1895 оны 11-р сарын 27-ны өдөр нэгэн эрдэмтэн өөрийг нь нас барсны дараа үлдэх бүх өв хөрөнгөөр тусгай фонд байгуулж, энэ хөрөнгөнөөс жил бүр бодогдох хүүгээр хүн төрөлхтний сайн сайхан амьдралд онцгой хувь нэмэр оруулсан таван төрлийн шинжлэх ухааны чиглэлийн эрдэмтдийг шагнаж байх тухай захиас бүхий гэрээслэл бичсэн гэдэг. Тэрхүү эрдэмтний нэр Альфред Бернхард Нобель байсан ба чухам энэ хүний өв хөрөнгөөр алдарт Нобелийн шагнал бий болсон билээ. Нэрт эрдэмтнийг нас барсны дараа үлдэх асар их хөрөнгө мөнгийг хувааж авна гэж найдаж байсан олон өв залгамжлагчид гэрээслэл ил болсны дараа ёстой л галзуурах шахаж, сонин сэтгүүл ч энэ талаар үнэн худал болгоныг бичиж борлуулалтаа өсгөж байлаа.
Альфред Нобель яагаад тэр их өв хөрөнгөө зөвхөн шинжлэх ухаанд зориулсан юм бол гэж тэр үед олон хүмүүс сонирхож байжээ. Яагаад гэвэл түүнийг “хүний цусаар баяжсан чөтгөр-эрдэмтэн” гэж шинжлэх ухааны хүрээнд үздэг байсан учраас, тэр муухай нэрнээс ангид жинхэнэ эрдэмтэн хүн байсан юм шүү гэж харуулах гэж тэр юм гэнэ.
Яаж баяжсан гэнэ ээ?
Альфред Нобель тэсрэх бодис динамит зохион бүтээж, цаашдаа улам сайжруулж байсан, тэрхүү аймшигт бодисоор олон арван сая хүний амийг авч одсон учраас тэр юм гэнэ. Тэр тусмаа энэ динамитийн анхны хохирогч нар нь Нобелийн дүү, аав байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Нэгэн удаагийн лабораторийн туршилтын үеэр тэсрэлт болж Эмил Нобель (дүү нь) амиа алдсан бол Эммануэль Нобель (эцэг нь) хүнд шархдаж насан туршдаа хөдөлгөөнгүй хэвтрийн хүн байсаар бие барсан байна.
Ингэж динамит зохион бүтээж хөрөнгө мөнгөтэй болсон Нобель цааш цаашдаа шинжлэх ухааны олон чиглэлээр ажиллаж тодорхой амжилтад хүрч байсан боловч өөрийн зөрүүд, хачин зан аашнаас болж таарч тохирох хүнгүй ганцаараа амьдардаг байжээ. Тэрээр шинжлэх ухаанаас гадна бизнес эрхэлж, бас ч чамгүй амжилттай байсан ба ажилчиддаа муугүй ханддаг сайн эзэн гэгдэх ч хамтран бизнес хийж байгаа түнш нар нь түүнийг үзэн яддаг байв. Америкт эхлүүлсэн нэг ашигтай бизнесээ Нобель тун удалгүй зогсоож байсан түүх бий бөгөөд шалтгаан нь Нобелийн хэлснээр бол ”Америк хамтрагч нар маань зөвхөн мөнгө боддог, хүний сайн сайхан амьдралын төлөө юу ч хийх хүсэлгүй, сонирхолгүй хүмүүс” байсан учраас тэр юм гэнэ.
Энэ хүн зөвхөн хамтрагч нартаа халгаатай төдий хүн байсангүй. Ойр дотны, хамаатан садан нь хамт байх аргагүй, муухай ааштайг нь гайхах ба Нобель өөрөө ч тухайн цаг үеийнхнийгээ “хоёр хөлтэй сармагчингуудын цуглуулга” гэж хардаг, ад үздэг байж. Бас тэрээр шинэ шинэлэг юмыг хүлээн авах тун дургүй, хэдийгээр өөрөө өч төчнөөн шинэ зүйл зохион бүтээсэн ч хөгжил дэвшил гэдэг юманд итгэдэггүй хүн байсан юм. Мөн барууны ертөнцөд улам бүр хүчийг авч байсан ардчилсан засаглалыг хүлээн зөвшөөрдөггүй, үр дүнгүй хийрхэл гэж үздэгээ энэ эрдэмтэн нуудаггүй байснаас олон хүн түүнийг социалист үзэл бодолтой гэж тооцдог, дургүйцдэг байлаа.
Нобель бол орчин цагийн ойлголтоор ер нь л муу муухайн үүр болсон хүн. Тэрээр эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн талаар хамгийн эсрэг үзэл бодолтой хүн байсан ба түүний ийм үзэл бодолтой болоход хамт ажиллаж, амьдарч байсан цөөхөн эмэгтэйчүүд (Нобель эхнэр авч байсангүй) нөлөөлсөн бололтой. Нэгэн удаагийн нэр хүндтэй хүмүүсийн оройн зоогийн үеэр тухайн үедээ алдаршиж байсан нэгэн ардчилагч эр Нобельд хандан ”Ер нь бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаа тун ч жижигхэн юм байдаг шүү дээ” гэж сургамжлахад дургүй нь хүрсэн Нобель хундагатай архиа барин босож түмэн хүнд сонсогдохоор “Ноёд оо! Эр, эм хүний ялгаа болох тэр жижигхэн юмны (эрхтний) төлөө хундага өргөе” хэмээн ууртай хашхирч байсан гэдэг. Иймэрхүү л эр байж тэрхүү Нобель гээч эрдэмтэн маань.
Нобелийн шагналын тухайд
1895 онд бичсэн тэр гэрээслэлээр бол Нобелийн дараа үлдэх 31 сая швед кроноор тусгай сан байгуулан, жил болгоны орлогоор хими, физик, анагаах ухаан, уран зохиол, хүн төрөлхтний эв найрамдлын үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүнийг шашин шүтлэг, үндэс угсаа хамааралгүй шагнаж урамшуулж байхаар болсон. Энэ гэрээслэлийг эсэргүүцэх, дахин хянаж өөрчлүүлэх тал дээр хамаатан саднаас нь гадна олон хүн тэмцэж байсан ба энх тайвны төлөө тэмцэгч нар “Сая сая хүн амиа алдахад хүрсэн тэсрэх бодисоос олсон орлогоор энх тайвны шагнал олгох ёсгүй“ гэж байхад шашны талынхан “Чөтгөр шуламд сүнсээ арилжсан хүнээс сайн сайхан юм хүлээгээд нэмэргүй” гэж номлож, Шведийн үндсэрхэг үзэлтнүүд “Швед хүний мөнгөөр шведүүд л шагнагдах ёстой” гэж тунхаглаж, шинжлэх ухааны зүтгэлтнүүд “Энэ шагналыг шалгаруулах явдал шударга болно гэдэг худлаа” хэмээн эргэлзэж байжээ.
Харин нэгэн эмэгтэй Нобелийн гэрээслэлд засвар оруулах ёстой гэж зүтгэж, Нобелийн бичсэн 216 захидлыг ил болгоно гэж айлган сүрдүүлж байсны хүчинд гэрээслэл биелүүлэгч нар нь тохироо маягаар их хэмжээний мөнгийг Софи фон Капивара хэмээх уг эмэгтэйд олгож хэл чимээгүй болгосон байна. Энэ эмэгтэй нэгэн цагт Нобельтой ойр дотно харилцаатай байж, захидал бичилцдэг байгаад, тэр захианд нь дэндүү гэмээр хувийн элдэв юм их байсан учраас Нобелийн тааруухан нэр хүндийг бүр ч гутаахгүйн тулд гэрээслэл биелүүлэгч нар ийн шийдвэр гаргасан биз ээ.
Энэ явдлын дараа олон эрдэмтэд хоорондоо “Нэг шуналтай, явдалтай хүүхэн байгаагүй бол шинжлэх ухаан бүр ч баян байх байж дээ” хэмээн ярилцдаг, харамсдаг болсон гэнэ лээ.
1969 онд Нобелийн гэрээслэлийг бас дахин зөрчсөн ба энэ удаа ямар нэг ашиг хонжоо, алив нэг хэл амнаас зайлсхийсэн явдал биш, харин шагналын нэр хүндийг өсгөх, хамрах хүрээг тэлэх зорилгоор хийсэн ажил байсан юм. Тэр үед Шведийн банкны санаачлагаар Нобелийн шагналыг зургаан төрөл болгож, эдийн засгийн шагнал гэж нэмж бий болгосон ба одоо энэ шагнал нь магадгүй бусад шагналууд дотроосоо хамгийн шударга, зөв хүндээ очдог шагнал гэж үздэг хүмүүс олон бий.
Шударга, зөв хүндээ очдог шагналын тухайд бол янз бүрийн л яриа бий. Энэ шагнал эзнээ олдоггүй гэх хүн, улс орон маш олон байдаг бөгөөд ялангуяа уран зохиолын чиглэлд ёстой л барууны ертөнцийн тухайн үеийн үзэл бодлыг тууштай хамгаалсан ”хэний ч мэдэхгүй хэн нэг хүн” гэнэт гарч ирдэг талаар их маргана. Бас энх тайвны шагнал гээч юм маань бараг л тоглоом наадмын сэдэв болсон гэхэд нэг их зөрөхгүй байх гэмээр. 1935, 1939 онд Гитлер, Муссолини нар энэ шагналыг бараг авах шахсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч албан тушаалаа авч амжаагүй байсан Обамад энэ шагналыг урьдчилж олгосон гэх мэт хачирхалтай, сонирхолтой олон зүйлүүд байдаг юм гэнэ лээ. Агуу эрдэмтэн боловч тааруухан нэртэй хүний бий болгосон, хамгийн алдартай боловч хамгийн шуугиантай шагналын тухайд товчхондоо нэг иймэрхүү.