Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Адольф Гитлер яагаад өөрийгөө болон Ева Брауныг үхсэний дараа цогцсыг минь заавал шатаагаарай гэж тушаасны учрыг та мэдэх үү? Тэгвэл Гитлер нь Бенито Муссолини болон Клара Петачи нарын хувь заяаг давтахаас айсан юм гэнэ. Бенито Муссолини гээч нөхрийн тухай элдэв юм яриад хэрэггүй, хүн болгон л мэдэх ба цагтаа ард түмнийхээ шүтээн болж, элдэв уриа лоозонгоо ярьж хашхирч байх үедээ хэрхэн ханхалзаж, өвчигнөж байсан бичлэгийг үзээгүй хүн гэж байхгүй биз ээ. Харин түүний үхлийн талаар тэр болгон хүн мэдэхгүй болов уу.

Дэлхийн 2-р дайнд ЗХУ, АНУ, Их британи зэрэг холбоотон улсууд ялах нь тодорхой болж Германы, Италийн үй олон цэргүүд тэдэнд бөөн бөөнөөрөө бууж өгч байсан цаг. Бенито Муссолини ч энэ бүхнийг сайн ойлгож амьд гарах сүүлчийн боломж болох Швейцар улс руу зугтан гарах гэж зүтгэж байлаа. Түүнийг дагаж явсан олон бие хамгаалагч, хамтран зүтгэгч нар нь хэсэг бүлгээрээ таран салсаар сүүлдээ тэрээр хэдхэн хүнтэй үлдсэн байна. Аз болж Германы 200 гаруй цэрэг офицерууд мөн Швейцарь руу зугтан байгаатай таарч нийлж авчээ.
Ингээд 1945 оны 4-р сарын 26-27-ны шөнө энэ жижигхэн бүлэг Италийн партизануудтай тулгарч хэсэг буудалцаж, дараа нь хэлэлцээ хийсний үр дүнд партизанууд Герман цэргүүдийг зүгээр явуулах, харин тэдэнтэй нийлсэн Италичуудыг авч үлдэхээр тохирлоо. Гэхдээ Германууд Муссолиниг өөрсдийн хэмжээгээр нуусан буюу мань эрд Германы нэгэн бага даргын хувцас өмсгөсөн гэдэг. Үнэндээ Муссолини нь ийм аргад дургүйцэж байсан ч түүнтэй хамт явсан нууц амраг нь болох Клара Петачи нь гуйж гувшсаны дараа л зөвшөөрчээ.
Партизанууд энэ цувааг гурав дахь удаагаа шалгаж байж л Муссолиниг таньж, барьж үлдээсэн байна. Гурван удаа шүү. Бодвол тэд юу хайж байгаагаа сайн мэдэж байсан бололтой. Партизанууд Муссолинигийн амраг Клараг германчуудтай цуг явахыг зөвшөөрсөн ч өнөөх нь “Бенитотой цуг эцсээ хүртэл хамт байна” гэсээр хамтдаа туугдан явжээ.
Муссолиниг Донго хэмээх тосгонд аваачин хорьсон ба энэ мэдээ тэр дороо тарж, мань эрийг дэмжигч цөөхөн бүлгүүд түүнийг чөлөөлөх гэж, Англи-Америкийн цэргийнхэн диктаторыг өөрсдөд нь өгч шудрагаар шүүж дэнслэхийг шаардаж байсан юм. Гэсэн ч Вальтер Аудизио хэмээх эр ”Италийг чөлөөлөх үндэсний комитет” хэмээх газраас олгосон бичиг үзүүлэн байж мань эрийг амрагтай нь яаран авч явсан байна.
Харин энэ аялал тун богинохон болсон буюу Жулиано ди Мезегра хэмээх бяцхан тосгонд хүрээд зогслоо. Бениттог машинаас буулган нэгэн хананы наана зогсоогоод “эрх чөлөөний төлөөх сайн дурынхны корпус”-ын нэрийн өмнөөс буудан алах ял оноож байгаа тухай уншиж эхэлжээ. Муссолини юу болж байгааг ойлгохгүй болсон бололтой нүд нь тогтохоо байсан тэр үед машинд үлдээсэн Клара гүйн гарч ирээд мань эрийг тэвэрч аваад хашхирч эхэлсэн байна. Хурандаа Валеро (Вальтер Аудизио) Кларад холдохыг анхааруулахад өнөөх нь огт хөдөлсөнгүй. Хурандаа бууныхаа гохыг дарсан ч буу нь баарлаа. Түүний нэг туслах бас гар буугаараа буудах гэсэн ч бас л сум гарсангүй. Энэ үед хурандаа өөрийн хажууд байсан өөр нэг туслагч Микеле Мореттигийн бууг авч тэврэлдэн зогссон хоёрыг буудаж алжээ. Энэ бол 1945 оны 4-р сарын 28 ны өдийн 16 цагт болсон явдал.
Муссолиниг ингэж яаран буудаж хороосон тухай түүхчид янз бүрийн таамаг гаргадаг бөгөөд эдгээр таамгуудаас хамгийн бодитой байж болох хувилбар нь Английн тусгай албад нь янз бүрийн мундаг нэртэй партизаны хэсгүүдийг (эрх чөлөөний төлөөх сайн дурынхны корпус, Италийг чөлөөлөх үндэсний комитет…г.м.) ашиглан мань хүнийг үгүй болгосон гэдэг. Учир нь Черччиль дайны дунд үеэс хойш Бениттотой нэлээд идэвхтэй харилцаж, янз бүрийн захидал солилцож байсан бололтой. Тэрхүү захидлыг олоогүй бөгөөд тусгай албад юун түрүүнд энэ захиа, захиаг хаягласан эзнийг устгаж чимээгүй болгох зорилготой байсан юм байх. Ямар ч байсан Черччиль нь нэгэн цаг Бениттог “ европ дахь хууль тогтоогчдын хамгийн агуу нь” хэмээн тодорхойлж байсан юм гэнэ лээ.
Дараа нь Муссолини болон Петачи нарын цогцсыг Миланд авчирч өөр бусад 5 фашист зүтгэлтнүүдийн хамт нэгэн шатахуун цэнэглэх станцын баганаас хөлөөр нь уруу харуулж дүүжилсэн байна. Чухам энд 10 сарын өмнө фашизмыг эсэргүүцэгч 15 хүнийг яг ингэж дүүжлэн хороож байсан болохоор өшөө хорслоо авч байгаа хэрэг.
Муссолинтой эцсээ хүртэл хамт байна гэсээр хамтдаа үхсэн Петаччаг уруу харуулан дүүжлэх үед хормой нь сөхөгдөж байсан учир тэнд байсан нэгэн эмэгтэй өөрт байсан олс дээсийг ашиглан хормойг нь хөлтэй нь холбож уясан гэдэг. Энэ бол тэрхүү газар хэдэн арван мянгаараа цугларан байсан хүмүүсээс гарсан цорын ганц хүнлэг явдал байсан юм.
Хүмүүс олон болохын хэрээр хөөрсөн нөхдүүд цогцос руу нулимж, балбаж, тархи толгойг нь чулуугаар цохин бяцалж, орилолдон байсан төдийгүй хэд хэдэн хүн цогцсыг дүүжлүүрээс буулгаад дээр нь хүндэрч байж. Тэнд өч төчнөөн эмэгтэйчүүд, хүүхдүүд байхыг үл тоож шүү. Ингэж доромжлогдон гутгаагдсан цогцос нь хүн танихын аргагүй юм болсон байсан ба дараа нь албаар муу усны задгай нүхэнд хаяж хэсэг байлгасан юм гэнэ лээ.