Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Японы давшилтыг зогсоох мэргэн арга нийтлэлдээ Чан Кай ши нь далан сэтлэн дайсныхаа давшилтыг зогсоох гэсэн биш баахан ард иргэдээ усанд авахуулж, бөөн бөөнөөр нь үхүүлж, сүйрүүлж байсан тухай бичиж байсан билээ. Тэгвэл тэр явдлаас нэлээд хойхно буюу ХКН засаг төрийг авсны дараа үүнтэй ихээхэн төсөөтэй, тэнэглэлээрээ яагаад ч дутахааргүй бас нэг явдал болсон тухай сонирхуулъя.
Хятадын нутагт байх олон гол мөрний нэг болох Хуайхэ гэдэг нэгэн гол (Хуанхэ буюу Шар мөрөнтэй бүү андуураарай) нь борооны улирлаар байнга үерлэж ойр хавийн хот тосгодыг сандраадаг байлаа. Нутаг орны дарга нар энэ асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй тухай, орчин цагийн сайн далан барьж их усыг хадгалах, үерийн усны урсгалыг зохицуулах тухай олон хүсэлт гомдол дээр газрууд руугаа байнга явуулж байсны хүчинд 1950-иад оны үед далан барих шийдвэр гарчээ. Сайхан далан бариад, усан цахилгаан станц ажиллуулаад л… нэг сумаар хоёр туулай буудах шахам сайхан төлөв харагдаж байсан учир бас л нэг компанит ажил өрнүүлэн олон түмэн хүнийг дайчлан голын дагуу энд тэндгүй далан барьж эхэллээ. Тэдний нэг нь Баньцяо хэмээх шороон далан байв. 1952 онд барьж дуусгасан энэ далан нь тухайн цаг үед дэлхийн бусад улсуудын барьж байсан далангуудтай харьцуулахад… харьцуулах ч аргагүй эд байлаа. Шороон далан гэхээр л байдал тодорхой. “Made in China” хэмээх үгний бүх л тааруухан утгыг чухам энэ далан агуулсан байв.
24,5 метр өндөр, 118 метр урттай шороон далан. Тухайн цагийн Хятадын усны ашиглалтын талын хамгийн том мэргэжилтэн Чен Син гээч нь энэ даланд тун сэтгэл дундуур байж, өөрийн хэмжээгээр найдвартай болгох гэж оролдож эхэлсэн байна. Нийт 12 ус гаргах сувагтай байвал ядаж… гэх мэтийн төвөг болсон зөндөө л юм яриад байна гэнэ. “Тав байхад л хангалттай. Дуу чи! Зува!”
“Хятад улсын өнөөгийн нөхцөл байдлыг мэдэхгүй, улсын хөрөнгөөр тоглох гэлээ” гэж мань хүнийг нэг сайн донгодоод санаа оноог нь авч хэлэлцсэнгүй. Гэсэн хэдий ч дарга нарт “Нээрээ аюултай юм биш биз” гэсэн түгшүүр төрсөн учир “Хойд ахаасаа” мэргэжилтэн ирүүлж зөвлөгөө авахыг хүслээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж байдлыг хараад толгой сэгсрэхээс өөр юу ч хэлж чадаагүй гэдэг. “Ганц нэг жилдээ л ингэж байх юм бол ингэж тэгээд аргалах юм даа” гэсэн бэхэлгээтэй холбоотой хэдэн зөвлөгөө өгснийг хятадууд ямар ч байсан хэрэгжүүллээ.
Үер усанд урсчих гээд байдаг олон тосгоныхон баяр хөөрөөр дүүрэн. Тайван ажиллаж, ногоо тариагаа нэмээд тариад байхаас өөр замгүй болсон ба бусад баригдаж байгаа далангуудыг ч (Хуайхэ голын далангууд) мөн ийм байдлаар засварлаж бэхэлсэн байна. Хөөрхий Чен Синийг төслөөс хөөж, бүр шорон оронд ч хийгээд амжсан байж магадгүй юм гэсэн. Ийм байдлаар улсын олон сая, тэрбум юань хэмнэж, ард олныхоо амьдралыг сайжруулсан талаархи сүртэй тайлан мэдээ энд тэндгүй.
1975 он. Нөгөө ганц хоёр жилийн түр зуурын арга хэмжээ гэж Зөвлөлтийнхэнд танилцуулсан далан яг л тэр хэвээрээ.
7-р сарын 30-ны өдөр Хятад улсын зарим нутгийг Нина хар салхи хучин авлаа. 8-р сарын 6 хүртэл жигтэйхэн салхилж байгаад зогссон боловч бороо орсон хэвээр. Зөвхөн 6-ны өдөр гэхэд л 1631 мм хур тунадас орсон гэнэ. Гэтэл энэ бүс нутагт жилд орох хур тунадасны дундаж хэмжээ нь 800 мм! (?)
Ганцхан өдөрт 2 жилийн хур тунадас.
Далангийн ажилтан, удирдлагууд байдал тун эвгүйтэж байгааг хамгийн сайн мэдэрч байсан учир цуглаж байгаа усыг тодорхой хэмжээгээр яаралтай гаргаж урсгах хүсэлтээ дээшээ илгээсэн боловч дарга нар хариуд нь “Доогуур зөндөө олон газар үерт өртөөд байхад юун ус тавих” гээд зад загнаад хавьтуулсангүй. Энэ бол 6-ны орой болсон явдал. Харин 7-ны өглөө дарга нар сэрэнгүүтээ л тэнгэрийн байдлыг харан юу болж болохыг ойлгоод усаа тавихыг далангийн ажилтнуудад тушаах гэтэл холбоо гэмтсэн байв. Тухайн бүс нутагт болж байгаа үерийн улмаас бүх л зам, харилцаа холбоо гэмтсэн нь тэр.
Далангийн ажилтнууд хий дэмий л айж сандран, ус тавих тушаал хүлээн суусаар байтал даланд ан цав гарч эхэллээ. Одоо хүлээх цаг байхгүй учир усаа тавьж байдлыг засах гэтэл ус гарсангүй. Нөгөө 5-хан ус гаргах суваг нь хог новшоор дүүрч бөглөрсөн байлаа. Байдал ямар байгааг чухам ямар аргаар юм бүү мэд дээшээ мэдэгдэж, “Яаралтай нисэх хүчин хэрэглэж жижиг бөмбөгөөр далангийн ус гаргах сувгийг тэслэх хэрэгтэй боллоо” гэх мэтийн айсан сандарсан мэдээг явуулсан байна. Үүнээс хойш ердөө 10-хан минутын дараа Шиаманьтань хэмээх жижиг далан эвдэрч, тэртээ тэргүй усаар дүүрээд байсан Баньцяо руу бас дахин их ус ирснээр шороон далан маань бут үсэрлээ. Ойролцоо тооцоогоор 3-7 метрийн өндөртэй, 10 км-ийн өргөнтэй усан хана бий болж замд дайралдах юм бүхнийг хамсаар.
Ийм их ус замдаа улам бүр томрох нь мэдээж бөгөөд дор байсан өөр 62 жижиг далан хаалтыг бүгдийг сэт татан хавийн бүх л юмыг урсган одсон байна.
Харилцаа холбоо байхгүй болохоор дээрээс асар их ус ирж байгаа тухай мэдээг олонд тарааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадалгүй байсаар олон зуун тосгон усанд автан сүйрлээ.
Аймшигт их үер өнгөрсөн ч байдал улам бүр дордсоор.
Живж усанд автсан тосгод гадаад харилцаагүй болсон учир ганц нэгхэн хоногийн дараа өлсгөлөн эхэллээ. Дараа нь халдварт өвчин. Далан сэтэрч үер орж ирэх үед 26 мянган хүн амиа алдсан бол үерийн дараах нөхцөл байдлын улмаас 145 000 (бүр хагас сая хүн гэсэн тоо ч байдаг гэнэ) хүн амиа алдсан гэдэг.
Баньцяо болон бусад далангуудыг 1993 онд л сэргээн барьсан ба хамгийн сонирхолтой нь өнөөх Чен Сен энэ бүх ажлыг удирдаж орчин цагийн мундаг юмнууд байгуулсан юм гэнэ лээ.