Бэлтгэсэн Б.Нямдолгор
2011 оны 5-р сард АНУ-ын цэргийн хүчин 9-р сарын 11-ний халдлагыг удирдсан Аль-Кайда бүлэглэлийг үүсгэн байгуулагч Осама Бин Ладенг зүйл дуусгаж, оршуулсан юм. АНУ-ын тусгай хүчин Бин Ладенг Пакистаны Абботтабад хотод гэр бүлийнхээ зарим гишүүдийн хамтаар бүгэж байсан хоргодох байр руу нь довтолсныг хүмүүс сайн мэдэх билээ. Цогцсыг таних ажиллагаа явуулсны дараа цэргийнхэн USS Carl Vinson хөлгөөр зөөвөрлөн тэр өдөртөө багтаан Арабын тэнгисийн хойд хэсэгт хаяжээ.
Бин Ладены цогцсыг хэрхэх талаар хэлэлцэж байхдаа АНУ-ын Засгийн газар, улс төр, шашин, тохиромжтой байдал гэсэн гурван хүчин зүйлийг бодолцон үзсэн байдаг. Хэрвээ түүнийг газарт оршуулвал дагагчид нь үргэлж ирдэг ариун газар болон хувирна гэж тэд эмээсэн байдаг. Исламын ертөнцийн оршуулгын зан үйл, тэр дотроо бүрлээчийг нас барснаас хойш 24 цагийн дотор оршуулах зан заншлыг сайтар судлах шаардлага тэдний өмнө тулгарчээ. Үүгээр ч зогсохгүй Бин Ладеныг үнэхээр устгасан гэдгээ батлан харуулахын тулд АНУ-ын тал фото зураг авах хэрэгтэй, хэрэггүй гэсэн маргааныг ч мөн өрнүүлж байв.
Газарт оршуулбал шүтээн болох байх гэж АНУ-ын албан тушаалтнууд эмээжээ
Мэдээж хэрэг Цагаан ордон Аль Каидагийн тэргүүнийг уламжлалт байдлаар оршуулвал түүний үзэл бодлыг зөв гэж үздэг дагагчид нь оршуулсан газрыг нь шүтээн болгох магадлалтай гэж үзсэн учраас өөр аргыг сонгосон гэж зурагтын мэдээгээр цацаж байв. Бас нэрийг нь тодорхой дурдаагүй нэгэн улс түүний цогцсыг хүлээн авахаас америкчуудад татгалзсан гэж мэдээлж байв. Бин Ладены төрсөн газар учраас хамгийн түрүүнд Саудын Арабыг татгалзсан болов уу хэмээн хэвлэлүүд таамаглаж байв. Их Британи дахь Пакистаны Элчин сайдын албыг хашиж явсан Акбар Ахмед “Саудын Арабчууд ваххабизм буюу алдар цуутай хүмүүстээ шүтээн босгохоос татгалздаг исламын заншлыг дагадаг. АНУ-ын албан тушаалтнууд үүнийг сайн судалж мэдээд бин Ладены цогцсыг авах уу гэж санал тавьсан байж болох юм” гэж ярьж байв. Ийм санал тавьсан эсэх нь батлагдаагүй ч ямартай ч үнэнч дагагчдад нь чухал бэлэг тэмдэг болохоос сэргийлж тэнгист хаях шийдвэрийг Цагаан ордон гаргажээ. Энэ нь мусламанчуудын оршуулгын зан үйлээс гажсан хэрэг ч АНУ-ын дээд албан тушаалтнууд исламын ёс уламжлалын дагуу зан үйл үйлдсэн гэж мэдэгдэж байсан юм.
Бин Ладены цогцсыг цэвэрлэн даавуунд ороож шиджээ
Цагаан ордноос Осама Бин Ладеныг хэрхэн оршуулсан талаар хэвлэлийн бага хурал хийх үеэр дотоодын аюулгүй байдал, терроризмтэй тэмцэх асуудал хариуцсан зөвлөх Жонн Бреннан “АНУ-ын албан тушаалтнууд холбогдох мэргэжилтэн, шинжээчидтэй уулзаж зөвлөлдсөний үндсэн дээр Аль Каидагийн тэргүүний цогцсыг исламын шашны дэг жаяг, уламжлалыг хатуу баримтлан оршуулсан” гэж мэдэгдсэн байдаг. Дэг жаяг гэдэгт Бин Ладены биеийг угаан цагаан даавуунд ороосон, араб хэлний орчуулагчийн тусламжтайгаар унших ёстой залбирал номыг хуруулсан, нас барснаас нь хойш 24 цагийн дотор оршуулсан зэрэг үйлдлүүд багтсан аж. Бин Ладены оршуулгыг хэдэн мянган гишүүдээс бүрдсэн томоохон хөлөг дээр хийсэн ч яг оршуулгын ёслолыг хаалттай байдалтайгаар цөөн тооны хүмүүсийг оролцуулсан тул усан цэргүүдээс нэг нь ч энэ явдлын гэрч болоогүй аж.
Обама зургийг нь ил болгохгүй байх шийдвэр гаргав
АНУ Бин Ладенг устгасан гэдгээ зарлахдаа түүнийг амьд байгаа гэсэн хуйвалдааны онолыг гаргахгүй байх үүднээс нас барсны дараа авсан зургуудыг олон нийтэд үзүүлэх эсэх тал дээр эргэлзээтэй тулгарсан байдаг юм. Ерөнхийлөгч Барак Обама CBS сувгийн 60 Minutes нэвтрүүлэгт оролцохдоо зургуудыг ямар учраас дэлгэж үзүүлээгүй талаараа дэлгэрэнгүй хариулт өгсөн байдаг. Барак Обама “Толгойдоо буудуулж нас барсан хүний жихүүдэс хүрэм фото зургийг хүчирхийлэл өдөөн турхирсан хэрэгсэл болгож тараахгүй байх нь бидний хувьд чухал байсан. Бид ийм зүйлийг ялалтын цом шиг гайхуулаад байдаг хүмүүс биш” гэж байв. Гэсэн хэдий ч интернэтээр дүүрэн толгойдоо буудуулсан Аль Каидагийн тэргүүний зураг тарсан байдаг билээ.
Бин Ладеныг исламын шашны ёсоор оршуулж, нас барсан зургийг нь дэлгэхгүй байхаар шийдсэн зэргээс харахад 2003 онд Саддам Хуссейны хоёр хүүд хандаж байснаас огт өөрөөр Бин Ладенд хандсан, магадгүй Саддам Хусейны хүүхдүүдийн цогцост хандсан хандлагаас нь болж маш их шүүмжлэлд өртсөн учраас найман жилийн дараах хэрэг явдалд арай өөрөөр нухацтай хандахад хүрсэн гэж ажиглагчид дүгнэсэн байдаг.
Тухайн үед буюу 2003 онд Саддамын хүүхдүүд болох Удай, Кусая нарыг хөнөөснийхөө дараа АНУ-ын цэргийн хүчин зургийг нь ил болгож, исламын шашнаас гажууд аргаар элдэв үнэртэн, үл муутгах бодис шингээж сэтгүүлчдийг зураг авах боломжоор хангахын төлөө оршуулалгүйгээр долоо хоносон байдаг. Эл явдал хэчнээн Саддамыг үзэн ядаж байсан ч иракчуудын хувьд доромжлол шиг санагдсан нь мэдээж. Исламын шашны зүтгэлтнүүд “хэдий бузар муухай хэрэг үйлдсэн байлаа ч нас барсных нь дараа оршуулгыг хүндэтгэлтэй хийх ёстой” гэж маргаж байсан ба АНУ-ын дээд албан тушаалтнууд энэ зарчмыг хүндлэхийг хичээн Бин Ладенд хандсан гэж одоог хүртэл мэдэгдсээр байдаг юм.
АНУ-ын төр засгаас гаргасан албан ёсны тайлбар ийм байдаг. Тусгай ажиллагаа явагдсанаас хойш гурван жилийн дараа гэхэд энэ ажиллагаанд гар бие оролцсон тэнгисийн хавнууд бүгд зэвсэгт хүчнээс чөлөөлөгдөн бэлтгэл офицерууд болж, жирийн иргэний хувиар амьдарч байв. Тэдний дундаас нэг нь “Хэцүү өдөр” хэмээх ном бичиж 2014 онд хэвлүүлснээр Нью-Йорк Таймсын бестселлер болж, энэ номноос Бен Ладеныг агнахаас эхлээд оршуулах хүртэлх төр засгаас өгсөн албан ёсны тайлбаруудаас тун чиг өөр мэдээллүүдийг хүмүүс олж уншсан юм. Номын зохиогч нь Марк Оуэн хэмээх нэрээр номоо хэвлүүлсэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний шилмэл ангийн дайчин асан 36 настай Мэтт Биссоннетт аж. Тэд чөлөөнд гарахдаа элдэв мэдээ задруулахгүй байх тухай үүрэг хүлээж, гарын үсэг зурдаг бөгөөд номын зохиогч үүнийг зөрчсөн юм. Пентагоны хэвлэлийн албаны ажилтан, дэд хурандаа Тодд Бриссилийн хэлснээр хатуу хавтастай номыг 575 мянган хувиар хэдийнэ хэвлэснийг цэргийн байгууллагынхан наймдугаар сарын сүүлчээр мэдээд ихэд сандарцгаасан байна.
Номд бичсэнээр бол бен Ладеныг зэвсэггүй гар хоосон байсан, түүнийг зүгээр л агнасан гэнэ.
Тусгайгийнхан хаалга руу гэтэж, өрөөнд дайран орж буун дуу хэд хэд дуугарав. Мэтт Биссоннеттийг өрөөнд ороход цагаан майк, цайвар хүрэн өмд, мөн ийм өнгийн урт цамц өмссөн өндөр нуруутай туранхайвтар эрэгтэй хүн орны хажууд амь тавихын өмнө татвалзаж, эвхрэн хэвтэж байсан байна. Эрэгтэйн дэргэд хоёр эмэгтэй уйлж байжээ. Тэдний арай залуу нь америкчууд руу дайрахад тусгайхны нэг нь түүнийг хоёр дахь эмэгтэйн хамт өрөөний булан руу чирж, харин үлдсэн хоёр цэрэг сахалтай эрийг хэд хэдэн удаа буудаж, үүний дараа тэр хөдөлгөөнгүй болсон байна.
Гуравдугаар давхрыг шалгаж, тэнд эмэгтэйчүүд болон хажуу өрөөнд айснаасаа болоод дагжин чичирсэн гурван жижиг хүүхдээс өөр хэн ч байхгүйг мэдсэнээр тусгайгийнхан хөнөөгдсөн эрд үзлэг хийж эхэлжээ. Биеийн өндөр болон гадна төрх нь Осама бен Ладентай төстэй байсан ч эхний суманд оногдсон хүний нүүр нэл цус болсон байжээ. Биссоннетт цусыг хөнжлөөр нь арчсан байна. Хөнөөгдсөн эр бен Ладентай төстэй байсан ч, яагаад ч юм залуу харагджээ. Ажиллагаа явуулж эхлэхийн өмнө түүний гэрэл зургийг тусгайгийнханд өгсөн байна. Тэд тэр даруй учрыг нь ойлгоогүй бөгөөд хамаг учир сахланд байжээ. Сахал нь буурал биш, харин тас хар өнгөтэй байсан байна. Сүүлд нь тэд Осамагийн сахлаа будсан будгийг угаалгын өрөөнөөс олжээ.
Эмэгтэйчүүд хэн гэдгийг нь хэлэхээс татгалзаж, тэр бол шейх гэж байсан байна. Гэвч худал хэлж сураагүй жаахан охин “Энэ хүнийг хэн гэдэг вэ?” гэж асуухад, “Осама бен Ладен” гэж хариулжээ. Тэгээд цаашид нуух нь утгагүй гэдгийг ойлгосноор бен Ладены эхнэрүүд ч хэн болохыг нь хүлээн зөвшөөрсөн байна. Мэтт Осамагийн бүтэн биеийн болон хажуу талаас нь хэд хэдэн зураг дарж, нэг хөвөнг цусанд нь норгож, хоёр дахь хөвөнг аманд нь хийн, ДНК-гийн дээж авчээ. Америкчууд хаалганы дэргэдээс автомат, гар буу олж, гэхдээ эдгээр нь сумгүй байсан байна. Гэсэн ч алан хядагч энэ хоёрыг хэрэглэж чадаагүй ажээ.
Ном хэвлэгдсэний дараа исламын олон сайтад Мэтт Биссоннеттийн зургуудыг байршуулж, тэднийг хатуу гэсгээн цээрлүүлэхийг уриалсан байна. Хэрвээ номын зохиогчийн бичсэнийг үнэн гэж үзвэл бен Ладены цогцост Цагаан ордны албан ёсны тайлбарт бичсэнчлэн тийм ч аятайхан хандаагүй байна. Хоёр “тэнгисийн хав” түүний хөлнөөс барьж шатаар доош чирж буулгажээ.
Тусгайгийнхан Афганы Желалабадын баазад хоёр нисдэг тэргээр буцаж ирсэн байна. Гурав дахь нисдэг тэрэг ажиллагааны бүр эхэнд сүйрч, түүнийг дэлбэлэхээс өөр аргагүйд хүрчээ. Мэтт шуудайд хийсэн цогцос ачсан жижигхэн Black Hawk нисдэг тэргээр явсан байна. Маш зай муутай байсан учир нэг нь Аль Каидагийн тэргүүний цээжин дээр замын турш сууж явахад хүрчээ. Баазад ирснээс хойш тэрээр дараагийн үйл явдлыг мэдээгүй гэнэ. Ямартай ч Мэтт Биссоннеттийн номд бичсэнээр бол албан ёсны тайлбараас ихээхэн зөрж байгаа аж.