АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси ирэх долоо хоногт Тайваньд айлчилж болзошгүй байгаа. Энэхүү айлчлалын сураг чимээ нь Америк болон Тайвань-Хятадын хурцадмал харилцааг нэн ноцтой түвшинд хүргээд байна. Өнгөрсөн пүрэв гаригт АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд утсаар ярих үеэр Си Зиньпин “галаар тоглохгүй” байхыг Жо Байденд анхааруулсан юм. Нэнси Пелоси Тайваньд айлчилбал 1997 оноос хойш тус аралд хөл тавьсан АНУ-ын төрийн хамгийн өндөр албан тушаалтан болох юм. Ази тивд хийх айлчлалынхаа хүрээнд Япон, Индонез, Сингапур улсуудад саатах ба Тайваньд очих эсэх нь тодорхойгүй байна. Тэгвэл Хятадын Батлан хамгаалах яамнаас Нэнси Пелосигийн айлчлалыг цуцлахыг Вашингтонд анхааруулсныхаа дараа Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт зохион байгууллаа.
Өчигдөр буюу бямба гаригийн өглөөний 8:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл үргэлжилсэн сургуулилалт Тайвань арлаас хоолойгоор тусгаарлагддаг Хятадын Фужянь мужийн эргээс холгүй орших Пиньтан аралд зохион байгуулагдсан.
Нэнси Пелоси уг мэдээллийг батлахаас өнөөг хүртэл татгалзаж байгаа ч АНУ Тайванийг дэмжих нь чухал гэж илэн далангүй мэдэгдсэн бөгөөд хариуд нь БНХАУ-ын талаас айлчлал хийвэл “шийдвэртэй” арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа.
Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн болон түүний тамгын газраас мөн ямар ч мэдэгдэл гаргаагүй ч Ерөнхий сайд Су Цэн Чан нь мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Конгрессын танхимын спикерт маш их талархаж байна” хэмээн хэлжээ.
Тайвань Пелосигийн айлчлалд өндөр ач холбогдол өгснөөр Бээжингийн уур хилэнг өдөөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа тухай Си Эн Эн агентлаг уламжилжээ.
Австралийн Үндэсний Их Сургуулийн Тайвань судлалын хөтөлбөрийн улстөр судлаач Вэн Ти Сун хэлэхдээ, “Тайвань Пелосигийн айлчлалыг идэвхтэй дэмжиж чадахгүй” хэмээжээ.
Сүүлийн үед Хятадын Ардын Чөлөөлөх Армийн сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнууд Тайвань арлын орчимд нислэг үйлдэх нь улам бүр нэмэгдэж, цэргийн сургуулилтыг идэвхтэй явуулж буй.
Хятадын иргэний дайны дараа 1949 онд Тайвань арал тусгаар тогтнолоо зарлаж байв. Харин Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн газар нутгийн хэсэг гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр нэгтгэх санааг илэрхийлдэг.
АНУ-ын хувьд “нэг Хятад” бодлогыг баримталдаг ч 1979 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж буй “Taiwan Relations Act” хуулийн хүрээнд Тайвань аралтай харилцах харилцаагаа зохицуулдаг юм.