Нийтлэлч Чалчаа саарал.
Гитлерийн Герман дэлхийн 2-р дайны сүүлээр маш олон янзын өшөө авах зэвсэг бэлдэж, туршиж байснаас жинхэнэ ажил хэрэг болж үр дүнгээ үзүүлсэн нь тун цөөхөн. Тэдний дундаас “Фау-1” хэмээх далавчит пуужин, “Фау-2” нэртэй баллистик пуужин нь үр дүн, техникийн шийдлийн хувьд бусдаасаа ялгардаг билээ. Гэхдээ эдгээр пуужингууд нь зохих үр дүнгээ өгч өшөө хорслоо тайлах, дайны явцыг эргүүлэх хэмжээний зэвсэг болж чадаагүй бөгөөд эсрэг тал нь тухай бүрт зохих арга хэмжээ авч чадаж байлаа. Үүний жишээ нь “Фау-1” пуужинтай тэмцсэн англичуудын аргууд юм.
“Фау-1” нь тийрэлтэт хөдөлгүүртэй, 750-1000 кг-ын тэсрэх бодис тээх далавчит пуужин бөгөөд анхны загвар нь 250 км орчим тусгалтай байсныг яваандаа 400 км болгож чадсан байна. Мөн үүний өөр нэг хувилбар болох “Фау-4” хэмээх пуужин байсан нь нисгэгчтэй гэдгээрээ л ялгаатай билээ.
1943 оноос Францын нутаг дэвсгэрт хэд хэдэн пуужин харвах суурь бэлдэн Лондон руу пуужингаа харваж эхэлжээ. Үүнээс хойш 1945 оны 3-р сар хүртэл нийт 10 000 гаруй пуужин харваснаас 3200 нь Английн нутагт, үүнээс 2419 нь Лондонд унаж 6000 гаруй хүний амь насыг хохироож 17000 орчим хүн шархдаж гэмтсэн байдаг.
10 000 гаруй пуужин харвасан ч ердөө л 3200 нь байндаа ямар нэг байдлаар хүрсний гол шалтгаан нь харвасан нийт пуужингийн 20 хувь гарааны үед хөдөлгүүр болон бусад системийн гэмтлээс болж бүтээгүй, 25 хувь нь Английн нисэх хүчний дайралтад өртөж сөнөсөн, 17 хувийг нь зенитийн систем устгасан, 7 хувийг нь аэростат хаалт устгасан гэх тоо бий. Мөн 20 хувь нь нислэгийн явцад үүсэх янз бүрийн чичиргээ, хэт даралт болон бусад нөхцөлөөс болж ажиллагаагүй болон унасан байна.
“Фау-1”-тэй тэмцсэн эдгээр системээс хамгийн сонирхолтой нь зенитийн болон нисэх хүчний сөнөөгч онгоцны үйл ажиллагаа юм. Хэдийгээр энэ пуужинг илрүүлэх, илрүүлсний дараа устгах нь маш хэцүү байсан боловч (их хурдтай учраас илрүүлсний дараа сөрөг арга хэмжээ авах цаг хугацаа маш бага гэх мэт шалтгаантай) англичууд маш их хөрөнгө зарж байсан нь III Рейхийн “Фау-1”-ийг үйлдвэрлэх хөрөнгөөс хол давж байжээ. Ингэхээс ч өөр аргагүй байсан бөгөөд учир нь энэ пуужингийн авчрах эвдрэл сүйрлээс гадна сэтгэлзүйн нөлөө нь англичуудын жирийн иргэд, оршин суугчдад хүчтэй нөлөөлж байв.
Англичууд дайны дундуур электроникийн хувьд ихээхэн дэвшил гаргаж чадсан нь энэ пуужинтай тэмцэх нэг гол хөзөр нь болж зенитийн системийн үр дүн анхны үед 24 хувь байсан бол 1945 оны эхээр 79 хувьд хүрчээ. Зенитийн их бууны сумыг радио холбоогоор тэслэх боломжтой болсноор энэ өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.
Нисэх хүчний хувьд “Фау-1” хатуухан хоол байсан ч сөнөөгч онгоцнууд нийт пуужингийн 25 хувийг устгасан нь “Фау-1”-тэй тэмцэх гол хэрэгсэл нь чухам Спитфайер, Мустангууд байсан гэдгийг батлах байх. “Фау-1” нь их хурдтай боловч ямарваа нэг маневр хийх бололцоогүй, байлдааны чигээ нэг авсан бол янз бүрийн гэмтэл гараагүй л бол чигээ алдана гэж үгүй зөрүүд амьтан. Тиймээс жижүүрийн сөнөөгч онгоцнууд радиолокаторын илрүүлсэн дохиог аваад тэр бүсэд амдан очиж их буугаар буудаж устгаж байв. Гэвч дотроо бараг 1000 кг тэсрэх бодис агуулсан ийм пуужинг ойрын зайнаас буудаж устгах нь буудаж байгаа нисгэгч өөрөө маш эрсдэлтэй байдалд орох нь ойлгомжтой. Сүүлдээ бас нэг сонин арга дэлгэрсэн нь уг пуужинг гүйцэж очоод (хөдөлгүүр нь хэсэг ажиллаж байгаад байлдааны чигээ авсны дараа ажиллахгүй болж пуужин маань эрчээрээ цааш нисэх үед хурд унана) онгоцныхоо далавчаар пуужингийн далавчийг сөхөх байдлаар годройтуулдаг арга. Далавчит пуужин нь тухайн үеийн шилдэг техник, өнөөгийнхөөр бол дэндүү бүдүүлэг механик гироскопын тусламжтайгаар тэнцвэрээ, чигээ олж байсан бөгөөд ингэж уруу нь харуулсан нөхцөлд уг гироскоп ямар ч нэмэргүй болж пуужин унадаг байж. Ийм үйлдлийг зарим сэтгүүлчид тухайн үед “Таран” буюу мөргөх гэж нэрлэж байсан ч нисэх хүчний экспертүүд эрс үгүйсгэж сөнөөгч онгоц далавчит пуужинд огт хүрдэггүй байсан гэж үздэг. Ердөө л пуужингийн аль нэг далавчны өмнө орж сэнсний эрчилсэн урсгалаараа цохиход л гироскоп тэнцвэрээ олж чадахгүй унадаг байжээ.
Гэхдээ нэгэн зураг байдаг нь тухайн пуужинг эрчилсэн урсгалаар биш харин яг л далавчаараа цохин сөхөж байгаа мэт харагддаг. Ямар ч бай 1000 кг тэсрэх бодис агуулсан, хэзээ ч яаж ч мэдэх тэр том дарьтай саванд тулж очин хөмрөн годройтуулах гэдэг хэрийн хүний зориг хүрэх ажил биш гэдэгтэй маргах юм үгүй.
“Фау-1” пуужинтай тэмцэж байсан бас нэг үр нөлөөтэй аргын тухай их ярьдаг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. “Фау-1” харвачихаад ямар үр дүнд хүрч байгаа тухай мэдээллийг германчууд Англи дахь өөрсдийн тагнуулуудаас авч таараа. Тэд харин хаанаас ийм мэдээлэл олж авах вэ? Сонин хэвлэлээс. Харин сонин хэвлэл хаанаас? Цэргийнхнээс. Гэтэл цэргийнхэн шал худал мэдээ өгөх бөгөөд энэ худал мэдээ цааш дамжин германчуудад хүрэхэд өнөө хэд нь зохих засвар хийж илүү ончтой болгож байна гээд хоосон газар руу харваад байх гэх мэт. Юу л бол.
Магадгүй ийм арга үр дүнгээ өгсөн ганц нэг тохиолдол байж болох юм. Германы инженер, цэргийнхэн тийм ч хоосон толгойтой гэнэн амьтад байгаагүй гэдэгт эргэлзэхгүй байна.