Польшийн Пиен тосгоносс 17 дугаар зууны үеийн “вампир” буюу цус сорогчийн булш илрүүлжээ. Энэ нь эмэгтэй цогцос байсан бөгөөд хүзүүг нь гар хадуураар хааж оршуулсан нь вампирыг дахин босож ирэхээс сэргийлсэн арга хэмжээ болохыг Николас Коперникийн их сургуулийн профессор, багийн ахлагч Дариуш Полински хэлсэн байна.

Тэрээр “Хэрвээ амь ороод босож ирвэл толгой нь гар хадуурт тастагдах, ядаж гэмтэх байрлалаар оршуулсан” хэмээн тайлбарласан байна.
Түүний илрүүлсэн булшинд гар хадуур хүзүүнийх нь харалдаа байрлуулснаас гадна зүүн хөлийн эрхийн хуруунд нь цоож зүүсэн байжээ. Энэ нь цус сорогчийг дахин амьдруулахгүйн тулд үйлддэг бэлгэдлийн зан үйл байсныг профессор онцолжээ.
17 дугаар зуунд зүүн Европын орнуудад цус сорогч олноор бий болж буй тухай цуурхал хүмүүсийг айлгадаг байжээ. Хүмүүс үхсэн “цус сорогч”-ийг оршуулахдаа дахин амилуулахгүйн тулд янз бүрийн арга дом хэрэглэдэг байсан гэнэ.
Эх сурвалж: dailymail, businessinsider