Ж.Өсөхбаярын хөтөлдөг “Миний хобби Танин мэдэхүй” фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.
(Дэлхийн 2-р дайнд нэг дор олон нохдыг ашигласан хамгийн том тохиолдол)
Энэ явдал Дэлхийн 2-р дайны эхэн үед буюу 1941 оны 7-р сард болжээ. Германчууд Орос руу амжилттай довтолж хүчирхэг армиараа Оросын нутагт гүн нэвтэрч байсан үе билээ. Дайны эхний үед Оросын арми хүнд цохилтод орж Укрианы газар нутгыг богинохон хугацаанд алдаж эхэлж. Том том хотууд эзлэгдсээр л… Энэ үед хилчид хамгийн анхны цохилтыг хүлээн авсан боловч няцаж хулчийлгүй тулалдсаар. Дайн эхлээд аль хэдийн 1 сар болж байх үед буюу 1941 оны 7-р сарын 22 гэхэд Германы Киевийн ойролцоох давшилт амжилттай болж Оросын хамгаалалтыг сэтэлснээр 6 болон 12-р армийн 130.000 орчим цэрэг Германы бүслэлтэд орлоо. Энэ үед Новоархангелийн ойролцоо Легедзино хотын ойролцоо Синюха голын хөвөөн дэх толгой дээр уг тулаан болжээ. Легедзинод 1941 оны 7-р сард 16-р танкийн дивиз болон 8-р буучийн хорооны 2 штаб зэрэг байрлаж байв. Штабын байршлыг хошууч Филиппов түүний орлогч хошууч Лопатин нараар удирдуулсан Коломыйскийн хилийн цэргийн 3 рот хамгаалж байлаа.
Легедзинод байрласан хилийн цэргийн удирдлага хүн хүч дутмаг байсны улмаас Львов дахь Хилчин нохой сургалтын төвийн 25 сургагчийг тэдэнд нэмэлт хүчээр илгээсэн бөгөөд тус сургуульд байсан 150 орчим овчарк үүлдрийн сургуультай нохдыг явуулахыг тушаалаа. Учир нь тэдэнд нохдод илүүчлэх хоол хангамж гэхээр юм юу ч байсангүй өөрсдийгөө арайхийж болгож байлаа. Гэвч хамгаалалтыг удирдаж байсан хошууч Филиппов нохдыг авч үлдэхээр шийдлээ. Түүний удирдлага дахь 3 рот цэрэг дайны эхний өдрөөс эхлүүлэн сар гаран тасралтгүй тулалдаж байсан бөгөөд анх 1941 оны 6-р сарын 22-ны өдөр 454 цэрэг офицертэй байж. Харин сарын дараа уг тулааны үед хэдэн хүнтэй үлдсэн байсан тухай баталгаатай баримт үлдээгүй бөгөөд 500 орчим хилийн цэрэг 150 орчим ноход байсан гэж гэрчийн мэдүүлэг л байдаг аж. 1941 оны 7-р сарын 29-30-нд шилжих шөнө хамгаалалтын гарнизон голын эрэг дэх түшиц газар байршил эзэллээ. Тэдний эсрэг 1941 оны 7-р сарын 30-ны өглөө Германы хамгийн харгис хэрцгий тулаанч гэгддэг СС-ийн Лейбштандарт Адольф Гитлер гэдэг нэр бүхий 11-р танкийн дивиз довтолж эхэллээ. Тэдний зорилго штабыг эзэлж хошууч-генерал Снеговыг барьж авах. Харин тэдний замд штабын ухралтыг халхлахаар үлдсэн хоол хүнс, сум хэрэгсэл гээд байх зүйлгүй болсон, цөөхөн сумтай ганцхан танк эсэргүүцэх их буу, 150 орчим нохойтой хилийн цэргийн 3 рот буюу 500 орчим цэрэг хаалт болон туллаа.
Оросууд хориглолтын төв хэсэгт явган цэргүүдээ байрлуулж танк эсэргүүцэх их бууг жигүүртээ байршуулсан бөгөөд дайсны эхний хэд хэдэн довтолгоог амжилттай няцааж чадлаа. Германчууд уурсан улангасч байлаа. 14,0 мянга орчим хүнтэй бүхэл бүтэн танкийн дивиз хэдхэн Оросыг арчиж чадалгүй өдөржин зууралдаж тулалдаж байгаа нь үнэхээр бүтэлгүй явдал байлаа. Германы удирдлага ээлжит дорвтолгооны дараа жагсаалаа дахин эмхэлж нэг дор 40 мотоциклчин бүхий цохилтын хүчийг Оросын хамгаалалтын жигүүрээр илгээж явган цэргээ төв хэсгээр довтлуулж танкаар дэмжлэг өглөө. Мотоциклчид хилчдийн ам мөлтөс минажуулж амжсан минийн талбайгаар дайрахаар оролдож хагас хүчээ устгуулаад ухарлаа. Харин энэ үед төв хэсгээр жинхэнэ ширүүн тулаан өрнөж байлаа. Хошууч Филиппов нөхцөл байдлыг үнэлээд дэслэгч Ерофеевийн хариуцсан хэсэгт нөөц хүчээ бүгдийг нь ганц танк эсэргүүцэх буутайгаа өглөө. Тэр хэсэгт байсан 2 болон 3-р ротын эсрэг Германы 7 панзераар дэмжүүлсэн явган цэргүүд ихээхэн хүчтэй дайрч байсныг арайхийж торгоолоо. 2 болон 3-р ротын тал хүн нь шархдаж нийт хүчний 3-ны нэг үрэгдсэн байлаа. Тэд бүхэл бүтэн 14 цаг өөрийн хүчнээс хэд дахин илүү танкаар дэмжүүлсэн дайсны хүчийг тогтоож чадлаа. Дайсан дахин ухраад их буугаар хилчдийн байршлыг нүдэж эхлэв. Дараа нь дахин танкаар дэмжүүлэн довтоллоо. Сум хэрэгслээ барсан 3-р рот бараг бүхэлдээ алагдаж үлдсэн цөөн цэрэг байршлаа орхин ухарч бусадтайгаа нийлэв.
Хошууч Филипповт тэдэнд өгөх нэмэлт хүч, сум хэрэгсэл юу ч байсангүй. Тэд штабын ухралтыг хааж дайсныг зогсоохоос өөр зам байхгүй байсан тул үлдсэн хүчээ тариан талбайн захад бөөгнуулж Германы довтолгоог хүлээв. Тэдэнд буудах сум гээд байх юм үлдсэнгүй, хөл дээрээ зогсож тулалдаж чадах хүн ч цөөхөн үлдсэн байлаа. Филиппов эцсийн нөөц хүчээ тулаанд орууллаа. 25 нохой сургагч 150 орчим бүтэн өдөр хооллоогүй сургуультай ноход. Сургуультай ноход өдөржин болсон тулааны үед огт хуцаагүй бөгөөд хажууд нь их бууны сум дэлбэрч байхад хүртэл ямар ч дуу гаргалгүй хөдөлгөөнгүй хэвтэж эзнийхээ тушаалыг хүлээж байж. Ингээд тэдний ээлж ирлээ. Германы давшиж байсан танкууд тариан талбайн захад зогсож явган цэрэг тариан талбайд орж давшиж эхлэх үед хилчид нохдын хамтаар сөрөг дайралт хийлээ. Тэдэнд угаасаа буудах сум гээд байх юм ч үлдсэнгүй, танк эсэргүүцэх буу нь ч байсангүй. Сүүлчийн боломж үзэгдэх орчин хязгаарлагдмал энэ талбайд дайсны цэрэгт үхлийн цохилт өгөх байлаа. Үнэхээр байж боломгүй санаа. Танкаар дэмжүүлсэн СС-ийн дивизийн эсрэг сумгүй шахам буутай цөөн хилчин нохдын хамтаар сөрөг дайралт хийх…
Гэхдээ Филипповын зоримог цочирдом санаа амжилттай болов. Хилчин ноход тариан талбайд тулаанд орсон нь СС-ийн шилмэл ангийн цэргүүдийг хүртэл сүнсийг нь зайлтал айлгаж. Тэд дайсны явган цэргийн үлдэгдэл галзуурсан мэт дайрахад гайхширч байтал гэнэт л метр орчим зайнаас ноход үсрэн гарч ирж тасар татаж эхэлжээ. Сургуультай ноход тун аймшигттай цохилтыг дайсныг цэргүүдэд өглөө. Улангассан араатнуудын архирах дуу, өвсөн дотроос үсрэн гарч ирэх үй олон нохдыг харсан хэний ч болов шар үс нь өрвийх байх. СС-ийн шилмэл цэргүүд айн сандарч зүг бүр бутран зугтлаа. Энэ үед хилчид нохдоо гүйцэн ирж гардан тулаанаар хядаж эхэллээ. Германы цэргүүд хуйлран зугтаж өөрсдийн танкуудад хүрэв. Танкийн хуяган дээр гарсан тэд аврагдлаа гэж тайвширч байх үед орос хилчид, галзуурсан нохдын хамтаар тэдний дундуур зүсэн орлоо. Хүч тэнцвэргүй аймшигтай цус урссан тулаан болж эхэллээ. Танкан дээр суусан цэргүүд болон танкийн багийнхан байгаа бүхнээрээ хилчид болон нохдыг буудав. Хэдийгээр хуяган дээр суусан цэргүүд рүү ганц нэг ноход хүрч чадаж байсан боловч ихэнх нь үрэгдэв. Ноход хэдий шархадсан ч улангассан араатан адил тулалдсаар бүгд дуусав. Тулаанд мөр зэрэгцэн орсон хилчдээс ч үлдсэнгүй.

Тулааны дараа цөөн хэдэн үлдсэн ноход сургагч багш нарынхаа шарилыг манаж нэг ч хүн ойртуулахгүй байсан тул германчууд бүгдийг буудаж устгав. Тэр ч бүү хэл уг явдалд цочирдсон германчууд ойролцоо тосгоны бүх нохдыг ч устгасан байна. Уг тулааны дараа хүнд шархадсан ганц л хилчин нохой үлдсэнийг ойролцоох тосгоныхон олж аварч чадсан байдаг. Бусад бүх ноход болон хилчид тэр газар ясаа тавьжээ. Тосгоныхон тэр хавьд тулаанаас үлдсэн цөөн ноход зэрлэгшиж уг газар германчуудыг явахад дайрдаг боловч оросууд руу огт дайрдагүй гэсэн цуу яриа гарч байж. Энэ бол Дэлхийн 2-р дайны түүхэнд хамгийн олон ноход нэг дор тулалдсан явдал байлаа. Тус тулааны талаар архивын бичиг баримтууд бүслэлтэд байсан штабын бичиг баримтын хамтаар устгагдсан ч дайны дараа уг үйл явдлыг нүдээр харсан нутгийн ардуудын гэрчилснээр сэргээн бичиж авчээ. 1955 онд тус тулаан болсон газар комисс гаргаж хилчид болон нохдын цогцсын үлдэгдлүүдийг цуглуулан албан ёсоор оршуулсан байна.
2003 оны 5-р сарын 9-нд 500 хилчин болон 150 нохойд зориулсан хүндэтгэлийн хөшөөг Легедзинод босгожээ. Уг хөшөөн дээр «Энд 1941 оны 7-р сард Коломыйскийн Хилийн цэргийн 500 хилчин болон 150 хил хамгаалагч ноход Германы цэргийн эсрэг сүүлийн дайралтаа хийн эх нутгаа эрэлхгээр хамгаалан эрсдэн унасан юм. Тэдний өмнө мэхийн ёслоё» гэсэн утга бүхий бичиг сийлжээ.