Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Хувь хүний хамгийн нандин зүйл болох эрх чөлөөг нь хязгаарлан боодог шорон гээч зүйл нь мэдээж хүнд хэцүү, хатуу ширүүн зүйл байх нь ойлгомжтой. Гэхдээ хүн алив юманд дасаж даддаг бөгөөд шоронд олон арван жил суусан хүмүүс энэ газраасаа гарах дургүй болох тохиолдол ч зөндөө. Харин Японд бол өөр хэрэг. Арлын энэ улсад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг биеийн болон сэтгэл санааны хувьд хүнд дарамтад шат дараатайгаар оруулж хүмүүжүүлдэг “уран” аргатай улс. Зарим хүний хэлж ярьж байгаагаар бол энд шоронд орсон хүнийг хуулийн дагуу залхаан цээрлүүлж, зөөлөн тамлан зовоож болдог юм гэнэ.

Мэс заслын өрөө шиг цэвэрхэн, эмх цэгц бүхий шоронд анх орж байгаа хүнд эхний өдөр олон хуудас цаас өгөх ба тэрхүү цаасан дээр шоронд баримтлах ёстой маш олон зүйлийг жагсаан бичсэн байна. Шинэхэн хоригдол нь ганц нэгхэн хоногийн дотор эдгээрийг нэг бүрчлэн цээжилж ягштал баримтлах ёстой. Энэхүү дотоод дүрэмд: Зөвхөн дээшээ харж унтах, унтаж байхдаа хоёр гараа хөл дагуулан шулуун байлгах, шорон дотор явахдаа ганцхан урд талын хүний шилэн хүзүүг харах, хоорондоо ярьж болохгүй, ажил хийж байх үедээ зөвхөн хийж байгаа зүйлээ харах, хоол идэж байхдаа хоолноос өөр тийш харж болохгүй…гэх мэт. Ядаж л хоригдол хүний суух сандал нь маш жижигхэн учир дээр нь сууж байснаас зогсоо байсан нь дээр байдаг бололтой. Энэ бүх тэнэг ч гэмээр, зэрлэг ч гэмээр дүрмийг ягштал биелүүлж байгаа эсэхийг харгалзагч нар нь нямбай гээч нь хянахыг яана.

Мөн гадаад ертөнцтэй үндсэндээ ямар нэг холбоогүй болж, гэр бүл, ойр дотынхонтой уулзана гэдэг нь тун ч цөөхөн тохиолдох зүйл болох ба өдөрт хэд хэдэн удаа дэндүү муухай доромжлолтой төстэй элдэв хяналт шалгалтад орох нь элбэг. Харин энэ бүх хэцүү хатуу ёс журмыг биелүүлж чадаагүй бол цахилгаан болон энгийн бороохойгоор цохиулах нь хэвийн зүйл бөгөөд харгалзагчийн өөдөөс муухай харсан төдийд л та “сахилгын өрөөнд” хоригдох болно.
Алив улс орны сахилгын өрөө гээч нь ганцаар нь хорьдог, бохир муухай,жижигхэн нүх гэмээр өрөө байдаг бол харин Японы ийм өрөө нь цэвэрхэн, хуурай гэж ямар ч зочид буудлаас дутахгүй. Хөөрхий хоригдол нөхөр энэ өрөөнд яг л тушаал хүлээж байгаа цэрэг эр шиг хана харан номхон зогсож байх ёстой гэнэ. Хэдэн цаг, бүр өдрөөр шүү. Өчүүхэн төдий “сул зогсож” харагдвал бүр ч илүү хугацаагаар номхон зогсох ёстой болох учир тэсээд л байх ёстой.

Гэхдээ энэ бүхнээс илүү хүнийг зовоодог, хашраадаг зүйл бол шоронгийн ажил билээ. Өөр бусад улс орны шоронд хоригдож байгаа хүн нь ажил хийж “цаг алах”, хоригдох хугацаагаа багасгах, бас ч бага сага мөнгө олох, өөр бусад хүмүүстэй харьцахын тулд ажил хийх гэж уралдацгаадаг бол Японд тийм биш. Энд ихэнхдээ хүнд ямар ч хэрэггүй ажил хийлгэх ба түүнийгээ ёстой залхтал давтуулдаг бололтой. Жишээ нь үрчийж хорчийсон тугалган цаас (фольга)-ыг шинэ юм шиг болтол нь тэгшлүүлэх ба арайчүү гэж сайхан болгоход нь харгалзагч базаж хаяад дахиад тэгшлэхийг шаардана. Яг үүнтэй адил нэг өрөөний шалыг хэд дахин угаах, хувцас хунарыг өдөрт хэдэн арван удаа эвхэх…

Эндхийн шоронд ямар нэг халаалт, сэрүүцүүлэх төхөөрөмж гэж юм байхгүй учир өвчин тусах нь их ба өвдвөл…эмнэлгийн тусламж авч чадахгүй байх магадлал маш өндөр юм гэсэн. Дээр нь шоронгийн эмчид үзүүлэхийн тулд заавал олон арван хүснэгт бүхий өргөдлийг бөглөж, хэдэн хоногийн дараа л эмч ирэх эсэх нь мэдэгддэг гэнэ. Япон хэл мэддэггүй юм уу бичиг үсэг тайлагдаагүй бол юу болж болох нь ойлгомжтой. Энд хэрэг хийсэн хүнийг хүмүүжүүлэх биш, ёстой үнэн голоосоо залхаж шантартал нь зовоох л зорилготой байдаг юм гэнэ лээ. 2008 оноос энэ улсад шоронтой холбоотой зарим нэг өөрчлөлт шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд одоо хэд хэдэн хувийн шорон бий болсон байна. Эндхийн дотоод журам нь улсын шоронгоос хэд дахин зөөлөн, илүү эрх чөлөөтэй байх боловч ийм газарт хоригдох хүмүүс нь ялихгүй жижиг хэрэг хийсэн нөхдүүд байх ёстой юм.