Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Дайсныхаа онгоцыг устгаж, эсвэл хөөж зайлуулах гэж сөнөөгч онгоцыг зохион бүтээдэг. Зөвхөн сөнөөгч онгоц л дайсныг хөөж гүйцэн буудахын тулд хурдтай, элдэв маневр хийх чадвартай, хүчирхэг зэвсэгтэй байдаг бол бөмбөгдөгч онгоц нь дайсныхаа толгой дээр бөмбөгөө хаях, өөрийг нь дайрах сөнөөгч онгоцыг “үргээх” зориулалттай том том буунууд авч явдаг билээ. Өөрөөр хэлбэл бөмбөгдөгч онгоцонд сөнөөгч онгоц шиг элдэв айхтар маневр хийх ямар ч боломж байдаггүй гэж хэлж болно. Гэтэл бөмбөгдөгч онгоц нь сөнөөгч онгоцны үүрэг гүйцэтгэн ялж дийлж байсан цөөнгүй тохиолдол түүх болон үлдсэн байдаг билээ. Тэдгээрийн зарим нэгийг сонирхуулъя.

Британийн нисдэг завь (усан дээр буух хөөрөх зориулалттай) Сандерленд онгоц нь дайснаа буудаж сөнөөх байтугай өөрийгөө ч хамгаалах техникийн боломж тааруухан эд байв. Гэхдээ ийм онгоцыг зориг зүрхтэй чадвартай баг удирдан нисч байвал аймшигтай хүч болж байсан нэг тохиолдол 1940 онд гарсан билээ.
Норвеги орчмоос хөөрсөн Сандерлендыг нисэж явах үед Германы зургаан Юнкерс-88С сөнөөгч таарч буудаж унагах юм болжээ. Хурд байхгүй, маневрлах чадвар сул ийм амьтныг тэдгээр зургаан сөнөөгч буудлагын талбайд бай буудаж байгаа юм шиг тоглох юм бодсон боловч өнөөх нь өөдөөс нь буудалцаж бүр хоёр Юнкерс унагаж аваад талийсан гэдэг.
1943 оны 6-р сарын 2-нд Британийн Дуглас DC-3 онгоцыг Германы сөнөөгч нар Бискайн хоолой хавьд буудан унагасан мэдээ авч уг онгоцыг олох, амьд үлдсэн нисгэгч, зорчигч байвал аврахаар Сандерланд завийг тухайн бүс рүү илгээжээ. Ганцаараа яваа энэ онгоцтой таарсан найман Юнкерс-88С тэр даруй дайран орсон нь ойлгомжтой байх. Хэд хэдэн удаа дайралцаж буудалцсаны дараа Сандерленд нь хэдийгээр агаарт тогтож чадаж байсан боловч яг л шүүрэн шанага шиг юм болсон байсан гэдэг. Нэг буудагч нь алуулж бусад багийн гишүүд нь бүгд шархадсан ч тэд тулалдаанд ялж буудалдаа эргэн бууж чадсан бол Германы найман онгоцны гурав нь буцаж хариагүй юм гэдэг.

Юнкерс 88-ыг сөнөөгч гэлээ, энэ бол бөмбөгдөгч онгоц… гэж зарим нэг нь загнаж магадгүй юм. Ингэж загнахаас, бичихээс нь өмнө амжиж ”Ю-88 С бол хүнд сөнөөгч” юм шүү гэдгийг зориуд хэлэх хэрэгтэй.
1943 оны 8-р сарын 17-нд Германы алсын тагнуулын зориулалттай хос FW-200 Кондор онгоц Америкийн B-24 Либерейтор онгоцтой таарсан байна. Энэ Боинг нь шумбагч онгоцны эсрэг зориулалттай, ямар нэг хуяг гэхээр юм ер үгүй бараг л зорчигч тээврийн онгоц шиг юм байж. Гэсэн ч Америк нисгэгчид зугтан зайлалгүй тулалдааныг хүлээн авчээ.
Нисгэгч Хью Максвелл эхлээд зугтаж байгаа мэт үүлэнд ороод бүтэн эргэлт хийн гарч ирэхдээ хөтлөгч Кондорын сүүлэнд наалдаж авсан нь яг л сөнөөгч онгоц ан хийж байгаа мэт байсан бололтой. Гэхдээ энэ “сөнөөгч нь” 28 тонн жинтэй, дөрвөн мотортой байсан гэж байгаа.

Хөтлөгч Кондорыг Боинг дайраад, тэр Боингийг дагуул Кондор дайраад л. Үр дүнд нь Америкийн онгоцны нэг талын хоёр хөдөлгүүр шатаж, их бие нь элдэв цоорхой, түүнээс улалзах гал дөл нь бадарсан юм болж хувирсан бөгөөд яг л асаасан бамбар шиг байсан тухай дараа нь нисгэгчид ярьсан байдаг. Харин буудуулсан Кондор далай ванд зочлохоор ус руу явсан байна. Араас нь нэг их удалгүй Боинг ч унасан бөгөөд шүхрээр үсэрч амжсан долоон америк, дөрвөн герман нисгэгч нар “эв найртайгаар” усны мандал дээр хөвөн байх үед Английн хөлөг ирж гаргаж авсан байна. Харин ихээхэн гэмтэл авсан дагуул Кондор буудалдаа хүрсэн боловч буухдаа шатан задарч унасан гэдэг.

Эдгээр агаарын тулалдаанд дандаа томчууд буюу дөрвөн хөдөлгүүрт, олон том амтай буу бүхий онгоц (Юнкерс 88С-г тооцохгүйгээр, энэ онгоц нь хоёр хөдөлгүүртэй) оролцсон түүх бол одоо бүр жижигхэн онгоцнуудын хооронд болсон нэгэн тулалдааныг сонирхуулъя.
1945 оны 4-р сарын 11-нд Америкийн 5-р хуягт ангийн дансанд байх Пайпер L-4 хэмээх жижигхэн онгоцны дарга Меррит Франсиз, хоёрдугаар нисгэгч Уильям Мартины хамт агаарт гарчээ. Уг онгоц нь бөөрөндөө “Miss Me?” гэсэн хачин бичигтэй байсан нь дайснаа тохуурхсан утгатай бололтой. Агаарт гарсан царцаа ногоон маань (Алдарт АН-2-ын нэрийг зээлдчихлээ гэж бодож магадгүй. Гэхдээ энэ онгоцны нэр нь Piper L-4 Grasshopper буюу царцаа юм шүү) тасарч алга болсон хэсэг танкаа олохоор явж байх үед гэнэт өөдөөс нь Германы Шторх гарч ирж таарлаа. (Fieseler Fi-156 “Storch” бол жижигхэн, гуравхан хүний суудалтай, хэрэгтэй бол ёстой нусны алчуур дээрээс хөөрч чадах алдартай онгоц байж билээ)

Хоёр жижигхэн амьтад өөд өөдөөсөө тулсан хойно буудалцаж таараа. Харин тэдгээр бяцхан амьтдын буу зэвсэг гэж юу байсан бол?
Америкчуудын хувьд хоёр буутай байсан гэх нь мэдээж мундаг сонсогдож байгаа ч уг буунууд нь нисгэгч нарын бүсэнд байсан буюу ердөө Кольт М1911 гар буу байлаа. Германы нисгэгч нарын хувьд ч мөн ялгаагүй. Агаарын тулалдаанд гар буу хэрэглэнэ гэхээр инээд хүрмээр боловч харин өөдөөсөө тулан байх нисгэгч нарт энэ нь инээдтэй зүйл байсангүй. Өөд өөдөөсөө тулан буудалцаж эргэлдэн тойрч сүйд болсон бөгөөд буудаж буудаж сум дуусах үед буугаа хоёр өвдөгтөө хавчуулж байгаад л сумлаад дахиад буудна. Хоорондоо шүргэлцэх шахан буудалцаж байх үед Германы онгоцноос ямар нэг шингэн гоожиж, утаа гарч байсан гэдэг бөгөөд байдал бишдсэнийг мэдсэн Герман өөрийн маневр, хурдын давуу байдлаа ашиглан өндөр авахын тулд огцом эргэж байгаад гэмтлээс болж хүч дутсан уу яасан модны оройг шүргэн газар унасан байна.

Онгоцноос нэг нисгэгч нь гарч юмны цаагуур орон нуугдаж, нөгөөх нь хөлдөө шарх авсан бололтой мөлхөж байхад нь “царцаа” ч газар бууж Мартин хэд хэдэн удаа хий буудаж айлгаснаар Герман нисгэгч гараа өргөн гарч иржээ. Ойрхон байх Америкийн танкчид тэр даруй ирсэн тул олзлогдсон германчуудыг тэдэнд хүлээлгэж өгчихөөд хоёр нисгэгч эргэн нисжээ.
Энэ хоёр нисгэгчийн агаарын тулалдаанд гаргасан ялалтыг нь үнэлэн одон медальд тодорхойлсон боловч Франсиз болон Мартин нар бүр сүүлд буюу 1967 онд л шагналаа авсан гэдэг.
Үргэлжлэл: Агаарын ер бусын тулалдаанууд-2
Агаарын ер бусын тулалдаанууд-2
“Агаарын ер бусын тулалдаанууд” хэмээх өмнөх нийтлэлдээ “үлэмж биетнүүд” нь хоорондоо сөнөөгч онгоц адил буудалцан тулалдсан хэдэн тохиолдлын тухай бичсэн бол энэ удаа жингийн арай өөр ангиллын “тамирчдын” тулалдааны тухай сонирхуулъя. Тэрхүү “тамирчид” гэдэг маань нисдэг тэрэг болон биплан онгоцууд бөгөөд хоорондоо, бас тэдний эрлэг болсон аймшигт сөнөөгч онгоцны эсрэг тулалдсан тухай билээ.
По-2 онгоц F-94-ийн эсрэг

1950 он. Солонгосын дайн дөнгөж эхэлж байсан тэр үед америкчууд тухайн үедээ хамгийн шинэ, хамгийн шилдэг сөнөөгч онгоцоо энэ дайнд оруулсан байна. ЗХУ, Хятад хоёр энэ явдалд оролцож эхлээгүй үе байсан тул будаг нь ханхалсан F-94-ийн өөдөөс тулах юм гэж “хойдуудад” байсангүй. Байгаа нь 2-р дайны үеийн поршинт хөдөлгүүрт хэдэн хуучин сөнөөгч. Гэсэн хэдий ч нэгэн агаарын тулалдааны үеэр F-94 сөнөөгч ялагдан сүйрсэн байдаг билээ. Түүнийг сөнөөсөн “аймаар” амьтан нь У-2 буюу сүүлд нэрлэснээр По-2. Энэ онгоцны тухай дэлхийн 2-р дайны шилдэг онгоц нийтлэлдээ бичсэн тул энд дахин бичээд яахав.

Аль аль тал нь ийм тулалдаан болсныг хүлээн зөвшөөрөх боловч харин Америкийн онгоцны ялагдсан шалтгааныг өөр өөрөөр тайлбарлана. Солонгосын хувилбараар По-2 өөрийг нь дайрах сөнөөгч онгоцноос бултсаар гарах газаргүй болох үедээ эргэн дайрч мөргөн, хамтдаа бут үсрэн унасан гэнэ. Харин Америкийн талын бичсэнээр бол тийрэлтэт сөнөөгч онгоц нь “оёдлын машиныг” буудах гэхэд хурд нь хэтрээд байсан тул аль болох хурдаа хасах гэсээр хурдны доод хязгаарыг даван унажээ. Минийхээр бол Америкийнх нь арай л илүү бодитой тайлбар санагдана. 2-р дайны үеэр дорнод фронтод Мессер-үүд бас ингэж унаж байсан цөөнгүй тохиолдол бий билээ.
Нисдэг тэрэг сөнөөгч онгоцны эсрэг
Цэрэг дайны түүхэнд нисдэг тэрэг сөнөөгч онгоцыг агаарт устгаж байсан тун цөөхөн тохиолдол бий гэдэг. Бодоожоор сөнөөгч гэдэг агаарын хаан болсон хурдтай хүчтэй амьтныг, бараг газрын гэмээр “яст мэлхий” буудаад, пуужин харваад унагана гэхэд итгэмээргүй. Гэсэн ч 1982 онд Ливанд ийм явдал болжээ.

Сирийн Ми-24 дайрах нисдэг тэрэг Израилийн байлдааны техник бүхий цувааг илрүүлэн дайрахад бэлдэж эхлэх үед яаралтай дуудагдсан F-4 “Фантом” (Вьетнамын дайны нэг баатар) сөнөөгч-бөмбөгдөгч давхин ирж “матарнууд”-ыг тасдаж хаях юм боллоо. “Матар” гэдэг маань ЗХУ-д үйлдвэрлэгдсэн дайралтын нисдэг тэрэгний өөр нэг нэр. Газрын бай дайрах хүчирхэг зэвсэг бүхий энэ нисдэг тэргэнд харин агаар-агаар ангиллын пуужин байхгүй. Фантомууд ч үүнийг мэдэхийн сайнаар мэдэх тул ирээд шууд л пуужингаа харвасан боловч нисдэг тэрэг хэт доошилсон учир газрын фон дээр пуужин нь байгаа олж, барьж байж чадсангүй.

Ийм үед сөнөөгч- бөмбөгдөгч Фантом нь их буугаараа тулган буудах гэж дайрахаар шийдэн ойрттол “матар” өөдөөс нь өөрт байсан бүх л удирдлагагүй пуужингаа (32 ширхэг) нэгэн зэрэг харвасны нэг нь онож онгоц бут үсэрсэн сонин явдал болсон гэдэг. Бас яг ийм загварын онгоцнууд оролцсон, үйл явдал нь бас л яг ийм байдлаар дууссан өөр нэг тохиолдол 1984 онд Иран Иракийн дайны үеэр болсон юм билээ.
АН-2, нисдэг тэрэг
Эрт дээр үеийн нисэх онгоцны тухай ярих үед биплан, моноплан гэсэн үгс олон таарна. (энд триплан яриад яахав) Энэ нь давхар далавчтай, дан далавчтай гэсэн үг юм. Давхар далавчит онгоц нь духны эсэргүүцэл ихтэй учраас хурд муутай ч маневр сайтай гэж жигтэйхэн бол дан нь эсрэгээр гэдэг нь ойлгомжтой.
Монгол Улсын агаарын тээвэрт магадгүй хамгийн том үүрэг гүйцэтгэж байсан байж мэдэх АН-2-ыг мэдэхгүй хүн урьд бол байхгүй, одоо бол мэддэг хүн нь цөөхөн болсон гэж болох байх. Ямар ч ажлыг хийхээс айдаггүй энэ “царцаа ногоон”, ажлын морь маань, дайны талбарт бөмбөгдөгч болж үзсэн түүх байдаг юм байна. Энэ явдал 1968 оны 1-р сарын 12-нд болжээ.

Америкчууд Фу Пха Ти хэмээх ёстой л аялгуу сайхан Вьетнам дуудлагатай нэгэн жижиг уулан дээр радиолокацийн станц байрлуулан хойдын коммунистуудыг хүссэн үедээ бөмбөгдөх, дайсны байг илрүүлэх сайхан боломжтой болжээ. Энд бас хорлон сүйтгэх ажиллагаанд бэлдэх лагерь байх бөгөөд ер нь л айх аюулгүй амар тайван ажлаа хийх боломжтой газар байлаа. Хойдууд үүнийг нь мэдэж аваад яаралтай устгах хэрэгтэй гэж оролдох нь тодорхой. Устгах хоёрхон арга байсан нь агаараас, газраар. Газраар явж очин станц хүрэхийн тулд нарийн зөрөг замаар, дайсныхаа нүдэн дээр огцом уул өөд өгсөх тул амьд мэнд хүрэх хүн үлдэхгүй гэж болгоомжлоод агаараас дайрах болсон байна. Гэтэл энэ мундаг хамгаалалттай газрыг дайрахын тулд мөн ч олон сайхан онгоцоо алдах болно. Өөр ямар арга байна? Байна. АН-2. Цагтаа У-2 яаж байлаа яг л түүн шиг АН-2-оор чимээгүй “мөлхсөөр” бай дээрээ очоод дээрээс нь авч явсан бүх л бөмбөгөө унагаад л (үнэндээ агаарын бөмбөг биш миномётын сум байсан юм билээ) болоо.
Дайсны станцыг устгах ёстой гурван АН-2 “өлмий дээрээ” явсаар бай дээрээ дөхөж ирэх үед нэг гайтай өмнөдийн Вьетнам эр газраас АК-47-гоор буудаж нэгийг нь унагачихаж. Газартай наалдан явж байсан учир замд таарсан нэг нөхөр магазин дүүрэн сумаар буудаад тэр. Гэтэл үлдсэн хоёр онгоцны дээхэн талд гэнэт Америкийн нисдэг тэрэг гараад ирлээ. Аз болж энэ нь сургуулийн нислэг хийж байсан, бүхээгийн буу зэвсэггүй нисдэг тэрэг байв. Гэхдээ дотор нь буутай хүмүүс буу шийдмээ гозолзуулан байгааг харсан АН-ууд эргэн зугтаж эхлэх үед нисдэг тэрэг даган буудаж эхэлжээ. Хажуу бөөр нь онгорхой нисдэг тэрэг хүссэн байрлалаасаа буудаж байсан бол АН-2 хариу барих арга байсангүй. Бүтэн цаг шахам ингэж ноцолдсоны дараа АН-ууд бүгд газар унаж дууссан байна. Энэ бол түүхэн дэх хамгийн анхны бөгөөд эцсийн (байх болтугай) удаа биплан, нисдэг тэрэгний тулаан байсан болов уу.
Тэр гайт станцыг хойдууд хоёр сарын дараа устгасан бөгөөд тусгай бэлдсэн нөхдүүдийг газраар явуулж, өнөө хэд нь ч очоод хамаг юмыг нь юутай хээтэй тэслээд дэлбэлээд хаясан гэдэг.