Дэлхийн улс орнуудын түүхэнд засгийн эрх авах гэж янз бүрийн хуйвалдаан зохион байгуулан, тэр нь амжилтад хүрсэн олон зуун тохиолдол бий. Иймэрхүү янзаар төрийн эрх авах нь тухайн улс орон төдийгүй бүр уг бүс нутагт ч ихээхэн нөлөө үзүүлэх нь тодорхой. Харин ийм зорилготой хийсэн төрийн эрх булаах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн тохиолдол хэр их байдаг бол?
Манхеттенд гарсан бослого
Манхэттен гэдэг нь АНУ-аас Тайландад бэлэг болгон өгсөн байлдааны усан онгоц юм. Уг онгоцыг хүлээн авах ёслолыг сүр хүчтэй тэмдэглэхээр шийдэн Ерөнхий сайд нь очсон боловч тус улсын усан цэргийн дарга офицерууд харин өөр бодол санаатай байжээ. Тэд Ерөнхий сайд Плек Пибунсонграмыг барьж аван онгоцонд хорьж, төрийн эргэлт хийх эхний шатаа давлаа. Нэгэнт энэ одон медалийн цуглуулгын гол болсон хүнийг барьж авсан хойно цаашдын ажил амжилттай болоход элдэв саад болох ёсгүй. Гэтэл нэг том бэрхшээл гарсан нь энэ сайдыг барьж авч хориод дараа нь юу хийх талаар ямар ч бодсон төлөвлөсөн зүйл үгүй байв. Анх сэтгэл хөөрсөн үеийн бодлоор бол Ерөнхий сайдыг барьж авангуут усан цэрэг төдийгүй бүх арми тэднийг дэмжин, бүх зүйл өөрөө бүтчихмээр санагдаж байсан боловч ямар нэг юм огт болсонгүй. Үгүйдээ Ерөнхий сайдын талынхан ямар нэг хэлэлцээ хийж, буултад хүрэх юм бодогдож байсан нь ч бас бүтсэнгүй.
Гайхаж ангайсан хуйвалдагчид яахаа мэдэхээ байн хоорондоо зөвлөлдөж байх үед буюу сайдыг барьцаалснаас хойш зургаан цагийн дараа цэрэг арми болон цагдаагийнхан шууд хөлөг онгоцыг дайрч эхэлсэн байна. Хөлөг дотор Ерөнхий сайд байгааг ч үл тоон арми цагдаагийнхан буудаж эхэлсэн төдийгүй удалгүй бүр уг онгоцыг бөмбөгдөн живүүлжээ. Хамгийн сонирхолтой нь уг усан онгоц живэх үед ганцхан хүнээс бусад нь бүгд үхсэн бөгөөд тэр амьд гарсан хүн нь Пибунсонграм байсан гэдэг. Магадгүй хэви металл рокын од баймаар энэ хүнийг үхвэл ч үхэг гэж аль аль тал нь бодож байсан байхыг үгүйсгэх аргагүй юм.
Мохаммад Уфкирын алдаа
1960-аад оны үед Мароккогийн хаан Хасан II-т хамаг муу муухайг нь хийж гүйцэтгэдэг баруун гар, шадар туслах байсан нь Мохаммад Уфкир гэдэг нөхөр байв. Тэрээр хааны зөвлөхийн ажил хийж, эзний эсрэг үзэл бодолтой хүн, байгууллагыг олж тогтоон алж хядах зэрэг хийхгүй зүйл гэж бараг үгүй. Харин хааныг харахаараа ёстой нугасгүй амьтан шиг бөхөлзөн налигнах гэж жигтэйхэн.
Улс дотроо бараг л хаан шиг байж, хэн хүнийг өмнөө бөхөлзүүлэх энэ нөхрийн толгойд өөрөө хаан болох нэгэн сайхан санаа гэнэт төржээ.
1972 онд хаан Францад болсон олон улсын хуралд явах үед Уфкар хамгийн тохиромжтой үе ирсэн гэж ойлгон яаран сандран бэлдэж эхэлсэн байна.
Хааныг Францаас нисэн гарсныг мэдсэн Уфкир нислэгийг нь хянаж байгаад өөдөөс нь найдвартай гэсэн бололтой гурван сөнөөгч онгоц хөөргөжээ. Газар дундын тэнгисийн орчимд хааны сууж яваа Боинг 727-г олж очсон сөнөөгчүүд шууд дайран буудаж эхэлсэн ба байлдааны сөнөөгч онгоцоор иргэний агаарын тээврийн онгоцыг тулгаж буудна гэдэг бол далавчгүй ялааг сонингоор цохиж алахаас яавч хэцүү зүйл биш байлтай. Гэтэл өнөө нисгэгч нар нь байлдааны сумаар биш сургуулийн сумаар л байгаа буудаад байж. Газарт онгоц бэлдсэн техникч нар, нисгэгч нар бүгд л яаран сандарсных гэх үү эсвэл улс үндэстнийх нь нэг онцлог болсон алив зүйлд цалгар назгай ханддагтай холбоотой юу, юу ч гэсэн жинхэнэ байлдааны сумны оронд хоосон сургуулийн сум хийснийгээ хэн ч мэдсэнгүй.
Буудаад байдаг, буудаад байдаг юу ч болдоггүй. Энэ үед нэгэн нисгэгч нь эх орныхоо төлөө баатарлаг үйл хийх гэсэн үү, Уфкирын аймшигт зангаас айсан уу ямар ч байсан бай болсон онгоцыг мөргөн дайрахаар шийдлээ.
Яг энэ үед буудуулсан онгоц дотроос “Дарангуйлагч хаан үхлээ, одоо тайван буцаж болно. Бид ч бас та нартай адил үзэл бодолтой….” гэсэн мундаг үгс радиогоор цуварч эхлэх үед сөнөөгч онгоцны нисгэгчид болон Уфкир нар яаж баярлаж байсан бол.
Үхсэн гэсэн хааныг тээж яваа онгоц газардах үед дотроос нь хаан ямар ч гэмтэлгүй гарч ирсэн гэдэг ба уур нь хүрсэн дарангуйлагч тэр даруй олон зуун офицерыг баривчилж цаазалсан бөгөөд гол дайсан Уфкир нь зугтаж амжсан байна. Гэхдээ тэрээр гарах газаргүй болж маргааш нь л амиа хорлосон гэдэг.
Энэ явдалд нэг сонирхолтой зүйл болсон нь буудуулж буй онгоцноос хааныг үхсэн тухай мэдээ дамжуулсан явдал юм. Хааны сууж явсан онгоц хэзээ мөдгүй мөргүүлэх дээрээ тулж байх тэр үед хаан радио холбоог булаан авч дайрч байгаа нисгэгч нарыг тайвшруулсан үгийг өөрөө хэлсэн байна. Зурагт радиогоор байнга элдэв юм ярьж танил болсон дуугаа таниагүй нисгэгчдийг хөөрхий гэх нь хаашаа ч юм.
Кенийн радио станцыг эзлэн авч төрийн эргэлт хийх гэсэн нь
Кени дэх Би Би Сигийн ажилтан Езакия Очука хэмээх нэгэн залуу төрийн эргэлт хийж засгийн эрх авахаар шийджээ. Өөрийн талын хэдэн хүнтэй болж амжсан тэрээр 1982 оны 8-р сарын 1-нд төрийн эргэлт хийхээр төлөвлөж хамгийн эхний хийсэн ажил нь Кенийн дуу хоолой радио станцыг эзлэн авсан байна. Радиогоор төрийн эргэлт болж байгааг зарлаж, ард иргэдээ өөрийг нь дэмжихийг уриалсан явдал нь нисэх хүчний баазад байгаа өөрийн талынхандаа эхлээд гэсэн дохио байжээ. Тэдгээр хүмүүс нь радиогоор мэдээ явангуут цэргийн нисгэгч нарыг барьж аван онгоцонд нь цуг сууж хөөрөн засгийн эрх баригчдын байгаа ордонг бөмбөгдөх төлөвлөгөөтэй байв.
Хэд хэдэн нисгэгч барьцаалсан босогчид онгоцонд орсон хойноо нисгэгч нарын хийж байгаа үйлдэл үг яриаг ойлгосонгүй. Цэргийн нисэхийн хүмүүсийн хийдэг л юм бололтой ажиггүй тайван радиогоор ярьж байгаа нисгэгч нар зүв зүгээр л хөөрчээ. Гэнэт тэнгэрт гарсан хойноо эргэлдэн хөрвөлдөж юу ч болж байгаа юм бүү мэд, сүйд хийж эхэлж. Хянагч нар бөөлжис, гэдэс дотор нь холилдох зэрэгтэйгээ тэмцэлдэж байх хооронд өнөө нисгэгч нар “бөмбөгөө хаясан, яг оносон” гэсээр эргэн ниссэн байна. Үнэндээ тэд бөмбөгөө хаа хамаагүй ой дээр хаясан юм байж.
Дайсныхаа толгойлогч нарыг зад бөмбөгдсөн гэж итгэсэн эдгээр нөхдүүдийг хэдхэн цагийн дараа барьж авснаар бас нэг бүтэлгүй төрийн эргэлт дууссан билээ.
Катарт төөрсөн нь
1995 онд Катарын эмир гадаад улсаар айлчилж явах хооронд түүний өрсөлдөгч нь сайд нарын танхим, армийнхантай нийлэн хаан ширээг нь булаан авчээ. Өрсөлдөгч гэдэг нь Катарын эмир байгаад ширээнээсээ буусан шейх Хамад аль-Тани. Хүү нь аавынхаа араар төрийн эргэлт хийсэн нь энэ.
Хуучин хаан Францад жил гаруй орогнож байгаад Францын хөлсний цэргүүд болон 600 гаруй бедуиныг хөлслөн хаан ширээгээ эргүүлэн авахаар шийджээ. Хэрдээ л нарийн нягт төлөвлөгөө гаргаж бэлдэж байсан гэдэг.
Бедуинууд Катарт очиж, Доха хотод хааны ордныг хайж эхэллээ. Хаа дайралдсан хүмүүсээс ширүүн дуугаар хааны ордон хаана байгааг, хаагуур явж очихыг асуусаар байгаад зохих хүмүүсийн анхаарлыг татсан бололтой ордон хүрээгүй явахдаа баригдсан байдаг. Тэднийг харсан хүмүүсийн хэлж байснаар бол улаан Ланд-Ровер машин унасан хэсэг аймшигтай царай зүстэй нөхдүүд хааны ордон хаана байгаа тухай асууж байгаа нэртэй бараг л загнаж, буудчих шахаж байсан юм байх. Бас хоорондоо байнга л маргалдаж, хэрэлдээд л. Уг нь Дохад хааны ордонг олох шиг амархан юм үгүй юм гэнэ лээ.
Харин хөлсний Францууд нь далай талаас аюулгүй байдал хангах үүрэгтэй байсан ба тэдэнд авчирч өгөх хурдан завиар эрэг дагуу эргүүл хийж төрийн эргэлт гарахад гаднаас учирч болох саадыг зайлуулах учиртай байв. Францчууд Дохад таван одот зочид буудалд буугаад дараа нь эрэг рүү явсан боловч тэнд тэднийг хүлээж байх ёстой завинууд яагаад ч юм ирээгүй байлаа. Юу болсон, яагаад төлөвлөгөөний дагуу ажил төрөл явахг
Япон: Залуу офицеруудын үймээн, 1936 оны 2-р сарын 26-29
Үндсэрхэг үзэлтэй залуу офицеруудыг толгойлсон Икки Кита нь “Япон улсыг сэргээн мандуулах төлөвлөгөө” гээчийг боловсруулж 1500 гаруй цэрэг офицерыг цуглуулан төрийн эрхийг авахаар оролджээ. Улс орныг сүйрүүлж байгаа цөөхөн хэдэн улс төрч, баячуудыг устгаснаар авилга, ядуурал зэргийг үгүй болгоно гэсэн бүрэн итгэлтэй тэд Токиогийн төв хэсгийг маш хурдан хяналтдаа аван цаашид Дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамыг эзэлж авсан төдийгүй хэд хэдэн нэр нөлөөтэй улс төрчийг алсан байна. Үүний дараа ерөнхий сайдын өргөө, хааны ордонг эзлэх төлөвлөгөөний дагуу хөдөлсөн ч тэд Эзэн хааны хамгаалалтын албаны цэргүүдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Энэхүү залуу офицерууд нь улс төр, санхүүгийн зарим нэг бүлэглэлийг эсэргүүцэн тэмцэж байгаа болохоос эзэн хааны эсрэг ямарваа нэг бодол санаагүй, түүнд үүрд үнэнч байхаа тангараглаж байсан боловч Шёва хаан (Хирохито) тэднийг хууль бус үйлдэл хийж байгаа гэмт хэрэгтнүүд гэж зарлалаа. Эзэн хааны энэ үг тэр олон залуу офицеруудын хөөрлийг дарж, тэд юуны төлөө, хэний төлөө тэмцэж байгаадаа эргэлзэж, гутарч эхэлснээр бослого хөдөлгөөн нь эрчээ алдаж удалгүй засгийн цэргүүдэд бууж өгчээ. Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан 19 толгойлогчийг Токиогийн төвд дүүжлэн цаазалсан бол цөөнгүй нөхдүүд гэдсээ хүүлсэн нь тодорхой. Хэдийгээр энэ оролдлого бүтэлгүйтсэн ч энэ явдлын дараа Японы арми нь улс төр, эдийн засгийн бүлэглэл, флотынхноос илүү их нөлөөтэй болсон гэдэг. Түүний нэг илрэл нь халх голын дайн гэж хэлж болох биз ээ.
Япон: Хааны ордонд болсон явдал, 1945 оны 8-р сарын 14-15
1945 оны 8-р сарын 6 нд Хиросима, 9 нд Нагасаки хотод цөмийн бөмбөг хаяснаар олон зуун мянган хүн үхэж хордсон, 8-р сарын 8 нд ЗХУ Японд дайн зарлан (БНМАУ 8-р сарын 10 нд Японд дайн зарласныг энд заавал дурдах хэрэгтэй) манжуур болон бусад бүс дэх Квантуны армийг дайрч эхэлснээр Япончуудын хувьд тун хэцүү нөхцөл байдал үүсэж эзэн хаан нь Потсдамын декларацыг хүлээж авах буюу дайнд ялагдсанаа хүлээн бууж өгөх тухай яриа хэлэлцээг гадаад дотоодод хийж эхэлжээ. Удаан үргэлжилсэн, олон хоногийн маргааны явцад эзэн хаан шийдвэрээ гарган бууж өгч байгаа тухайгаа хэлсэн бичлэг хийлгэн түүнийгээ олон нийтэд гаргахаар зэхэж байх үед үүнийг эсэргүүцсэн “залуу барсууд” төрийн эргэлт хийхээр шийдсэн байна.
Залуу барсууд буюу бууж өгөхийг эсэргүүцэн боссон цэргийнхэн хааны ордныг хамгаалах цэргүүдийг удирдаж байсан Такэси Мориг өөрийн талд оруулах гэхэд нь өнөөх нь татгалзсан тул алаад түүний нэрийн өмнөөс хуурамч тушаал гаргах замаар “залуу барсууд” ордонд нэвтэрч чаджээ. Тэдний зорилго нь хааныг барьж гэрийн хорионд оруулах, бууж өгөх үзэл бодолтой улс төрийн зүтгэлтнүүдийг барьж авах (зүйл дуусгах) байснаас хамгийн гол нь хааны бууж өгөх зарлиг гаргасан тэр бичлэгийг олж устгах байлаа. Хэдийгээр тэд нэлээд амжилтад хүрч олон хүнийг барьцаалж чадсан боловч гол зүйл болох бичлэг олж чадаагүй, бас бусад цэргийн анги нэгтгэлийн дэмжлэгийг олж чадаагүй учир энэ хуйвалдаан тэр шөнөдөө л балран унасан байдаг.
Ингээд бууж өгөх талын яриа хэлэлцээ цаашид идэвхтэй өрнөсөөр 1945 оны 9-р сарын 2 нд Япон улс албан ёсоор бууж өгч, эзэн хааны бууж өгөх зарлиг бүхий бичлэгийг олон нийтэд сонордуулсан байна.
Харин төрийн эргэлт хийх гэсэн нөхдүүдийг буруутгаж шүүлгүйгээр, өөрсдийнхөө гэдсийг хүүлэх боломж олгосон гэдэгт гайхах зүйл үгүй болов уу.
ЗХУ: ГКЧП, 1991 оны 8-р сарын 19-21
ГКЧП буюу онцгой байдлын улсын хороо нь ЗХУ-ыг задрах үйл ажиллагааг зогсоохын тулд төрийн эрхийг авах гэсэн оролдлого байлаа. 8-р сарын 19 нд ЗХУ-ын анхны, сүүлийн ерөнхийлөгч Михаил Горбачевыг Крымд амарч байх үед нь гэрийн хорионд хийснээр энэ ажиллагаа эхэлсэн ба улс орон даяар 6 сарын турш онцгой байдал зарласан байна.
Тэдний үйл ажиллагааг эсэргүүцсэн янз бүрийн жагсаал цуглаан төдийгүй бүр том зүйл болохыг урьдчилан тооцоолж байсан учир Москва хотод хүнд техник бүхий цэргийн анги нэгтгэлүүдийг оруулжээ. Гэсэн хэдий ч Зөвлөлт Холбоот Орос улсын ерөнхийлөгч (СССР-ийн доторх РСФСР. улс доторх улс, дахиад тэрний доторх улс, бүгд л ерөнхийлөгчтэй болж байсан үе…) Борис Ельцин тэргүүтэй нөхдүүд Цагаан ордны (Вашингтоны цагаан ордон биш Москвагийн цагаан ордон)өмнө ард түмнийг цугларч ГКЧП-г эсэргүүцэхийг уриалснаар асар олон хүн цуглажээ. Төрийн эргэлт хийх гэсэн нөхдүүд цугласан олны өөдөөс зэвсэг хэрэглэх тушаал гаргаж зүрхлээгүй учир хуйвалдаан бүтэлгүйтэж төрийн эргэлт хийх гэсэн нөхдүүд бүгд шүүхээр ял авсан байдаг.
ОХУ: Цагаан ордныг буудсан нь, 1993 оны 10-р сарын 3-4
Оросуудын өөрсдийн “ширүүн 90 оны үе” хэмээн нэрлэсэн тэр аймшигт үед засаглалын, үндсэн хуулийн хямрал дээд цэгтээ хүрсэн байдаг.
Ерөнхийлөгч болон парламентын зөрчил гүнзгийрч тухайн үеийн ерөнхийлөгч Борис Ельцин нь Ардын депутатуудын их хуралдаан, Оросын Холбооны улсын дээд зөвлөлийг тараах шийдвэр гаргажээ. Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг үндсэн хууль зөрсөн гэж үзсэн депутатууд ажлаа орхихгүй, энэ бол төрийн эргэлт гэж зарлан эсэргүүцэж эхэлсэн бол тэднийг дэмжигчид ч бас гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулж эхэллээ. 10-р сарын 3нд болсон нэгэн жагсаалын үеэр парламентын талыг баримтлагчид телевизийн цаг өгөхгүй байгааг эсэргүүцэн “Останкино” дайрч орох үед (ОХУ-ын радио телевизийн төв) мөргөлдөөн болж нийт 40 гаруй хүн хоёр талаас амь үрэгдсэнээр байдал маш хүнд болсон гэдэг. Ерөнхийлөгч хариуг нь болгож цагаан ордныг танкаар буудаж эхэлснээр оройн 6 цагийн үед энэ бүх будлиан нэг дуусгавар болсон билээ. Одоо хүртэл энэ аймшигт үед хичнээн хүн амь үрэгдсэн тоо эцэслэн гараагүй бөгөөд 120-157 гэсэн ерөнхий тоо явдаг байна.
P.S
БНХАУ-д болсон, Тань Ань Мин-ий талбайн… гэх хэрэг явдлын тухайд бол тусад нь ярих сэдэв биз ээ .