ОНЦЛОХ АЛБА ХААГЧ буланд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын бүлгийн дарга, цагдаагийн хошууч Д.Жаргалсайханыг урьлаа.
Жагаа хошуучийн тухай ярихын тулд албаных нь талаар эхэлж өгүүлэх нь зүй. Учир нь түүний энэ албанд хүчин зүтгэсэн хугацаа Тусгай ажиллагааны газар байгуулагдсан он жилтэй бараг чацуу. Монголын цагдаа Тусгай албатай болсон нь одоогоос 25 жилийн өмнөх үйл явдал байв. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын “Хамгаалалтын тусгай тасаг байгуулах тухай” тушаалаар 1990 оны тавдугаар сарын 7-нд одоогийн ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрыг “Гуравдугаар тусгай тасаг” нэртэйгээр байгуулж байжээ. Тасгийнхан олон нийтийн жагсаал цуглаан, зэвсэглэж оргож зугатах, барьцаалах, бүлэглэж хүний аминд хүрсэн этгээдүүдийг баривчлах, гал, үер, ослын үед дайчлагдан хэргийн газрыг хамгаалах, гардаж ажиллах үүрэгтэй.
Тасаг байгуулагдсаны жилийн дараа Цагдаагийн дунд сургуулийн шинэхэн төгсөгч нэг ангийн шижигнэсэн дөрвөн залуу тусгай албанд тэнцэн орж байсны нэг нь Д.Жаргалсайхан хошууч байж. Тусгай тасгийнхан галт зэвсэг, авто машиныг бүрэн эзэмшихээс гадна бие хамгаалах урлаг, тэр дундаа байлдааны самбо, карате тэдний үндсэн чадвар. Мөн усанд сэлэх, өндөрт авирч, буух, газрын зураг унших, техникийн мэдлэгтэй байхын хамт сэтгэлзүйн өндөр бэлтгэлийг шаардана. Жагаа хошуучийн хувьд карате, байлдааны самбо, галт зэвсгийг өндөр төвшинд эзэмшснийг цагдаагийнхан онцолдог. Зочин маань энэ чадвараа гадаадын улсуудын тусгай албадын сургалтын ач гавьяа гэж үздэг аж. Тэрээр ОХУ, Израйль, БНСУ, Египет, БНХАУ, АНУ-ын тусгай ажиллагааны албан хаагчидтай суралцжээ. Тэр дундаас АНУ-ын “Тамын долоо хоног” сургалт хамгийн ихээр ур чадвар, тэсвэр тэвчээр сорьсон хүндхэн сорилт байсан гэнэ.
Түүнийг 75 удаагийн онц ноцтой хэргийн дуудлагад явж үүргээ амжилттай биелүүлснийг албаны танилцуулагад дурджээ. Үүнээс Авдрантын хоригдлуудынх шиг зартай баривчилгаа олныг нэрлэж болох. Тусгай ажиллагааны албаны түүхийг хамт бичилцэж буй “Баки” гэж нөхөддөө танигдсан эрхэмтэй хөөрөлдсөн юм.
Монголд болсон онгоцны бүх осолд явж байв
– Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны баярын мэнд хүргэе?
– Баярлалаа. 1990 оноос хойш байгуулагдаад ажиллаж байсан үе үеийн дайчид, дарга нар, бидний арыг хамгаалж ирсэн ар гэрийнхэнд нь 25 жилийн ойн мэнд дэвшүүлье.

– Таныг цагдаагийнхан “Баки Жагаа” гэдгээр нь илүү мэдэх юм. Энэ хоч их сонин санагдлаа?
– 1991 оноос л авсан хоч. /Инээв/ Тэр үед залуу ч байж. Киокушинкай каратегаар хичээллэдэг байлаа. Улсын гурван удаагийн аварга болчихсон, Япон Сингапур, Ази, дэлхийн аваргад оролцож явлаа. Бие хаа ч булчинтай. Тийм үед манай дээд ах нар өгч байсан хоч.
– Тусгай ажиллагааны алба анх байгуулагдаад одоогийн онцгой байдлынхны бүх үүргийг гүйцэтгэдэг байсан гэдэг?
– Тийм. Тэр үед онцгой байдлын алба гэж байсангүй. Нийслэлийн хэмжээнд гарсан бүх дуудлагад явдаг байлаа. Ялангуяа, осол аваарт. Санаанаас гардаггүй хэргүүд бий. Хүүхдүүд тоглож байгаад дулааны шугамын нүх рүү уначихсан дуудлага ирээд манайхан ажилласан. Хүүхдүүдийн цогцсыг усан дотроос хайх үнэхээр хүндрэлтэй байсан. Тэр үед ямар ч хамгаалалттай хувцас хэрэглүүр гэж байгаагүй. Бараг л улаан гараараа цогцсуудын хэсгийг энд тэндээс цуглуулж байлаа. Онгоцны ослууд ч адил.
– Онгоцны ослууд дээр бас очиж байсан хэрэг үү?
– Монголд болсон бүх онгоцны сүйрэлд явж байсан. Хөвсгөлийн нутагт болсон Марз уул, Байшингийн тагт гэх газрын сүйрэл, мөн Дундговийн онгоцны сүйрлийг нэрлэж болно. Тэнд бид хэргийн газрыг хамгаалж цогцос гаргах, ар гэрийнхэнд нь таниулах ажиллагааг гүйцэтгэдэг байлаа. Онгоцны сүйрэл нүд хальтирмаар байдаг. Бүтэн цогцос дээр ажиллана гэж бараг байхгүй.
Долоо хоног төөрсөн охиныг олоод маш их баярласан
– Сэтгэл санааны хувьд дарамттай байсан байх. Энэ албанаасаа халширч байв уу?
– Яахав, сүйрэл, ослын үед олон хоног ажилласан манай зарим албан хаагчид “Төчнөөн үхдэл” гэж зүүдлээд босч ирсэн тохиолдол байдаг юм. Нэгэнт л тангараг өргөсөн хүмүүс эргэж буцалтгүй. Би ч өөрөө анхнаасаа энэ албанд хорхойсч орсон болохоор тийм тохиолдол гарсангүй. Ууланд ч тэд хоног явна, өөдөөс нь буутай этгээд угтана гэсэн байнгын бэлтгэлтэй явдаг учраас айж эмээж байсангүй. Харин тасгийн дарга Ц.Уугангэрэлээс их айдаг байлаа. Хүн юм хойно, заримдаа алдаа гаргана. Тэгэхэд тасгийн даргын үг, тушаал бараг л гудамжинд номхон явчихад хүргэдэг байсан. Манайх ийм л онцлогтой алба даа.
– Сайн удирдлага байжээ. Чухал үүрэгтэй энэ албаараа бахархах үе олон биз?
– Хүний амь аврах алба гэдгээрээ маш их бахархдаг. Төөрсөн, барьцаалагдсан хүнийг аврах сайхан. 1996 онд Хандгайтын аманд нэг охин өвөөтэйгөө халиар түүж байгаад төөрчихсөн юм. Хөвчөөс хүн хайхад бухал өвсөн дундаас зүү хайсантай адил. Чоно, нохой элбэг газарт охин хүүхэд удаан тэсэхгүй. Бид ч хайгаад долоо хоног дээрээ олж билээ. Аав ээж нь ч бөөн баяр, тэднээс дутахааргүй бид ч баяртай байлаа. Тэр охин саяхан манай албаны 25 жилийн ойгоор ээжтэйгээ ирж баяр хүргэсэн. Сайхан л санагддаг юм билээ.
– Таныг олон зартай баривчилгааг гардаж хийсэн гэдэг. Ялангуяа Авдрантын хоригдлуудын баривчилгаа өндөр ур чадвар шаардсан гэх юм билээ?
– Тэр талаарх мэдээлэл тийм ч нээлттэй байдаггүй. Рецедив гэмт этгээдүүд үгсээд шоронгийн эмчийг барьцаалж ууланд бүгсэн хэрэг гарсан. Бид цагдаагийн дарга нарын тушаалаар шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллагааг дуусгаж байсан. Өөр баривчилгаануудаас гэвэл, 1998 онд Сэлэнгийн Түр саатуулах байрнаас хүн амины хэрэгтэй нөхөр бусдыгаа уриалаад зургуулаа оргосон байдаг юм. Хянагчаа боож алаад Эрдэнэтээс эксель машин хулгайлж зугтсан хэрэг.
Бидэнд ч дуудлага ирлээ. Эрдэнэтээс хүн амины хэрэгтэй хоригдол бусдыгаа уриалаад Улаанбаатарыг чиглээд зугтлаа гэсэн. Би эндээс бүлгээ авч гараад Заамарын хөндийд отолт хийж байтал ороод ирдэг юм байна. Тэд цагдаагийн машин байгааг харуутаа буцаад зугтаасан. Бараг 90 гаруй км газар хөөж байж гүйцэж билээ. Машин барьж яваа нөхрийн аав нь машин техникийн мэргэжилтэй хүн байсан гэдэг юм билээ. Аавыгаа дагаад техник мэддэг болсон нөхөр гүйцэгдэхээргүй зугтсан нь тэр. Бидний тэрэг бол тухайн үед хурд, хүч тааруухан байсан. Энэ мэтчилэн олон хэрэг байдаг. Харин харамсч явдаг нэг тохиолдол бий.
– Ямар?
– 2000 оны үед байх. Шугарын Ганаа гэх хочтой нөхөр Мөнгөнморьтын хорихоос оргохдоо хорихын мал малладаг хүмүүс дээр очоод хуяг, энгийн ард хоёрыг буудаж хөнөөгөөд модонд бүгсэн хэрэг. Түүний араас зургаан сар яваад олж баривчилж чадаагүй юм. Одоо ч заримдаа олж байна гэж зүүдэлдэг шүү. Гадагшаа гарсан байх магадлалтай. Зөн совингоор бол олдох байх гэж боддог.
– Баривчилгааны үеэр эрсдэл гарч байв уу?
– Аз болоход 20 гаруй жил ажилласан хугацаанд эрсдэлийг үзсэнгүй. Манайхнаас эрсдэж байсан тохиолдол байхгүй.
– Цагдаагийн ажилтан, тэр дундаа тусгай албаны ажилтан гэдэг бол ард амьдралаас хөндийрсөн байдаг болов уу?
– Энгийн иргэдээс ялгарах нь онцлог бол тэр. Утас дуугарахыг хүлээх нь дадал болчихсон. Дуудлага ирэх бүрт цаана нь хүний амь байгаа учир байнгын бэлэн байдалд байна. Ах нь энэ албанаасаа буугаад өөр ажил хий гэвэл чадахгүй.
– Одоо ч техник хэрэгсэл хөгжөөд тэр хэрээр тусгай албаныхан чадавхжих нөхцөл боломж хангалттай байгаа байх. Харин таныг анх албандаа орох үед сургалт, дадлага хэр байсан бэ?
– 1990-ээд онд одоог бодвол сайхан ур чадвартай залуус олон байсан. Зэвсэг техник гээд байх зүйл тааруухан байлаа. Тиймээс тасгийн дарга Ц.Уугангэрэл ОХУ, Израйль, Солонгос, Египет, БНХАУ-ын тусгай албадтай холбож сургалт дадлагад хамруулдаг байсан. Тэр үед сургалт маш сайн явагдсаны хүчинд манай тусгай алба сайн хөгжсөн.
– Та ч сургалтад цөөнгүй явсан байх. Гадны улсын тусгай албад ямар юм бэ?
– АНУ-ын “Тамын долоон хоног”, Солоносын 707 дугаар анги гээд гүний тагнуулын ангийн сургалтад хамрагдаж байлаа. Мөн ОХУ руу ч явсан. Орон орны сургалтын школ өөр өөр. Оросын буудлага өөр зогсолттой байхад, Америкийн школыг дагаад БНСУ, БНХАУ-ын сургалт адил. Тэнд өрөөнд орох тактик үйл ажиллагаа, хүн барих, машин техник, буу зэвсгээс эхлээд өмссөн хувцас бүгд Америкийн школ байдаг. Израйль бол өндөр албан тушаалтныг хамгаалах ур чадвар сайтай байх гэх мэт. Эдгээр сургалтуудаас байлдааны самбо, карате, буудлагын техникийг сайн эзэмшсэн.
Бүлгийн даргын хувьд бүх ажиллагаанд үлгэр жишээ үзүүлэхийг хичээдэг
– Хэцүү ажиллагаатай сургуулилт аль нь байв?
– АНУ-ын бүх муж хотын тусгай албадын алба хаагчдыг албанд нь шалгаж оруулдаг “Тамын долоо хоног” гэх сургалт байдаг. Тэр сургалт хүнийг ямар тэсвэр тэвчээртэйг шалгасан долоон хоног өнгөрдөг. Хоногт нэг цаг унтаад 23 цагт нь сургуулилт хийнэ. Өглөө 06:00 цагаас сургалт эхлээд үүрийн 05:00 цагт дуусна. Нэг цагийн хооронд хувцсаа тайлаад усанд орох хооронд 20 орчим минут өнгөрчихнө. Дундаас нь шантарч буцсан алба хаагчид зөндөө бий. Сургалтаас няцаад буцаж байсан нь ч бий. Тийм хүмүүсийг залуусын өмнө зогсоож байгаад хэлэх, хэлэхгүйгээр доромжилж байгаад нутаг руу нь буцаадаг юм билээ. Цэрэг цагдаагийнхныг сургаж байгаа болохоор тэг, ингэ гэсэн хоёрхон тушаалтай. Үүнийг хийхгүй бол чи амьд гарахгүй гэсэн утгатай. Тийм болохоор тамын долоо хоног гэж нэрлэгдсэн. Шөнө, өдөргүй сургалт нь явагдана. Яг нойр хүрэх үеэр танхимын сургалтад оруулчихдаг. Багш нар нь тэр дундаас нойроо дийлэхгүй, эсвэл дийлээд сургалтаа авч байгаа хүмүүсийг харж ажиглаад дүгнэлт анализ хийдэг юм билээ.
– Тэр сургалтынхан манайхнаас сургагч багш урьсан гэдэг үнэн үү?
– Тамын долоо хоногийн хамгийн сүүлийн өдөр тэмцээн болдог. Сургалтад хамрагдсан залуус 17 баг болж өрсөлдөөд манай баг түрүүлж байсан. Манайхан америкчуудаас дутахааргүй. Тактикийг анх сурч байгаа ч илүү хурдан сурдаг. Ялангуяа, карате, байлдааны самбын ур чадвараар манайхан өндөр. Биднийг эх орондоо ирсний дараа тэр сургалтын газраас манайхаас бие хамгаалах урлагийн багш гэрээгээр авч ажиллуулъя гэсэн санал тавьж байсан.
– Ер нь одоогийн манай тусгай ажиллагааны албаныхан хэр төвшинд бэлтгэгдэж байна. Та өөрөө бүлгийн ахлагч хүн. Залуустаа юуг зөвлөж байна?
– Манайхан хувцас хэрэглэл, хангамж сайн байгаад ирвэл дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэхэд бэлэн алба. Олон улсын тусгай ажиллагаанд явбал нэртэй төртэй ажиллаад ирнэ. Үүнийг би баттай хэлж чадна. Бүлгийн даргын хувьд бүх ажиллагааг үлгэр жишээ үзүүлэхийг хичээдэг Угаасаа тэгэх ч ёстой. Залуустаа мэдэж сурсанаа заагаад өгчих юмсан, тэд маань эрсдэлгүй ажиллаасай гэсэн бодолтой явдаг.
– Таныг бас Дакарт уралдсаныг санаж байна?
– Манай албаны онцлог л доо. Машин техникийг сайн барьдаг, эзэмшсэн байх ёстой. Тэр утгаараа уралдаан сонирхдог манай хэдэн залуус байдаг юм. Би 2008 онд анх авто спортод орж байлаа. Гаргасан амжилт байдаг юм аа. Спортын мастер боллоо. Уралдааны хэдэн дүү нар байдаг юм. Тэдэнтэй өнгөрсөн жил Дакарт цуг явсан. 14 хоног машинаас буулгүйгээр 9000 км замыг туулсан. Чил Аргентин Болив улсаар дамжиж өнгөрдөг олон улсын авто уралдаанд 130 гаруй орны тамирчид оролцдог. Олимпоор ярихад авто спортын олимп л гэсэн үг. Ингээд яриад байвал манай алба сайхан. Би албаараа бахархдаг.
– Танд амжилт хүсье.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв