“Саддам Хусейн Кувейт руу халдан довтолсон шалтгаан” гэсэн нийтлэлд Ирак улс Кувейтийн газар нутаг руу халдан орсон шалтгааны тухай бичсэн бол энэ удаа тухайн дайны төгсгөлд болсон нэгэн аймшигт хэргийн тухай сонирхуулъя.
1990 оны 8-р сарын 2-нд Иракийн 88000 цэрэг Кувейт руу цөмрөн орж хоёрхон өдрийн дотор энэ улсыг бүхэлд нь эзэлж, хяналтдаа авчээ. Шинэ цагийн бас нэг цахилгаан дайны гялалзсан жишээ ч гэж болох байх.
Харин үүний хариу нь таван сарын дараа ирсэн бөгөөд 1991 оны 1-р сарын 17-нд АНУ тэргүүтэй улс орнууд Иракийн цэрэг офицер, цэргийн дэд бүтцэд (зөвхөн цэргийнх ч биш) агаараас цохилт өгч эхлэн хоёрхон шөнийн дотор 4700 нислэг үйлдэж, агаарын төдийгүй газрын эсэргүүцлийг ч ерөнхийд нь дарж чаджээ.
Гэсэн ч дахиад бараг сарын турш Саддамын цэрэг армийг агаараас асар их хүчээр бөмбөгдөж байгаад 2-р сарын 23-нд хуурай замын цэргээ тулалдаанд орууллаа.
Бүтэн сарын турш агаарын хүчтэй, ончтой бөмбөгдөлтөд нэрвэгдэж тулалдах чадвараа алдсан, ёс суртахууны уналтад орсон Иракийн цэргүүд олигтой эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Эхний хоёр өдөрт Олон улсын цэргийн хүчин 50 гаруй км газар ахисан боловч Иракийн шилдэг дивиз болох Таваклана нь энэ давшилтыг 26-ны өдөр зогсоож чадлаа. Үүний хариуд америкчууд аймшигтай цохилт өгч энэ дивизийг төдийгүй Кувейтэд байсан Иракийн 43 дивизээс 36-г нь бутцохиж, байлдах чадваргүй болгосноор Иракийн цэргүүд замбараа цадиггүй ухран зугтаж эхэлжээ. Энд ямар нэг зохион байгуулалттай ухрах гэсэн юм огт байсангүй ердөө л амьд үлдэх гэсэн амьтны инстинктээр бүх юм хөдөлж байлаа.
Тухайн нутгаас Иракийн том хотууд орох хоёр л томоохон зам байсны нэг нь 6 эгнээ бүхий Басра орох 80-р зам, нөгөөх нь Умм-Каср хэмээх боомт хот орох 8-р зам байв. Чухам энэ хоёр замаар тэрхүү их зугтан дүрвэж яваа олон мянган хүн машин цувж, түгжирч, урд хойноо оролцон байсан ба энэ бол ямар нэг цэргийн анги нэгтгэл биш харин дутуу хөтүү цэрэг хувцас өмссөн, хаашаа ч хамаагүй эндээс л холдох гэсэн янз бүрийн хүний цуглуулга шиг л юм байв. Хэн нэгэн хүний захиргаа хяналт гэж байхгүй, хэн түрүүлсэн тэр нь амьд үлдэнэ гэсэн “шагналтай”, замбараа цадиггүй бужигнаан. Эдгээр хяналтгүй болсон цэргүүд нь дайралдсан машин болгоныг дээрэмдэж аван зугтаж байсан ба тэдэнд хүний хоёр хөлнөөс хурдан л явдаг байвал ямар машин, юунд зориулалттай байх нь огт хамаагүй байв. Ингээд гал команд, түргэний машинтай зэрэгцэн, хуучирч муудсан муу хувийн машин, асар үнэтэй баян тарган шахуудын унадаг тансаг машинууд бүгд л бөөр бөөрөөрөө уралцан зугтсаар. Аливаа зохион байгуулалтгүй, хувиа хичээсэн зан ааш нь авто зам дээр ямар байдал үүсгэхийг бид мэдэхгүй биш тэр үед юу болж байсныг төсөөлж болох биз ээ.
Ингээд цэргийн зарим техник, энгийн ардын машин тэрэг холилдсон бараг 5 км урт үргэлжилсэн цуваа (үнэндээ цуваа биш нэг нэгнийхээ өмнө орох гэсэн өрсөлдөөн) нь үе үе түгжрэн бужигнаж байх үед агаараас дайрч эхэллээ.
26-27-нд шилжих шөнө энэ хоёр зам дээрх цуваануудыг нисэх онгоц зөөгчөөс хөөрсөн дайрагчид дайрахдаа эхлээд цувааны эхэн хэсгийг дайрч бөмбөгдөн урагшаа явах аргагүй болгоод дараа нь арын хэсгийг дайрч буцах газаргүй болгожээ. Зарим тоогоор 80-р зам дээр 1400-1500 машин байсан бөгөөд энэхүү гацаж зогсоон цувааг бараг 10 цагийн турш дайрсан байна. A-10 Тандерболт дайрагч, Апачи нисдэг тэрэг нь сум хайрлана гэхийг мэдэлгүй ээлж дараалан дайрсаар зам дээр амьд юм бараг үлдсэнгүй. Шөнө дайрсан гэхийг бодоход алдарт F-117 ч бас оролцсон байж магадгүй гэж үздэг.
Өглөө болоход энэ хоёр зам нь оршуулгын газар болж, хаягдал төмрийн цуглуулга, эсвэл төмөр хайлуулдаг газрыг санагдуулам, машин танк хүртэл хайлж, бутарч байсан энэ газар хүний биеэс үлдэх юм бага байх нь ойлгомжтой болов уу.
Хэчнээн хүн үхэж үрэгдсэнийг тооцох боломж, хүсэл хаана хаанаа байсангүй. Саддам яаж бут цохиулсан, сүйрснийгээ ард түмнээсээ нуух хүсэлтэй бол АНУ болон Холбоотнууд олон улсын гэрээ хэлэлцээг зөрчин, тулалдааны талбараас зугтан яваа, ер нь бол энгийн дүрвэгч иргэн болсон олон зуу, мянган хүнийг буудаж, бөмбөгдсөнөө ил дэлгэх хүсэлгүй байлаа.
Зугтан зайлж яваа оргодол цэргүүдийг ингэх хэрэг байсан юм уу гэдэг асуултын хариулт одоо хүртэл олдоогүй бөгөөд энэ тухай маргасаар байна.
26-нд Саддам Хуссейн цэргээ Кувейтээс гаргаж эхэлнэ гэж мэдэгдсэний дараа (Саддамын энэ мэдэгдэл нь цэргүүдийг ухаан жолоогүй зугтах эхлэлийг тавьсан гэх хүмүүс бий) ингэж алж талж байгаа нь цэргийн гэмт хэрэг, Женевийн гэрээг зэрлэгээр зөрчсөн явдал… гэж байхад зарим нэг нь Саддам 26-ны өдөр цэргээ Кувейтээс гаргана гэж мэдэгдсэн ч өөрийгөө ялсан баатар болгосон, тэмцэл цаашид үргэлжлэх болно гэсэн утгатай юм ярьсан учраас байлдааны ажиллагаа үргэлжилсэн… гэх мэтээр дуусашгүй маргалдсаар. Ямар ч байсан энэ бол шинэ үеийн түүхэн дэх хамгийн аймшигтай бөөнөөр алах ажиллагаа байсан гэдэгтэй маргах аргагүй юм.
P.S.
Нэгэн компьютер тоглоом дээр энэ тоглоомын хэд дэх ч хувилбар дээр юм бэ дээ мэдэхгүй, дээрх “үхлийн зам” дээр болсон явдал гардаг юм гэнэ. Хамгийн сонирхолтой нь тоглоомын зохиолоор бол энэ аллагын буруутан нь буюу зугтаж яваа цэргүүдийг устгасан өөдгүй муу хүмүүс нь оросууд юм байх. Су-25 дайрагч, Ми-24 нисдэг тэрэг буудаад, дэлбэлээд, бөмбөгдөөд байсан юм байлгүй.