Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.

Таны харж байгаа энэ зураг нь 1955 онд Пулитцерын шагнал хүртсэн фото билээ. Энэ нь сэтгүүл зүй, уран зохиол, театрын урлагийн хамгийн дээд шагнал юм. Фотог харахад далайн ширүүн давлагаа, наана нь гайхсан, сандарсан, яахаа мэдэхээ байсан хоёр хүн байх бөгөөд цаанаа л ямар нэг түгшүүр, айдас агуулсан мэт. Тэгвэл энэ зургийн бодит түүхийг сонсвол энэ зургийн эмгэнэлт мөн чанар улам бүр тодрох биз ээ. Ингээд 70 жилийн турш олон хүнийг айлгадаг, гайхуулдаг, маргаанд дуудаж байгаа энэ зургийн тухай.
Алдарт зургийг 1954 оны 4-р сарын 2 ны өдөр Эрмоса-бич хэмээх газар авсан байна. Los Angeles Times сонины гэрэл зурагчин Жон Гонт нь энэ өдөр тус наран шарлагын газар зугаалж явахдаа гэнэт хүмүүсийн хашхиралдах дууг сонсоод зөнгөөрөө аппаратаа авч далайн эрэг дээр их хачин байдалтай зогсох хоёр хүний зургийг авсан бөгөөд яг тэр үедээ юу болж байгааг ойлгоогүй гэдэг. Тэр өдрийн өглөө Жон болон Мэри Макдональд нар нь өөрийн 14 настай охин Сара, 2 настай хүү Майкл нартай далайн эргээр зугаалж байжээ. Хүн амьтан цөөхөн байсан болохоор хоёр хүүхэд нь эргийн элсээр байшин сав барьж тоглон, бяцхан хүү далайн давлагаагаар гарч ирэх хясааг түүн элсэн байшингийнхаа ханыг чимсээр. Хэсэг хугацааны дараа эцэг эх нь өөрийн бяцхан хүү харагдахгүй болсныг ойлгон эгчийг нь дуудан асуухад тэр нь ч мэдсэн юм байсангүй. Хүү гэр лүүгээ явсан бололтой гэж ойлгон аав нь ойрхон байх гэр лүүгээ яваад ололгүй эргэн иртэл эхнэр охин хоёр нь далайн усанд байх ямар нэг цэгийг харан хашхирч байв.
Алга болсон бяцхан хүү нь далайн усанд амь тэмцэн байгааг тэд зөнгөөрөө ойлголоо…Чухам энэ үед уг зургийг авсан бөгөөд үйл явдал цааш яаж үргэлжилснийг дэлгэрүүлэх шаардлага үгүй болов уу. Маргааш нь орон нутгийн сонинд дээрх аймшигт явдлын тухай бичиж, Los Angeles Times нь дээрх зурагтай нийтлэл гарган, эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна. Ингэж энэхүү алдартай зураг түмний хүртээл болсон ба дараа нь хэд хэдэн удаа янз бүрийн шагнал хүртэж, түмэн олны зүрх сэтгэлийг эзэмдсээр өнөөг хүрч байгаа юм. Үнэхээр харахад ч эвгүй тэр аймшигт мөч.

Одоо энэ зураг янз бүрийн сайт, сошиал сүлжээгээр үе үе харагдах ба уг зургийг авсан гэрэл зурагчин Гонтыг хараан загнах нь олонтой. Нэгэн гэр бүлийн аймшигт явдлаар нэр алдар олсон гэж дээрх хүнийг буруутгах ба хэн ч, хэзээ ч иймэрхүү зураг нийтлэх, олон түмэнд үзүүлэх эрхгүй гэж олон хүмүүс одоо хүртэл үздэг байна. Гэтэл ганцхан Гонт нь энэ явдлын тухай зураг хөрөг тавиагүй бөгөөд үйл явдал болсны дараа олон арван сэтгүүлчид болсон үйл явдлын тухай мэдээлэл цуглуулах гэж эцэг эхийг нь зовоож байсан гэдэг.
Бүр 14 настай Сара охиныг хүртэл эцэг эхээсээ холдох үеийг нь анаж байгаад болсон явдлын тухай тулган асууж, уйлуулж, чарлуулна… Сара өөрийнхөө дүүг хясаа цуглуулаад ир гэж явуулаад ийм юм болсон болохоор охин ямар их шаналж байсан нь ойлгомжтой. Гэтэл тэр шархыг нь дахин дахин зэрлэгээр хөндөх үй олон сэтгүүлчид улай үзсэн элээ шиг эргэлдсээр.
Харин орчин цагт энэ зургийг үзсэн хүмүүс нь эцэг эхийг нь буруутгах ба тэрхүү залуухан гэр бүлийнхний хувцас нь яагаад хуурай байгаа тухай, яагаад ямар ч арга хэмжээ аваагүй тухай шүүмжлэн хэлэлцэнэ. Магадгүй тэр хүмүүсийн зөв байж болох ч ийм аймшигт явдал болж байгааг сайн ойлгохгүй, итгэж чадахгүй нөхцөлд байсан эцэг эхчүүд чухам яах ёстой байсныг хэн мэдэх билээ. Ёстой хэнд ч хэзээ ч бүү тохиолдоосой билээ.
Ямар ч байсан иймэрхүү аймшигт явдал энд тэнд үе үе болсоор байдгийг хэн хүнгүй санаж, анхаарал болгоомжтой байх болтугай.

Дээрх зураг /зураг 3/, Жон Гонттой холбоотой бас нэг шуугиан дэгдсэн нь Los Angeles Times сонины редакторууд Жонд пулитцерийн шагнал авахаар болсныг нь хэлж байгаа үеийн зураг юм. Энэ зураг дээр нэлээд гайхсан шинжтэй Жон нь инээмсэглэн байгаа бөгөөд аймшигт явдлын гэрч, түмэн хүнд энэ явдлын тухай хүргэсэн хүн нь үүнийхээ төлөө алдар нэртэй хүн болж, инээмсэглэж байгаад олон хүн дургүйцэж байсан юм гэнэ лээ.