Олон улс орны түүхэнд “сайн эр” хэмээн нэрлэгдэх домог болсон хүмүүс бий. Иймэрхүү хүмүүсийн тухай, тэдний хүнлэг сэтгэл, аймшигт тэмцлийн тухай яриа хөөрөө цаг явах хэрээр улам бүр баяжин домогшиж, яваандаа хэмжээ хязгааргүй алдарт хүрэх бөгөөд иймэрхүү зарим яриа нь бодит байдалтай үл нийцэх байсан ч ард түмэн ийм эрчүүдэд, тэдний мундаг тэмцлийн тухай домогт дуртай байдаг билээ. Үнэндээ эдгээр сайн эрсүүд нь хулгайч, дээрэмчид бөгөөд тэдний зарим нэг үйл хөдлөл нь тухайн цаг үе, нийгмийн байгуулалттай зөрчилдөж байсныг дараа нь дарлалын эсрэг, ард түмний тусын тулд үйлчилж байсан болгон өөрчилсөн нь зөндөө. Ийм хүмүүсийн нэг болох “хөөрхөн Флойд” хэмээн алдаршсан Чарльз Артур Флойдын тухай.
АНУ-ын Жоржиа мужид төрсөн энэ эр 18 настайдаа 3 доллар 50 центийн хулгай хийж буруу замд орсон ч 1924 онд Руби Хардгрейв хэмээх бүсгүйтэй гэр бүл болсны дараа гэмт хэрэг, хулгай зэлгий гэдэг зүйлээс хөндийрөн салж, жирийн хүний амьдралаар амьдарч эхэлсэн нь эхнэрийнх нь нөлөө байв. Гэвч их хямрал эхэлж олон айл гэр хоосрон, өлсөж ядарч эхлэх тэр үед Флойд бараг л өөрийн эрхгүй “далий мурий замдаа” эргэн оржээ.
Тэрээр 1925 онд Сент-Луист мөнгө зөөдөг машин дээрэмдэж тухайн үедээ маш их хэмжээний буюу 11,5 мянган доллар олсон боловч удалгүй баригдаж 5 жилийн ял авсан байна. Шоронд байх хугацаандаа хийсэн хэрэгтээ гэмшиж, сайн хүмүүжигч гэдгээ харуулж чадсан тул 3 жил болоод суллагдсан ба тэрээр дахиж хэзээ ч шоронд орохгүй гэж тангараглаж байсан гэдэг. Гэтэл эргэн ирэхэд эхнэр нь хулгайчтай хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлэн явж одсноор Флойд дахиад “мурийж” эхэллээ.
1930 онд Толидо хотын банк дээрэмдэж байгаад баригдан 12 жилийн ял авч, шоронд хүргэх замд оргож чадлаа. Энэ бол цэвэр аз, тохиолдол байсан боловч Флойд үүнээс маш их сургамж авчээ. Одоо тэрээр ганцаар дээрэм хийж болохгүй, өөрийн гэсэн баг бий болгох хэрэгтэй гэдгийг ойлгож өөртөө таарсан хэдэн нөхдүүдийг олж аван дээрмээ хийж эхлэв.

Чухам энэ үеэс эхлэн энэ эрийн нэр Америк даяар мандаж эхэлсэн байдаг. 1931-1932 оны хооронд 50 гаран банк дээрэмдсэн төдийгүй дээрэм хийж байхдаа ер бусын өвөрмөц зан ааш гаргана.
…Банкинд цэвэрхэн цагаан цамц өмссөн, царайлаг залуу орж ирэн өөрийгөө танилцуулан дээрэм хийж байгаагаа маш эелдгээр хэлэв. Энэ банкинд ажиллаж байгаа болон үйлчлүүлж байгаа хүмүүст ямарваа нэг муу зүйл хийх хүсэл огт үгүй шүү гэдгээ хэлэн тайлбарлах ба шуудай шуудайгаар нь мөнгө аваад гарахдаа баярласан талархсан үгийг хэлэхгүй өнгөрнө гэж үгүй. Банкнаас гараад баахан мөнгө цацаж орчин тойрны хүмүүсийг бас нэг баярлуулан шуугиулаад авна…
Флойд ард олонд ихээхэн алдаршихад хэвлэлийн гүйцэтгэсэн үүрэг их боловч түүний банк дээрэмдэх үедээ ипотектэй холбоотой бүх л бичиг баримтыг олж аван шатаан устгадаг нь голлох нөлөө үзүүлсэн байна. Тухайн үед одоогийнх шиг компьютер, сүлжээ гэж байсан биш бүх л зүйл бичиг цаасан дээр буудаг байсан учир түүний ийм үйлдэл олон түмэнд ихээхэн сонирхол төрүүлж байсан нь ойлгомжтой. Жирийн хүнийг дээрэмддэггүй, банк болон баячуудыг хувхайртал нь хоослохоос (банкинд байгаа мөнгө ямар нэг хэмжээгээр даатгалтай) гадна ард түмнийг өөрийн боломжийн хэрээр өр төлбөрөөс нь салгадаг гэх мэт. Энэ хүн цагдаа нартай тун ширүүн буюу ер нь л таарвал буудчихдаг нөхөр байсан гэдэг ба бүр FBI-ийн тэргүүн, алдарт Гувер Флойдыг өөрийн хувийн дайсан, Америкийн номер 1 гэмт хэрэгтэн гэж үздэг байж. Харин ард түмний дунд Флойд нь Америк Робин Гүүд, сайн эр… гэсэн алдартай байлаа.
Нэгэн удаагийн банк дээрэмдсэний дараа тухайн банкны ажилтан Флойдыг дүрслэн ярихдаа ихээхэн царайлаг, сайхан хүн байсан тухай ярьснаас хойш мань хүний нэрний урд “хөөрхөн” гэдэг хоч нэмэгдсэн байна. Өөрөө энэ нэрэнд дургүй ч үйл ажиллагаанд нь ихээхэн нэмэртэй, сайн брэнд болж байсан учир яваандаа өөрийгөө бас хөөрхөн Флойд (Pretty Boy Floyd) гэж нэрлэхээс буцахгүй болсон гэдэг.
Хөөрхөн маань өөрийгөө эерэг талын дээрэмчин гэж үздэг байсан бөгөөд өөр бусад өрсөлдөгч болох нөхдүүдийг сайн муугаар ихээхэн хэлдэг хүн байж. Тухайн үед маш их алдаршиж байсан Бони Клайд нарыг нутагт нь орж ирсэн тухай сонсоод нутгийн олонд хандан “Тэдэнд хоол хүнс өгөлгүй, орон байрандаа байлгахгүй байгаарай. Тэд бол шимэгч хорхой нар, нутгийн ард бидэнтэй огт хамаагүй хүмүүс шүү” хэмээн анхааруулж байсан байна.
Гувер энэ бүхнийг тэвчиж суугаагүй нь мэдээж. Олон цагдаа, FBI-ийн ажилтныг нь хөнөөсөн, өчнөөн төчнөөн банк дээрэмдсэн энэ хүнийг авлахаар хамгийн шилдэг нөхдөө явуулжээ. Энэ шилдэг нөхөд нь Америкийн бас нэг алдарт дээрэмчин Жонни Диллинжерийг устгасны дараа “хөөрхөн” нөхрийг авлахаар шууд ажилдоо оржээ. Төөрсөөр төрөлдөө кинонд гардаг “Бахархмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг, баригдана даа баригдана” гэсэн зарчмын дагуу хөөрхөн хүүгийн зам мөр дуусах нь тодорхой байлаа. Харин хэзээ, хаана?
Флойд өөрийн нэг нөхөр, хоёр хүүхэнтэй цуг явж байгаад их манан будантай үед замын хажуугийн мод мөргөн осолд оржээ. Хоёр хүүхнээ тусламж дуудуулахаар явуулаад өөрсдөө машиныхаа хажууд байж байх үед нь хэн нэгэн тэдгээр ганган залуусыг хөдөөгийн замд машинаа эвдчихсэн, инээлдэж ханиалдан байгааг хараад сэжиг төрөн цагдаа дуудаж. Цагдаа нар ч шалгахаар уг газарт хүрэлцэн очих үед өнөө хоёр шууд л өөдөөс нь буудалцан зугтсан байна. Цагдаа нартай хүч хавсрахаар Мелвин Пёрвис нэмэгдэн ирж (Жонни Диллинжерийг хөнөөсөн ангууч эр) хөөцөлдсөөр Флойдын хамтрагчийг эхэлж барьж авчээ.

Флойд ойгоор хоёр хоног тэнүүчлэн явсаар хөдөөгийн жирийн нэг айлаас хоол унд гуйхаар гарч ирэх үед цагдаа нар түүний араас мөрдсөөр гүйцэж очлоо. Цагдаа нар бараг бүтэн бүсэлж байгааг, тэгш талын цаана харагдах ойгоос өөр аврал байхгүйг ойлгосон Флойд шууд л талаар гүйж зугтаж эхлэхэд цагдаа нар буудаж шархдуулан унагав. Босох гэж салгалан байгаа Флойд руу хэд хэдэн цагдаа нар дайран орж дарж авах үед нь эрүүл гараараа нуруу хэсэгтээ нуусан буугаа авах гэж оролдоод дийлсэнгүй. Флойдын хүч тамир суларч тун удахгүй үхэх шинжтэй гэдгийг мэдсэн Пёрвис түүнээс “Канзасын ярга”-ын тухай (Флойдын нэг дээрэм. Олон цагдаа амь үрэгдсэн) асуун байцааж эхлэхэд өөдөөс нь нэг том хараал хэлээд л өөд болжээ.
Флойдын цогцсыг Стружис хэмээх хотод авчирсан гэсэн цуу тарах үед хотын 10 000 гаруй хүн түүнийг харах гэж, сүүлчийн замд нь үдэх гэж цугларсан бөгөөд цогцос хадгалах газрын шат болон бусад олон эд зүйлсийг эвдэж гэмтээж байсан нь Флойдыг дэмжиж байгаагаа, цагдаа нарын эсрэг үзэл бодлоо илэрхийлж байсан хэрэг юм гэнэ лээ. Хачирхалтай нь одоо хүртэл АНУ-д энэ хүний нэрийг сайнаар дурсах бөгөөд түүний тухай олон кино, ном зохиол дуу хуур гарсан юм байна.
Өөр нэгэн түүх: Олны дунд домог мэт болсон алуурчдыг агнасан нь
2019 онд гарсан “The Highwaymen” хэмээх Кевин Костнер, Вуди Харелльсон нарын тоглосон кино нь уг киног бүтээгчдийн тооцсоны дагуу олон хүний сонирхлыг татаж бас ч чамгүй амжилттай, орлоготой болсон аж. Ер нь Бонни болон Клайд нарын тухай кино, зохиол бүтээл амжилтгүй болж бүтэлгүйтэх нь ховор гэдэг. Яагаад тэгдэг юм бол? Бонни болон Клайд гэж хэн юм бэ?

Кино урлагийн од гэж хэлж болохоор болсон Бонни болон Клайд нь гэмт хэргийн ертөнцийн домог болсон хүмүүс юм.
Клайд Бэрроу хэмээх хүү жижиг сажиг хулгайн хэргээр анх цагдаад баригдаж удалгүй хийдэг ажил нь зөвхөн хулгай дээрэм болсон учраас болох ёстой юм номоороо болж жинхэнэ шоронгийн хаалга татах нь тэр. Шоронд орохын өмнө Бонни Паркер хэмээх бүсгүйтэй танилцаж хайр сэтгэлтэй болсон боловч хулгай зэлгийгээс холдох биш харин ч өөрийнхөө хар үйлд уруу татсан байна. Клайд шоронд байхдаа Бонниг зэвсэг авчирч шоронгоос оргоход нь туслахыг гуйж зөвшөөрүүлсэн боловч энэ нь бүтэлгүйтэн, бүсгүй ч шоронд гурван сарын хугацаатайгаар хоригдох болжээ.
Алив юм хугацаатай болохоор тэд шоронгоос гарлаа. Одоо яах вэ? Яах юу байхав… дээрэм тонуулаа хийнэ. Харин ч улам зоригтой, дайчин хийх болно.
АНУ-ын их хямралын үед дээрэм тонуул хэмжээ хязгаараа алдаж, мафи, янз бүрийн зэвсэгт бүлэглэл хүчээ аван банк болон бусад мөнгөтэй газруудыг дээрэмдэх нь элбэг болсон гэхэд буруудмааргүй тийм цаг байв. Маш чанд сахилга баттай, зохион байгуулалттай бүлэглэлүүд нарийн бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажиллан олон арван мянган доллар, зарим нэг нь бүр сая саяар нь дээрэмдэх тохиолдол их байсан бол өнөө Бонни болон Клайд маань хамгийн ихдээ 4000 доллар л нэг удаа дээрэмдэж байжээ.

Их гарын дээрэмчдийн хажууд зүгээр л нэг сонирхогч гэмээр Бонни болон Клайд маань тэгээд яагаад тэгж их нэрд гарч бүр ард түмний нэгээхэн хэсгийн хайртай баатар болсны учрыг таашгүй.
Их хямралын үед хангалттай хөрөнгө чинээтэй байсан ч дампуурч үгүй болсон банк болон хувьцааны уналт зэргээс юу ч үгүй хоосон хоцорч байсан хүн хэдэн зуун мянга, саяар тоологдоно. Тэгвэл таны мөнгийг луйвардаж дээрэмдсэн нөхдүүдийг зөрөн дээрэмдэж байгаа хүмүүс бол “миний дайсны дайсан-миний холбоотон” гэсэн зарчмаар танай тал л байх учраас тэд түмэнд алдаршсан гэх тайлбар их бий. Гэхдээ өөр бусад бүлэглэлүүд, банк руу халдаж олон зуун мянган доллар дээрэмдэж байсан бусад нөхдүүд дээрх хоёр шиг бас олны талархал хүлээж, алдаршиж байгаагүй болохоор ийм тайлбар учир дутагдалтай мэт. Шинэ цагийн Робин Гүүд болсон хоёр маань өөрсдийн хамтрагч нартайгаа нийлэн дээрэм хийхдээ маш харгис, хэдхэн долларын төлөө хүний амь хохироохыг юман чинээ боддоггүй хүмүүс байж. Мэдээж иймэрхүү хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай давс хужир нэмээд бичиж өгөх бөгөөд нөхдүүд гэмт хэргээ АНУ-ын муж болгонд хийж сонин хэвлэлийн байнгын баатар болсон нь тэднийг од болоход их нөлөөлсөн л байх. Бонни болон Клайд гэх “жижиг гарууд” маань өнөөдөр нэг мужид дээрэм хийсэн бол маргааш нөгөөдөр нь өөр мужид дээрмээ хийх ба тэд ганцхан шөнийн дотор олон зуун миль газар туулж чаддаг тэвчээртэй хүмүүс байв. Тэр тусмаа Америкийн алив нэг мужийн хүчний байгууллага зөвхөн өөрийн муж дотроо л эрх мэдэлтэй, мужаас гараад хэн ч биш болдог учир хосууд дээрэм хийсэн мужаас гараад л хөөгдөх туугдахын зовлонгоос сална. АНУ даяар үйл ажиллагаа явуулах Холбооны Мөрдөх товчоо (FBI) нь тэр үед тун ч арчаа муутай байгууллага байсан бөгөөд орчин цагийн гэмт хэргийн ертөнцийнхний зүрхэнд шар ус хуруулдаг өнөөгийн тэр агуу Холбооны Мөрдөх товчоо нь тухайн үеийн байгууллагатайгаа зөвхөн адилхан нэртэй гэхэд нэг их буруудахгүй болов уу.
Мөн Бонни болон Клайд нь маш сайн зэвсэглэсэн байсан бөгөөд Оклахома мужийн үндэсний гвардийн зэвсгийн санг дээрэмдэж тийм болсон байж. Тэдэнд таван ширхэг Браунингийн автомат винтов, арав хориор тоологдох Кольт, эдгээр зэвсэгт таарах 10 гаруй мянган сум байсан бол тэдний өөдөөс тулах хөдөөний алив нэгэн шериф сайндаа л гар буу, үрлэн сумт том буунаас цаашгүй. Бас Бонни Клайд хоёр өөрсдийг нь таньж мэдэхгүй хөдөөний цагдаа шалгах гэж ирэхэд нь үг дуугүй буудаж унагачихаад яваад өгдөг шийдсэн хүмүүс.
Ийм л хүмүүс ард түмний баатар болж байсан цаг учир тэдний өөдөөс засаг төр мөн л тэднээс дутахгүй шийдэмгий, харгис нөхдүүдийг тавьсан байна.

Засаг төрийг төлөөлөх тэрхүү шийдэмгий эрсийн нэг болох Техасын рейнжерийн ахмад Фрэнк Хеймер нь бас л таарсан таар шуудай. 17 настайдаа дээрэмчдийн бүлэгт орж бужигнуулж байхдаа ахлагчийнхаа нүүр рүү нулимаад хутга далайгаад зогсож байсан эр. Дараа нь рейнжер болж бараг л 100-гаар тоологдох хүн (дээрэмчид) хөнөөж, олон удаа шархдаж байсан хөгшин чоно маань тэгсгээд тэтгэвэрт гарсан ч 1934 онд Техасын шинэхэн мужийн захирагчийн “Бонни болон Клайдыг дор нь нам бууд” гэсэн тушаалыг биелүүлэхээр эргэн ажилдаа оржээ.
Хеймер нь дээрэмчин хоёрын тухай, тэдний хамтрагч нарын тухай бүх л зүйлийг судалж, америкчуудын хамгийн сайн хэрэглэдэг арга болох эсрэг талаа, гэмт хэрэгтнийг худалдаж авах ажлыг нэн яаралтай амжуулах гэж хичээсэн байна. Тэрээр Бонни Клайдтай нэгэн үе хамтарч дээрэм хийж байгаад баригдсан Мэтвин хэмээх эрийн эцэгтэй тохирч дээрэмчин хосыг барихад тусалбал хүүг нь өршөөлөөр шоронгоос суллах баталгаа гаргаж өгчээ.
Ингээд 5-р сарын 23-нд Хеймер нь нутгийн шериф, бас бус нөхдүүдийн хамт Бонни болон Клайдыг зам дээр отож эхэллээ. Хеймерийн өөрийн талд элсүүлсэн эцэг-Мэтвин дээрэмчдийн хэзээ хаагуур явахыг мэдэж хэлсэн төдийгүй тэдний анхаарлыг сарниулах чухал үүрэг гүйцэтгэх болж. Тэрээр ачааны машиныхаа дугуйг хагарсан мэт болгож замын хажууд зогсох ба хажуугаар явах Бонни, Клайд нар зогсох үед хүчнийхэн дор нь нам буудах төлөвлөгөөтэй байв.
Машин ирлээ, зогслоо… Хеймер 20 сум бүхий 9,1 мм-ийн Ремингтоны загварын буугаар, түүний туслах нь «Кольт-Монитор» R-80 хэмээх том буугаар гэх мэтээр нийт зургаан хүн зэрэг буудаж эхэлсэн бөгөөд 10-аадхан секундэд 150 гаруй сум гаргасан юм байж. Ингэж тэд Бонни болон Клайдыг шүүрэн шанага болгож үүргээ гүйцэтгэжээ. (Кинон дээр гарах отолт хийсэн газар нь бодит явдал болсон яг тэр газар юм гэсэн)
Дээр дурдсан киноны төгсгөлд Бонни болон Клайдыг оршуулахаар, хүндэтгэл үзүүлэхээр олон мянган хүн ирж (Боннигийн оршуулгад 20000, Клайдын оршуулгад 15000 хүн) салах ёс гүйцэтгэж байгаа тухай гардаг. Хачирхалтай нь бодит байдал дээр ийм юм болсон ба тэд үнэхээр олны анхааралд өртсөн, нэрд гарсан, олон хүний хайрыг хүлээсэн дээрэмчид байжээ. Хачин ч гэсэн алуурчин дээрэмчид яах аргагүй ард түмний дунд алдаршиж, хайрыг нь татах гэдэг үзэгдэл хаа сайгүй л байдаг юм гэсэн.
P.S
Яагаад Бонни болон Клайд гэж ярьдаг бичдэг юм бол? Бодоход Клайд ба Бонни гэмээр… хэмээн хайж үзсэн боловч олсонгүй. Уг нь дээрмийн бүлэг байгуулсан… гэх мэтээс харахад эрийн нэр нь урдаа баймаар. Сэтгүүлч нарт Бонни ба Клайд гэх нь сонсоход сүртэй, тогтооход амар, мэдээ нийтлэлийг нь уншихад хэрэгтэй гэж үзсэн юм байлгүй.
Өөр нэгэн түүх: Ленин багшийг дээрэмдсэн нь
1919 он Орос орон. 1917 оны дараалсан хоёр хувьсгалын дараа Орос орон замбараа цадигаа алдан, иргэний дайн, хоосрол сүйрэл, гэмт хэрэг аллага таллагад нэрвэгдэн байсан тэр цаг үе.
Москва хотын шөнийн эзэд болсон олон гэмт хэргийн бүлэглэлийн дундаас хамгийн хүчтэй нь Яков Кошельков гээч нөхрийн удирдсан дээрэмчид байсан бөгөөд тэдний “засаглал” гэмт хэргийн ертөнцийг бүрэн хамарч Москвагийн Онцгой Комиссын (алдарт ЧК буюу чекистүүд) хамгийн том өрсөлдөгч болж гарч ирсэн байна.
Яков Кошельков нь хүнийг алах гэж алдаг хүн биш, зөвхөн бие хамгаалах үедээ алдаг, маш зоригтой, гүйлгээ ухаан сайтай, зохион байгуулах мундаг авьяастай гэж тухайн үед гэмт хэргийн ертөнцөд яригддаг байсан боловч яваандаа энэ хүн улангассан алуурчин болж хувирсан байдаг.
Гэгээн цагаан өдрөөр том том байгууллага, банк, рестораныг цөлмөж байсан бөгөөд хэнээс ч айж ичихгүй, дээрмээ дэндүү “шоу” байдлаар хийнэ. Ганц жишээ гэхэд л үнэт эдлэлийн нэгэн том үйлдвэр дээр очиж дээрэм хийхдээ яг л дээд байгууллага нь доод байгууллагын ажил хэргийг шалгаж байгаа мэт байсан гэдэг. Яков асуух юмаа асууж, үйлдвэрийн дарга өмнө нь бөхөлзөн хэлсэн болгонд хариулаад л цаана нь зуу зуун ажилчдыг бүгдийг нь жагсаасан хэдэн нөхөд бүтээгдэхүүний дээж авна. Тэрхүү дээж нь 3 фунт алтан гулдмай, 3,5 фунт цагаан алт, 25 000 бэлэн рубль байжээ.
Ийм нөхдүүд нэгэн шөнө архидаж байгаад гарч зугаалахаар болжээ. Зугаалж ядарсан нөхдүүд замаар явах машин дээрэмдэн авч өөр газар наргихаар шийдсэн боловч машин ер байсангүй. Сүүлдээ даарч, архи нь гарсан нөхдүүд ихээхэн уур уцаартай болж ирэх үед нэг машины гэрэл гарч ирсэн байна. Дээрэмчид ч буугаа гаргаж ирэн өнөө машины замыг хөндөлдөн зогсоцгоов.
Энэ машин нь Лениний сууж явсан машин байлаа.
Сүүлд энэ тухай Лениний жолооч Гиль ярихдаа :
“Зам дээр гэнэт буутай гурван хүн гарч ирэн зогс гэж хашхирсан бөгөөд би дээрэмчид байна гэж мэдээд шууд дундуур нь дайрч гарахаар шийдлээ. Гэтэл энэ үед Владимир Ильич цонх тогшоод, “Нөхөр Гиль зогс гэж байна. Зогсоод юу болж байгааг мэдэх хэрэгтэй биш үү? Шөнийн эргүүлүүд бололтой” гэв. Энэ үед араас “зогс, зогсохгүй бол буудлаа” хэмээн хашхирч байлаа.
“Тэр харж байгаа биз, эргүүлүүд байна” гэж Ильич хэлээд би ч зогссон юм.
Машин зогсонгуут хаалга онгойлгосон томоо биетэй хүн Ильичийг захан дээрээс барьж аван шууд гуд татан машинаас гаргалаа. Дараа нь мэдэхэд энэ том биетэй нөхөр бол нөгөө алдартай Яков Кошельков байсан юм билээ. Лениний бие хамгаалагч Иван Чибановыг ч бас цаад хаалгаар хөл гарыг нь сарвагануулан гулдарч чирэн гаргаж байв.
Би Ильичийг юу болж байгаа бол гэж хартал тэр үнэмлэхээ гаргаад барьчихсан байх ба хоёр талаас нь толгойд нь буу тулгасан нөхдүүд “хөдөлбөл хохь чинь шүү” гэж байхыг сонслоо.
-Та нар юу хийж байна. Би Ленин байна. Энэ миний бичиг баримт… гэж Ильич хэлэх үед миний зүрх зогсох шиг л болсон юм. Одоохон л буудах байхдаа гэж бодогдсон бөгөөд аз болж машины моторын дуунаас болсон юм уу дээрэмчид нэрийг нь буруу сонссон байлаа.
-Левин! Чиний хэн байх хамаагүй. Би шөнийн Москвагийн эзэн Кошельков байна. Тиймээс дуугүй л байж бай за юу гэж дээрэмчин хэлээд үнэмлэх цаасыг нь хураан авч нэгжсээр улаан армийн дайчны дэвтэр, түрийвч, браунинг бууг нь авч байв. Яг энэ үед гэнэт нүд харанхуйлаад явсан бөгөөд намайг хэн нэг нь машинаас унатал цохисон байлаа. Дээрэмчид машинд суугаад арилж өгсний дараа:
-Сайхан хэрэг байна даа. Гурвуулаа байж, бүр гурвуулаа зэвсэгтэй байж машинаа дээрэмдүүлнэ гэдэг. Ичмээр юм! гэж Ильич хэлэв. Лениний бие хамгаалагч бид хоёр чухам ямар ч эсэргүүцэл үзүүлээгүйн хүчинд бид амьд үлдсэн гэдгийг Ильичид тайлбарлах гэж нэлээд юм болсон бөгөөд сүүлд нь Ильич бидний хэлж байгааг зөвшөөрсөн юм.”
Яков Кошельков ойр дотно байдаг эмэгтэйдээ энэ тухай ярихдаа ”Ленин байж гэдгийг дараа нь бичиг баримтаас нь хараад ёстой уур хүрч билээ. Ийм том загас дэгээнд өөрөө орсон байхад буцаагаад тавьчихдаг. Шууд л буцаж Ленинг орхисон газартаа яаран ирсэн боловч байсангүй. Нэгэн үе шарандаа Зөвлөл рүү очиж Ленинг барихаар шийдсэн юм. Гар бөмбөгөө бэлдээд давхиад очтол олон машин байх учир тэгсхийгээд больж билээ” гэсэн байна.

Энэ явдлаас хойш тун удалгүй гэмт хэрэг, гэмт хэрэгтэнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ямар ч өршөөлгүй байх, тодорхой арга хэмжээ авах тухай Ленин заавар тушаал өглөө. Арга хэмжээ ч авч эхэлжээ.
Милиция (сэргийлэх) түмэн янзын арга хэмжээ авч 200 гаруй хүн баривчилсан ч тэдэн дунд Яшка-гийн ганц ч хүн байсангүй. Цаг хугацаа өнгөрсөөр сэргийлэх энэ ажлыг нугалж дийлэхгүй нь тодорхой болох үед Бүх Оросын Онцгой байдлын комиссын дарга “өнөөх” Зержинский нь Москвагийн сэргийлэхийн дарга, туршлагатай мөрдөгч Мартыновд “өөрийн биеэр ажиллаж Кошельковыг барьж авах”-ыг тушаасан байна. Мөрдөгч зүсээ хувирган дээрэмчдийн дунд шургалж янз бүрийн мэдээлэл цуглуулсаар Яшкагийн бүлгийн гурван нөхрийн нэр ус, хаягыг мэдэж авчээ. Удалгүй өнөө гурвыг барьж аван хайж байгаа хүнийхээ байж болох хэд хэдэн хаягыг олсон бөгөөд эдгээр байцаалтын зарим нэгэнд нь Зержинский өөрөө байсан гэдэг. Хаяг олж авлаа, хэрэггүй болсон нөхдийг “өөр тийш нь” харууллаа.

Олж авсан хаяг бүхий байранд хоёр өдөр отсоны эцэст нэгэн хүн орж ирснийг барьж авчээ. Гэтэл энэ нь Яков Кошельковын өгөөш байсан ба тэрээр байнга ийм арга хэрэглэн тухайн байр, орчин аюулгүй байгаа эсэхийг мэдэж авдаг байв. Өгөөш үмхсэн Мартынов байрнаас гарч ирэх үед Яшка өөрөө сэргийлэхийн нөхрийг барьж авах гэж бас баахан хөөцөлдөөн буудалцаан болж. Адаг сүүлд нь Мартынов нь Яшка байтугай түүний хойноос хөөх, отох сэжим ч үгүй хоцорчээ.
Гэсэн ч шантрахгүй хайсаар 1919 оны 6-р сард Яшкагийн шинэхэн найз бүсгүй болох 20 настай хүүхнийг ёстой санаандгүй олж авсан ба тэр хүүхэн нь мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар шалгагдаж байж. Байцаалтын үеэр яагаад ийм айхтар газар ирээд байж байгаагаа ойлгож байна уу гэсэн бараг л анхны асуултад уг хүүхэн ”Яков Кошельковтой холбоотой болохоор л тэр гэж” дуугарсан байна. Гайхсан мөрдөгч арай л дуу алдчихаагүй гэдэг. Одоо хэрэг Мартыновын гарт шилжсэн бөгөөд ийм азтай явдлыг туршлагатай мөрдөгч юу гэж зүгээр өнгөрөөх вэ.
Энэ үед хайртай бүсгүй нь сэргийлэхэд баригдан сууж байгаа гэдгийг мэдсэн Яшка галзуурч эхэлсэн байна. Тэрээр хаа дайралдсан газраа таарах сэргийлэхийн хүмүүсийг зүгээр л буудан алж байсан ба сэргийлэх дуудах шүхэр үлээн гудмаар алхах үед тэр дууг сонсоод гүйн ирсэн бүхнийг буудсаар. Хачин гэмээр нэг зүйл нь тэрээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан ба энэ бүх аллагаа бичиж тэмдэглэсэн байжээ.
20 настай бүсгүйгээр дамжуулан Яшкаг олж авсан сэргийлэхийнхэн түүнийг барих гэх үед буудалцаан болсон бөгөөд үхлүүт шархтсан, цус алдсанаасаа болоод юу ч харахгүй байгаа Яшка дээш харан хэвтээд дуу гарсан зүг рүү таамаглан буудсаар үхсэн байна.
Нийтлэлч Чалчаа саарал