Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
ЗХУ-ын удирдагч агсан И.В.Сталин гээч аймшигт догшин мангасын тухай юм энд тэндгүй зөндөө бий. Ард түмэн болон бусдын үгийг хүлээж авдаггүй, өөрөөс нь өөр бодолтой хэн хүнийг хэлмэгдүүлэн устгадаг, үгүйдээ л 10 жил шорон оронд хийж хатаадаг байсан гэх. Хэр үнэн худлыг нь хэн мэдлээ. Ямар ч байсан энэ хүнтэй ойрхон ажиллаж байсан зарим нөхдүүдийн дурдатгал дотор сонирхолтой юмс нэлээд дайралдах ба энэ удаа Сталиныг олны өмнө харааж загнасан нэгэн генералын тухай сонирхуулъя. Тариачин гаралтай Иосиф Родионович Апанасенко 1911 онд цэрэгт татагдаж, тэндээ бичиг үсэгтэй болон байлдаж өөдөлж дэвшсээр 1917 онд Георгиевийн загалмай одон хүртсэн баатар эр болжээ. Дараа нь Улаан армийн морин дивизийн дарга болсон ба хавь ойрынхондоо догшин ширүүн зантайгаараа алдаршсан нэгэн байсан гэдэг. Өгсөн тушаал зааврыг утгагүй, олон цэргийн амь насанд аюултай гэж үзвэл “утгагүй тушаалыг биелүүлэхгүй” гэж ил хэлж эсэргүүцдэг энэ нөхрийг дарга нь нар нь тэвчин өнгөрөөдөг байсан нь түүний дайчин чанар, байгуулсан гавьяатай нь холбоотой юм. Энэ үеэс Сталин нь Апанасенког зүс таних болсон байна.
Иргэний дайн дуусаж, Апансенког ч боловсрол мэргэжлээ дээшлүүлэн (цэргийн даргын курс, дээд тушаалын офицерын курс, Улаан армийн цэргийн академи г.м.) явсаар 1941 онд Алс Дорнодын фронтын захирагч болжээ. Энд нэмж хэлэхэд тухайн үед ЗХУ-ын бусад нутаг дэвсгэр дээр цэргийн тойрог гэсэн нэгтгэлүүд байдаг байсан бол харин Алс дорнодод фронт гэсэн нэртэй байсан нь сонирхолтой. Учир нь тухайн бүс нутаг нь онцгой анхаарлын төвд байсан ба 1938 онд Хасан нуурт, 1939 онд Монголын Халх голын орчим болсон дайнуудад Улаан арми тун хэцүүхэн байдалтай байгаа нь ил болсон үе. Германтай хийж байгаа их дайны үеэр Япончууд Алс дорнод руу халдан орох магадлал өндөр байсан тэр цаг үед генерал Апанасенкод энэ чухал нутгийг хариуцуулжээ. Хатуу ширүүн зантай, элдэв “ордны явуулга” болон долигонуур тал зассан зан байдалд дургүй генерал маань тэр даруй ажилдаа орж олон ч хүнийг халж, шоронд хийхийг нь хийх замаар хариуцсан нутаг орноо дайсны довтолгооноос хамгаалахад хэрэгтэй дэд бүтцийг бий болгож чадсан байна. Чухам түүний хүчээр боссон 1000 гаруй км зам нь дараа дараагийн олон чухал дайн байлдааны ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Ийм нөхрийг эсэргүүцсэн дургүйцсэн нөхөд олон гарах нь мэдээж. Удалгүй Москва руу генерал Апанасенког муу муухайгаар нь дуудсан, илчилсэн матаасууд өч төчнөөнөөр нь цувах боллоо. Цагтаа чухам энэхүү “матаас”-аас болж өч төчнөөн хүний аминд хүрсэн аймшигт хэлмэгдүүлэг болж байсан боловч дайны үе болоод тэр үү генералыг яасан ч үгүй.
1941 оны 11 сард Москвагийн орчимд байдал ямар болсныг бид бүхэн сайн мэднэ. Энд тэндгүй бүслэгдсэн олон фронтыг аврах, Москвад 20-оодхон км тулж ирсэн дайсныг зогсоох …зэрэг хүнд үед Зөвлөлтийн удирдлагууд нь Сибирээс (үнэндээ бол Сибирээс шинэ цэрэг Алс Дорнод руу татаж, бэлтгэлтэй алс дорнодын цэргүүдийг баруун зүг рүү татаж байв) нэмэлт хүчээ яаралтай татан авч байлаа.
Ингээд Хабаровскийн нэгэн том дарга болох Барков болон генерал Апанасенко нарыг Москвад яаралтай дуудаж ирүүлэн Сталин ч тэр даруй нөхдүүдтэй уулзсан байна. Уулзалтын үеэр Сталин нь цагийн байдал ямар байгааг тайлбарлаад Алс Дорнодоос дахиад илүү их хүч татахаас өөр аргагүй болсноо ярьсан байна. Тэрээр Апанасенкогийн мэдэлд байгаа зарим анги нэгтгэлийн дугаарыг хэлж, яаралтай нааш нь зөөхийг тушаахад Апанасенког ч тэр даруй бичиж авсаар. Ингэсгээд яриа дуусах тийшээ хандаж уулзалтад оролцож байсан нөхдүүд цай цүү болж эхэлтэл Сталин гэнэт Апанасенкогоос танк эсэргүүцэх их буу хэр хэмжээтэй байгааг нь асууж, генерал ч тодорхой тоо хэлсэн ба энэ нь нэг их тоо биш байсан гэнэ. Дээд ерөнхий командлагч тэдгээр их буунуудыг яаралтай баруун тийш зөөхийг генералд тушаалаа.
Энэ үед тэнд байсан нөхдүүдийн нүд орой дээрээ гарсан гэж хэлэхэд ч багадмаар үйл явдал болсон ба генерал Апансенко уурлан босож иржээ. Апанасенко ууж байсан аягтай цайгаа түлхэж хаян, сууж байсан сандлаа унагах шахан үсрэн босч ирээд: Чи юу ярьж байнаа? Чи юу хийж байна аа хөөе! …(баахан хараал) Япончууд довтолбол би юугаараа эсэргүүцэх юм. Энэ өмсөж яваа өмдний бүсээрээ юу? Чи намайг огцруулж, шоронд хийж буудвал бууд, харин ганц ч их буу өгөхгүй за юу ! Ингэж хашхиран загнах генералын үгийг Сталин дуустал нь сонсоод хариулахдаа: За тайвшир, тайвшир. Тэр хэдхэн их бууны төлөө чи ингэж сүйд болох хэрэг юу байна. Үлдээмээр байгаа бол үлдээнэ л биз… Ингэж хашхираан маргаан бүхий уулзалт дуусан генерал гараад явсны дараа Сталин толгой сэгсрэн байсан гэдэг. Орчин цагийн тодорхойлолтоор бол Сталин нь энэ генералыг тэр даруй барьж аван Беригээр тамлуулан дор нь буудаж алсан баймаар. Гэтэл Апансаенко нь Сталины хувьд харин ч үнэлж баршгүй хүн болж, хүнд хэцүү цагт Алс дорнодыг хамгаалж чадах ганц нэгхэн хүний нэг гэж үнэлэгдэж байжээ. Генерал ч олон удаа байлдаж байгаа армид очихыг гуйж байсан ч Сталин зөвшөөрөхгүй байсаар 1943 он буюу Япончууд дайрахгүй нь тодорхой болсон үед л Апанасенког Германы фронт руу явуулсан гэдэг. Харамсалтай нь энэ генерал цэргүүдтэйгээ цуг байх үедээ Германы нэгэн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан юм. Сталин ямар ч байсан ганцхан Апанасенкотой ингэж харьцаж байгаагүй ба тухайн үеийн олон том жанжидтайгаа ч муудалцаж сайдалцах үе зөндөө л гардаг байсан билээ. Наад зах нь Жуков нь Киевийг дайсанд өгөх гэснийг Сталин эсэргүүцэн уурлахад өнөөх нь харандаагаа шидэж, Фронт руу явуулаад өг хэмээн хашхичиж байсан түүх байдгийг олон хүн санаж байгаа байх. Сталин гэж өсөрхөг муухай алуурчин байсан гэж их л ярих юм. Үнэн ч юм уу худал ч юм уу хэн мэдлээ.
Жуков, Конев хоёр гар зөрүүлсэн нь
Монгол түмэндээ нэгэн үе өрлөг жанжин хэмээн нэрлэгдэж байсан маршал Х.Чойбалсан болон “Бум хурандаа”, “партизан Бум” гэж алдаршсан Г.Бумцэнд гуай нар нэгэн удаа барилцаж аван, үс толгойгоо үгтээн зодолдож байсан тухай тэдний комиссаруудаас гаралтай яриа бий. Саарал ордон дотор болсон (их тэнгэрт ийм юм болсон гэсэн хувилбар ч бас байдаг) энэ явдлын тухай уншиж сонсоход итгэмээргүй мэт боловч тухайн цаг үед иймэрхүү явдал Монголд төдийгүй өөр олон улс оронд болдог л байжээ.
Үүний нэг тод жишээ ЗХУ-ын Москва хотод, тэр тусмаа Их театрын үзэгчдийн хүлээлгийн танхимд болсон хоёр маршалын зодоон юм. 1957 оны 11-р сард болсон энэ явдлын гол “баатрууд” нь дэлхий дахинд алдартай, бидний дэндүү сайн мэдэх маршал Жуков болон маршал Конев нар байсан билээ.
Жар давсан насандаа барилцаж авсан энэ хоёр жанжин залуу цагтаа нэг нэгнийгээ авран хамгаалж, анд нөхөд явсан түүх бий. Гитлерийн Германы арми ЗХУ руу довтолсон эхний хэдэн саруудад фронт захирагч Конев бүтэлгүйтэн сүйрч байх үед Жуков очин ажлыг нь авсан байдаг бөгөөд чухам Жуков л Коневыг аварсан гэж Орос-Зөвлөлтийн олон түүхчид үздэг юм билээ. Дайны эхний үеийн сүйрлийн дараа Сталин ёстой араатан мэт аашилж олон ч дарга жанжныг шорон гянданд хийж буудаж байсныг бодоход энэ яриа үнэний хувьтай л байх.
Дараа нь дайны төгсгөл буюу Берлинийг авах шийдвэрлэх тулалдааны үед Коневын удирдсан Украины 1-р фронтын анги нэгтгэлүүд илүү амжилттайгаар урагшлан довтолсоор байсан учир Сталин Берлинийг авах ерөнхий төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Белорусын 1-р фронтын удирдагч Жуковын Берлинийг ганцаараа авах гэсэн хүсэл талаар болсон ба чухам энэхүү ер бусын том алдар нэрийн төлөө Георгий Константинович Жуков нь маршал Рокоссовскийн оронд уг фронтыг удирдаж эхэлсэн байсан юм. Хоорондоо өрсөлдөж эхэлсэн нөхөд янз бүрийн хор найруулцгааж байсан “ялих шалихгүй” баримтууд байх ба Жуков албаар довтолгоон эхлэх өдөр дайрагч хэсгээ явуулахгүй өнжөөгөөд, германчууд нөөц хүчээ Коневын довтолж байгаа хэсэг рүү татсаны дараа л давшилтаа эхлүүлсэн… гэх мэт. Энэ нь чухам хоёр маршалын өрсөлдөөн байсан уу, Зөвлөлтийн цэргийн ерөнхий довтолгооны нэгэн арга мэх байсан уу гэдгийг мэдэх юм алга.
Ямар ч байсан Берлинийг дөнгөж аваад байх үед хоёр жанжин уулзалдаж, улмаар муудалцан бүр энгэр заамдаа тулах үед туслахууд нь ирж салгаж байсан түүх бий. Хэрвээ үүнийг зодоон гэж хэлж болох бол анхны зодоон нь ийнхүү Берлинд болжээ.
1957 оны 11-р сарын 3-ны өдөр. Хэдхэн өдрийн өмнө ЗХУ-ын Батлан хамгаалах сайдын тушаалаасаа буугаад байсан маршал Жуков тайтгарахын тулд Их театрт ирсэн байлаа. Албан тушаалаасаа буусан, дээр нь саяхан Правда сонины тэргүүн нүүрэнд гарсан нэгэн нийтлэлд энэ алдарт жанжны тухай, Москвагийн хамгаалалтын үеийн алдаануудынх нь тухай, Берлинийг эзлэн авах ажиллагаанд гаргасан буруу шийдвэрүүдийн тухай тун ч дэлгэрэнгүй бичсэн цаг билээ. Тухайн үеийн Правда сонинд сайн муугаа дуудуулна гэдэг нь дэндүү том асуудал байсан юм. Энэ нийтлэлийг бичсэн хүн нь Конев.
Өст хүн өлийн даваан дээр гэгчээр хоёр маршал хүлээлгийн танхимд таарч үг сөргөн, улмаар хатуу хүтүү үгтэй, догшин ширүүн авиртайгаараа Жуков түрүүлэн хараал ерөөл холин Коневыг доромжилж эхэлжээ. Өнөөх нь ч хүний савыг хоосон буцаахгүй хүн.
…Нэг л мэдэхэд хоёр маршал барилцаж аван гар хөлөө савж эхэлсэн гэдэг ба Жуков ямар ч байсан нэг сайн цохиод авч чадсан гэсэн юм харагддаг. Ойрхон байсан олон том цэргийн болон энгийн албан тушаалтнууд хоёр “боксчныг” салгах гэж бас нэг бужигнаан болж байх үед маршалын туслагчид дор нь давхиж ирэн “хөгшчүүлийг” салгаад хоёр тийш нь сарвагануулсаар авч явснаар хоёр дахь зодоон дууссан байна. Зарим эх сурвалжаас харахад ийм зодоон болоогүй ч зодооноос дутахгүй муухай хэрүүл болж нус цэрээ нулималцсанаар дууссан гэх нь ч бий.
Энэ явдлаас хойш олон жилийн дараа Конев Жуковт хандаж залуу цагийн явдлаа мартан эвлэрэхийг хүссэн ч Халх голын дайны баатар маань огт хариу өгөлгүй шүд зуусаар байгаад нас барсан юм гэнэ лээ. Яг л Чуйковтой муудалцсантай адил!