Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
2012 онд Австрийн Феликс Баумгартнер онгоц ч нисэн хүрэхээргүй өндрөөс (38969 метр) шүхрээр үсэрч урьд хожид үзэгдээгүй гавьяа байгуулсан тухай дэлхий дахины хэвлэл мэдээллээр нэг хэсэг ёстой л шуугиулж байсан билээ. Шүхрээр үсэрсэн хамгийн их өндөр, хүн чөлөөт уналтаар унаж явахдаа дууны хурдыг давсан гэх мэт. Red Bull компанийн асар том сурталчилгаа учир энэ үсрэлтийг дэндүү гэмээр сүртэйгээр сурталчилж, арай л хэтэрхий магтан хөөргөсөн болов уу. Том компанийн том төсөл хойно ингэх ёстой ч байдаг байх.
Үнэндээ энэ үсрэлт техник технологийн өнөө үед тийм ч хэцүү юм биш бөгөөд тэр тусмаа Баумгартнераас хойхно Google-ийн нэгэн удирдагчийн нэг болох Алан Юстас 41000 метрийн өндрөөс бас үсэрсэн байдаг. Энэ хүн өөрийнхөө хоббигоороо л үсэрсэн бололтой бөгөөд элдэв сүртэй магтан дуулсан юмгүй чив чимээгүйхэн үсрээд л болоо. Өөрөөр хэлбэл мөнгөтэй, бэлтгэлтэй хүнд энэ бол тийм ч боломжгүй зүйл биш гэдгийг ”Штирлицийн нууц нэр” бүхий энэ хүн харуулж өгсөн гэхэд болох байх.
Ийм айхтар өндрөөс шүхрээр үсрэх гэдэг тэгээд тийм амархан зүйл юм уу гэж бодогдож болох. Орчин цагт л хэцүү биш болсон гэж болохоос урьд өмнийн цагт энэ бол маш хэцүү, амь насаа дэнчин тавьсан, техникийн болон хүний бие организмын асар олон үл мэдэгдэх нөхцөл байдалтай тулгарах аюул, осолтой ажил байсан билээ. Сансрын уудамд хүн гарах боломжтой болсон цагаас энэ төрлийн үсрэлтийн талаар онолын болон практик судалгаа явуулж эхэлсэн бөгөөд ЗХУ, АНУ-д энэ асуудлыг судлах маш том багууд удаан хугацаагаар ажиллаж, олон асуудлыг шийдсэний дараа л бодит туршилтаа хийсэн байдаг.
Туршилтын явцад хүний амь эрс.дэх хэмжээний аюултай явдал аль аль улсад нь тохиолдож байсан ба энэ удаа ЗХУ-ын нэгэн ийм туршилт-үсрэлтийн тухай сонирхуулъя.
Агаарын бөмбөлөг-стратостат
25-30 километрийн өндөрт гараад хүнийг шүхрээр хаях онгоц гэж үгүй учир (ийм өндөрт гарах тусгай онгоц байх ч шүхрээр үсрэх боломж байгаагүй) агаарын бөмбөлөг ашиглахаас өөр аргагүй. Энэ хэмжээний өндөрт атмосферийн даралт далайн төвшнөөс 100 дахин бага байдаг учир агаарын бөмбөлөг маш том хэмжээтэй байх ёстой. Бас өндөрт гарч даралт багасах тусам агаарын бөмбөлөг доторх хий (гели-гээр дүүргэнэ) тэлж илүү том хэмжээтэй болно… гэх зэрэг техникийн болон биологийн олон жижиг сажиг гэмээр боловч аюултай зүйлс байгааг бүгдийг яс тооцох хэрэгтэй.
Зөвлөлтийн эрдэмтэн инженерүүд энэ ажилд зориулан Волга гэсэн нэртэй стратостат бүтээсэн ба бөмбөлгийн багтаамж 70000 куб/метр хүрч байжээ. Бөмбөлгөөс зүүгдэх бүхээг нь бин битүү буюу сансрын хөлгийн буугч аппарат хэлбэртэй байсан гэдгийн учрыг тайлбарлах хэрэггүй байх.
Хөөрөлт
1962 оны 11-р сарын 1-ний өдөр Волга хөөрч эхэллээ. Бүхээгт туршин нисгэгч-шүхэрчин Евгений Андреев, туршин нисгэгч-шүхэрчин Петр Долгов гэсэн хоёр хүн байсан ба зорьсон өндөрт хүрэхийн тулд гурван цагийн турш хөөрчээ. Сратостат 13000 метрийг давж байх үед бүхээгийн гадна -60 хэм хүртэл хүйтэн болж, тэнгэр хар өнгөтэй болж байгааг тэд мэдээлж байв. Удалгүй 28,6 километрийн өндөрт гарч үсрэх цаг боллоо. (Энд нэмж хэлэхэд зарим мэдээгээр 25 километрийн өндөрт гарсан гэдэг ба маш олон эх сурвалж үзээд энэ хоёр тооны аль нь үнэн бэ гэдгийг мэдэж чадсангүй)
Үсрэлт
Хоёр шүхэрчин маань өөр өөр программаар үсрэх ёстой байлаа. Андреев өндрийн тусгай хувцастайгаар үсэрч чөлөөт уналтаар унасаар газраас 1 километрийн өндөрт (!) шүхэр нь автоматаар задрах ёстой байсан бол Петр Долговын хувьд сансрын нисгэгчийн скафандртай үсрэх ба бүхээгээс гарсны дараа шүхэр шууд дэлгэгдэж аажмаар газардах ёстой. Энэ бүх ажиллагааг шинэхэн бүтээсэн ослын систем удирдах ёстой байжээ. Петр өөрөө энэ системийн нэг зохион бүтээгч нь байсан юм.
Евгений бүхээгийн хаалгыг буудуулсны дараа (хаалга тэсрэн гадагш шидэгдэнэ) онгорхой болсон тэр хэсгийн ирмэг дээр ар нуруугаа гадагш харуулан суугаад Петрт гараараа баяртай гэж дохиод арагшаа уналаа.
Энэ хүн нуруугаараа унаж явахдаа (дулааны алдагдал бага байхын тулд ингэж араараа унах ёстой гэж тооцсон байна) бараг 900 км/ц-ийн хурд авсан бөгөөд бүх биеийг нь ямар нэг хүйтэн мангас тэвэрч авч байгаа мэт санагдаж, огцом жихүүцэж эхэлсэн гэдэг. Дуулган дотор тэр даруй хөлс бий болсноо захаасаа хөлдөж байсан ба тээр дээр Петрийн шүхэр дэлгэгдэн бууж байгааг анзаарч амжсан байна. 12 км-ийн өндөрт орох үед л доошоо харсан байрлалд орлоо.
Энэ уналт 4,5 минутын турш үргэлжилсэн ба газарт 900 метр ойртох үед шүхэр автоматаар дэлгэгдэж Андреев эсэн мэнд газарджээ.
Харин түүнээс хойш зөндөө удаж байж газардсан Петр аль эрт амьс.гаа хураасан байлаа…
Евгений үсрэх үедээ сэтгэл догдлолоос болоод арай хүчтэй түлхэн үсэрсэн учир бүхээг савлаж эхэлсэн байна. Петр савлагааг зогсоох ямар ч аргагүй учир тогтсон цаг болоход үсрэхээр бүхээгийн ирмэгт зогсох үедээ савлагаанаас болж хана мөргөсөн бололтой. Дуулганд маш жижиг, 9 мм-ийн цууралт бий болсныг Петр үсэрснийхээ дараа л мэджээ. Скафандрын бин битүү байдал алдагдаж агаар алдах чимээ гарч байгааг мэдсэн Долгов шүхрийнхээ бүх олсыг таслах гэж хутгаа гаргаж огтчиж эхэлсэн ба ингэсний хүчээр аль болох хурдан доошилж амьд үлдэх боломж гаргах гэж оролдсон боловч амжсангүй.
Энэ хүний зохион бүтээсэн систем ямар ч алдаагүй яв цав ажилласан боловч урьдчилж харах боломжгүй хамгийн жижиг зүйлээс болж Петр Долгов нь ийнхүү амь гүй болон газарт буужээ.
Энэ бүх үл мэдэгдэх зүйлийг мэдэх гэж амиараа дэнчин тавьж байсан Зөвлөлтийн, Америкийн баатруудыг бид тэр болгон мэдэхгүй ч орчин цагийн Баумгартнер болон бусад пиар одуудыг сайн мэддэг маань нэг бодлын жаахан шударга бус ч юм шиг.