Мьянмарын Ерөнхий сайд буюу төрийн канцлер асан Аун Сан Су Чи авлигын дөрвөн хэрэгт гэмт буруутай нь тогтоогдсон тул шүүх зургаан жилийн хорих ял нэмж ногдуулжээ.
Мьянмарын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, шүүх хурал даваа гарагт болсон бөгөөд түүнийг удирдах албан тушаал хашиж байсан сандаа газар авсан зэрэг бусад хэрэгт буруутгасан байна.
Ингэснээр цэргийнхэн өнгөрсөн онд төрийн эргэлт хийж, засгийн эрхийг авснаас хойш Аун Сан Су Чиг 10 хэрэгт гэм буруутайгаар тогтоож, одоогоор нийт 17 жилийн хорих ял сонсгоод байна.
Аун Сан Су Чи нь 1991 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан бөгөөд 2016-2021 онуудад Мьянмарын Гадаад хэргийн сайд, Төрийн канцлер хийж байсан юм. Түүнд ийнхүү хорих ял ногдуулж буйг улс төрөөс бүрмөсөн шахах гэсэн оролдлого гэж үзэж байгаа талаар хэвлэлүүд онцолж байна.
Су Чи нь орчин үеийн Бирм улсыг үндэслэгч гэгддэг Аун Саны гурав дахь хүүхэд, ганц охин нь юм. Түүний аав Аун Сан орчин үеийн Мьянмар улсын Зэвсэгт хүчний суурийг тавьсан генерал хүн байсан бөгөөд 1947 онд тэр үеийн Бирм улс Их Британитай тусгаар тогтнолоо хэлэлцэхэд оролцож байсан гэдэг.
1972 онд Аун Сан Су Чи нь Их Британийн төвөд судлаач Майкл Эйристэй гэрлэж Александр, Ким гэж хоёр хүүтэй болсон байна. Япон, Бутанд амьдарч байгаад Их Британид суурьшиж 1985 онд Лондоны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 1988 онд Аун Сан Су Чи өвчтэй эхийгээ асрахаар төрсөн нутаг Бирмд ирж, улмаар улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.