2014 онд Иванов хэмээгч 101 настай нэгэн Орост нас баржээ. 1912 онд төрж Дэлхийн II дайныг туулж өнгөрүүлсэн Михаил Иванов хэмээх энэхүү настан өнгөрсөн түүхийн нэгэн онцгой гэрч байсан аж. Үнэхээрийн онцгой түүхтэй нэгэн.

…1945 онд, Дэлхийн II дайны төгсгөлд АНУ-ын зүгээс Японы Хирошима, Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаяв. Нацист Германыг ялсны дараа долдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 2-ны хооронд Потсдамд болсон ялагч гүрнүүдийн удирдагчдын хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн Зөвлөлтийн удирдагч И.Сталинд хандаж “Америк улс нь ихээхэн хөнөөл бүхий хүчирхэг зэвсэгтэй болсон, үүнийгээ удахгүй Японы эсрэг ашиглана” гэсэн мэдээллийг өгсөн байна. Үнэхээр хэдхэн хоногийн дараа буюу наймдугаар сарын 6, 9-ний өдрүүдэд Хирошима, Нагасаки хот бөмбөгдөлтөд өртөж, америкчуудын бүтээсэн цөмийн бөмбөгийн хүчин чадалд санаа нь зовнисон И.Сталин, Л.Берия нар Зөвлөлтийн цэргийн тагнуулын хоёр ажилтанд тусгай үүрэг өгчээ. Даалгавар ёсоор цэргийн тагнуулын офицерууд Хирошима, Нагасакид очиж цөмийн бөмбөгийн хохирол, үр дагавар, хүчин чадлыг тандах ажиллагаа явуулах байв.
Энэхүү хоёр цэргийн тагнуулчийн нэг нь нийтлэлийн эхэнд дурдсан Михаил Иванов бөгөөд түүний туслахаар Герман Сергеев хэмээх залуу офицер ажиллажээ. Тэд бол Япон дахь Зөвлөлтийн ЭСЯ-ны “дээвэр” дор ажиллаж байсан Зөвлөлтийн цэргийн тагнуулууд бөгөөд домогт тагнуулч Рамзай буюу Рихард Зоргетэй холбоотой ажиллагаа явуулж байв.
И.Сталины шууд тушаалаар шинэ даалгавар авсан офицерууд 1945 оны наймдугаар сарын 16-нд Хирошимад иржээ. Дэлбэрэлтийн голомтоос нэг километрийн радиус дахь бүх барилгууд нурж, хайлсан байв. Дэлбэрэлтийн үеэр Хирошима, Нагасакид зургаан сарын дотор 320 мянга гаруй хүн амиа алдсан.
Цөмийн бөмбөгдөлтийн аймшигт дүр зургийг газар дээр нь харж мэдэрсэн Михаил Иванов, Герман Сергеев нар дэлбэрэлтийн үр дагаврыг харж, үнэлсэн анхны гадаадынхан байв. Тэднээс хэд хоногийн дараа буюу наймдугаар сарын 20-нд америкийн мэргэжилтнүүд Хирошимад ирсэн аж.
Иванов, Сергеев нар шатсан цогцсуудаас дээж авч, эвгүй үнэртэй үнс, хайлсан чулуу, хөрсний дээж, хог хаягдлын дээж авч байв. Тэр ч байтугай нэгэн цогцосноос үлдсэн гарыг том чемоданд хийж авчээ. Үүний зэрэгцээ америкчуудын супер бөмбөгний хүчин чадлыг үнэлэхийн тулд тэд дэлбэрэлтийн тогоог хайж эхлэв. Туршлагатай цэргийн тагнуулчийн нүдээр дэлбэрэлтийн тогоо, түүний гүн ба налуугийн өнцгийг хараад л бөмбөгний хүч чадлын талаар маш их зүйлийг хэлж чадах байв.
Гэсэн хэдий ч тогоо олдсонгүй. Хирошимаг жирийн бөмбөгөөр сүйрүүлээгүй нь тодорхой болов. Хирошимаг орхиж, Нагасакид хэд хоног ажилласны дараа тэд цуглуулсан бүхнээ Москва руу дипломат шуудангаар илгээжээ.
Хэдэн өдрийн дараа тэд илгээмжийнхээ араас Москва нисч, тагнуулчдыг ЗХУ-ын цөмийн төслийг биечлэн удирдаж байсан И.Сталин, Л.Берия нартай шууд нүүр тулсан уулзалтад оруулав. Иванов тэдэнд ажиллагааныхаа үр дүнг тайлагнаж, үзсэн харсан бүхнээ, гэрэл зургуудын хамтаар тайлбарлав. Гэвч Берия тэргүүтнүүд тагнуулчдыг Америкийн зэвсгийн хэмжээг хэтрүүлэн үнэлж, Зөвлөлтийн удирдлагуудыг айлгаж түгшээх санаархалтай хэмээн буруутгасан байна. Эгээтэй л тэднийг “ардын дайсан” болгож буудчихсангүй, Жанжин штабын дарга генерал А.Антонов арайхийн тэднийг аварч үлдээв.
Удалгүй М.Иванов, Г.Сергеев хоёр цацрагийн өвчин туссан нь тодорхой болов. Эмч нар Сергеевт тусалж чадаагүй ч Ивановт найман литр цус сэлбэсний эцэст амьд үлджээ. Ингэснээр тэд Америкийн цөмийн бөмбөгдөлтийн анхны япон бус хохирогчод болсон аж. 1945 оны сүүлээс 1951 он хүртэл Хирошима, Нагасаки хотод ажиллаж цөмийн дэлбэрэлтийн үр дагаврын дэлгэрэнгүй тайлбарыг эмхэтгэх ажлыг удирдаж байсан генерал Кузьма Деревянко ч цацрагаас үүдэлтэй хорт хавдраар нас нөгчсөн.
Мэргэжилтнүүд Ивановыг Токиогоос Хирошима явах галт тэргэнд ууж байсан нэг шил япон Сантори виски аварсан хэмээн таамаглав. Г.Сергеев харин вискинээс огт амсаагүй байжээ.
Коньяк, виски нь цацраг идэвхт бодисыг биеэс зайлуулах үйл явцыг хурдасгасан байж магадгүй хэмээн оросууд таамаглаж байв. Сергеевийн хувьд хайлсан чулууг өөрийн биеэр цуглуулж, цацраг идэвхт бодисоор сайтар ханасан тоос, үнстэй тулж ажиллаж байснаас илүү ихээр хордсон ч байж болох юм. Ямартай ч Иванов урт удаан насалж 2014 онд нас нөгчжээ.
Зөвлөлтийн үед цөмийн шумбагч онгоцонд алба хааж байсан далайчдад стакан коньякийг норм болгон өгдөг байсан бөгөөд далайчид үүнийг “Ивановын стакан” хэмээн нэрлэсээр иржээ.
Ивановыг эдгэрсний дараа Турк дахь Зөвлөлтийн тагнуулын сүлжээг удирдуулахаар илгээжээ. 1956 онд Суэцийн сувагт болсон байлдааны ажиллагааны үеэр Михаил Иванов Израилийн цэргийн байрлалын зураг, Сирийн Засгийн газрыг түлхэн унагах тухай нууц мэдээллийг авч, Москвад илгээж чадсан гавьяатай гэнэ. 1960-аад онд Иванов Япон, Хятадад ажиллаж хошууч генерал цол хүртжээ. 1970-аад онд Брежневийн үед Хятадад ажиллаж байгаад Цэргийн дипломатын академид багшлах болсон байна. Япон судлалаар докторын зэрэг хамгаалж, “Дайны үеийн Япон” хэмээх ном бичиж байв.
Дашрамд дурдахад М.Иванов нарын Москвад илгээсэн анхны нотлох баримтууд хадгалагдаж үлдээгүй гэнэ. Цацраг туяанд өртөх аюулыг мэдэрсэн Зөвлөлтийн удирдлагууд олдвор тайлан бүхий чемодануудыг шууд устгалд оруулжээ.