтэй ханддаг “ЛукОйл”-ын босс эмнэлгийн цонхоор унаж амиа алдав
Тайванийн тэрбумтан өөрийн хөрөнгөөрөө 300 мянган мэргэн бууч бэлтгэнэ
М.Горбачёвын оршуулах ёслолд оролцох зав Путинд байхгүйг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ
Казахстан: Зөвлөлтийн үеийн тэсрэх бөмбөгдөлтөөс хоргодох байруудыг сэргээнэ
В.Зеленьский: Амьд үлдэхийг хүсч байгаа бол Оросын цэргийнхэн зугтах цаг нь болжээ, гэртээ харь!
“РосАтом” Унгарт атомын цахилгаан станцын хоёр реактор шинээр барихаар болжээ
В.Путин зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийхээ тоог 1.15 саяд хүргэх зарлиг гаргажээ