Украины арми удаан хүлээгдсэн сөрөг давшилтад орсон нь баттай болжээ. Гэвч сөрөг давшилт дорвитой амжилтад хүрч байгаа эсэх нь батлагдаагүй байна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас сөрөг давшилт эхэлсэн мэдээллийг хамгийн түрүүнд баталсан. Удаан хугацааны турш хүлээгдэж байсан Украины сөрөг довтолгоо нь агаарын болон хуурай замын ажиллагааг хослуулна гэж АНУ үзэж байна. Херсон хотыг чиглэсэн энэхүү давшилтын оперативын зорилго амжилттай биелэгдвэл ОХУ-ын Крым дэх цэргийн бүлэглэл гол хүчнээсээ таслагдах аюултай аж.
Украины талаас хамгийн түрүүнд тус улсын экс ерөнхийлөгч Петро Порошенко “Энэ бол удаан хүлээсэн сөрөг давшилт. 2022 оны хоёрдугаар сараас хойш Украины цэргүүд анх удаа өрнөдийн их буу, HIMARS, пуужингуудтайгаар сөрөг давшилтад орж байна” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдэгджээ. Улмаар Украины өмнөд ажиллагааны командлалын хэвлэлийн төлөөлөгч Наталья Хуменюк “Украины зэвсэгт хүчин эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөхийн тулд хэд хэдэн чиглэлд давшилт эхлүүлсэн” хэмээн CNN агентлагт уламжилсан байна.
Давшилт эхэлсний дараа Украины цэргүүд Херсон хотын ойролцоох өмнөд хэсгийн дөрвөн тосгоныг ширүүн тулааны эцэст буцаан авсан ба давшилтын гол чиглэл нь Херсон гэж CNN агентлаг эх сурвалжийн мэдээллийг иш татан мэдээлжээ. Украины армийн албаны эх сурвалж “Шөнө дунд Украины талаас Оросын цэргүүдийн нүүрний байрлал болон ар талыг артиллер, пуужингаар их хэмжээгээр галласны дараа давшилт эхэлсэн. Довтолгооны гол чиглэл болох Правдыне тосгоны дэргэд Донецк, Луганскийн явган цэргүүд ухарч зугтсан ба араас нь Оросын армийн цэргүүд ухарч байна” хэмээн CNN агентлаг мэдээлсэн нь энэ аж. Одоогоор хориглон хамгаалалтын шугам гурван газар сэтэрсэн гэнэ.

Энэхүү мэдээллийг Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Олексий Арестович баталсан ба даваа гарагийн орой Telegram хуудастаа “Манай давшилтын үр дүн тийм ч хурдан гарахгүй байж болно, гэсэн ч эцэст нь Украины бүх суурин дээр Украины далбаа намируулснаар дуусна” гэжээ. Түүнчлэн тэрээр YouTube-д нийтэлсэн ярилцлагадаа “Украины Зэвсэгт хүчин хэд хэдэн салбарт фронтын шугамыг давлаа. Днепр мөрний баруун эрэг дэх цэргүүдийнхээ арын хангамжийг таслахгүйн тулд ашиглаж байгаа Оросын гатлага онгоцны гарцуудыг манай талаас хүчтэй буудаж байна. Бид Днепр мөрний баруун эрэг дэх бүлэглэлээ хангах гэсэн Оросын талын оролдлогыг таслан зогсоож байна” гэж хэлжээ.
Мөн сөрөг давшилттай холбогдуулан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский даваа гаригийн орой телевизээр үг хэлэв.
Тэрээр “Эзлэн түрэмгийлэгчдийг бид хил хүртэл хөөх болно. Амьд үлдэхийг хүсч байгаа бол Оросын цэргийнхэн зугтах цаг нь болжээ. Гэртээ харь. Тэд намайг сонсохыг хүсэхгүй байвал Украины бүх газар нутгийг чөлөөлөгдөх хүртэл манай цэргүүдтэй харилцах хэрэгтэй болно” гэжээ.
Харин ОХУ-ын талаас Итар ТАСС агентлаг дараахь мэдээллийг уламжлав.
Сөрөг давшилтын талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал Игорь Конашенков “Украины Ерөнхийлөгчийн тушаалаар Николаев-Кривой Рог болон бусад бүс нутагт давшилт хийх гэж оролдсон Украины арми өнгөрсөн 24 цагийн дотор 1200 гаруй албан хаагчаа алдлаа. ОХУ-ын зэвсэгт хүчин үр дүнтэй сөрөг ажиллагаа зохион явуулж дайсныхаа 48 танк, 46 хуягт тээвэрлэгч, бусад 37 байлдааны хуягт машин, том калибрын пулемёт бүхий 8 пикап машин, Украины 1200 гаруй цэргийн албан хаагчийн хамтаар устгасан. Дайсны давшилт няцаагдахад Украины баруун нутгаас татан авчирч довтолгоонд оролцохоор байршуулсан Украины армийн 128-р уулын довтолгооны бригадын ангиуд голчлон их хэмжээний хохирол үэзж бүрэн бутниргэгдсэн” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн Оросын талаас нарийвчлалтай цэц бүхий зэвсгээр цохилт өгч, Днепропетровск мужид Украины 200 гаруй зэвсэгт дайчин, гадаадын 40 орчим хөлсний цэргүүдийг устгасан, мөн нисэх онгоц, пуужин, артиллерийн цэргүүд өнгөрсөн өдрийн дотор Украины армийн таван командын цэгт цохилт өгсөн гэж Конашенков мэдэгдэв. Үүний дотор Украины армид зориулж тэсрэх бодис үйлдвэрлэдэг Днепропетровск мужийн Кривой Рог дахь “Интервзрывпром” үйлдвэрийн цехүүдийг Оросын сансрын хүчнийхэн устгасан гэж тэрээр мэдээлжээ.